Цус сорогчдоос салахуй
Хувалзнууд тавтай морилно уу. |
Яагаад ийм хэрэг олноороо гараад байна? Засаг барьж байсан МАН-ынхан өнгөрсөн жилүүдэд ёстой маргааш гэж өдөр байхгүй юм шиг аашилж, "дунд чөмгөөрөө жиргэж" байсантай холбоотой. МАН-ынханыг "сорчилж" барилаа гэнэ. Сорчлоод байх шаардлагагүй, угаасаа МАН-ын ноёрхлын үед энэ намынхан л бүх эрх мэдлийг атгаж, алба хашиж байсан юм чинь. Энэ тал дээр харин ч Авилгатай Тэмцэх Газар (АТГ) Ардын намыг алаг үзсэн юм байхгүй байх аа. Ардчилсан намынханыг шалгахгүй байна гэнэ. Өмнө нь ямар эрх мэдэлтэй байсан биш. 1996-2000 онуудад олонхи болж байснаас хойш АН-д "хүрд эргүүлэх" боломж олдоогүй өдийг хүрсэн бөгөөд сая өнгөрсөн 2012 оны сонгуулиар хоёрдахь удаагаа засаг барих эрх авсан. Тийм болохоор 2000 оноос 2012 он хүртэлх бүх асуудал МАН-тай холбоотой. Хамтарсан засгийн газар байсан гэх мэтийн тайлбар бол зүгээр л булхайгаа хуваалцах гэсэн шалтаг. Том босс хэн байв аа гэдгээр л ярих ёстой. Хаана ч тэгдэг жамтай.
А.Шоовдор |
Гэхдээ одоогийн засгийн ганц олзуурхууштай нь одоо илрээд байгаа МАН-ын "төрүүлсэн" хувалзнууд шиг нөхдүүд олноор бий болох, үржих хөрс , нөхцлийг нь устгах, байхгүй болгох талаар санаачлагатай, тодорхой бодлоготой ажиллаж байгаа явдал юм. Хэрэв ингэж ажиллаж чадвал хувалз хачиг олноор төрж гарахгүй байх магадлалтай. Түрүүчээсээ илэрч байгаа хачигнуудаа өмөөрч хамгаалалгүй явдаг газар руу нь явуулаад байвал сайн хүний дүрээр шургалсан шуналтнууд сургамж авч савраа татах байх. Олон дотор сайн муу элдэв л хүмүүс байх. Хүний эрээн дотроо болохоор гаднаас нь яаж таних билээ? Могой шиг, эрээн нь гаднаа байсан бол мөн ч амар байхсан.
МАН-ын алдаа гэвэл энэ байдлыг өөгшүүлж, том жижиггүй идэж уух, завших, хулгайлах боломж олгож, "Хэн сайн идэх вэ?" гэдэг уралдаан зарлачихсан явдал. Мэдээж энэ бол "нээлттэй" тэмцээн биш, харин зөвхөн эрх мэдэл бүхий МАН-ын том, бага, хурган, төлгөн дарга нар, албан тушаалтнуудын дунд хугацаагүй зарласан "хаалттай" мини-олимп маягийн тэмцээн байсан юм. Ийм "тэмцээн" зохиодог нам руу амьтан хошуурна биз дээ? Энэ намд ороод албан тушаалд хүрчихвэл "тэнгэрийн умдаг" атгахгүй хаачдаг юм гээд л залуус дайрчихсан хэрэг. МАН "хэт таргалж" 200 мянга гаруй гишүүнтэй болсон нь ийм учиртай.
С.Баяр |
Төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Сугар гэдэг нөхөр бас л хэл аманд орсон нэгэн. МИАТ-ын хэрэгт ч нэр нь гарсан, сая бас "Жаст" группын зээлийн асуудалтай, мөн "Олон овоот" алтны уурхайн лицензтэй холбоотой асуудалд холбогдсон тухай бичсэн байна. Одоо Үндсэн Хуулийн Цэцийн (ҮХЦ) гишүүн гэдэг албан тушаал хашиж байгаа Д.Сугар тэр хамгаалалтандаа бүгэж байгаад учраа олох санаатай юм даг уу даа. ҮХЦ-ийн гишүүн гэдэг бол "сум нэвтэрдэггүй хантааз" л гэсэн үг. Ядаж байхад ҮХЦ-ийн бусад гишүүд нь "сайн хүмүүс" болцгоох гэж саймшран, Д.Сугарыг Цэцийн гишүүнээс түдгэлзүүлэхгүй гээд хамгаалаад байгаа юм даа. Бурууд "уяхан" ийм Цэцээр ч юугаа хийдэг юм. Тарвал таарна.
Нийслэлийн удирдлагад байсан хотын дарга асан М.Энхболд, Г.Мөнхбаяр нар мөн л газрын наймаатай, авилгын асуудалтай нэр холбогдсон. Хотын Ерөнхий менежэр байсан, сүүлд Хүнс Хөдөө Аж Ахуйн сайд хийж байсан Т.Бадамжунай , менежер хийж байхдаа орой ажил тарсан хойно МАН-ыг дэмжигч компаниудын боссуудыг ажлынхаа өрөөнд сайн чанарын вискитэй ирүүлж уулзан "бизнес" яриа өрнүүлдэг байсан нэгэн. Бодвол "газрын бизнес" хийдэг байсан биз ээ. Казино-гийн хэргээр аварга Б.Бат-эрдэнэ, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, МАН-ын "ерөнхий" байсан У.Хүрэлсүх нартай хамт байцаагдаж байсан.
Г.Мөнхбаяр |
Ё.Отгонбаяр (УИХ-ын гишүүн) гэж нэг сайхан гэмгүй "гүлдийсэн" нөхөр байна. Эхнэрийнхээ нэр дээр гадаад дотоодын банкуудад нийтдээ 36 данс нээгээд мөнгө "угааж" байсан нь илэрсэн, одоо шалгагдаж байгаа. Твиттерээр уйлан дуугараад л авгайг минь шоронгоос гаргаад оронд нь намайг хийчих гээд жүжиглээд байсан, шал худлаа. Авгайгаараар бамбай хийж (нэр дээр нь данс нээлгэж), авгайгаа шоронд хэд хонуулж "баярлуулсан" сайн эр. Гэмгүй юм бол үнэн мөнөө шалгуулчих зориг байх ёстой. Тэгж чадахгүй байж худлаа дүр эсгэнэ. УИХ-ын гишүүн байна гэдэг ч аминд орж байна шүү! Гэвч насаараа гишүүн явахгүй биз ээ. Хэрэг хуучирдаггүй гэдэг.
Ё.Отгонбаяр |
Comments
Post a Comment