Мөнгөндалай гуай та хөнгөн бодож байна!

Цагаан сар дөхлөө. Бужигнаж эхэлнэ дээ. Баахан улсууд "богооноор" Эрээн явж "хог" олж ирнэ.  Авчирсан хогийг нь манай "цагаан сарчингууд" худалдаж аваад бэлгэнд бооно.  Хамаатандаа өгсөн бэлэг маань хэдэн айл дамжин гараас гарт шилжин "эзнээ" солин тэнүүчлэн явсаар   манайд буцаж ирнэ. Цагаан сараар бид нэжгээд гарын саван, оймс, зангиа, үнэртэй ус гэх мэт хэрэгтэй хэрэггүй, чанартай чанаргүй баахан  барааны цуглуулгатай болно.

Эрээний голдуу чанар муу, дуураймал барааг  Монголын өрх болгонд тэнцүү тараадаг зохион байгуулалттай ажлыг бид өөрсдөө хийж харийн наймаачдын хэтэвчийг зузаатгасаар олон жил болж байна даа. 700 тэрбум гаруй төгрөг гадагшилдаг гэнэ үү? Энэ их мөнгө Монголд үлддэг бол ямар сайхан! Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гэдэг үгийг  бид сайн мэднэ. Мэдсээр байж л хүний нохой тэжээгээд байгаа юм даа. Нөгөө тэжээгээд байсан хүний нохой (Эрээний хятад наймаачид гэж унш) чинь овоо зоолчихоод одоо эргээд тэжээсэн Монголчуудаа ноцдог болсон тухай хүн бүр ярих аж.

Цагаан сар, Эрээн хоёрыг салгаж ярих аргагүй болжээ. Нөгөө "улаан туг, залуучууд хоёр ихэр юм" гэж дуулдаг шиг "Цагаан сар, Эрээн хоёр салшгүй юм" гэж дуулах л дутаж байх шиг байна.
Цагаан сартай холбоотой гадагшаа гарч байгаа мөнгөний их урсгалыг зогсоож, Монголдоо үлдээх тухай хүмүүс уриалж, санаачлага гаргаж эхэлж байна. Үүнд Их Хурлын нэр бүхий эмэгтэй гишүүд уриалга гаргаж, Эрээний  хогийг авахын оронд дотоодынхоо барааг худалдаж аваад бэлгэнд өгөх (Монголынхоо бизнесийг дэмжиж байгаа хэрэг шүү дээ) , мөн хуучны уламжлалаа сэргээж аль болохоор эд зүйл бэлгэнд өгөхийн оронд боов, идээ будаа өгч хэвшицгээе гэжээ. Ер нь бэлэгний "уралдаанаас" татгалзая, тэгээд бэлэг өгмөөр байгаа бол дотоодынхоо барааг авч өөрсдийгөө дэмжье гэсэн л санаа юм байна. Минийхээр бол маш зөв бөгөөд эх оронч санаачлага гэмээр.

Сэтгүүлч Д.Мөнгөндалай
Сайн юманд садаа мундахгүй гэгчээр дээрх санаачлага уриалга гаргасаныг эсэргүүцэх хүн ч эхнээсээ гарч эхэлж байна. Өдрийн сонины  Эрэн сурвалжлах тоймчдын албаны дарга Д.Мөнгөндалай хэмээх бүсгүй  нөгөө  хэдэн Их Хурлын эмэгтэй гишүүд рүү  бүдүүлгээр эсэргүүцэн дайрч "албан тушаалаа ашиглан" Өдрийн сонины  1-р саын 8-ны дугаарт "Их хурлын хүүхнүүд бас ЦАГААН САРЫГ УЛААН САР  болгоно гэх боллоо" гэсэн сүржин нэртэй даржин юм бичжээ. Нөгөө кинон дээр гардаг шиг "Энэ муу хэнийг чинь овоо хүмүүжээ юм байх гэж бодсон чинь хэвээрээ шив дээ" гэдэг шиг Мөнгөндалай бүсгүйг "овоо юм" байх гэж бодсон чинь бас л  биш ажээ.  Төгс төгөлдөр хүн ч гэж хаа байхав дээ, угаасаа. Гэхдээ л бичсэн нийтлэлийг нь уншаад гутрав.

Ямар мань мэт  нь биш дээ. Номыг нь заалгаж ногоотой шөлийг нь уусан хүн чинь бичих, ярих нь арай өөр баймаар. Тэгсэн чинь нөгөө хэдэн үйлтэй лайтай  эмэгтэй гишүүд рүү их л муухайгаар дайрсан байх юм. Гал тогооны улс төр хийлээ л гэнэ, ингээд байвал дахин сонгохгүй шүү л гэнэ, энэ хэдэн хүүхнүүд (ИХ-ын гишүүдийг хэлж байна) оролцохгүй , оролдохгүй юм алга гэж зарим шооч хүмүүс ярьж байхтай таарав гэж ч байх шиг,  бүр байтлаа үндэсний баярыг минь энэ хэдэн хүүхэн заах юм гэнэ гэж ч байх шиг, аав ээждээ ямар бэлэг өгөхийг заалаа л гэнэ, бэлэг өгч чадахгүй ядуу гэж доромжиллоо л гэнэ, төрийн хүн болчихоод гэрийн авгай шиг дэмийрлээ л гэнэ. Мөнгөндалай дээрх нийтлэлээ  "онгод" нь орсон байхдаа юм уу, эсвэл "high" болчихсон байхдаа бичсэн байх магадлалтай харагдаад байна.

"Цагаан сарыг улаан сар" болгоно гэх боллоо гэдэг чинь ,хэдийгээр хашилтанд хийсэн боловч ёстой нүдээ олоогүй үг байна. Ухаан чинь богинодож байна, Мөнгөндалай гуай!
Нэг их хурц, түрэмгий бичдэг мундаг хүн болж харагдах санаатай бол ядаж Ганчимэгийн стилээр бичээд сурчих, тэгээд дараа нь сагсуурч болно.

Тэгээд гол нь аливаа юмыг мушгиж гуйвуулан бичдэг арга барил чинь хамгийн муу арга. Дээр нь давс хужрыг  нь тааруулж байх  хэрэгтэй гэж заалгасан л баймаар. Улаан сар болгоно гэж донгосдог чинь арай хэтэрчээ. Гамингууд л Монголчуудыг цустай нь хутгана гэдгээ "улаан сар" болгоно гэдгээр илэрхийлж байсан юм гэнэ лээ. Их Хурлын эмэгтэй гишүүдийг "гамин" болгодог тун таагүй юм  болж дээ, Мөнгөндалай  гуай!
Ер нь бичсэн өгүүллийг нь уншихад, өөртэйгөө ижил төрлийн хүйстэй гишүүдэд тун тааламжгүй ханддаг байдал илт харагдаж байна. Эмэгтэй хүний атаа жөтөө юм уу, эсвэл өөр шалтгаан ч байж болох. Ямар ч байлаа гэсэн нөгөө хэдэн "үйл нь ирсэн"  Их Хуралд суугаа  "охидууд" Мөнгөндалай бүсгүйн загатнасан газар нь маажчихжээ. (Уг нь  сэтгүүлч маань зөв монгол хэлээр бичсэн бол  бол "охидууд" гэх  ёсгүй л дээ. "Охин" гэдэг чинь  ганц тоо, харин олон тоон дээр "охид" болох ёстой юм. "Охидууд" биш!)

Мөнөөх уриалга гаргасан эмэгтэй гишүүд Мөнгөндалай хатагтайн хэлж байгаа шиг "ёс заншлаараа оролдсон" зүйл огт алга.  Цагаан сарыг хорих тухай бүр ч яриагүй байна.  (Гамин, оросууд ч хорьж чадаагүй юм гэж ирээд л сүржигнэж гэнэ.) Харин ч хуучин уламжлалаа сэргээе, муу зуршлаа больцгооё, Эрээний  хужаа нарыг дэмжихийн оронд өөрсдийнхөө үйлдвэрлэгчдээ дэмжиж,  Монгол бараагаар бэлгээ бооё л гэж хэлж байна. Үүнд буруу нь юу байна? Монголд хийсэн  бэлэгний барааны нэр төрөл, чанар тал дээр дутагдалтай зүйл байхыг үгүйсгэхгүй, гэхдээ л манай үндэсний үйлдвэрлэгчид  маань яван чангарах нь мэдээж.  Тэгээд ч хүний нохой идэхээр... гэж үгийг бид сайн мэднэ дээ. Ерөөсөө л тэр. Монгол оймс, утасны карт өгөхөд яадаг юм? Чадалтай боломжтой нь ирсэн зочныхоо тоогоор Говь үйлдвэрийн ноолууран дээл хувцас, оймс авна л биз. Хамгийн гол нь Монгол бизнесээ дэмжсэн, Монголд хийсэн барааг л авч байвал юу байх нь тухайн хүний хэтрэвчний том жижгээс хамаарах асуудал.

Энэ тал дээр Мөнгөндалай гуай мушгиж, зөвхөн дотоодын оймс, утасны карт бэлгэнд өг гэлээ гэж хэлж байгаа нь өөрийгөө л ямаршуу боловсорсон хүн бэ гэдгээ л харуулж байна.  Сэтгүүлч хүн мушгиж гуйвуулах, дэгсдүүлэх, гүтгэх, доромжлох, туйлшрах арга барилаар бичих юм бол энэ мэтээр өөрийгөө шууд "доош нь хийнэ" гэдгээ мэдэх ёстой. Мөнгөндалай гуай үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байхыг үгүйсгэхгүй, гэлээ гээд ингэж бичнэ гэдэг бол  хэвлэлийн хүний ёс зүй тааруухан, нэг гараа нөгөө гараараа барих чадваргүй хүн юм байна  гэдгээ л  нотолсон  явдал боллоо.

Дээхэн бичиж байсан нэг өгүүлэлдээ Мөнгөндалай гуай гадаадад байгаа Монголчууд 10-аас дээш жил эх орондоо ирээгүй бол иргэн байх эрхийг нь цуцлах нь зөв гэж бичээд хүмүүсийн дургүйг хүргэж л байсан. Их л эх оронч бүсгүй юм биз дээ. Тийм л юм бол дээр өгүүлсэн эмэгтэй гишүүдийн санаачлагыг яагаад дэмжихгүй байгаа юм? Эрээний хужаагийн эрх ашиг илүү юм байх даа.
Өөрийнх нь ах дүү мөн л хилийн чанадад байдаг гэсэн. Ер нь гадаадад амьдарч байгаа Монголчууд бүгд эх оронтойгоо холбоотой байдаг. Сэтгэл зүрхээрээ, ах дүү амраг саднаараа холбоотой байдаг. Хэдэн жил тэндээ амьдрах, хэдийд буцаж ирэх нь тэр хүмүүсийн эрх. Тэглээ гээд тэд нарыг Монголын  харъяатаас хасах хэрэгтэй гэж донгосдог энэ эмэгтэй өөрийгөө хэн гэж боддог юм бол оо?

Их хурлын хэдэн эмэгтэй гишүүд цагаан сараар ямар бэлэг өгөхийг заах гэлээ гэж агсарч байгаа Мөнгөндалайд,  гадаадад суугаа Монголчууд чи бидний хувийн амьдралыг заах гэлээ гэж  бас агсарч болноо доо?
Гадаадад байгаа Монголчууд  Мөнгөндалайн хэлсэнээр "Өтөл хөгшин болсон хойноо 'эх орон минь'  гээд ясаа тавих гэж ирэх хэрэггүй" юм гэнээ.  Мөн  тэрээр, "Идэр насаа хүний нутагт өнгөрөөчихөөд Монголын төлөө хийсэн гавъяагүй хэрнээ өгөршсөн ясаа эх орондоо тушаах нь шударга хэрэг үү." гэжээ.  Монгол улсын иргэн л юм бол хүүрээ хаанаа булуулахыг нэг муу сагсуу сэтгүүлчийн оронцогоор заалгахгүй шүү гэж хэлэх биз.
"Өгөршсөн ясаа" гэж байгаа шүү! Хамарны дор хагархай гээд бас ч ингэж доромжилж болохгүй байхаа. Өдрийн сонинд иймэрхүү сагсуу  сараачигч олон болбол би л лав захиалж уншихаа болих байх.

Цагаан сарын баярын тухайд саналаа хэлээд энэ удаа дуусгая. Тэр ууц тавих, эд бараа бэлгэнд өгөх энэ тэр чинь сүүлд "баяжигдаж" ирсэн "уламжлал" гэсэн биз дээ?  Энийг "шинэчлэгдсэн", "хөгжиж ирсэн" гээд байгаа бол эндүүрч байна. Тэгж ярьвал цагаан сарын баяр үндсэн утга агуулгаа ч алдсан байна. Ер нь бол идэж уухаараа гайхуулсан, баян  тарганаараа уралдсан, архидан согтуурдаг баяр болжээ. Юуны чинь ах дүүсээрээ цуглаж, танихгүй нь хоорондоо танилцаж ах дүүсээ мэдэлцдэг болох. Цуварч айл хэсээд л идэж уугаад, бэлэг "хураагаад" явдаг биз дээ? Зүй нь хамгийн ахмадындаа цуглаад хоорондоо мэнд усаа мэдэлцэж, амьдрал ахуйгаа ярилцаж, Мөнгөндалайн ад үзээд байгаа эмэгтэй гишүүдийн уриалсанаар ургийн бичгээ сэргээн хөтөлж, шаардлагатай бол нэмэлт хийж, уулзалдаагүй удсан ах дүүс учраас удаан гээч нь  хууч хөөрөлдөж, элгээ дэвтээх баяр байлтай. Мөнгөндалайд бол "бэлэг" нь их чухал юм байна. Тэр муу ургийн бичгээр юугаа хийдэг юм гэж үү?  Чааваас даа гэж.

Эцэст нь, Монголчууддаа хандаж хүсэх зүйл байна. Бэлэг бэлдмээр байгаа бол дотоодынхоо барааг аваарай. Хүнд хэрэгтэй зүйл зөндөө олдоно. Эрээнээс гаралтай хужаа барааг бүү авагтун. Манай ганзагынхан энэ жил Эрээн явж бас баахан мөнгөө үрээд ирэх нь тодорхой. Тэд нарын авчирсан барааг авахгүй байвал тэд дараа жил тэгж хог авчирч "шатахаа" болино. (Нийт олныхоо, улсынхаа тусын тулд нэг удаа "шатаахаас" өөр аргагүй. Манай ганзагачид бүү уурлаарай. Явахгүй бол сайн байна. Явж байгаа бол харамсалтай байна.)  Дараа жилээс тэд нарын гадагш нь зөөж байгаа мөнгө Монголдоо үлдэнэ. Та нарын бэлгэний мөнгө бас дотооддоо үлдэж, үндэсний үйлдвэрүүдийн орлого нэмэгдэж, бизнес нь арвижна. Тэр хэрээр  Монголчууд орлоготой болж, олон ажлын байр ч бий болно. Эцсийн дүндээ бид бүгд хожиж, улс маань хөгжих нигууртай болой.  Сайхан шинэлээрэй!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө