Тэмүүжин сайдаас асууя

Олны хэлдгээр "хурган дарга " нар гэгдэх багавтар тушаалын эрхмүүд үе үе оодорч сүүлээ сөхөх нь дуулддаг. Тэд  жинхэнэ удирдлагаасаа  илүү омог, авир гаргаж эрх мэдэлтэйгээ гайхуулж бага дорой биднийгээ айлгаж хохироох нь гачлантай. Зүй нь иймэрхүү хэрэг гарсан даруйд шалгаж магадлаад хэрвээ үнэн бол тэр нөхрийг ажлаас нь халж төр засгийн нэрийг цэвэрлэж байх нь маш чухал. Ингэхгүй байгаагаас бол төрийн нэр хүнд алдагдаж, иргэд төр засагтаа итгэх итгэл алдарч, улмаар зүхэж хараадаг. Иргэдийн итгэл, тусламж дэмжлэггүйгээр ямар ч төр, засаг үйл ажиллагаа явуулах боломжгүй.

Б.Пүрэвдорж (ГИХАЭГ-ын дарга)
Хамгийн сүүлийн "үзүүлэх тоглолтыг"  Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх  газрын (ГИХАЭГ) дарга  Б.Пүрэвдорж  хийсэн сураг байна. Энэ тухай  www.medee.mn  сайт дээр Э.Энх-эрдэнэ бичиж тавьжээ.  Пүрэвдорж дарга албан тушаалаараа далайлгаж, хүний эрхэнд халдсан байна. Өөрийн буруугаас онгоцноос хоцорчихоод нисэх буудлын ажилтны биед гар хүрч , улмаар ажилладаг компанийнх нь босс руу шууд утасдаж хөөрхий тэр залууг ажлаас нь халуулах талаар ярьж шаардсан гэнэ. Аеро Монголия компаний  эзэн Моннис компаний босс Б.Чулуунбаатар ч  Б.Пүрэвдоржийн  "гомдлын" дагуу уг ажилтныг ажлаас нь хал гэж доодсууддаа тушаасан бололтой.  Монголд ажлын зарчим, чанар чухалд тавигдахгүй харин дарга нарын үзэмж бүхнийг шийддэг болсон нь эндээс харагдаж байна. Хоёр дарга хоорондоо яриад л хүний амьдралыг шийдчихэж байна шүү дээ. Ажлаа зохих ёсоор нь гүйцэтгэж, алдаа мадаг гаргаагүй байхад шүү! Бие биендээ найр тавьсан бялдуучлал гэж үүнийг хэлэх байх. Яг л боол-гладиаторын амийг хурууныхаа  хөдөлгөөнөөр шийддэг эзэн хаад шиг.

Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин
ГИХАЭГ бол Хууль Зүйн Яамны харъяа байгууллага. Х.Тэмүүжин сайдын мэдлийн газар гэсэн үг. Тэгэхээр хүмүүс одоо Тэмүүжин сайдын амыг асууж байна. Сайд их шударга хүн гэдэг, одоо яахыг нь харъя гэж. Яамны сайдын хувьд газрын даргаа дуудаж авчраад асуух хэрэгтэй. Та төрийн албаны нэр хүндийг сэвтүүлсэн учраас алдаагаа засаж уучлалт гуйж нүглээ наминчлах, эсвэл ажлаа өгөх хоёрын нэгийг сонгоно уу гэж.

Дээрх сайт дээр бичсэнээс харвал Пүрэвдорж гуай "сурсан юмыг сураар боож болдоггүй" гэдэг шиг "Дарга байлаа гээд үндсэн характераа нуултай биш" гэж хэлсэн гэнэ. Хэрвээ энэ үнэн бол Пүрэвдорж гэдэг хүн энэ албанд ёс зүйн талаараа тэнцэхгүй юм биш үү? Дорд багачуудад дээрэлхдэг, албан тушаалаараа түрээ барьж дарамталдаг ийм хүмүүс яагаад ч төрийн албанд байх ёсгүй. Төр, засгийн алба бол ард түмэнд үйлчлэх "үйлчилгээний  байгууллага" учраас үйлчлүүлэгч буюу ард иргэддээ эелдэг зөөлөн, соёлтой үйлчлэх ёстой. Татвар төлөгч иргэд иймэрхүү  "үндсэн характертай"  даргын  цалинг  өгч байх сонирхол үнэндээ алга.  Тийм учраас Тэмүүжин сайд арай өөр, зөөлөн характертай хүн олж тавьсан нь дээр болов уу даа. Пүрэвдорж хэний лоббигоор, хэний татаасаар, хэний саналаар энэ албанд томилогдсон нь одоо чухал биш. Гол нь энэ хүн тараа таниуллаа.
МУИС-ийн Олон Улсын Харилцааны сургууль төгссөн хүн хаа мундахав. Гол нь төлөв шударга, зөвд зөөлөн, бурууд хатуу хүн байх хэрэгтэй.  Ер нь төр засгийн өндөр албан тушаалд томилогдож байгаа хүмүүс ёс зүйн тангараг өргөж баймаар юм шиг. Зан харилцааны доголдол, зөрчил гаргасан бол шууд ажлаа өгөх заалттай байх нь иймэрхүү характераа "нуудаггүй" хүмүүс эртхэн зайгаа барьж байхад тус дөхөм болно.

Моннис ХХК-ий захирал Б.Чулуунбаатар
Моннисийн Чулуунбаатар "цээж өвчтэй хурган  дарга" Б.Пүрэвдоржийн шаардлагаар ажлаа шударга гүйцэтгэж байгаа ажилтнаа халсан гэнэ.  Бизнесээ хүний амаар явуулдаг,  дарга гуншинтай болгонд тал засаж байдаг бизнесмэн гэж байдаг юм уу? Монголын авъяаслаг залуу бизнесмэн Б.Чулуунбаатар ийм юм хийсэн гэхэд итгэмгүй. Хэрэв энэ худлаа бол уг мэдээллийг тараасан нэр бүхий сайт (Э.Энх-эрдэнэ)-тай заргалдах нь зүй. Хэрэв үнэн бол асуудалд нухацтай хандаж, өөрийн үнэлэмж, итгэлээр зохистой шийдвэр гаргахын оронд  хүний амаар гоомой хөдөлсөн нь  алдаа  болжээ.   Хүн алдаж болно, гэхдээ алдаагаа ойлгоод засаж байвал  ухаантай хүний шинж. Б.Чулуунбаатарт ийм ухаан байгаа гэж найдая.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол