МАН-аас горьдох юм байхгүй



МАН-ын  27-р Их Хурал удахгүй энэ сарын 27-нд болох гэж байна. Түүхэн хурал л гэнэ. Өмнөх хурлууд нь "түүхэн биш" байсан  юм шиг.  Хөгжлийн бодлого, стратеги нь "хуучирсан" учраас шинэчлэн боловсруулж байгаа юм байх. Өөрсдийнх нь төр засгийн эрх барьж байсан он жилүүдэд бий болсон ядуурал, авилгын асуудлыг өнөөдөр гэнэт санасан юм шиг яаж шийдвэрлэх тухайгаа ярилцаж хөтөлбөр боловсруулан Их хурлаараа хэлэлцэх юм гэнэ.  Урьд өмнө нь эдгээр асуудлуудыг "анзаардаггүй" байсан юм байх. АН засгийн эрх авсанаас хойш илэрсэн авилга, хулгайн хэрэгт  МАН-ын дээд, дунд, доод тушаалын албан тушаалтнууд ороогдож намын нэр "баастаад" эхлэнгүүт цочроо авсан бололтой.  Өнгөрсөн  2012 оны УИХ-ын сонгуульд хэрвээ МАН ялсан бол  юун ядуурал, авилга бууруулах хөтөлбөр хэлэлцэх, харин ч хуучнаараа "хэн  нь илүү идэх вэ?" гэдэг уралдаанаа үргэлжлүүлэх байсан биз. Бурхны авралаар  тэд ялагдаж  ядарсан Монголчуудыг  заяа нь  ивээжээ.

1990 оноос хойш 2012 хүртэл  МА(Х)Н-ын засаглаж ирсэн үеийн түүхийг МА(Х)Н-ын доодохыг харсаар Монголчууд турж үхэхийг шахав гэдэг ганцхан өгүүлбэрт багтаагаад хэлчихэж болох мэт.  1996 оны сонгуулийг эс тооцвол МА(Х)Н  1990 оноос хойш  2012 он хүртэл дангаараа "хүрд эргүүлэх" боломжтой байсан бөгөөд  энэ боломжоо  буруугаар ашигласаны балаг одоо гарч байгаа нь энэ.  За тэр идэж уусан, улсын мөнгө хулгай хийсэн асуудал  бол цадигаа алдсан шүү дээ.  Сая 2014 оны  улсын төсөв батлах үед  Ерөнхий сайд  жилийн жилд төсвөөс мөнгө  авдаг боловч  ашиглалтанд ордоггүй барилгуудын тухай дэлгэж МАН-ын хувалзнуудын уурыг хүргэжээ.  Энэ тухай Өдрийн сонины 10-р сарын 21- ний өдрийн дугаараас уншаарай.    Нийтдээ 109 ийм барилга байна гэнэ. МАН-ынхны 109 ширхэг "саалийн үнээ" байсан юм биш үү? 

Ганц хоёр жишээ дээрх нийтлэлээс жишээ болгож авъя:

Говь-Алтайд  баригдахаар 2007 онд төсвөөс 1 тэрбум төгрөгөөр санхүүжигдсэн Алтай чуулгын 500 хүний суудалтай барилга өнөөг хүртэл ашиглалтанд ороогүй байна гээд бод доо!  7  дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа энэ барилга жил бүр төсвөөс мөнгө нэмж "сааж" иржээ. 2007 онд 1 тэрбум авч байсан бол 2008 онд  1850 сая (1,85 тэрбум), 2009 онд мөн 1850 сая, 2010 онд  бас 1850 сая гэж  байснаа 2011 онд  зардлаа  өсгөн 4700 сая болгож байжээ.  Дараа жилүүдэд  нь (2012 ба 2013) мөн тус бүр  4700  сая төгрөгөөр  төсөвт суулгаж байсан боловч мөн л "ашиглатанд ороогүй" бөгөөд бүр давраад 2014 оны төсөвт 5550 сая төгрөг болгож суулгахаар оруулж ирсэн байна гэнэ. Дэндэнэ дэндэнэ гэхэд арай хэтэрч байгаа юм биш үү?  Нэг тэрбумын барилга  одоо 5,55 тэрбумаар "босох" юм гэнэ.

Гандантэгчилэн хийдийн өргөтгөл  гэж 1080 хүний суудалтай  барилгад 2009 онд 2500 сая төгрөг суулгасан боловч  2011 онд 11.7 тэрбум болон өсч,  2013 онд 12892 сая болон нэмэгдэж оруулаад ч нэмэр болсонгүй  2014 онд 18354 сая болго гэж нэхэж байна. 2,5 тэрбумаар босно гэсэн барилга 18 тэрбумын зардал гаргахгүй бол  "босох" найдваргүй болсон гэнэ.  Анхны зардлаа 7 дахин өсгөсөн байгаа биз? Далимд нь хэлэхэд, ер нь яахаараа шашны барилгыг улсын мөнгөөр барих ёстой юм гэдгийг сайн ойлгохгүй л байна шүү. Шашин, төр хоёр тусдаа шүү байвал  зүгээр бус уу? Гандангийнхан өргөтгөлийн барилгаа өөрсдөө баривал яасан юм?

Архангайд баригдах багшийн коллеж 2008 онд 300 саяар босно гэж мөнгө авсан боловч  2009 онд зардал нь огцом өсч  2800 сая төгрөг болсон бөгөөд  ашиглалтанд "орж чадахгүй" явсаар 2013 онд  төсвөө 3150 сая болгон өсгөжээ. Гэвч бас л мөнгө нь "хүрсэнгүй" учраас 2014 оны төсөвт 3755 сая төгрөгөөр суулгажээ. 

Иймэрхүү маягаар засгийн ажлыг хийдэг байж дээ, МАН-ынхан. Төсвөө жил бүр өсгөж нэмж мөнгө  авдаг, ашиглалтанд ордоггүй 109 барилгыг Ерөнхий сайд Алтанхуяг цаашид санхүүжүүлэхээ зогсоож дуудлага худалдаагаар худалдана гэж байх шиг байна. Энэ нь ч зөв байх. Эдгээр барилгуудын анхны төсвөөс хэтэрсэн зардлууд бүгд л эрх мэддэлтнүүд, албан тушаалтнуудын хармаанд ордог байсан биз ээ. Тийм биш байсан бол анхны тооцсон зардлаараа баригдаад дуусчихгүй яав гэж. Ингэж олон жил дамнаж явахгүй л байсан нь тодорхой. МАН-ын  үед цэцэглэсэн авилгал, хээл хахуулийн  оргил үед  улсын мөнгийг завших нэг арга болж байж дээ энэ дуусдаггүй барилгууд. 

МАН-ынхан одоогийн Шинэчлэлийн засгийг ажлаа хийж мэдэхгүй барьц алдаж балчирдаж байна гэж  ичихгүй хэлж байна.  Дуусдаггүй барилгаар  дамжуулж төсвөөс мөнгө "саадаг" байсан өнгөрсөн  жилүүдийн  МАН-ын засгийг ажлаа сайн хийдэг байсан гэж хэлэх үү?
Ядуурлыг өнөөдөр "гэнэт харж"  мэдчихээд одоо болох Их хурлаараа ядуурлаас гарах "төлөвлөгөө" хэлэлцэнэ гэж байгаа МАН-ын засгийг сайн ажиллаж байсан гэх үү?  Авилга, хээл хахуулийн  тороор нийгмээ  хэрж боочихоод, өөрсдөө тэр торондоо олноороо орооцолдсон байсан нь илэрч байгаа  явдлыг МАН-ын засгийн газрууд  ажлаа сайн мэддэг байсан гэж  тайлбарлах уу?

МАН бол тулхтай, ууган нам л гэнэ. Тулхтай биш харин хулхиддаг нам байжээ гэвэл ононо. Ууган нам гэдгийн тухайд  (би өмнө нь ч хэлж л байсан) гэвэл одоогийн МАН бол 1990 онд бий болсон шинэ нам юм аа. Хуучин МАХН татан буугдаагүй учраас тэр байдлыг овжин ашиглаж хуучин суурь бааз дээр нь хуучин нэрээр нь  огт өөр "үзэл баримтлалтай"  шинэ нам бий болсон юм. Залгамж энээ тэрээ гэдэг нь зүгээр л хоосон үг.  Тэгэхээр  хуучин МАХН-ын нэрийг байнга "худалдаж иддэг" МАН-ын энэ арга  хол явахгүй.  Социализмын үед дангаараа ноёрхож байсан хуучин МАХН-ынхан харин ч өнөөгийн МАН-ынханыг бодвол сувдаг зангүй, эдийн шуналгүй, эх орноо гэсэн шударга хүмүүс байж дээ. Ийм учраас өнөөгийн МАН бол бусад шинэ намуудтай адил настай бөгөөд "талийгч өвөөгийн" (хуучин Ху нам гэж унш) эд хөрөнгийг ганцаараа булаан эзэмшсэн, давилуун түрэмгий зангаараа үеийнхэндээ дээрэлхсэн онгироо пацаан гэж   зүйрлэхэд болмоор.

Тиймдээ ч ардчилсан хувьсгалын дараах он жилүүдэд улс орноо авч явсан байдал нь  "тулхтай ууган нам" гэдэг өргөмжлөлтэй нь зөрчилдөж байна. Тулхтай, туршлагатай ууган нам ингэж улс орныг удирддаггүй юм аа. Туршлагагүй "пацаан" юм чинь яаж ч чадах билээ.  Үр дүнд нь МАН-ын угшилтай  баячуудын давхарга бий болж, ард олон гэдэс цувдай идсэн хэвээрээ үлдэх шив дээ. Өнөөдөр л  гэнэт "ухаарч" ядуурлын асуудлыг яаж шийдэхээ Их хурлаараа ярилцаж  хөтөлбөр батална  гэнэ. Больж үз. Унгасан хойноо бүү хавчигтун.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаагаас харвал МАН-ын шинэ дарга аль хэдийн тодорсон гэнэ. Нөгөө л улиг болсон хуучинсагуудаас сонгогдох бололтой. Энхболдуудын нэрс явж байгаа гэлцэнэ.  МАН-ын Их хурлаас ер нь их зүйл хүлээгээд, горьдоод байх шаардлагагүй гэдгийг энэ мэт "шум"  нотолж байна. Социализмын үеийн "Ху нам"-ын залгамж халаа гэж бодоод андуураад яваа хүмүүс сэрэх цаг болжээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ нам хэн бэ гэдгээ харууллаа. Эргэн тойрноо, ард иргэдийнхээ амьдралыг л харчих. Үүнээс илүү баримт нотолгоо хэрэггүй. Засгийн эрхээ авсан шинэ хүчнүүд юм хийгээд унангуут боож үхэхдээ шахаж, элдвээр гоочлон муулж байгаа нь ч их учиртай. Зүйрлэвэл, ажлаа муу хийгээд халагдсан ажилтан өөрийнх нь оронд  шинээр томилогдсон хүн сайн ажиллаад сайшаагдаад ирэхээр атаархаж бачимддагтай агаар нэг юм уу даа.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё