"Гудамжинд явсан хүмүүс"

Ц. Нямдорж
Эдийн засаг нь доройтож, энхрий Монгол орон минь элгээрээ хэвтлээ гэж  амны хишиг нь арван хурууных нь салаагаар  арилаад өгсөн арчаагүй юмнууд ам нь цуцахгүй донгосч байна... УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  Өдрийн сонинд ярилцлага өгчээ.

http://politics.news.mn/content/155167.shtml

 Тэрээр, "Цаана чинь эдийн засаг сүйрээд дуусч байна" гэж  сүржигнэжээ.  Тэгвэл тэр "сүйрээд дуусч байгаа" эдийн засаг, яагаад "сүйрэх" болсон тухай яръя л даа.

1. Долларын ханш өслөө гэнэ. Эрэлт нь нийлүүлэлтээсээ давчихсан хэрэг. Харин Ц.Нямдоржийн хэлсэнээр Д.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч байхдаа 1300 -д "бариад" байсныг Н.Золжаргал гэдэг хүн очоод 1600 болгочихсон юм биш л дээ. Монголбанк интервенц хийдэг боловч огцом хэлбэлзлийг багасгах  зорилготой болохоос ханшийг тодорхой тоон дээр хүчээр барьдаг газар биш. Валюттай харьцах төгрөгийн ханш өөрөө макро эдийн засаг, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч уян хатан байдаг ёстой.  Дээхэн нэг хэсэг 2000 хүрэнгээ алдаад бууж л байсан.

2. Гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гэнэ. 
Яагаад буурсан юм?  МАН засаглаж байх үед Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль гэгчийг баталсанаас болж гадны хөрөнгө оруулагчид жийрхэх болсон. Мөн  засгийн газрын өндөр хариуцлагатай алба хашиж байгаа улсууд нь найдваргүй учраас гадныхан итгэл алдарч эргэлзэх болжээ. МАН-ын засгийн "супер" албан тушаалтан, Ашигт Малтмалын Газрын дарга асан Д.Батхуягийн хууль бусаар өгсөн лицензүүд нь хураагдаж , гадаад дотоодын олон хөрөнгө оруулагчдад "молиго үмхүүлж" хохироосныг хүмүүс харж байгаа нь мэдээж. Дээр нь нэмээд Оюутолгойн гэрээг анхнаасаа яв цав хийгээгүйн харгайгаар одоо болтол элдэв маргаан тасрахгүй хоёр тал зөрөлдсөн хэвээрээ. Энэ ч бас муу мессэж өгч байгаа. Рио Тинто ч хамгийн том хөрөнгө оруулагч гэдэгтээ дулдуйдаж өөрсдийнхөө талд ашигтай шийдвэрийг зөвшөөрүүлэх гэж сайн муу янз бүрийн арга хэрэглэж байгаа бололтой. Хамгийн хорлонтой нь гадаад ертөнцөд Монголыг "найдвар муутай этгээд" гэж харагдуулахаар элдэв Пи-Ар их хийж байгаа гэнэ.  

3. Манай хөрш улсуудын (Орос, Хятад) эдийн засаг тогтвортой байхад манайх ганц жилийн дотор их уналаа гэнэ. 
Ц.Нямдорж угаасаа худалч гэдгээ өмнө нь  нэг биш удаа баталсан хүн.  УИХ-ын дарга байхдаа  дураараа хуульд засвар хийсэн нь баригдаж албан тушаалаасаа хусагдаж байсан хүн. Би засаагүй гэж их гүрийдэг, одоо ч гүрийсээр байгаа. Хятадын нууц албаны урилгаар 2 удаа Бээжин орж "мэдээ хүргэгч Шарикийн" үүрэг гүйцэтгэсэн нь манай тусгай албадын авсан мэдээллээр нотлогдоод байхад л би ганц удаа урагшаа явсан гээд л гүрийгээд, энхрий хайрт  нам нь эрх барьж байсны ачаар гэмгүй мултарсан этгээд. "Даяар Монгол" ч бил үү нэг бүлгийн залуус хятадтай явалдлаа гэж хоёр ч Монгол охины үсийг хусаж "шийтгэсэн" дуулдана лээ. Нямдорж ч мөн хэдэн жилийн өмнө  хятадтай "явалдаж" байсныг манай тагнуулынхан илрүүлсэн учраас мань эр бас  үсээ  машиндуулах болзол хангасан хүн. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Гэвч "Даяар Монгол"-ынхон эрхтэн дархтанд халдаж чадахгүй, харин эгэл жирийн иргэнд хүч хэрэглэхдээ сайн бололтой.

Нямдорж хятадын эдийн засаг тогтвортой байна гэж худлаа залжээ.  Дэлхийн банкны гаргасан мэдээгээр хятадын эдийн засгийн өсөлт  2012 онд аажмаар буурч мөн оны сүүл гэхэд 7.4% хүрсэн нь сүүлийн 4 жил шахам хугацаанд гарсан хамгийн доод үзүүлэлт болсон байна.
Хятад улс манай эдийн засагт гол нөлөө үзүүлдэг, хамгийн их харьцдаг орон. Манай эдийн засгийн өсөлт ч бас буурч, дэлхийд гайхуулаад байсан 17%-иасаа доошилж одоо 10-11% хавьцаа болсон юм уу даа. Өсөлт нь буурсан болохоос эдийн засаг нь элгээрээ хэвтээд байгаа юм алга. Ерөөсөө дэлхийн улс орнуудын эдийн засаг хямралтай, эсвэл хямралаас бүрэн ангижраагүй буюу сэргэлт нь удаан явагдаж байна. Хятад ч энэ хэцүү байдлаас зугтаж чадахгүй нь мэдээж. Манай эдийн засгийн хүндрэлд "гадны ямар нэгэн нөлөө байхгүй" гэж Ц.Нямдоржийн хэлсэнтэй санал нийлэх хүн байгаа болов уу?

4. Цалин нэмэх тухай
МАН-ын өнөө маргаашийг аргацаасан, тал зассан бодлогын дагуу  2003 оноос хойш цалингийн хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь төсөвт асар их дарамт үүсгэж байжээ. "Муу хүний заяа завагт"  гэгчээр МАН-ын засаглалын сүүлийн жилүүдэд манай  уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүний (нүүрс, зэс) үнэ суга өсөж, орлого нэмэгдсэний  буянд "шинэ баян цээж өвчтэйн" адилаар баруун солгойгүй цацаж цамаан загнасан (элдэв халамж, бэлэн амлалт, цалин нэмэх г.м) явдал бий.
2012 онд цалинг 50%-иас дээш нэмсэн нь инфляцийг 5%-иар  нэмэгдүүлсэн гэж Дэлхийн банкны  "2013 оны Төсвийн талаарх тэмдэглэл"-д  дурджээ.  МАН-ынхан урагштай, ухаантай байсан бол их юм хийж болох мөнгөтэй болсон байсан даа. Дэд бүтэц гэхэд л МАН-ын сүүлийн 4 жилд тавьсан засмал замын нийт урт,  Шинэчлэлийн засгийн газрын ганцхан жилд тавьсан замын уртаас бага байгаа юм.

5. Гудамжинд явсан хүмүүсийг төрд шургуулсаны гор гарч байна гэнэ.
"Гудамжинд явсан" гэдэг нь ямар утгаар хэлж байгааг өөрөөс нь лавлаж асуух байсан юм, ярилцлага авсан сэтгүүлчид. Бодвол их л доош нь хийсэн өнгөөр хэлж байгаа бололтой. Гудамжны, ажилгүй, боловсролгүй, чадваргүй гэсэн утгаар хэлээ биз ээ. Хүн доромжлохдоо харин сайн шүү, энэ Нямдорж. Одоогийн Хууль Зүйн сайд Тэмүүжинг "гөлөг" гэж дуудаж байсан хүн дээ.  Энэ бүдүүлэг нөхөрт элдвээр хэлүүлж, "гудамжны" хоч авсан хүмүүс ямар ч байсан нийгэмд тустай үйл хийж, буян болж байгаа. Тоймтойг нь хэлье:

- Гудамжинд "лааз өшиглөж" явсан хүмүүс төр засгийн эрхийг аваад "албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байна" гэж ичихгүй худлаа хэлчихээд, төсвийн мөнгөнөөс хумсалж, ашиглан үржүүлж, албан тушаалаа ашиглан гарын үсгээ "худалдаж" баяжсан цагаан захтай "хачиг", "хувалзнуудыг" өрөөнөөс нь хөөж гаргаад байдаг газар руу нь явуулж байгаа нь нэг буян. Олон хүн дээлээ нөмөрч байгаа. МАН-ын хийсэн нүгэл гэх үү дээ.
- Төр захиргааны болон засгийн байгууллагууд, албан тушаалтны ажил үүрэг, хариуцлага болон үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох арга хэмжээг авч, шударга ёсыг  бэхжүүлэхийн тулд холбогдох салбарт иж бүрэн шинэчлэл хийж, иргэдэд эрх мэдлийг өгч, шууд ардчилалыг нэвтрүүлж байгаа нь бас нэг буян.
- Авилга хээл хахуультай "ил" дайн зарлаж, хүнд суртал, чирэгдлийг багасгах арга хэмжээ авч, техник технологийн дэвшлийг  зарим үйлчилгээнд  ашиглан нэвтрүүлж байгаа нь нэг буян.
- Эдийн засгийн чухал салбаруудыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө босгож бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь нэг буян. Дэд бүтцийг бий болгох ажлуудыг эхлүүлсэн. Төмөр замаа бариад эхэлсэн бөгөөд аймгуудын замуудыг тавьж байна. Зам  дагаж хөгжил ирдэг жамтай.
- 22-р зуунд ч ил жорлонтойгоо орж мэдэх байсан "шоовдорлогдсон" гэр хорооллыг барилгажуулж өөд нь татах их ажлын эхлэлийг тавьсан нь нэг буян. Энэ ажил 3-4 жил үргэлжлэхэд бохир заваан гэр хороолол гэж байхгүй болно.  Нийтийн түрээсийн сууцны хороолол босож байна. Ахмадуудад зориулсан сууцнууд барихаар төлөвлөгдсөн.

"Гудамжинд явсан хүмүүс" засгийн эрхийг аваад ганцхан жилийн дотор багагүй ажил хийж заримыг нь эхлүүлжээ. Одоо цаана нь 3 жилийн хугацаа байна. 2016 онд дүнгээ тавиулна.  Монголчууд бид 2016 онд энэ "гудамжны"  нөхдийг гудамжинд нь буцааж хөөж гаргах уу, эсвэл дахиад хугацааг нь сунгах уу гэдэг сонголтоо хийнэ. Амласан амлалт тодорхой, хийсэн ажил нь юу байна гэдгийг нь хараад л шийднэ дээ. Харин наана нь энэ Нямдорж мэтийн эрүүл галзуу нь мэдэгдэхгүй хүний үгэнд үнэмшиж намба алдахгүй байвал зүгээр дээ. Иймэрхүү хүмүүсийн хорсол мөддөө арилахгүй дээ. Цаашид ч мөн иймэрхүү байдлаар "хэл амаа билүүдсээр" дараагийн сонгууль хүргэх улс.
 
МАН-ынхан засаг барьж байсан сүүлийн 8 жил юу хийв ээ? Мөнгөгүй байсан гэж арай хэлэхгүй биз. Сэтгэлгүй байсан гэвэл харин хүн үнэмшинэ. Ялангуяа сүүлийн 4 жилд нь зах замбараагүй лиценз "борлуулж", нүүрс, зэсний үнэ гайгүй сайн байсны ачаар овоо мөнгө орж ирсэн боловч амин хувийн ашиг сонирхолоо нэгдүгээрт тавьсан энэ намынхан өөрсдөө идэж уусаар байгаад хугацаагаа дуусгасан. Их идсэний маргааш гэдэг болж өнөөдөр олон хувалзнууд, хачигнууд баригдаж байна. Зарим нэг  нь Үндсэн Хуулийн Цэцийн ширээн доогуур орж "нуугдчихаад" гарч ирэхгүй байна. Яамны сайд хийж байсан нэгэн эрхэм гишүүн авгайгаа урдаа барьчихаад гадаад дотоодын 36 дансаар мөнгө угааж байснаа тас  мэлзээд, үзээгүй, хараагүй, дуулаагүй гээд гүрийж  байх жишээтэй. Жижигхэн хачигнууд бол олноороо илэрч байна даа.

Нямдоржийн хэлсэн шиг өмнөх  Засгийн газар = Батболд + Алтанхуяг байгаагүй юм аа. Алтанхуяг тэргүүн шадар сайд нэртэй боловч кабинетийн том босс нь Батболд байсан юм. Ерөнхий сайдын чиг заавар, гарын дохиогоор л ажил явна шүү дээ. Хаана ч тийм л байдаг. Тэрнээс биш Алтанхуяг дураараа шийдвэр гаргаад л (улс орны хэмжээний том шийдвэр ярьж байна шүү), Баярцогт энд тэндээс дураараа мөнгө зээлээд байсан гэвэл худлаа. Нямдорж бол Баярцогтыг хятадын Чалко компаниас мөнгө зээлж ирээд тараасан ухааны юм ярьсан байна лээ. Үнэндээ манай улсад маш хохиролтой гэрээ хийсэн юм гэсэн. МАН-ынхан яахав дээ, мөнгө зээлж аваад амалсан мөнгөө тараагаад өгчихвөл дахиад сонгогдож магад гэж горьдоод л өнөө маргаашийг бодсон хэрэг. Гэрээ хийх, мөнгө зээлэх гэх мэтийн ажил чинь зөвхөн том боссын (цаагуураа эрх баригч МАН-ын томчуудын) шийдвэрээр л хийгдэх нь мэдээж.  Одоо ялаа хамтарч үүрнээ гэж хэлж байгаа чинь МАН-ынхан анхнаасаа АН-ыг тийм санаатай урхидаж "хамтарсан" гэдгээ нотолж байна. МАН-ынхан  харин С.Баярын холын муу санааг үнэлэх хэрэгтэй.

Чалко-г гомдоосон учраас бидэнтэй дахиж харьцах уу гэж мань Нямдорж их санаа нь зовж байна. Хятадад элэгтэй гэдэг нь үнэн бололтой. "Чалко руу битгий дайраад бай" гэж би хэлсэн ч гэх шиг. Чалко-гийн цаана том гүрний эрх ашиг байдаг гэнээ. Сүрхий мэдэж байна шүү! Өөрсдөө сонгуулиар амалсан мөнгөндөө баригдаж Чалкогийн ам руу орчихоод. Ер нь МАН-ынханд Монгол Улсын эрх ашиг хоёрдугаарт, магадгүй гуравдугаарт тавигддаг юм шиг. Ийм нөхдийг бол жинхэнэ урвагч гэнэ биз? Нам сэлгэж "урвасан" Арвин яах вэ. Улсаа "худалдаж" харьд үйлчилсэн МАН-ынхан жинхэнэ урвагчид биш үү? Монголд хохиролтой Чалкогийн гэрээ, одоо ч асуудалтай байгаа Оюутолгойн гэрээ хоёрыг МАН-ын Засгийн газар байгуулаа биз дээ? Хэн гарын үсэг зурсан нь чухал биш, харин хэн зөвшөөрөл өгсөн нь чухал. Тухайн үеийн МАН-ын Засгийн газрын Ерөнхий сайд С.Батболд толгой дохиж байж энэ бүх процесс чинь явагдсан юм. Толгойлогч буюу удирдагч нь хариуцлага хүлээдэг нь хаана ч тогтсон ёс. Тийм учраас одоо Баярцогт тэгсэн гээд хашгираад байх шаардлагагүй. Баярцогт нар бол тушаал гүйцэтгэсэн "цэргүүд."  Арчаагүй улсыг гадныхан элэг барьдаг болж байна. Рио Тинто одоо "давраад" далд уурхайны нэмэлт санхүүжилтийг Монголд ашиггүй хувилбараар оруулж ирнэ гээд тулгаад байна гэнэ.

Төмөр замын тухайд ч мөн адилхан хятадын ашиг сонирхлыг илт хамгаалж байгаа нь харагдана. "Урагшаа нарийн төмөр зам тавихаас өөр арга байхгүй" гэсэн байх юм. УИХ Монгол улсын төмөр замын тухай бодлогыг баталчихсан. Тэрийгээ баримтлахаас биш хэн нэгний аль нэг улсад таалагдах гэсэн зоргоор бодлогоосоо ухардаг явдал байж таарахгүй. Нямдорж УИХ-аас баталсан бодлогын эсрэг байгаа юм уу, эсвэл сайн ойлгохгүй байгаа бололтой. Туслахууд нь сайн тайлбарлаад өгөөсэй. Монголын улс төрд 20 жил чанагдсан, 10 жил сайд хийсэн хүн гээд л цээжээ дэлдэхдээ сайн боловч Монголынхоо төлөө гэсэн сэтгэл дутдаг хүн гэдгээ алхам тутамдаа нотлох юм даа, энэ нөхөр.

Эцэст нь МАН-ын шинэчлэлийн тухай  ярих гээд тэссэнгүй бас л АН-ыг "хадарч"  байх юм. Тэтгэвэртээ суух болсон хүн байна даа, хөөрхий. Ингэж амьтны доог болж суух ямар ч дон байдаг юм. "Шинэчлэлийн засгийн газар үнэхээр шинэчлэл хийгээд гоё болдог бол нэг жилийн хугацаанд гоё болох байлаа. Гоё болохгүй байгаа биз дээ?" гэж намынхаа шинэчлэлийг Алтанхуягийн шинэчлэлтэй харьцуулж онигоотож байх юм. "Одоо АН, МАН хоёр аль нь ялгаагүй шинэчлэл ярьсаар байгаад дээлээ ураад дууслаа" гэж сийхгүй авч байна. АН ерөөсөө намдаа шинэчлэл хийнэ гэж яриагүй.  Зүгээр л үгээр тоглоод сурчихсан. Мангардуу нэг нь миний хэлж байгааг үнэмшинэ гэж боддог юм шиг л ярих юм.  Ухаандаа өөрсдийнхөө муу муухай, бүтэлгүйг нөгөө гол өрсөлдөгчдөө бас нялзаагаад л, "адилхан байж" гэсэн аястай.  "Гудамжинд явсан хүмүүс" гээд л доромжлоод байсан хүн чинь сүүлдээ танай манай хоёр нам л Монголыг авч явна гээд л зусардах. Бие биенээ хэмлэхээ больё гэх мөртөө элдвээр хэлэхээ мартсангүй. УИХ-аар дүүрэн  урвагчид байна л гэнэ.  Намаасаа "урвах", эх орноосоо "урвах" хоёрын аль нь илүү ноцтой вэ гэж асуумаар.  Хятадын тусгай албаныхантай холбоотой байсныг нь дахиад сануулчихая.
Чөлөөт хэвлэлийн тухайд харин ч МАН-ын үеийг бодвол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чөлөөтэй "тарвалзаж" байгаа байх шүү. Чанарын тухай асуудал бол бий бий.  Өдрийн сонин бодвол чөлөөт хэвлэл болоод л сөрөг хүчний хуучинсагуудын нэг энэ нөхрийн ярилцлагыг нийтэлж байгаа биз ээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол