|
Д.Энхсайхан |
Нийслэлийн Хот Тохижилтын Газрын (
ХТГ) хариуцсан ажлын нэг бол
золбин нохой муурыг устгах явдал юм. Энэ ажлыг тодорхой (шалгуураар авсан?) хүмүүстэй гэрээ хийж гүйцэтгэдэг аж. Тэдгээр хүмүүсийг
"гэрээт анчин" гэж нэрлэнэ. Тэд галт зэвсэг хэрэглэн золбин нохой, муурыг буудаж алдаг бөгөөд харин энэ тухай нарийн мэдээлэл лав ХТГ-ын сайт дээр алга. Тэнд бичсэнээр иргэдээс дуудлага авсаны дараа 1-2 хоногийн дотор тухайн газар очиж золбин нохой, муурыг устгах аж. Ноднин өвөл нэг гэрээт анчин маань байгаа онолгүй алдаж, нэгэн иргэнийг онож гэмтээсэн хэрэг гарсан. Ямар азаар амин газар нь оночихоогүй юм. Ер нь хүн ам оршин суудаг хот газар буу зэвсэг хэрэглэж газар дээр нь аллага явуулдаг аргаа өөрчлөх хэрэгтэйг энэ осол харуулж байна. Гэрээт анчид маань
"мэргэн буучид" лав биш байх. Түүнээс гадна хэрэглэж байгаа буу нь ТОЗ маркийн буу бөгөөд дуран авайгүй учраас нүднийхээ хараанд л найддаг биз ээ. ХТГ-ын дарга
Д.Энхсайханы өгсөн ярилцлагаас үзвэл энэ оны эхний 5 сард
45 мянган золбин нохой устгажээ. Дунджаар нэг сард 9 мянган нохой, буюу
өдөрт 300 нохой буудаж алсан байх нь. Энэ байдлаараа бол
"хядаж" өгдөг бололтой.
|
Гэр хорооллын золбин нохой |
Золбин нохой муурыг устгах ажлыг бусад хөгжингүй орнуудын жишгээр өөрчлөх тухай нийслэлийн удирдлагууд юу бодож явдаг юм бол? Ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ? Нэгдүгээрт, ил задгай газар буу хэрэглэж устгадагаа болих хэрэгтэй. Харин үүний оронд тариа хийж үхүүлдэг аргыг нэвтрүүлэх нь цэвэрхэн бөгөөд иргэдэд ямар ч аюулгүй талаасаа хамгийн зөв сонголт болов уу. Үүний тулд нохой буудагч биш, нохой баригч хүмүүс ажиллана гэсэн үг. Тусгай торон сав бүхий унаа тэрэг, нохой барих арга барил эзэмшсэн хүмүүс байх хэрэгтэй болох нь. Барьсан нохой муураа золбин, эзэнгүй нохой, амьтан саатуулах газар авчраад тодорхой хугацаанд үрчилж авах хүн, эсвэл эзэн нь гарч ирээгүй тохиолдолд мөнөөх амьтдыг зохих журмы дагуу тариа хийж устгаж байх юм. Ерөнхийдөө иймэрхүү журамтай байдаг юм байна. Яваандаа энэ аргаар ажлаа явуулдаг болох нь зүйтэй санагдана.
Саяхан Румыны нийслэл Бухарест хотод золбин нохой
4 настай хүүг барьж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Бухарест хот манай Улаанбаатар шиг бас нохойндоо
"дарагдсан" газар бололтой. Ойролцоогоор
64 мянган золбин нохой байдаг гэнэ. Одоо Улаанбаатарт байгаа гэх
200 мянган нохойтой харьцуулбал бас ч гэж гайгүй. Гэхдээ л саяын хэрэг явдлаас үүдэж, Румыны парламент хууль гаргаж , баригдсан золбин нохойг 14 хоногийн дотор хэн нэг нь үрчилж авах, эсвэл эзэн нь ирж авахгүй бол тариа хийж устгаж байхаар зохицуулжээ. Нохойнд хайртай баахан хүн энэ хуулийг эсэргүүцэж жагссан гэнэ. Хаа газар аливаа шинийг эсэргүүцэгчид байх юм даа. Нохойнд хайртай л юм бол тэр хүмүүс 64000 нохойг өөрсдөө үрчлээд авчих хэрэгтэй. Тэгж чадахгүй байж, оронд нь ямар ч хувилбар санал болгохгүй мөртөө зүгээр л муйхараар эсэргүүцээд байгаа нь ямар ч утга алга. Тэгээд ч хүний аминд хүртлээ зэрлэгшсэн нохдыг устгах гэхээр эсэргүүцээд байдаг нь ямар учиртай ч юм. Хүний амь нохойн аминаас дор болчихсон юм уу.
|
Хотын төвөөр юу байна даа? |
ХТГ-ым дарга Д.Энхсайханы ярьж байгаагаас үзвэл буудаж устгадаг аргаа нэг хэсэгтээ халахгүй юм шиг байна. Одоо байгаа 11
"анчин" цөөдөж байгаа учраас
20 болгох хүсэлтээ тавьсан гэсэн. Мөн золбин нохой устгах
"стратеги төлөвлөгөө" боловсруулсан гэсэн. Тэр нь юу болсон бол? Энхсайхан дарга яваандаа дээр дурдсан арай соёлтой аргыг нэвтрүүлэх талаар санал төсөл боловсруулж оруулна байгаа. Ард иргэдэд аюулгүйгээс гадна ёс зүйн хувьд ч гэсэн зохимжтой хувилбар. Олны нүдэн дээр амьтан буудаж цустай нь хутгаж байх нь тун чиг таатай харагдахгүй. Хүүхэд багачууд хараад ямар ойлголт, хүмүүжил авах вэ? Мөн зардлын хувьд тооцож үзэх хэрэгтэй. Буу, сум, анчны хөлс гээд гарч байгаа зардал шинэ аргаар ажиллах зардалтай харьцуулахад ямар байх бол гэж. Түүнээс гадна үхсэн нохой муурыг шатаадаг цех байгуулна гэсэн байх юм. Аль наадмаар ашиглалтанд орно гэж байсан энэ цех одоо бодвол ид ажиллаж байгаа биз. Агаар бохирдуулалт, экологийн талаасаа хэр оновчтой цэвэр шийдэл юм бол доо.
|
Золбин нохдын "уулзалт" |
Нохойны асуудал бол тун ярвигтай, эрх зүйн зохицуулалт шаардлагатай, манайд шинээр үүссэн нөхцөл. Улаанбаатарын гудамжууд шинэ хуучин
"хэлхээтэй төмрөөр" хахаж байгаатай адил нийслэл маань золбин нохойгоор дүүрчээ. Гэр хороолол гэж нэг сайхан эзэнтэй, эзэнгүй нохойны
"үүр" болсон газар байна. Золбин ноход эрх дураараа хотын төвөөр нэг хөлхөж, цаг нөхцөөн
"дэлгүүр хэсэж байна." Дашрамд хэлэхэд, янз бүрийн үүлдрийн нохой их тэжээдэг болсон өнөө цагт эзний хариуцлага, хотын нийтийн эзэмшлийн газрын ариун цэврийн асуудлыг авч хэлэцэхгүй бол удахгүй нийслэл маань, жишээ нь, нохойны баасанд дарагдсан хот болох вий. Нохойгоо зугаалуулж байгаа хүмүүс нохойныхоо ялгадасыг орхилгүй авч хогийн саванд хийдэг журмыг бий болгож мөрдүүлэх шаардлага гарч байна. Үүнээс гадна нохойныхоо аливаа буруу үйлдэл, учруулсан хохирлын төлөө эзэн нь бүрэн хариуцлага хүлээж, хохиролгүй болгодог жишгийг бас нарийн зааж хуульчлах хэрэгтэй.
Гэр хороололд орой үдэш явахад тун хэцүү болсон нь айлууд шөнөөр нохойгоо сул тавьдагтай бас холбоотой. Суларсан уяаны нохой яаж ийгээд хашаанаасаа гарч яваад харанхуй гудмаар бүдчин яваа хүмүүсийг айлгаж цочоох, бүр хазах, дайрах ч тохиолдол байдаг. Энэ байдалд бас л тодорхой зохицуулалт хэрэгтэй болно. Зарим хашааны ноход золбиноосоо илүү хүн урдаг , их ууртай хэрцгий байдаг учраас хүн хазаж гэмтээх тохиолдол харьцангуй их. Ер нь гэрийн тэжээвэр амьтан тэжээх, арчлах, харьцах тухай асуудлыг иж бүрнээр нь зохицуулсан хууль гаргаж мөрдүүлэхгүй бол яваандаа байдал хэцүүдэх вий. Хотын удирдлага энэ талаар нэгийг бодож, нөгөөг тунгааж яваа болов уу. Нэг өдөр л Румыны хэрэг шиг асуудал гарч хотын удирдлага эвгүй байдалд орох вий. Бусдаас сургамж авч буруугаас урьдчилан сэргийлэх нь ухаалаг алхам бөгөөд нийслэлийн шинэ удирдлагад санах бодох юм, хийх ажил мөн ч их байна даа.
Comments
Post a Comment