28 "мэргэн жараахай"
Сүхбаатарын хөшөө (талбай) |
Мэргэдийн захиаг уншаад "төрийн гурван өндөрлөг" хариу өгөхөөс өмнө урьтаад би хариу бариатахая. Эхлээд 28 мэргэдийнхээ нэрсийг цол гуншинтай нь дурдахгүй бол болохгүй байх:
1. С.Бавуусүрэн (Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, судлаач)
2. Ц.Балхаажав (Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, профессор)
3. Г.Батмөнх (Гавъяат багш, анагаах ухааны доктор, профессор)
4. Ж.Болдбаатар (Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич)
5. С.Галсан (Ардын багш, доктор, профессор, академич)
6. Ж.Гомбожав (Гавъяат эдийн засагч, УИХ-ын дарга асан)
7. Д.Готов (Холбооны гавъяат ажилтан, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд)
8. Н.Дагвадорж (Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, сайд асан)
9. С.Даш (Түүхч, философич, судлаач)
10. Г.Жамъян (Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч)
11. З.Лонжид (Түүхийн ухааны доктор, профессор)
12. С.Лувсанноров (Гавъяат багш, сурган хүмүүжүүлэгч)
13. С.Мөнхжаргал (Гавъяат барилгачин, УБ хотын хүндэт иргэн)
14. Г.Мэнд-Ооёо (Соёлын гавъяат зүтгэлтэн, Дэлхийн соёл урлагийн Академийн тэргүүлэгч гишүүн, Утга зохиолын доктор, зохиолч, яруу найрагч)
15. А.Өлзийхутаг (Гавъяат эмч, Анагаах ухааны доктор, профессор)
16. Т.Содной (Биологийн ухааны доктор, профессор)
17. Ш.Сүрэнжав (Төрийн шагналт, Ардын уран зохиолч)
18. Л.Түдэв (Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Хэл бичгийн ухааны доктор, Ардын уран зохиолч)
19. Л.Хайсандай (Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич)
20. Д.Хайсамбуу (доктор, академич)
21. Ч.Хурц (Геологийн ухааны доктор, сайд асан)
22. Т.Цэвэгмэд (Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, доктор, профессор)
23. Л.Цэрэндондог (Гавъяат барилгачин, сайд асан)
24. Д.Цэрэнсодном (Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт, хэлбичгийн ухааны доктор, академич)
25. Г.Чулуунбаатар (Философийн ухааны доктор, академич)
26. Г.Шагдаржав (ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач, профессор)
27. А.Шагдарсүрэн (Худалдааны гавъяат ажилтан, доктор, профессор)
28. А.Шархүү (Гавъяат багш, доктор, профессор)
Дандаа доктор, профессорууд, гавъяатнууд байгаа биз? Тэд нар "шинэ ноёнд" (шинэ эрх баригчид гэж унш) таагүй ханддагаа илэрхийлж, бухимдлаа түр ч атугай тайлж "хийгээ гаргах" боломж олгосон шалтаг нь тэгээд юу байв аа? Ердөө л "хөшөө зайлуулсан", "талбайн нэр өөрчилсан" асуудал. Дахин хэлэхэд энэ асуудлууд бол зөвхөн шалтаг. Цаад санаа нь бол огт өөр зорилго байгаа тухай доор өгүүлнэ.
За тэгээд захиа бичих болсон "шалтгаан"-уудыг авч үзье. Эдгээр хүмүүс Лениний хөшөөг зайлуулсанд их гомдолтой улсууд юм гэнэ. Тэгвэл Сталиний хөшөөг зайлуулахад "тэмцэхгүй" яасан юм? Нарийн ярьвал одоогийн Монголын тусгаар тогтнолын гавъяаг Ленинээс илүүтэйгээр Сталин хүртэх ёстой бус уу? 43 оны Тегераны уулзалт, 45 оны Крымд болсон "томчуудын" хэлэлцээр дээр Сталин "гадаад" Монголыг тусгаар улс байх ёстой гэж "гүрийсээр" Хятадын мэдлээс аварсан түүхийг мартаж болохгүй. Ямар сонирхолоор Монголыг "өмөөрөөд" байсан нь чухал биш, бодит амьдрал дээр бид өнөөдөр "хятад" болчихоогүй яваа нь чухал. Үүнд Сталины гавъяа бий. Эсрэгээрээ Ленин бол Монголыг хамсаатнаа гэж үзэж туслах боловч үнэндээ Хятадын мэдлийн гэдгийг зөвшөөрч, хэзээ ч Монголыг албан ёсоор тусгаар улс гэж хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд Монгол улс "de jure" Хятадын мэдлийн байсаар 1946 он хүргэсэн дэг. Тэгэхээр хэн нь Монголд ашигтай "сайн үйл" хийж вэ гэж асуумаар. Гомдолтой байгаа эдгээр хүмүүс Сталины хөшөөг буулгахад "цээжээрээ хамгаалах" ёстой байсан юм. Буруу л хүнээ "өмөөрөөд" байна даа. Дээрх эрхмүүдийн дунд түүхийн ухааны доктор гуншинтай хүн лав 3 байна. Судлаач энэ тэр нь ч бас харагдана. Энэ хүмүүс уг нь сайн мэдэж байх ёстой. Гэвч "онолч" нөхөрт "хайр зарлаад" бодит тус хүргэсэн "сахалтыг" тоохгүй байгаагаас харвал тэд зүгээр л "шоудаж" байгаа гэдэг нь илт.
Нийслэлийн төв талбайн нэрийг өөрчилж Чингис хааны нэрээр нэрлэсэн нь "нэг цаг үеийн түүхэн гавъяат үйл хэргийг нөгөөгөөр алгасуулан дарах нь яавч зохистой биш" гэнэ. За байз сайн бодъё. Сүхбаатарын түүхэн гавъяаг нөгөөгөөр (Чингисийн гавъяагаар) "алгасуулан дарлаа" гэнэ үү? Алгасуулан дарах гэдэг нь юу гэсэн утгатай юм бол? Сүхбаатарыг "алгасаад дарчихлаа" гэж байгаа юм уу? Ер нь бол энэ үгэнд утга байна уу? Хэлбичгийн ухааны доктор гуншинтай хүн дээрх мэргэдийн дотор лав 2 байна лээ. Тэд нар энэ "алгасуулан дарах" гэдэг үгээ тайлбарлах хэрэгтэй байх даа. Миний ойлгосоноор бол Сүхбаатарын гавъяаг дарж, Чингисийн гавъяаг дөвийлгөлөө гэж хэлж байгаа юм болов уу даа. Харин "алгасуулаад" байдаг нь сонин хэллэг байна. Сүхбаатарыг "алгаслаа" гэж байгаа юм уу? Инээдтэй юм. Таарсан ч үгээ сонгох юм даа, хэл шинжлэлийн мэргэд маань.
За тэгвэл нэг юм асууя. Чингис хааны гавъяа , Сүхбаатарын гавъяа хоёрыг харьцуулбал аль нь "том" бэ? Асуултаа арай өөрөөр тавьж үзье. Монголын түүхэнд байгуулсан гавъяа, алдар нэрээрээ хэн нь Монгол Улсын нийслэлийн төв талбайг өөрийн нэрэмжит болгох "давуу эрх" эдлэх ёстой гэж уншигч та бодож байна? Монгол гэдэг төрт улсыг байгуулсанаараа, Монголын нэрийг дэлхийд таниулсанаараа Чингис хаан хамаагүй илүү жин дарах байх аа. Төв талбайгаа эзэн хааныхаа нэрэмжит болгосоноороо Сүхбаатарын түүхийг, үүргийг үгүйсгээд, "дараад" байгаа юм биш л дээ. Сүхбаатарын нэр, байгуулсан гавъяа 21 оны ардын хувьсгалтай холбоотой түүхэнд бичигдэж, хойч үе маань түүхийн хичээлээр үздэгээрээ үзээд л явна. Чингисийн талбай болгох сонирхолгүй мэргэд маань Сүхбаатарын түүхийг "дарагдаж" байна гэдэг нь зүгээр л шалтаг бий болгож, үгээр тоглож сүржигнэж байгаа хэрэг. Өөр шалтаг олж чадахгүй л дээ угаасаа. Зарим эсэргүүцэгчдийн гаргаж тавьсан "Юм болгоныг Чингис болголоо" гэдэг шалтагийг мэргэд маань хэрэглэсэнгүй, харин өөрсдийнхөө бодож олсон "алгасуулан дарах" хоршоо үгийг ашигласан боловч утга ойлгомжгүй юм болжээ. Хэл шинжлэлийнхэн энэ шинэ нэр томъёогоо тайлбарлах хэрэгтэй болох нь дээ.
Дашрамд хэлэхэд, Сүхбаатарын хөшөөг буулгаж оронд нь Монгол гүрэн байгуулагдсан түүхтэй холбоотой хөшөө дурсгал босгох хэрэгтэй. Хүннү гүрнээ байг гэхэд бид ядаж улс болж үүүссэн түүхээ 13-р зууны эзэнт гүрэн байгуулагдсан цагаас эхэлж тооцож сэргээе. Нэг ёсондоо Монгол улс хэзээ ч хятадын мэдлийн, харъяаны газар байгаагүй , аль 1200 онд төрт улс болж байсан гэдгийг харуулах түүхэн сэдэвтэй байгууламж барьж гадны зочдод мэдүүлж байя. Монгол гэдэг бахархлаа гээсэн мэргэд маань Монголын түүхийг 21 оноос эхэлж тооцох гээд байгаа юм шиг. Хэрэв тэгж байгаа бол социализмын үеийн зохиосон түүхээрээ Сүхбаатарыг "оройн дээд" болгож залах нь зөв. Ардын хувьсгалыг "хамгийн чухалд" тооцоод байгаа хүмүүс тэгвэл 21 оноос өмнө Монгол улс хятадын мэдэлд байсан гээд байгаа юм шиг. Гэвч бодит түүхэн үнэнээрээ бол 46 он хүртэл бид чинь хятадын мэдэлд байсан биз дээ? Яахав, "де факто" хятадаас хамааралгүй юм шиг байсан байх л даа, гэхдээ гадаад ертөнцөд тусгаар улс болж харагдахын тулд өөр нотолгоо, баримт хэрэгтэй бөгөөд тэрийг нь дэлхийн 2-р дайны дараа Сталин "авч өгсөн" тухай дээр хэлсэн. Бид манжаас тусгаарласанаа (Манжийг хятад гээд ойлгочих ёстой байх) чухалд тооцож энэ тухайгаа дэлхийд ойлгуулъя гэж байгаа бол 11 оны хувьсгалыг дөвийлгөх ёстой. 1911 онд бид тусгаар улс гэдгээ зарлаж, манж хятадыг хөөж гаргаж байсан. Энэ бол 21 оны хувьсгалаас дутахааргүй, магадгүй илүү ач холбогдолтой, илүү жин дарах үйл явдал болов уу.
Мэргэд маань захиандаа "долоохон хүний саналаар" талбайн нэрийг өөрчилсөн гэжээ. Хүний тоондоо биш л дээ, Иргэдийн Хурлынханд эрх нь хуулиараа олгогдсон байдаг юм. Энэ тухай мэргэд маань мэдэж байгаа боловч эрх зүй, хууль журмаа тэр болгон сайн мэддэггүй иргэдэд энэ "долоохон" гэдэг үг овоо жинтэй тусна гэдгийг мэдэж зориуд ингэж үгээр наадаж байгаа байхгүй юу! Бидний саналыг авахгүй яасан дураараа долоон нөхөр вэ хэмээн иргэд бухимдах болно гэж тооцоолсон хэрэг. Мөн 1921 оны ардын хувьсгалын ойг жил бүр тэмдэглэхээ болиулж, 1911 оныхыг тэмдэглэж байхаар өөрчлөхийг санаархаж байна гэж цуурхал тарааж иргэдийг "турхирсан" байна. Шинэ эрх баригчдыг яаж гүтгэж, гутаах вэ гээд л байж ядаж байгаа төрх харагдана. Энэ гүтгэлгээ "Олон түмэн эрс дургүйцэж байна" гэж иргэд рүү бухахаа яахин мартах билээ. Миний бие мөн тэр "олон түмэн" дотор нь орчихсон яваа нь ойлгомжтой.
Цэцэн мэргэн 28 эрхмүүд маань "ам нь халаад" бүр хотын захирагч руу нэрийг нь хэлж байгаад дайрчээ. "Хотын дарга Э.Бат-үүл мөрөөдлөө биелүүлсэн гэж сайрхаж байгаа нь ард олны дургүйцлийг төрүүлж байна" гэж бичжээ. "Ард олон", "ард түмэн" гэж бүгдийг нь "хоморголдогоо" болимоор юм. Монголоороо бахархдаг хүмүүс лав дургүйцээгүй, харин баярласан байх. Дургүйцсэн хүмүүс харин тэрэндээ үнэнч байж, гадаад хүн "Чингисийн Монгол уу?" гэж асуувал "үгүй ээ" гэж хариулж байгаарай даа. Тэгээд "хятадынх" гэнэ үү, "оросынх" гэнэ үү, дураараа болно биз. Энэхүү захиаг бичигч мэргэд маань "Оросын Монголчууд" бололтой. Эсвэл Бат-үүлийг муулахын тулд дүр эсгэсэн ч байж мэдэх. Ингэж бичсэн байна: "Бат-үүлийн мөрөөдөл гэдэг нь хэрэг дээрээ 1921 оны ардын хувьсгал, түүний хөдөлгөх хүч болсон мянга мянган өвөг дээдсийн маань гавъяа зүтгэлийг хараар будаж , хамтарч зүтгэсэн Оросын баатарлаг ард түмний мөнхийн гавъяаг үгүйсгэж, Орос нөхөдтэй маань тооцоо бодох гэсэн бусармаг санаа гэдэг нь ойлгомжтой байна." Үгүй ээ мөн айхтар хэлжээ! "Тооцоо бодох гэсэн бусармаг санаа" гэнэ! Бат-үүл Лениний хөшөөг зайлуулж, төв талбайг Чингисийн талбай гэж нэрлэсэнээрээ Оросуудтай "тооцоо бодож" байгаа юм биз дээ. Бат-үүлд Оросуудтай бодох "данс тооцоо" юу байдаг юм бол? Дэмийрэхэд бас учир бий. Энэ хэлсэнээс нь харвал, мэргэд гээд байгаа эдгээр хүмүүс үнэндээ өөрсдийгөө хэн бэ гэдгээ л харуулчихлаа. Ийм хүмүүс иймээрээ дуусдаг жамтай. Эдний үе мултраад дараагийн үе гарч байж иймэрхүү хэллэг, ойлголт алга болох биз ээ.
Ахмадын Холбооны Баасан гуай хөдөөгүүр яваад ахмадуудтай уулзаж байхад хуучин сэтгэлгээтэй, ойлголттой байгаа хөгшчүүд шинэ засгийг их муулж бүх муу муухайг чихэж байсан тухай ярьж байна лээ. 7о жил тархиа угаалгасан хөгшчүүд байтугай, 70,80-аад онд төрсөн идэр залуус шинэ цагийг муулж, хуучин нийгмийг магтан дуулах нь бий. Тэр хөгшчүүд болон захиа бичигч дээрх 28 эрхмийн чих рүү "алт" хийсэн ч, "ус" хийсэн ч адилхан сэгсэрнэ. Тийм болохоор тэд нартай "тэмээ" гэж яриад нэмэргүй, өөдөөс чинь "ямаа" л гэх учраас орхих хэрэгтэй юм. Гэхдээ бас бүр үл ойшоож болмооргүй учир нь тэдний хэлсэн, бичсэн юмс нь бусдын "толгойг эргүүлж" буруу ойлголт өгөх үр дагавартай байх учраас тухай бүрд нь хариу тайлбар хийж байх нь зүйтэй байх. Яаж дэнслэх нь тухайн уншигчийн асуудал.
Цааш нь тэд захиандаа, төв талбайн нэрийг өөрчилсөн нь түүхийг "хүчирхийлсэн" бөгөөд ард түмнийг "эрхэмлэх нандин зүйлээр нь хагаралдуулж", "...өширхөл, хийрхэлд турхирсан" явдал боллоо гэжээ. Сүхбаатарын нэрийг Чингисийнхээр солихоор яаж түүхийг "хүчирхийлсэн" байхав? Би лав ойлгосонгүй. Би философич, судлаач, түүхч, доктор, профессор биш болохоор яаж хүчирхийсэн болохыг ойлгох мэдлэг маань хүрэхгүй байж мэднэ. Иймээс над шиг "бүдүүлэг" ардад энэ үгээ тайлбарлаж өгвөл яасан юм? Ард түмнийг "эрхэмлэх нандин зүйлээр нь хагаралдуулсан" гэж байна. Нэг хэсэг нь Чингисийн талд ороод, нөгөө хэсэг нь жанжны талд ороод л үзэлцээд байгаа нь харин үнэн байх. Уг нь ингэж хуваагдах ёсгүй юм л даа. Эрдэмтэн мэргэд нь эрдэмтэй номтой хүмүүс шиг байсан бол. Даанч тэд нар нь арчаагүй мулгуу загнаж, иргэдээ талцуулахад хувь нэмрээ оруулж байгаагийн нэг нотолгоо нь энэ яриад байгаа захиа. Үүх түүхээ зөв тайлбарлаж, зөв болгон засаж, хэн нь хэн бэ гэдгийг сурталчилж, Монголыг дэлхийд таниулсан хүнээрээ бахархаж дээдлэхийн оронд ийм галзуу солиотой хүний захиа шиг юм бичээд цацаж суудаг мөн таарч дээ.
Аливаа юманд эрэмбэ дараа гэж байдаг. Түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, жингээрээ Чингис хаантай дүйцүүлэх хүн Монголын түүхэнд байхгүй. Гадна ертөнц Монголыг Чингисээр л таньдаг. Нийслэлийнхээ ганц төв талбайг эзэн хааныхаа нэрээр нэрлэхэд эсэргүүцэж дургүйцээд байгаа шалтгаан нь үнэндээ Сүхбаатартаа ч биш. Яг үнэндээ бол шинэ засгийн аливаа үйлдлийг эсэргүүцэж, түүгээрээ эсрэг хүчнээ муухай харагдуулах, ажлыг нь бойкотлож саад хийх, нэр хүндийг нь гутааж хожим өөрсөддөө ашигтайгаар ашиглах, дараагийн сонгуульд дийлэх урьдчилсан бэлтгэлээ хангаж байгаагийн нэг хэлбэр. Зүгээр л шалтаг болгож байхгүй юу! Тэрнээс биш Сүхбаатарын талбай Чингисийнх болчихлоо гээд Монголд муугаар нөлөөлөөд, Монголчууд хохироод байгаа юм биш л дээ. Энэ мэт үйлдлээрээ шинэчлэлийг эсэргүүцэгчид харин ч өөрсдөө иргэдийн сэтгэл санаанд зориуд нөлөөлж, талцал, хийрхэлд турхирч байгаа юм. Тэдэнд өөрсдөд нь ашигтай гарч байвал Монголчууд түм хуваагдана уу, бум тасарна уу огт падгүй. Тийм л бэртэгчин улсуудын сонгодог төлөөлөл бол энэ захиаг илгээгч 28 "мэргэн жараахай" юм.
Захианы утга агуулга, хэрэглэсэн үг хэллэг, санаа зэргээс нь харвал бүх юм ойлгомжтой. Нэг талаараа ардчилалын нэг үзүүлэлт болсон үг хэлэх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх гайхамшигтай эрхээ эдэлж байгаа боловч нөгөө талаараа улсаа, иргэдээ хохироож мэдэх муу уршигтай үйл хийж, нийгэмд хорт мөөг тарааж байгаа хорон үйлдэл гэж хэж болно.
Сүхбаатарт "хайртай" эрхэм судлаачид, эрдэмтэд, уран бүтээлчид маань захидлаараа "хэн нэгнийг буруутгах зорилгыг огтхон ч агуулсангүй" гэж бичсэн нь хүнийг цохиж унагачихаад "бид чамайг цохиж унагах зорилго огт агуулаагүй" гэж хэлж байгаатай адил сонсогдож байна. Бат-үүлийн нүүр лүү нулимчихаад бид нулимая гэж огт бодоогүй юм шүү хэмээжээ.
Захидлынхаа сүүлд хүсэлт нэртэй "тулган шаардалтыг" жагсаажээ. Чингисийн талбай гэдгийг болиулж хуучин нэрээр нь нэрлэх, Лениний хөшөөг "улс төрийн талаас нь хамгийн зохимжтой газар" байрлуулах, Сүхбаатарын хөшөөг зайлуулах, наадмын нэрийг өөрчлөх бодол байгаа бол даруй татгалзах, хөшөө дурсгал "хариуцсан" орон тооны бус комисс Засгийн газрын дэргэд байгуулах, түүх соёлын биет өвд халдахгүй байх талаар намууд, ТББ-тай тохиролцох, нийгэм улс төр, соёлын томоохон асуудлыг шийдэхдээ эрдэм шинжилгээний байгууллага, шинжээчид, ард олны саналд тулгуурлаж байх зохицуулалт бий болгох зэргийг дурдсан байна.
Төгсгөлд нь, ""Өөрийн гэмийг бусдаас асууж мэд. Төр ёсны ослыг цэцдээс асууж суралц" гэж сургасан эзэн Чингисийнхээ билиг сургаалийг Та бүхний гэгээн оюунд дахин толилуулъя" гэжээ.
Уучлаарай, Чингисийн сургаальд хэлээд байгаа цэцэн мэргэд нь та нараас арай өөр хүмүүс байх аа. Та нар бол "асууж суралцаад" байх цэцэн мэргэд биш, харин далд санаатай урт гуншинтай "мэргэн жараахайнууд" болой. Ирээдүй хойч үедээ гай болохгүй байхыг л хүсье.
Comments
Post a Comment