Тангарагаа тонгорог болгосон хүмүүс

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш энэ улсын эдийн засгийн салбар    бүхэнд шахуу бугшсан байсан идээ бээрийг шахаж  гаргаж эхэлсээр жилийн нүүр үзэж байна. Эхний жилд илэрсэн элдэв луйвар, хулгайн хэрэг гэхэд л Авилгатай Тэмцэх Газар (АТГ) болон бусад хууль хяналтын байгууллагуудын ажилтнуудыг хоолондоо орох завгүй болтол нь даржээ. Үлдэж буй 3 жилийн хугацаанд хичнээн хэрэг илэрч шийдэгдэх юм  бүү мэд.  Эхний нэг жилд илэрсэн баригдсан нь  зарим хүмүүсийг  цочоож, ямар сайндаа өглөө босоод ирэхээр барилаа, хорилоо гэх юм гэж  дуу алдаж байхав дээ. Энэ "залхаж" байгаа хүмүүс мэдээж цаанаа дургүйцэх учир шалтгаан байгаа. Харин ард иргэд маань ерөнхийдөө  муу муухайгаасаа салъя гэж байгаа учраас дэмжиж байна.


"Чи" гэж  дуудсан дээрэнгүй  өнгө аястай бичгийг "хамт олны" нэрээр тавьжээ.
Шинэчлэл, өөрчлөлтөнд саад мундахгүй. Ялангуяа  үүнд гэмтнүүд их эмзэглэж, "шинэ салхи" оруулахыг улангасан эсэргүүцэж байгаа. Шалтгаан нь ойлгомжтой. Салхи орвол тэдний хамаг булхай нь илрэх учраас тэр. Түрүүчээсээ илрээд  олон хүн  "дээлээ нөмөрч" эхэлж байх шиг. Хүний алдаагаар бахаа хангах гэсэндээ биш, гэхдээ хэрэг хийсэн бол шийтгэлээ авдаг нь шударга ёс байх аа?   Хэрвээ таныг дээрэмдээд мулзалж орхивол тэр дээрэмчин шийтгэл хүлээх нь зөв биз?  Түүнтэй л адил юм даа.  МИАТ-аас эхлээд л төрийн өмчит компаниуд, нийслэлийн болон аймгийн удирдлагаас эхлээд л шат шатны төр засгийн удирдлагууд гээд хийсэн нүгэлдээ ороогдож байгаа газар,  хүмүүс олон байна. Эмнэлэг,сургууль, бүр Засгийн газрын автобааз зэрэг газруудын удирдлагууд байгууллагынхаа газраас хувиасаа өмч тасалж байгаа мэт газар худалдаж хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлж байсан байх юм.

Гэмтлийн эмнэлгийн үе үеийн удирдлагууд, албан тушаалтнууд бас яаж зүгээр байхав гэгчээр байгууллагынхаа  эзэмшил газар, талбайг ашиглаж  "юм унагаж" байсан тухай мэдээлэх боллоо.  Мөн тус эмнэлгийн  дотоод ажил ч бас хангалтгүй, элдэв булхай, завхрал, хариуцлагагүй  замбараагүй байдал газар авсан тухай яригдаж  байна. Тус эмнэлгийн шинэ даргаар "гадны хүн" томилогдож иржээ. Энэ явдал  тус эмнэлгийн  хуучин удирдах албан тушаалтнуудын хувьд аюул гамшиг нүүрлэхтэй адил юм болж. Ингээд тэд ямар ч үнээр хамаагүй шинэ даргыг ажиллуулахгүйн төлөө "тэмцэж" эхэлжээ.  Бөөнөөрөө халагдах өргөдлөө өгөх, өгнө гэж айлгах зэргээр "тэмцлийн хурц хэлбэрүүдийг" сонгож эгээтэй л бослого гаргаж буу шийдэм барьсангүй.

Саяхан  Гэмтэл Согогийн Үндэсний Төв буюу Гэмтлийн эмнэлгийн зарим эмч, мэргэжилтнүүд мэдэгдэл гаргажээ.   Гэмтлийн төвийн шинэ дарга ажилдаа орсон боловч мөнөөх эсэргүүцэгчид амархан бууж өгөхгүй "эцсээ хүртэл" тэмцэхээр шийдсэн бололтой.  Ингээд тэр мэдэгдэл гээчийг нь жаахан шинжээд үзвэл тэдний ямаршуухан санаатай улс гэдэг нь  аяндаа танигдана. Ер нь хүний хэлж байгаа үг, бичсэн зүйлээс нь ямар хүн (хүмүүс) вэ гэдэг нь амархан мэдэгддэг.

Тэд (мэдэгдэл гаргагчид) Эрүүл мэндийн сайдыг "мэргэжлийн бус, хөндлөнгийн оролцоотой томилгоо хийсэн" гэжээ. Шинэ дарга Ц.Энхбаяр нь манай урдаа барьдаг тархины мэс засалч эмч юм байна. Тэгэхээр мэргэжлийн бус гэдэг нь худлаа болох нь. "Хөндлөнгийн оролцоо" гэдэг нь Ц.Энхбаярыг  УИХ-ын дарга З.Энхболдтой нэг аймгийнх учраас холбосон бололтой. Бас л нэг хардах сайхан шалтаг олж дээ. Их Хурлын даргатай нэг аймгийнх учраас Гэмтлийн даргаар ажиллаж болохгүй гэсэн хууль журам хаана  байгаа юм бол?
Тэдний хэлж байгаа ганц үг нь Ц.Энхбаяр Гэмтлийн эмнэлгийг удирдаж чадахгүй гэдэг үг. Энхбаярын мэдлэг чадварт эргэлзэж, итгэж чадахгүй болтлоо тийм сүрхий мэддэг, таньдаг юм уу гэтэл таньдаг мэддэг бөгөөд хамтарч ажиллаж байсан эмч  энэ эмнэлэг  дотор байхгүй гээд байдаг. Тэгвэл мэдэхгүй танихгүй байж тэр хүний ажиллаж  чадах чадахгүйг яаж "мэддэг" байнаа?  Муйхар сохроор л "Бид хүлээн зөвшөөрөхгүй" гэдэг гэж байгаа.

Яах вэ, тэд эмчийнхээ тангарагийг  нулимчихаад зуу зуугаараа халаатаа тайлж шидчихээд ажлаа өгөөд яваг л дээ. Өөрсдийнхөө өчүүхэн дотортойг л харуулж байгаа хэрэг. Харин ч бидэнд сайн. Хэн нь хэн бэ гэдгээ харуулаг. Гэмтэл дээр яаралтай хагалгаа хийлгэх хүнд өвчтөнүүд, нарийн мэргэжлийн эмчилгээ, зөвлөлгөө авах хүмүүс тэдэнд итгэж  найдан хүлээж байгаа. Тэд нэгэн цагт улсын зардлаар өндөр түвшний нарийн мэргэжлийг эзэмшиж, тусгай бодлогоор гадаад, дотоодод мэргэшиж, дадлагажиж ирсэн хүмүүс. Тэд нар бол улсаас зориуд хөрөнгө, хугацаа зарж бэлтгэгдсэн тусгай "бүтээгдэхүүнүүд." Эцсийн зорилго нь ард иргэддээ үйлчилж ач тусаа өгөх ёстой хүмүүс. Гэвч тэд хувийн ахар бодолтой, арчаагүй бэртэгчингүүд  байжээ. Өөрсдийн тусгай  мэргэжил, ажил үүргээрээ барьцаалж, ахар бодлоо  төр засагтаа тулгаж, ядарсан иргэдээ  дунд нь хохироож орхихоос сийхгүй аашилж байна. Бэртэгчин  биш гэж үү?

Ажлаасаа халагдах нь бидний "эцсийн арга" гэжээ. Эцсийн аргаа хэрэглээд өвчтөнүүдээ хөсөр хаяад  зайлцгаах юм байх даа? Зарим нь өргөдлөө өгөөд явсан сурагтай. Ямар ч хүндэтгэх шалтгаангүй, зөвхөн  шинэ удирдлагаа эсэргүүцэж ажлаа орхиж байгаа эдгээр хүмүүсийн нэрийг ил тод зарлах хэрэгтэй. Тэд энэ чанараараа бол дахиад аль нэг эрүүл мэндийн байгууллагад орж ажиллах ёс зүйгүй улс гэдгээ харууллаа гэж ойлгож байна. Улсаас зориуд хөрөнгө гаргаж гадаадад дадлагажуулсан зардал зэргийг нь буцаан нэхэмжилж авах нь ч зөв байх.  Тэр зардлаар чинь зөв хүнээ гадагш нь явуулж сургая. Ард түмэн бидэнд хэрэгтэй.

Мөнөөх мэдэгдэлд, "Энэ хууль бус томилгоо нь тус төвийн хамт олны 50 жил хамтран бүтээсэн баялаг туршлага, оюуны сан хөмрөгийг устгах, байгууллагын хөгжлийг зогсонги байдалд оруулах, эмчилгээ үйлчилгээ дотоод үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүсгэх, эмч ажилчдын дунд  айдас стресс үүсгэх, эмч эмнэлгийн мэргэжилтний  оюуны чадамжийг улам бүр сулруулах,  өвчтөн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчих үндсэн шалтгаан болж байна." гэжээ. Сүржигнэх  гэж үүнийг л хэлдэг байх, гэхдээ үгээр ингэж тоглож болохгүй ээ.  Ц.Энхбаяр эмч  тус эмнэлгийн даргаар ажиллах юм бол  ийм ийм дампуурлууд  бий болно гэдгийг энэ мэдэгдлийг гаргасан  дээрх хүмүүс яаж  "мэдэж" байна аа?  Ванга авгайгаас дутах юм алга!

Мэдэгдэлд бичсэнээр бол одоогоор Яаралтай  тусламж хариуцсан дэд захирал, Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан дэд захирал,  Эмчилгээ дотоод хяналтын чанарын менежер гэсэн  гурван албан тушаалтан ажлаасаа халагдах өргөдлөө өгөөд явцгаажээ. Нуух булхай ихтэй удирдах албан тушаалтнууд нь "сүүлийн мэхээ" хэрэглэж байгаа нь энэ.  Мөн Эмчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд  Нарантуяа хэмээх хүүхдийн эмчийг "гаднаас авчирч" томилсон нь эсэргүүцэгчдийн  зэвүү дургүй хоёрыг нь зэрэг хүргэсэн бололтой. "Мэргэжлийн бус" шийдвэр гаргаад эхэллээ гээд л орилоод эхэлжээ. Ярьж хэлж байгаа юмаа ч мэддэггүй хүмүүс бололтой.  "Дэд захирал" гэдэг мэргэжил байдаггүй юм. Удирдах албан тушаалтан гэдэг бол  сайн менежер байх ёстой болохоос ямар мэргэжилтэй байх нь чухал биш.  Хүүхдийн эмч байна уу, шүдний эмч байна уу хамаагүй, гол нь  хариуцсан ажлаа сайн зохион байгуулаад явж чадах чадвартай байх нь чухал гэсэн үг. 

Эсэргүүцэхийн тулд л эсэргүүцэж байгаа эдгээр хүмүүс буруутгах, үгүйсгэх, муулах шалтгаан, бодитой үндэслэл олж чадахгүй (угаасаа байхгүй юм чинь) болохоороо иймэрхүү утга логикгүй юм бичиж сууна.  Ямар сайндаа л  таньж мэдэхгүй шинэ даргаа ажилдаа орвол ийм ийм "гамшиг" тохионо гэж урьдчилан "зөгнөж" суух вэ дээ.  Ажлаасаа  халагдаж улсыг "хохироосон" дээрх гурван удирдах албан тушаалтан болон тэдгээрийн ойр дотны  хамтрагчид, дагалдан баясагчид  ажлаа хэвийн хийж байгаа бусад жирийн эмч нар, мэргэжилтнүүдийг ятгаж, ухуулж, дарамталж өөрсдийнхөө зорилгод ашиглахыг оролдож байгаа нь ойлгомжтой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч мөн  шинэ дарга ямар  "муу хүн" болох тухай зөндөө л бичиж, цацаж байна.  Гэвч аливааг өөрийн ухаанаар тунгаан бодох, дүгнэлт хийх чадвартай хэн боловч  эдгээр хүмүүсийн хэлж ярьж, бичиж байгааг уншаад  ямар санаа зорилготой ингээд байгаа учрыг нь  амархан олоод мэдчих биз ээ.

Ерөөсөө Энхбаярыг даргаараа хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа ч юм биш, хамаг учир нь гаднаас  шинэ хүн ирж байгаад л оршиж байгаа юм. Үүнийгээ тэд өөрсдөө ч тодорхой хэлсэн. Гэмтлийн эмнэлгийн шинэ даргыг дотроосоо тавинаа гэж.  Тэгэхээр Энхбаяр байна уу, Энхцэцэг байна уу угтаа тэдэнд сонин биш байгаа юм. Өөрсдийнхөө дундаас хэн нэгнийг даргаараа тавьчихаад хуучны булхай луйвраа хав дарж, "статус-кво" байдлаа хадгалж үлдэх гэсэн ганц л санаархал тэдэнд байна.  Гэвч хэдэн хүний эрх ашиг нийтийнхээс дээр гарах учиргүй тул тэдний энэ увайгүй ажиллагаа амжилтанд хүрэхгүй нь тодорхой. Харамсалтай нь энэ мэт хуучин эрх баригчдын засаглах чадвар дорой байсны улмаас бий болсон нийгмийн ялзрал, хүмүүсийн сэтгэхүйд бий болсон  доройтол, гажгийг засахад багагүй хугацаа шаардагдахаас гадна их эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой харагдаж байна. Гэвч тийм байна гээд орхих биш, муу бүхнийг халахын төлөө тулахаас өөр аргагүй. Харин энэ тулаанд иргэд маань буруу тийшээ ханарч туйлшралгүй, зөв сэтгэж ухаантай хандах хэрэгтэй байна.

Жич: Энэ 10 сарын 30-наас эхлэн өргөдлөө өгсөн эмч нар бүгд ажлаа өгөөд явцгаах юм гэнэ. Гэмтлийн эмнэлгийн судасны мэс заслын эмч Н.Шагдарсүрэн, Н.Бүргэд нар манлайлан нарийн мэргэжлийн эмч нар , удирдах дарга нар нийлсэн 91 хүн  ажлаасаа гарах юм байх. Тэд гарна гэж байх хугацаанд  хутгалуулсан нэгэн залуу эмнэлэгт ирээд  нас баржээ. Бид ингээд хаяад явчихвал та нар энэ мэтээр балрана гэж их бахтай байгаа биз ээ, энэ явж байгаа эмч нар. Тэд бол эмч гэдэг эрхэм алдрыг цаашид  авч явах ёс суртахууны эрхгүй улс. Хүний амиар тоглоод эхэллээ. Ийм л улс төржсөн, хуваагдсан нийгмийг бий болгосон МАН-ын балаг энэ үйл явдлаар илэрч байгаа нэг жишээ энэ. Тангарагаа нулимчихаад улс төржөөд явчихдаг ийм эмч нарыг дахиад эрүүл мэднийн байгууллагад ажиллах эрхийг нь хасах нь шударга явдал болно. Саяхан Италийн ерөнхий сайд байсан Берлускони гэгч нөхрийг төрийн алба хашихыг нь 2 жилээр хассан шүүхийн шийдвэр гарсан гэнэ. Шалтгаан нь мань эр санхүүгийн  залилангийн хэрэгт орооцолдсон учраас  ийм шийтгэл авсан байх юм. Ёс суртахууны алдаа гаргасан   учраас тэр. Энэ ажлаа  өгөөд явж байгаа 91 эмч нарыг ч мөн мэргэжлээрээ улсын эмнэлэгт ажиллах эрхийг нь хасах хэрэгтэй. Хувийн эмнэлэг байгуулах хэмжээний хөрөнгөжсөн, эсвэл байгуулчихсан  байгаа  эдгээр ёс суртахуунгүй эмч нарын эмнэлгээр  иргэд маань очиж үйлчлүүлэхгүй байвал зохино. Энэ нь тэдний хүнлэг бус, бэртэгчин үйлдэлд өгч байгаа ард түмний шийтгэл болог.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё