Удвал сайдын урамтай алхам

Эрүүл мэндийн сайд Удвал
Эрүүл мэндийн сайд Удвал сая шийдвэр гаргаж, бүх эмнэлгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлж байна. Мэдээж улсын эмнэлгүүд шүү дээ. Хувийн эмнэлгүүд барагтай бол алдаа гаргахгүй, муу үйлчилгээ үзүүлэхгүй л дээ. Адаглаад харьцааны соёл нь дээр. Хувийн бизнес болохоор аргагүй. Амьдрал нь шүү дээ.  Харин улсын ажилд "хүнийрхэж" ханддаг нь олон үйлчлүүлэгч, эх хүүхдийн аминд хүрдэг, эрүүл мэндийг нь хохироодог болохоор хэл ам тасрахгүй.

Баянхонгорт нэг сувилагч шинэ төрсөн нярайг угаах гэж байгаад халуун усаар түллээ л гэнэ, сая нэг эх төрчихөөд нас барлаа л гэнэ. Шинэхэн жишээнүүд нь энэ.
Удвал сайд зоригтой шийдвэр гаргажээ. Зэрлэг өвсөнд баригдсан газрыг эрүүлжүүлж  сайхан ногоон зүлэгтэй болъё гэвэл тэр газрыг  хуу хагалаад зүлэгний үр цацах хэрэгтэй. Мэдээж зэрлэг шарилжтай зэрэгцээд ногоон өвс ургасан л байгаа, гэхдээ зөвхөн зэрлэгийг нь сорчилж түүгээд ногоон өвсийг нь хөндөхгүй үлдээнэ гэдэг бол бүтэхгүй ажил. Тийм учраас газраа бүгдийг нь хагалаад шинээр үр цацах нь илүү үр дүнтэй.

"Цэвэрлэгээнд" өртөж байгаа эмнэлгийн дарга нарын дотор хэрэггүй муу шарилж ч байгаа,  хэрэгтэй өвс ч байгаа. Энэ цэвэрлэгээгээр хэрэгтэй өвс нь хэрэггүй шарилжаас  болж "хэлмэгдэж"  таарах  нь, гэхдээ мэдээж эргээд сонгон шалгаруулалтанд орж  "төрд хэрэгтэй зайран" гэдгээ нотолж чадвал ажлаа буцаагаад л авна. Харин тэгсэн тохиолдолд өөрийнхөө багийг  хүний төлөө гэсэн хүнлэг сэтгэлтэй  ХҮМҮҮСЭЭР  бүрдүүлэх нь  чухал. Эмч хүнд мэргэжлийн ур чадвараас гадна хүнлэг сэтгэл байх ёстой.
Сайдын хэлдгээр, "ард түмнээр гуйлгаж, долигнуулж, өмнөө сөхрүүлсээр байгаад өөрсдийгөө бурхан шиг санасан, иргэдийн татварын мөнгөөр амьдардаг гэдгээ мартсан" эмч нар ажлаа өгөөд сайн дураараа зайлсан нь бараг шулуухан. Ийм эмч нарт мэргэжлийн чадвар байвч, хүнлэг сэтгэл байхгүй.

Эмч нарын харьцааны соёл дээр анхаарч хийх ажил их бий. Чи үхнэ  гээд пал хийтэл хэлдэг эмчийг ямар хүн гэх вэ? Хэдийгээр уг өвчтөн эдгэшгүй өвчин туссан байж болох боловч амьд байхад нь сэтгэл санаагаар  ингээд "алаад хаячихаж" байгаа юм. "Санамсар болгоомжгүйгээс" болоод жирэмсэн болсоноо мэдээгүй явж байгаад эмчид үзүүлтэл өөдөөс нь тэнэг мангараар нь дуудаж загнадаг эмэгтэйчүүдийн эмч бидэнд хэрэггүй. Ер нь манай эмч нар үзүүлж байгаа иргэдээ их загнах дуртай. Дарга ч юм шиг. Янз бүрээр хэлнэ. Үйлчилгээний улс гэдгээ  мартсан хэнэггүй бөгөөд бүдүүлэг хүмүүс их бий. Эмнэлгийн салбарт томоохон хувьсгал хийх цаг болжээ.

Ажлаа сайн хийж байгаа эмч нарыг урамшуулж нэмэгдэл  шагнал өгч байсан ч яадаг юм. Тэгэхдээ харин үйлчлүүлэгчдийнх нь санал, үнэлгээн дээр үндэслэж шүү дээ. Муу үнэлгээ авдаг, нэр хүнд муутай эмч нар нэмэгдэл авах нь байтугай, ажлаа ч өгч мэдэхээр тийм л тогтолцоо бий болгомоор байна.
Энэ тал дээр шинэ сайд их  зүйл хийх байхаа гэж найдая. Шинэчлэлийг Удвал сайд өөрөөсөө эхэлж, Баянхонгорт түлэгдсэн хүүхдийн ар гэрээс уучлалт гуйсан нь бас л нэг соёл. Тухайн  салбарыг хариуцсан гэдэг утгаараа бурууг  цуг үүрэлцэх нь ёс суртахууны асуудал юм.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө