Газрын наймааны хэрэг илэрч эхэллээ

Г.Мөнхбаяр
Газрын наймаа гэдэг бол үе үеийн МАН (хуучин МАХН)-ын том жижиг дарга нарын хэтэвчээ түнтийлгэдэг байсан гол эх үүсвэр. Үүний тухай мэддэггүй, ярьдаггүй хүн гэж байгаагүй байх. Гол нь хоорондоо жив жив хийхээс хэтрэхгүй, яагаад гэвэл  наймаа хийгч нь эрх баригч МАН-ынхан учраас хэл ам хийгээд ч яах юм билээ.
Нийслэлийн засаг дарга асан Г.Мөнхбаяр, Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Т.Билэгт, Газрын албаны дарга асан Ц.Сандуй, Газрын албаны дэд дарга асан Э.Ариунгэрэл, Орлого бүрдүүлэлтийн хэлтсийн дарга асан Д.Дашцэцэг нар их хэмжээний газрыг хууль бусаар хувийн эзэмшилд өгч улсыг хохироосон хэргээр одоо шалгагдаж байна. Энэ газрын наймааны асуудлаар олон хүн шалгагдаж байцаагдах бололтой. Хахууль өгсөн, газрынхаа төлбөрийг төлөөгүй компаниудын захирлууд гээд л.
Энэ газрын наймааны тухай сурвалжлага нийтлэлийг  Өдрийн сонины Л.Мөнхтөр бичиж цувралаар нийтлүүлж байгаа. Тодорхой шалтгаанаар Өдрийн сониныг уншиж чадахгүй, боломжгүй  байгаа гадаад дахь Монголчууддаа зориулж уг нийтлэлээс тоон мэдээллийг тоймлон хүргэж байна.

Багавтар хэмжээний газар аваад төлбөрөө хийгээгүй байсан  компаниуд эхнээсээ төлбөрөө хийж эхэлсэн гэнэ. Харин тэрбумаас дээш төлбөртэй газар авсан боловч одоо болтол төлбөрөө хийгээгүй  компаниуд, иргэдийн нэрс:
1. Монголын Морин Спорт Уяачдын Холбоо (Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн М.Энхболд)
Хан уул дүүргийн 14-р хорооны нутагт 18 га газар. Үнэлгээ 10.3 тэрбум төгрөг.
2. "Грийт Эдэн Вайсс"  компани
Банзүрх дүүргийн 20-р хороонд, 84 га газар. Үнэлгээ 9.2 тэрбум төгрөг
3. "Импайрланд"  компани
Хан-уул дүүргийн 10-р хорооны нутагт 20 га газар. Үнэлгээ нь 2.2 тэрбум төгрөг
4. Иргэн А.Янжинлхам, Ж.Тэмүүжин
Хан-уул дүүргийн 10-р хороонд тус бүр 10 га. Үнэлгээ нь 2.7 тэрбум төгрөг
5. Иргэн А.Буяндэлгэр
Баянзүрх дүүргийн 20-р хороонд 16 га газар. Үнэ нь 1.7 тэрбум төгрөг
6. "Органик"  компани
Хан-уул дүүргийн 10-р хороонд 17.6  га газар. Үнэ нь 2.3 тэрбум төгрөг
7. "Алтан ар тэвш" компани
Хан-уул дүүргийн 14-р хороонд 150 га газар. Үнэ нь 9.9 тэрбум төгрөг
8. "Дасон" компани
Хан-уул дүүргийн 14-р хороонд 150 га газар. Үнэ нь 9.9 тэрбум төгрөг
9. "Техник кастле" компани
Хан-уул дүүргийн 16-р хороонд 10 га газар. Үнэ нь 1.3 тэрбум төгрөг
10. "Субутын гэгээ" компани
Хан-Уул дүүргийн 10-р хороонд 100 га газар. Үнэ нь 6.6 тэрбум төгрөг.
11. "Сэлэнгэ ургац" компани
Хан-уул дүүргийн 10-р хороонд 20 га газар. Үнэ нь 1.7 тэрбум төгрөг.
12. "Ачинскай" компани
Баянзүрх дүүргийн 20-р хороонд 84 га газар. Үнэлгээ 1.1 тэрбум төгрөг.

Одоо мэдэгдэж байгаагаар хуучин хотын удирдлагууд болон улиран ажиллаж байсан  эрх мэдэл бүхий нэр дурдагдсан албан тушаалтнууд  нийтдээ нийслэлийн гурван (3) дүүргийн 240 хэсэгт 24 сая квадрат  метр газрыг 250 аж ахуйн нэгж, хувь хүнд ямар ч төлбөр авалгүй, сонгон шалгаруулалтгүйгээр өгчээ. Ингэж "өгөөмөр" загнасаныхаа хариуд мэдээж яаж хоосон хоцрохов, цаадуул нь "гарыг нь цайлгасан" байж таараа. Сүүлдээ газрын наймаачид бүр ил цагаандаа гарч хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийг газруудыг хүртэл "зардаг" байсан байгаа юм. Энэ тухай иргэдээс гомдол гаргадаг ч тэгсгээд  хүчин мөхөсддөг байж.
Хотын мээр Мөнхбаяр Хөдөө Аж ахуйн яамны өөдөөс харсан 44-р байранд  "ашиглалтын шаардлага хангахгүй" гэдэг акт гаргуулж, оршин суугчдыг нь хөөж гаргаад суурин дээр нь шинээр барилга бариулж байсан нь хууль бус байсан гэнэ. Ухаандаа шинээр барилга барьж бизнес хийхийн тулд албан тушаалаа ашиглаж иргэдээ гудамжинд гаргаж хэлмэгдүүлж байсан нөхөр байна шүү дээ. Цагаандаа гарна гэж үүнийг л хэлэх байх.

МАН сая сонгуульд ялагдсандаа  багтарч боож үхэх гээд байсан нь яваандаа ойлгомжтой болж байх шиг. Энэ мэтээр дураараа дургиж байсан улс чинь эрх мэдлээ алдчихвал бүх булхай нь илрээд баларна гэж сандрах нь мэдээж. МАН-ын засаглаж байсан сүүлийн 8 жилд бугшсан булхай, луйвар хулгай үүгээр тогтохгүй биз ээ. Цаашид  ч олон "но" илэрнэ. Төр засгийн албыг түрийвчээ дүүргэдэг хэрэгсэл болгосоноор   "төрөөс төрсөн тэрбумтнууд" ийнхүү олноор бий болжээ. Тэд бол хөлс хүч, хөдөлмөрөөрөө баялаг бүтээж баяжаагүй, зүгээр л ширээний ард сууж гарын үсгээ зарж баяжсан хувалзнууд юм. Ийм хувалзнуудыг бизнес эрхэлж бор зүрхээрээ  хөрөнгөжиж бэлжсэн бизнесмэнүүдээс ялгаж салгаж харах хэрэгтэй.

Энэ дашрамд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй  тэмцэх хэлтэс болон АТГ-ын зохих ажилтнуудын шударга ажлыг сайшаан дэмжиж, талархах нь зүйтэй болов уу. Мөн энэ хэргийг эрэн сурвалжилж байгаа Өдрийн сонинд (Л.Мөнхтөрд) мөн талархал илэрхийлж амжилт хүсье.    

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё