МАН-ыг татан буулгах учир нь

Монгол Ардын Нам (МАН) гэдэг  нэртэй улс төрийн намыг татан буулгах цаг нь болжээ. Уг нь бол аль 90 онд татан буулгаад бүгд зэрэг нэг гараанаас эхлэх  ёстой байсан юм. Гэвч балчир "наманцарууд"  туршлагагүйдэж МАХН нэртэй "хорт могойг" дутуу алаад орхисоны гайг бид  өнөөг хүртэл  үүрсээр байна. Нарийн ярих юм бол  өнөөгийн МАН бол социализмын үеийн МАХН-аас долоон дор  гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр МАХН-ын залгамжлагч бол МАН гэх боловч үнэндээ хуучин коммунист МАХН-ын хийсэн бүтээснийг өөртөө хамаатуулах дуртай, авилгач, шуналын тулмаар дүүрсэн хүмүүс толгойд нь гарчихсан нам нэртэй "мафи" юм. Ерөөсөө 90 оноос хойш энэ нам юу хийв ээ гээд аваад үзэхэд хийсэн бүтээсэн юм байхгүй л сууж байгаа юм. Уг нь бол коммунист МАХН-ын нэрийг мөн ч олон удаа зарж идсэн дээ. Муу сайн ч Монголыг өдий зэрэгтэй болгосон нь бидний гавъяа гээд л ичих ч үгүй гүрийсээр сүүлийн 20 гаруй жилийн ихэнхэд нь төр барив даа.  Даанч үзээд буцаагаад өгье гэсэн ч хийсэн юм байхгүй дээ. Оюутолгой гэрээг үзэглэж урагш нь хөдөлгөсөн нэртэй боловч муу гэрээ болсон гэх яриа гарангуут МАНАН-д байсан нөгөө хүчнийхээ (АН) сайдууд руу бухдаг гэж байгаа. Хийсэн ганц юм нь гэвэл Монголчуудынхаа  бэлэнчлэх сэтгэлгээг улам хөгжүүлсэн дээ. МАН-ын "өглөгч зан"-гийн ачаар одоо ажил хийх дургүй, залхуу хүмүүс олширчээ. Зүгээр сууж байгаад "эх орны хишиг" , эсвэл ямар нэгэн тэтгэмж хүртээд байх санаатай. Юу ч үгүй байж арабын баячууд шиг санаатай болчихсон юм уу даа. За тэгэхээр бүтээсэн гавъяагүй мөртөө хийсэн нүгэл ихтэй энэ нам татан буугдах болзлоо хангачихсан  юм шиг. 
Ямар нүгэл үйлдэв ээ гэж.

Улс төрийн намын тухай хуулийн 23-р зүйл буюу Намын үйл ажиллагааг зогсоох, тараах  гэсэн бүлгийн 23.2-д зааснаар, "Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн Хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол  Улсын Дээд Шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж , уг намыг энэ хуулийн 23.1-д  заасан хугацаанд (ажлын 5  өдөр) улсын бүртгэлээс хасаж нийтэд мэдээлнэ."  гэжээ.

Дээрх хуулийн 23.2-д  дурдсан заалтуудаас лав дөрвийг  (4) нь зөрчсөн гэж үзэх бүрэн үндэстэй байна.
1. Үндэсний эв нэгдлийг задлан бутаргах
Нэг намын ноёрхлыг хэвээр хадгалж, төр засгийн эрхийг  саадгүй бөгөөд мөнхөд авч байх гэсэн эцсийн зорилгод тулгуурлан, бусад хүчнийг дэмжигч хэнийг  боловч  элдэв аргаар дарамтлан хавчиж, намаар талцах явдлыг өөгшүүлж  үл тэвчих байдалд хүргэсэн буруутай. Ардчилсан хүчнийг дэмжигчдийг үзэн ядах, гадуурхах, хоморголон хэлмэгдүүлэх зэргээр ард түмний дунд хагарал үүсгэж, үндэсний эв нэгдэлд ан цав үүсэх гол эх үсвэрийг тавьсан нам. Өөрийн  намдаа кампаничлан бөөнөөр элсүүлэх, бусад хүчнийг гүтгэн муулах замаар туйлшралыг өөгшүүлж, намын харъяалал үл хамаарах асуудал гэж бараг байхгүй болгож, эв нэгдлийг бусниулсан нь  энэ намын  хийсэн гол ажил.

2. Үндсэн Хуулийн бус аргаар төрийн эрхийг авах
Төрийн эрхийг авах үйл ажиллагааг Үндсэн Хууль болон бусад дагалдах хуулиудаар зохицуулсан байдаг.  Үндсэн Хууль маань ургаа мод гэвэл бусад хуулиуд нь түүний салаа мөчрүүд юм. Ардчилсан төр засагтай улсад төрийн эрхийг гагцхүү ардчилсан шударга сонгуулийн замаар л авдаг. 1990 онд ардчилсан хувьсгал хийснээс хойш төрийн эрхийг олонтаа авсан МА(Х)Н тухай бүрдээ хууль бус арга хэрэглэж сонгуулийг луйвардаж байсан нь  нэг бус. МА(Х)Н-аас ил зарлаж бодлогоор луйвар хийгээгүй боловч тус намаас нэр дэвшигчид нь хууль бус элдэв арга луйвар хэрэглэж ирсэнийг нам нь зориуд үгүйсгэн эсвэл гэмгүй мэт өмөөрч ирсэн нь тухайн үйлдлүүдийг цаагуураа дэмжиж байсан гэж үзэх бүрэн үндэстэй байна. Үндсэн Хуулийн нэг салаа мөчир болох Сонгуулийн тухай хууль цоорхойтой  буюу дутуу дулимаг байсаныг далимдуулан янз бүрийн башир арга мэх сонгуулийн үеэр амжилттай хэрэглэж байсандаа дулдуйдаж, Сонгуулийн хуульд саяхан өөрчлөлт орсоныг ч үл ойшоож хамгийн сүүлд болсон УИХ-ын сонгуульд ч мөнөөх "дархан мэхээ" хэрэглээд гараад ирсэн МАН-ын нэр дэвшигчид эрхэм гишүүн болчихоод малилзаж сууна. 

МАН-ын зүгээс энэ мэт хууль бус аргыг дэмжиж байгаагаа нотолж, Өвөрхангай болон Увсын тойргуудад  хууль зөрчин өрсөлдсөн өөрийн намын нэр дэвшигчдийг өмөөрөөд сүйд болж байгаа биз дээ?  Өвөрхангайн тойргийн асуудал хуулийн дагуу шийдэгдсэн. Луйвар хийсэн МАН-ын хоёр нэр дэвшигч шийтгэлээ хүлээж хасагдсан билээ. Харин одоо Увсын хоёр "мөнгөний хүүдий" хэмээн алдаршсан Чойжилсүрэн, Хүрэлбаатар нарыг  УИХ-ын гишүүнээс  удахгүй  огцруулах биз ээ.  Тэр хоёр мөнгө тарааж санал худалдаж авсан  гэдэг нь нотлогдсон болохоор  дараагийн хоёр хүндээ суудлаа тавьж өгөх болж байна.  МАН энэ тухайд  мөн л манай гишүүдийг хэлмэгдүүлж байна гэдэг үгээ давтах биз. Төрийн эрхийг мөнгөөр худалдаж авах гэсэн энэ үйлдэл бол Үндсэн Хууль ба түүний дагалдах  хууль болох Сонгуулийн хуулийг зөрчиж төрийн эрхийг Үндсэн Хуулийн бус аргаар авах гэсэн оролдлого мөн.  Сангийн сайдын албан тушаалаа ашиглаж хүний хөгжлийн  мөнгийг  бөөнд нь олгуулж өөрт ашигтай байдал үүсгэж гарч ирсэн Дарханы тойрогт нэр дэвшсэн,  МАН-ын  засаглалын үед  сайд байсан Хаянхярваагийн хэрэг ч мөн дээрхтэй агаар нэг хэрэг. Бас л эргүүлж татах ёстой.
МАН-ын нэр дэвшигчдээс 2012 оны УИХ-ын сонгуульд дээр дурдсан 5 хүн лав хууль бус арга хэрэглэж байсан нь илэрсэн бол илрээгүй хэд ч байгаа юм бүү мэд. За ер нь хэд ч байсан энэ мэт башир луйвар хэрэглэж төр засгийн эрхэнд гарах гэсэн гишүүдийнх нь санаа, түүнийг өмөөрөн өөгшүүлэгч намынх нь байр суурь  зэрэг нь энэ нам татан буугдах болзлоо  хангасаныг харуулж байна.

3. Хүч түрэмгийлэх
Хүч түрэмгийлэх гэдэг нь мэдээж өөрсдийнхөө  өрсөлдөгчдийн эсрэг, эсвэл иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэсэн тохиолдлыг хэлж байгаа. Мөн хүчээр төрийн эрхийг булааж авах ч үүнд багтана.  МАН хүчээр төрийн эрхийг булааж авах оролдлого гаргааүй боловч хууль бусаар төрийн эрхийг авах оролдлого хийж байсныг дээр өгүүлсэн. Харин иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэсэн тохиолдол 2008 оны сонгуулийн дараа гарч 5 хүний амь сүйдсэн билээ. Цагдаа болон хүчний байгууллага бол төрийн зэвсэг.  Тийм учраас хэн гэдэг цагдаа хэний ар шил рүү буудсан нь чухал биш, төрийн цагдаа зэвсэг хэрэглэж хүний амь хороосонд учир нь байгаа юм.  Төр барьж байсан МАН тэгэхээр иргэдийнхээ  эсрэг хүч хэрэглэж аллага үйлджээ. Хэдэн хурандаа, цагдаа нарт ял өгөөд МАН сэмхэн мултарч байх шиг байна. Гэвч хууль ёс гэж байдаг, түүнийгээ мөрдөх ёстой гэвэл МАН зөвхөн энэ хэргээрээ "ял" сонсож, татан буугдах ёстой нам.

4. Яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах  
МА(Х)Н-ынхан Монголчуудын аль социализмын үеэс хөгжүүлж ирсэн нутгархах, яс үндсээр гадуурхах, ялгаварлах үзлийг өөрсдийн сурталчилгаандаа овжин ашиглаж ирсэн улс. Олон намын  тогтолцоо бүрэлдэж бий болж эхэлсэн цагаас л бусад хүчнээ доромжлох, гутаахын тулд элдвээр хэлдэг байсны нэг жишээ бол "эрлийз" хэмээх нэр томъёо юм. Ардчилсан залуу хүчний удирдлагууд ер нь бүгд ямар нэгэн "эрлийз" гэдгийг зохих сувгуудаараа хүчтэй  түгээж байсан даа. Баабараас эхлээд л  цөөнгүй хүмүүс "хятадын эрлийз" болсон юмдаг. Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн л энэ балиар аргаа хэрэглэж, Чингис хааны нутгаас төрсөн "цэвэр Монгол"  цусны хүн болох МАН-ын нэр дэвшигч Бат-эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч болох ёстой хэмээн сурталдав даа.  АН-аас нэр дэвшигч Элбэгдорж бол "хольцтой" хэмээн  "хов жив" тараахаас гадна бие намхан, хүзүү богино гэж хүртэл доромжилсон доо. МАН-ын сонгуулийн штаб албан ёсоор ийм юм зарлаж пи-ардахгүй л дээ, мэдээж. Гэхдээ цаана нь ийм хов жив,  доромж цуурхал тарааж байдаг хэдэн "тинк танк" байдаг юм шиг байгаа юм. Намаас нь  ямар ч байр суурь илэрхийлэхгүй бөгөөд буруушаах, сайшаахын аль нь ч байхгүй таг. Дуугүй байгаа нь "нэг юм"  хэлээд байгаа биз? Ёс зүйтэй нам бол иймэрхүү ёс бус зүйл гишүүдээс нь (гэж бодъё) тарааж байгаа нь намын нэр хүндэд халтай хэмээн эрс буруушааж, таслан зогсоомоор байтал  ямар ч байр суурь илэрхийлэхгүй байна гэдэг чинь цаанаа "учиртай"  гэсэн үг.  Ингээд "цэвэр цусны" ба "бохир цусны" гэж хоёр янзын бүлэг бий болгочихож байгаа юм. Яс үндэс, гарал үүслээр нь ялгаварлаж байгаа нэг хэлбэр. Арьсны өнгөөр ялгаварлах бараг боломжгүй л дээ, бүгд л шар арьстан болохоор. Энэ хачин солиотой гэмээр пи-ар нь Монголчуудыг бас хагаралдуулах, эв нэгдлийг нь бусниулахад ихээхэн нөлөөлж   байгаа нь ч ойлгомжтой.

Дээрх 4 үндэслэлээр энэ намыг тараахад хангалттай. Улсын Дээд Шүүхэд тараах эрх нь байгаа боловч өөрөө санаачилж болох эсэх, эсвэл хэн нэгэн этгээдийн нэхэмжлэлээр авч хэлэлцэх алин болох нь хуулинд  тодорхой заагдаагүй учраас бүрхэг ойлгомжгүй  байна. Улс төрийн намын тухай хуулийг ер нь шинэчилж сайжруулах шаардлага байгаа нь харагдаж байна.  Дашрамд дурдахад, энэ хуулинд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг халах саналыг МАН-аас бусад нь дэмжиж байгаа юм билээ.  МАН яагаад намын хатуу гишүүнчлэлийг болиулах дургүй байгаа нь ойлгомжтой. Нөгөө цаасан дээр бүртгэлтэй, дөнгөлөгдсөн 200 мянган гишүүдээс нь ихэнх нь  уяанаасаа суларсан нохой шиг алга болчихно гээд айгаад байгаа юм.

Нам тараах эрх мэдэл бүхий  бас нэг субьект нь намын удирдах дээд байгууллага. МАН-ыг тараах шийдвэрийг эрх барих байгууллага нь гаргана гэвэл нар баруунаас гарах биз. Одоо шинэчлэнэ гээд орилоод байгаа хэдэн сагсуу юмнуудаас олигтой юм хүлээгээд хэрэггүй нь илт. Тэд бол сүүлийн 20 жилд бий болсон нэр бүхий цөөхөн  егзөрүүдийн  өрөөсөн дугуйнууд.
Одоо МАН-ынханд ганц л арга байна. Намаа татан буулгаад шинээр байгуулах.  Гэхдээ өөр нэрээр, цоо шинээр. МАН буюу хуучин МАХН гэдэг нам аль 90 онд "ясаа тавьсан."  Өнөөгийн МАН хуучны МАХН-ын залгамж биш, яагаад гэвэл үзэл суртал нь өөр, нийгэм нь өөр, арга барил нь өөр, бүтэц зохион байгуулалт нь ч өөр, ер нь бүх юм нь өөр болсон учраас тэр. Тийм болохоор одоо "ууган нам" энээ  тэрээ гэдэг хөөрдөгөө  болиод, шинээр нам байгуулах хэрэгтэй.  МАХН гэдэг нэрэнд хайртай хуучинсагууд нь Энхбаярын МАХН руу явна биз.  "Цоохор цэрэг" шиг  баахан гишүүний "цуглуулгаа" ч цэгцэлж авах хэрэгтэй.  Намынхаа шинэ нэрийг   үзэл бодолдоо  тааруулж  сонговол  дээр дээ.  А.Ганбаатартай "сайн яриад" Социал-демократ гэдэг нэрийг нь авчихгүй юу. Польш улсад элчингээр сууж байгаа  тэр  хүн одоо энэ нэрээр ч яах юм, харин МСДН-аа  татан буулгавал таарна.  Болохгүй бол өөр сайхан "зүүний" нэр хаа мундахав дээ.  Ингэж шинээр эхлэвэл адаглаад нэр цэвэр. Нэр цэвэр байхын тулд  хэл аманд орж байсан  хуучин МАН-ын нөхдийг шинэ намдаа авч болохгүй. Одоогийн МАН-ын удирдлагад байгаа нөхдөөс хэл амгүй хүн байгаа юм уу?  Бараг бүгд л нэр нь толботой.

За тэгээд удахгүй болох МАН-ын их хурлаар "үхэх сэхэхээ" шийдэж дээ. Татан буугдаад "шинээр мэндлэх", эсвэл хэдэн хүн сольж тавиад хуучнаар нь зүтгүүлэх хоёрын нэгийг сонгоно доо.  Ирээдүйгээ бодвол эхний замыг сонгомоор. Харин хурдан мөхье гэвэл дараагийн зам нь найдвартай шүү!
Вангагийн сүнсийг дуудаж ирээд лавлаж тодруулсан учраас эргэлзэх зүйлгүй гэж мэд.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол