Бахархал, эв нэгдэл, хувь төөрөг

Бахархал. Энэ үг сэтгэлийн таашаал өгнө. Энэ үг бас баяр баясалыг хөөргөнө. Гэвч өнөөдөр энэ үг "нүдний гэм" болжээ. Монголчууд  бахархлын биш, атаархлын мананд хөвцгөөж байна. Бид бие биенээрээ бахархдаг биш, харин бие биендээ атаархдаг нь их болж. Бид сэтгэлийн таашаал авах нь ховорджээ. Үе үе хааяа нэг сэтгэл сэргээж баяр бэлэглэсэн үйл явдал тохиож бултаараа бахархах нь бий. Энэ нь голдуу спортын тамирчид маань томоохон тэмцээнүүдээс медаль авч амжилт гаргах үеэр бий болдог үзэгдэл. Тэр жил Бээжингийн олимпоор юу боллоо? Олимпийн аваргууд төрсөний дараа  Монголчууд нас хүйс, намын харъяаллаа мартан ах дүү, амраг садан  болохдоо шахаж,  дотносож хөөрөв дөө. Гудамжаар нэг бие биенээ тэвэрч авч үнсэх нь холгүй орилж хашгирсан хүмүүс. Өмнө нь хэзээ ингэтлээ хөөрч бахархаж байсныг би лав мэдэхгүй юм байна.

Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид (2 мөнгө, 3 хүрэл)
Сая Унгарт болсон чөлөөтийн дэлхийн аваргаар манай тамирчид бас овоо хэдэн медальтай ирлээ. Монголчуудын даралт ихсэж цус нь хөөрлөө. Go Mongolia!  Медаль авсан тамирчдын ээж аав нь хүүгээрээ, охиноороо бахархаж байна. Монголчууд тамирчдаараа бахархлаа. Өнөөдөр үнэндээ манай тамирчид л бидний сэтгэлийг хөөргөж, баярлуулж бахархуулах "сэргээш" маань болж байна шүү дээ. Ингээд дараагийн "сэргээшээ" авах хүртлээ  бид буцаад л нөгөө хөмсгөө зангидсан, нүүрнийхээ арьсыг үрчийлгэсэн төрхөндөө эргэн амилж,  бие биенээ харааж зүхсэн, нүх ухсан, хов ярьсан амьдралдаа  буцаж орно. Намаараа талцаж нохой гахайдаа тулна. Урдах машинаа зүхэж, "П" үгээ хэлэн дуут дохиогоо галзууртлаа орилуулна. Сонгуульд ялагдаж ямбаа алдсан намынхан эрх баригчдаа муулж, бид сүйрлээ, сөнөж байна хэмээн муу амлаж бахаа хангана. Тамын тогооны үлгэрийг төрөл бүрийн хувилбараар  амьдрал дээр бодитоор нь харуулна.

Чингис хааны хөшөө 
"Эвтэй байхдаа хүчтэй" гэж хэлэх дуртай боловч үйлдэл нь эсрэгээрээ. "Эвгүй" улс яаж өөдлөх вэ дээ. Чингис хааны нэрнээс "залхах" нь ихэсч байна. Юм болгоныг Чингис гэж нэрлэлээ гэнэ. Нэг л их ухаантай цэцэн улс. Чингис нэртэй оймс гутал, шүдний сойз лав гараагүй байна. Гарах ч үгүй. Харин тоймтой хэдэн "юм" бий. Чингис хаан хамтлаг, зочид буудал, архи, онгоцны буудал гэх мэт. Сүүлд нь Сүхбаатарын талбайг "Чингисийн талбай" болголоо. Нийслэлийнхээ ганц төв талбайг эзэн хааныхаа нэрээр нэрлэхэд дургүйцсэн хүмүүс бас байх юм даа. Бид Чингисийн нэрнээс "залхаж" байгаа бол цаана чинь  монгол биш хүмүүс Чингисийг өөрийн болгох гээд зүтгэж байна. Хөрөнгө мөнгө хайрлахгүй цацаж байна даа.

Маргааш гэхэд дэлхийн хүмүүс Чингисийн Монгол гэхээр өөдөөс чинь гайхаж харах вий вий. Чингис чинь хятадын хаан гээ биз дээ? Чингис хаан чинь казах хүн байсан юм биш үү? Өнөөдөр "залхаж" байснаа мартчихаад маргааш тэр хүмүүст тайлбарлаж ойлгуулах гэж хөгөө чирэх л дутаад байна. Дэлхийгээр нэг тархсан хятадууд гуанз ресторанаа "Чингис хаан" гэж нэрлэж "сайн хүний нэрийг түмэнтээ худалдаж идэж" байна. Казахууд "Nomad" (буюу Нүүдэлчин) нэртэй кино 2005 онд хийгээд Чингис хаан бол манай өвөг дээдэс юм хэмээн кинон дээрээ уншиж байх юм. Монголын Зүүнгарын хаант улсын Галдан бошигт хаан Казахуудыг дайлаар мордож байсан 1700 оны үеийг харуулж байгаа бололтой. Монголын Зүүнгарууд (Жунгарууд ирлээ гээд л орилох юм) -ын дайралтаас хамгаалах сайн эр төрүүлж өгөхийг "өвөг дээдэс"  Чингис хаан, Атилла нараас хүсэх аж. Хүсэл ёсоор болж нэгэн сайн эр Зүүнгарын баатрыг халз тулаанд ялсанаар  Зүүнгарын цэргүүд  казахуудыг "оролдохоо" больсон  юм уу даа, санаа нь.

Чингис хааныг "өмчлөх" сонирхолтой улс олон бий.  Украинчууд Чингисийг Украинаас гаралтай еврей  хүн байсан гэнэ. Тэрээр Киевийн хаан Исаакын ойрын хамаатан байсан бөгөөд их ухаантай еврей байж. Тэгээд  мань эр мангардуу  нүүдэлчин аймгууд руу очоод тэднийг нэгтгээд хаан нь болсон гэнээ. Япончуудад нэг мундаг баатар эр байсан нь гэнэт алга болчихсон чинь Монголд очоод "Чингис хаан" болж тодорсон гэж  Наран улсын иргэд үздэг тухай их эзэн хааны маань нэрээр мөнгөжих  арга сүйхээлсэн Сергей Бодров гэгч орос ярьж байна.

Сергей Бодров
Дашрамд хэлэхэд, энэ орос найруулагч "Монгол"  (2007 онд хийсэн) хэмээх киногоороо  Чингис хааны болон Монголын түүхийг гуйвуулж, доромжилсон бүтээл хийж дэлхийд цацчихаад бас ханахгүй дахин үргэлжлүүлж кино хийх тухай Монголд ирчихээд ярьж явсан байна. Манайхан одоо тэр нөхөртэй хамтрах тухай яриа гаргахгүй гэж найдаж байгаа. Одоо хамтрах юм бол өмнө доромжлуулсанаа хүлээн зөвшөөрсөнтэй адил зүйл болно гэдгийг эрхбиш ойлгохтойгоо байгаа байлгүй дээ. Найруулагч Г.Жигжидсүрэнгийн хэлсэнчлэн, Сергей Бодров бүхэл бүтэн улсын түүх, ёс заншлыг  бүдүүлгээр гуйвуулсан учраас тэр. Энэ алдааг засах туйлын хүнд. Бодит түүх, ба бодит хүмүүсийн тухай ингэж гуйвуулах бол тэвчиж болшгүй үйлдлийн нэг. Тэрнээс биш тэр орос  найруулагч хэн гэдэг нэр зохиож юуны тухай кино хийх нь хэнд хамаатай юм. Чингисийн нэрнээс залхаад төв талбайгаа хааныхаа нэрээр нэрлэхээс татгалзаад байгаа хүмүүс ингэхийн оронд Бодровыг эсэргүүцэж дуугарч байх  ёстой юм уг нь. Бахархал гэдгийг мэдрэхээ байсан хүмүүс яг тэгж харагдаач.

Дэлхийд нэрээ гаргаж байсан Монголчууд өнөөдөр ингэж доройтсон шалтгаан юу байв аа? Нэг удаа Чингис хааны ач буянаар нэгдэж суга цойлсон боловч их удалгүй 4 хуваагдаж, дараа нь улам жижгэрсээр, яваандаа бусдын эрхшээлд орж, харийн түрэмгийллийн эсрэг босож чадахаа байтлаа  доройтсоор 20- р зуунтай золгосон түүхтэй. Энэ доройтол юунаас болов гэвэл ганцхан эв нэгдэлгүй байснаас л үүдэлтэй. Бусад улс үндэстэн эвтэй байгаад ганц Монголчууд хоорондоо түнжин муутай байсан гэвэл худлаа болох байх, гэхдээ манайхны хагарал арай хэтэрсэн гэвэл  үнэн. Ах дүү, садан төрөл, гэр бүл дотроо бие биенээ хөнөөгөөд, эрх мэдэл, газар нутаг баялгийн төлөө Монголчуудаа хооронд нь алалцуулаад байсан улс  даа, бид. Гадныхантай нийлж өөрсдийнхөө мах цусыг хядалцаж байсан хүмүүс.

Галдан бошигт хааны Зүүнгарын хаант улсын эсрэг Манжийн хааны цэрэгтэй хүч хавсран халх Монголын  цэргүүд дайтаж дийлсэнийхээ дараа Монголын сүүлчийн хаант улсын (Зүүнгарын) хүн амын гуравны хоёрыг (!) толгой дараалан хядаж, өнөөгийн хэллэгээр бол "геноцид" гээчийг (тодорхой бүлэг хүмүүсийг санаатайгаар хоморголон устгах ажиллагаа) үйлдсэн байгаа юм. Ойрдуудаас бусад аймгийнхны (ялангуяа халх аймгууд) Монгол цэргүүд угсаа нэгтнээ ийнхүү Манжуудтай хүч хавсран яргалж байсан гээд бод доо. Уг нь бол зүүн, баруун Монголчууд нийлээд Манжийн эсрэг хамтдаа мордсон бол байдал шал эсрэгээрээ эргэх байсан нь эргэлзээгүй. "Халхууд угаасаа урвагч" гэж өвөрмонголын Монголчууд  хэлдэг үнэн. Өнөөдөр Монгол улсад олонхи ястан гэгдэх нөгөө "урвагч" халхууд нь шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хөлөө жийлцэж байна. Нэг хэсэг нь Хятад ч юм уу эсвэл хэн нэгэн харийнхантай нийлээд нөгөө хэсгээ "хядахад" бэлэн сууна. Эх оронч хэмээн цээжээ дэлдэх боловч харийнхантай нийлэн биесээ мэхлэнэ. Мөнгө  л олж байвал хамаагүй Монгол охидыг хятадууд руу зөөн зугааг нь гаргах үйлсэд хүчин зүтгэнэ.  Эмсүүд нь хоолтой л байвал боллоо хэмээн хятадын өвөр лүү шургаж орно. Эрчүүд нь хар амиа хичээн хамаг байдгаа урагш нь зөөж гуйранчлана. Хятад сөнөчихвөл Монгол сөнөх мэт сэтгэж мунхаглана.

Бахархалаа  баастайгаа хутгасан орчин  цагийн Монголчууд Чингисээс хойш үеийн тархай бутархай Монголчуудаас өмссөн зүүснээрээ л гэдэггүй юм бол өөрөөр ялгараад байх юм алга. Хөлөө жийлцсэн, "мөнгө цагаан нүд улаан" болсон арчаагүй дүр эсгэгчид. Ийм байж хөгжихгүй ээ. Бидний жишээ авах дуртай Солонгосчууд шиг хямрал боллоо гэхэд ээмэг бөгжөө тайлаад бариад ирэх хүн байх уу? Би алтан ээмгээ өгөх юм уу, ёстой хуцваа гэцгээх биз. Ямаан омогтой, муу санаатай гэгдэх Солонгосчууд чинь харин тэгвэл маниасаа илүү эх  оронч юм биш үү?! Тэд чинь гадны юмыг аль болохоор хэрэглэхгүй, харин өөрийн дотоодын эд барааг  илүүд үзэн худалдан авч өөрсдийнхөө бизнесийг дэмждэг ухаантай хүмүүс. Эх оронч байна гэдэг эндээс л эхэлнэ. Мөнгө харж зусардсан, хэлбэр хөөсөн,  чамирхсан сэтгэхүйтэй болсон орчин цагийн Монголчууд (халхууд гэвэл илүү шударга байх) ийм маягаараа бол их л урт зам туулж байж "сайн цагийг" үзнэ дээ. Гутранги үзэл биш л дээ, одоо байж байгаа царайг нь  харвал ийм л дүгнэлт хийхээр байна. Үүнийг бас "зовж үзээгүй" ард түмэн учраас ингэж буруу хүмүүжилтэй хүүхэд шиг аашилж байгаа юм гэж тайлбарлах хүн ч байдаг.  Уг нь ч  39, 45 онуудад худлаа үнэн жаахан жаахан дарь үнэрлэсэн л юмсан. Гэхдээ л малынхаа буянд өлсөж үзээгүй байх л даа.

Ер нь жаахан зовлон үзсэн хүн ажилтай, ухаантай байдаг. Тийм болохоор "зовлон" үзээгүй, дээрээс нь "төрөлхийн" эв түнжин муутай, "би" гэсэн  зан авиртай улс болохоор Азийн бусад орны ард түмэн шиг эв нэгдэлтэй байж чадахгүй биз. Эцсийн дүгнэлт бол, Монголчууд бид  нэгэн онигоонд гардаг шиг "тамхинд явуулсан яст мэлхийн" хурдаар л явах хувь төөрөгтэй ард түмэн бололтой. Яахав, "сажилж явбал хүрнэ" гэдэг алдарт үгээр бол Монгол удаан ч гэсэн урагшлах л байх, гэхдээ хугацаа алдана гэдэг яасан харамсалтай.  Азидаа лав хамгийн сүүлд "бар" болох байх. Тэр цагийг хэддэх үе маань ч үзэх юм, бүү мэд.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол