Ц.Мөнхбаяр "савхин бээлий" шатаалаа

Мөнхбаяр тэргүүтэн дахиад  зэвсэг  барив
Гал Үндэстэн холбооны Мөнхбаяр чинь байгаль хамгаалах олон улсын шагналтай мундаг хүн байхгүй юу! Монголынхоо онгон  байгалийг хадгалж үлдэх гэсэн "өчүүхэн " бодолтой амьтан. Тэр нөхрийн толгойг "эргүүлнэ" гэдэг амаргүй. Тэр бол шийдсэн хүн. Тийм ч учраас өөрийгөө золиосолж энд  тэнд "хэрэг тарьж" явдаг. Урт нэртэй хуулийг гаргахад ихээхэн нөлөө үзүүлсэнээр барахгүй хэрэгжүүлэх гэж их чармайсан. Буу шийдэм хэрэглэж уул уурхайн компаний тоног төхөөрөмжийг цоо буудаж байсан хүн. Төрийн ордны цонхыг хага харваж байсан.

УИХ өнөөх урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулах сургаар Мөнхбаяр  "шадар цэргүүдээ" дагуулан сая Төрийн ордон руу очиж буу тавьж  анхааруулга  өглөө. Тагнуулын болон Цагдаагийн нөхөд хэдэн буу, гар бөмбөг, тэсрэх бодис илрүүлж аюулгүй болгосон тухай мэдээлж байна. Урт нэртэй хуулийг өөрчлөх гэсэн УИХ-ын 76 гишүүнийг "цааш нь харуулах" гээгүй байх л даа. Хэрэв тийм байсан бол харуулын хэдэн нусгайг нухчихаад дотогшоо ороод л шүршчихэд ядах юмгүй шд. Гэвч Мөнхбаярын зорилго ийм байгаагүй. Байгаагүй гэдгийг  буу зэвсэг агсаж, гар бөмбөг, тэсрэх бодис энд тэнд "нууж", Төрийн одрны хойд цэцэрлэгт буун дуу гаргаж "жавар үргээсэн" тэнэг үйлдэл нь нотолно. Нөгөө компаний тоног төхөөрөмж рүү бууддагтай адил. Төрийн ордон руу нум сумаар харваж "монгол аргаар" цонхыг нь хагалсан үйлдэл ч мөн адил.

Ерөөсөө Мөнхбаяр тэргүүтэй энэ "зэвсэгт бүлэглэлийнхний" арга, тактик нь энэ. Цочроо, дохио өгөх. Үүнийг л манай эрх баригчид ойлгох ёстой юм. Ухаандаа урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулаад зөвхөн өнөө маргаашийн хэдэн  тонн алт авахаа бодох уу, эсвэл хохирлоо (компаниудын оруулсан хөрөнгийг) төлөөд байгалаа авч үлдэх үү гэдэг сонголт. Гол. нуурын эхэнд дураараа тонгочсоноос болоод өчнөө гол ус ширгэв дээ. Тэр тоолонгоор мөнөөх усыг дагаж шүтэж амьдардаг малчдын маань амьдрал хэцүүдсэн. Мөнхбаяр нар уйгагүй тэмцэж байж Онгийн голыг сэргээсэн. Тэд нар хувингаар ус зөөж сэргээсэн юм биш, харин голын эх сав газар шороо ухаж сүйтгэж байсан компанийг хөөж явуулсаны ачаар гол нь сэргэсэн хэрэг.

Мөнхбаяр буутай зогсож байна
Алт нийлүүлэлт багаслаа л гэнэ. Бидэнд өнөөдөр алт хэрэгтэй юу, байгалиа хадгалж үлдэх нь дээр үү гэдэг асуултыг бид өөрсөддөө тавьмаар байна. Их Хурлын 76 ч мөн адил. Мөнгө олох арга хайж байгаа бол өөр ашигт малтмал зөндөө л байна шд. Монгол хаа очиж байгалийн баялагаар элбэг орон. Нинжа гэж  үлийн цагаан оготно шиг газар сүйтгэдэг улсыг арай цөөрөөд ирж байхад нь урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулах нь хэр зөв шийдэл бол доо!? Хурдхан шиг, унтаад босох хооронд баяжих гэсэн ахар бодолтой хүмүүсийг тэгж өөгшүүлэх хэрэг байна уу гэж.

Түр зуурын хямралд барьц  алдаж жаахан цадиг замбараа тогтоож байсан бодлогоо ийнхүү огоорч бүхнийг "сул тавих" нь эргээд алсдаа маш их хор хөнөөлтэй гэдгийг УИХ-ын эрхэм 76 "мангуу" бодоосой билээ. Долларын ханш өслөө гээд Монголбанк хамаг алтаа тавиад туучихдаг шиг юм болох вий. Алтны нөөц багаслаа гээд үлийн цагаан оготнуудыг дураар нь тавих юм бол Монголын онгон дагшин байгаль гэж донгосохоо болих цаг удахгүй ирнэ.

Мөнхбаярын "буу тавих" арга хэмжээний тухайд сүр болгоод байх хэрэггүй биз ээ. Ямар банк дээрэмдэх гэсэн биш. Төрийн ордонд байгаа эрхэмүүдийг тонилгох гэсэн биш. Төрийн эрхийг хүчээр булааж авах гэсэн биш. Зүгээр л эсэргүүцлээ илэрхийлж "чангахан хашгирчихсан" хэрэг. Тийм учраас эрүү мэрүү үүсгээд сүржигнэх хэрэг байхгүй. Торгож өгөөд явуулах хэрэгтэй. Шорон моронд хорино энэ тэр гэж байхгүй шүү! Цаана чинь шоронд суух ёстой өчнөөн луйварчид, хулгайчид сул чөлөөтэй явж байна.

"Нэг худаг"-т хэдэн ор чөлөөтэй хадгалж байх нь зөв. Улсын мөнгө идсэн, хулгайсан, угаасан шаарнуудыг би хэлж байна. Мөнхбаяр нар улсын мөнгө идээгүй ээ. Тэд хулгайч биш. Тэд бол сэтгэл зүрх нь Монголоо гэсэн хүмүүс. Монголыг зараад баяжчих гэсэн нохойнуудыг бодвол тэд чинь эх оронч  "тэнэгүүд." Арга нь буруу байж болно, гэвч сэтгэл нь зөв юм даа гэж бодоод явуулах хэрэгтэй. Харин УИХ-ын эрхмүүд урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахгүй байвал зүгээрсэн. Бүр болохгүй байвал тун бодлоготой хандаасай гэж хүсье. Эцэст нь хэлэхэд, "савхин бээлий шатаасных"  нь төлөө  Мөнхбаярт ял  өгөөд ч яах юм билээ!

Дэлгэрэнгүй мэдээллийг:   http://www.news.mn/content/156293.shtml

http://www.youtube.com/watch?v=XGDlAjya4Cs&desktop_uri=%2Fwatch%3Fv%3DXGDlAjya4Cs&app=desktop

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө