МАН-ын шинэ дарга

С.Бямбацогт
МАН удахгүй Их хурлаа хийж удирдлагатайгаа "тооцоо бодно."  Тооцоо бодох шалтгаан нь ойлгомжтой. Ерөнхийлөгчийн сонгуульд дараалаад хоёр удаа ялагдлаа. Мөн УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуульд далаараа  цэвэр тавиулсан. Сүүлийн сонгуулиудад ингэж ялагдаж байгаа нь намын нэр хүнд ямар болсоныг харуулж байна. Маргааш гэж нэг өдөр байхгүй юм шиг дураараа авирлаж дунд чөмгөөрөө жиргэсэн дээ. Их идсэний маргааш гэдэг шиг одоо өнж дөө гэж хэлээд сонгогчид МАН-д "хугацаагүй чөлөө" өгчихсөн байгаа.

МАН  шинэчлэгдэнэ гэцгээх юм. Сэтгэлгээг нь шинэчлэхгүй бол энэ намд өөр "шинэчлээд" байх юм байхгүй шд. Сэтгэлгээ нь харин мөддөө өөрчлөгдөхгүй байх. Тэр нэг заваан уясан, улдсан, өс санасан, намчирхсан, хуучинсаг, мөнгөний сэтгэлгээ арилаагүй цагт хуучин МАН  хэвээрээ л байна. Урьд өмнө засаглаж байсан  цагтаа төр, засгийн албыг хэрхэн "түрийвчний" алба болгож, "цэнгэлийн манлайд" хүрч болдгийг яруу тодоор харуулсан болохоор ялангуяа залуучууд нь  тэр цаг дахиад ирж магадгүй хэмээн битүүхэндээ горьдож биеэ бэлдэж байр сууриа бэхжүүлж авахаар шамдаж байгаа бололтой. Тийм биш юм бол юунд нь боллоо гэж хэдэн хуучинсаг егзөрүүд дарангуйлсан, нэр хүндээ барсан энэ нам руу тэмүүлнэ вэ? Үзэл бодол нь минийхтэй нийцээд гэж худлаа бүү хуцаарай даа.

Шинэчлэлийн хороо л гэнэ. Шал худлаа  дүр эсгэгчид. Тэр хэлж ярьж байгааг нь харахгүй юу. Эгзэгтэй цаг үеийг (сонгуульд ялагдсан) тааруулж тодорч гарч ирэх гэсэн жижигхэн хачигнууд. Том хувалзнуудаа түлхэж унагаад өөрсдөө байр сууринд нь шигдэж аваад "сайн цагийг" хүлээх гэсэн санаатай гарууд. Гэвч "дунд чөмгөөрөө жиргэх сайхан цаг"  дахиад ирэхгүй л дээ, сорри. Яахав, дуртай бол мээмээ хавтгаад тэгээд сууж байхгүй юу даа, хэнд хамаатай юм.

Энэ удаагийн  Их хурлаар Ө.Энхтүвшин халаагаа өгөх нь тодорхой биз ээ. Залгамжлагч нь хэн бэ?   Амьтай, амьгүй 200 мянга гаруй (гэсэн байх аа) албатын ноёныг сонгох гэж байгаа болохоор хөндлөнгийн хүмүүс бас их сонирхож янз бүрийн таамаг дэвшүүлж байх шиг байна. Хуучин хувалзнууд нь өөрсдийнхөө байр суурийг алдахгүй гэсэндээ өөрсдийнхөө төлөөллийг зүтгүүлэх байх. Шинэчлэл нэрийн дор шоудагч залуу үе нь бас нэг сандал зуураад авчих санаатай нэг төлөөлөгчөө гаргаж ирж мэднэ. Гадуур яригдаж байгаа хууцчуулаас М.Энхболдын нэр олонтаа сонсогдож байна. Нэг үе Ерөнхий сайд байсан, намын дарга байсан, Шадар сайд хийж байсан, Хотын дарга байсан нөхөр дөө. Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхийлөгч гэж байгаа бас.  Энэ албан тушаалаараа мань эр хурдан мориноос унаж амиа алдсан олон хүүхдийн асуудалтай холбогдох л хүн. Хотын захирагч байхдаа газрын наймааг эхлүүлж байсан газрын наймааны "загалмайлсан эцэг" гэгддэг. Саяхан Хотын захирагч байсан Г.Мөнхбаяр, НИХТ-ын дарга Билэгт нартай холбоотой газрын наймааны хэрэг ид шалгагдаж байгаа энэ үед мань Энхболдын асуудал ч гарч ирж магадгүй. Ер нь нийслэлийн замбараагүй газар олголт, хахуулийн бизнес мань эрийн үеэс эхэлсэн бөгөөд одоо хамгийн сүүлчийн МАН-ын гишүүн-хотын мээр Мөнхбаярын толгой золиослогдоод дуусах юм шиг байна.

МАН-ын  хуучинсагуудаас УИХ дахь намын бүлгийн дарга Н.Энхболдын нэр бас явж байна. Чадахгүй биз ээ. Дэндүү сэтгэлийн хөөрөлтэй хүн. Мунхагдуу нөхөр.
У.Хүрэлсүх л гэнэ. С.Баяр л гэнэ. Ж.Энхбаяр л гэнэ. Бүгд нэрээ баастсан улс. С.Баяр 2008 онд буудуулсан 5 иргэний амь настай холбогдох хүн. Цагдаагаа захирч чадаагүй хүн алуулсан Ерөнхий сайд. Хүрэлсүх нударгаараа намаа удирдана гэж л ирэхгүй юм бол Австралидаа хонины аж ахуй эрхлээд явж байсан нь өлзийтэй биз. Зодоонч хүн улс төрч хийж чадахгүй.
Ж.Сүхбаатарын нэр бас дуулдана. Энэ нөхөр чинь "эрүүгийн элемент" хочтой, хүн доромжлохдоо хэл ам "гурц" айхтар амьтан даа. Эрдэнэ гишүүнийг эрүүгийн элемент царайлчихаад гэж гутааж байв даа. Бас Ерөнхийлөгч Элбэгдоржийг "хог шаар" гэж хэлж байсан "мундаг" залуу "улс төрч." Иймэрхүү сэтгэлийн огцом хөөрөлттэй нөхдийг даргаар тавих юм бол намын чинь нэрийг улам л баастай  хутгана.  Ж.Энхбаяр ч яахав, бас л буу агсаж, нисдэг тэргээр хөөж амьтны амь таслах хоббитой, улсын мөнгийг тойргийнхоо иргэдэд намчирхаж тарааж өгсөн хэл аманд ороогдсон нөхөр. У.Хүрэлсүх, Сангийн дэд сайд асан  "салаавч" Ч.Ганхуяг нар  шиг овилгогүй сагсуудуу залуу даа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэр таамаг дотор бас явж байгаа. Одоогоор элдэв юманд хутгалдаагүй нэр цэвэр яваа хуруу дарам цөөхөн хүний нэг. Асуудалд бас сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй, бодит байдлаар авч үздэг, төлөв зан байдалтай залуу шиг ажиглагддаг. Сэтгэлгээний өөрчлөлт хийж намаа жинхэнэ улс төрийн байгууллага болгох хэмжээний чадалтай  эсэх нь тодорхойгүй боловч энэ удаа МАН-д мань эрээс өөр даргаар тавьчихаар хүн алга.  Дарга болсон хойноо хэр өөрчлөгдөхийг нь харъя. Сайн тал руугаа юу, муу тал руугаа юу? Өөрөө багаа бүрдүүлж, нэр баастаж намаа унагасан элдэв хачиг, хувалзнуудаас салж шийдэмгий зоригтой хөдлөвөл жирийн олон гишүүд нь дэмжих л байх. Харин Нямдорж мэтийн хээлтүүлж чадахгүй байж харайх дуртай "хуц, ухнуудад" загнуулаад явах юм бол хэрэг алга.
Их хуралдаа суух төлөөлөгчийн мандатаа авсан 1000 гаруй хүн удахгүй  шийдэх болж дээ. "Ямар ард түмэн байна, тийм төр  байна"  гэдгийг "Ямар гишүүд байна, тийм нам байна" гээд хөрвүүлчихэж болох  мэт.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё