МАХН-ын золиос

Ялтан Энхбаярыг чөлөөлөх гэж 216 эх өлсгөлөн зарлахаар бүртгүүлж гэнэ. Одоогийн байдлаар 7 эх өлсөж байгаа аж. Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн ээж  бас өлсгөлөн зарлана гээд сандаргаж байгаа гэнэ. МАХН-аас болон эмч нараас мөнөөх эхчүүдэд өлсгөлөн зарлаж болохгүй гэж хэлээд ямар ч нэмэргүй байна гэнэ. Эхчүүд өлсөж үхэхээр сэтгэл шулуудсан юм байхаа. Баасанхүү гишүүн хэлэхдээ, намын зүгээс өлсгөлөн зарлахгүй байхыг олонтаа ятгасан боловч үгэнд нь ороогүй юм гэнэ. Намынхаа үгэнд ордоггүй яасан задарсан "итгэгчид" вэ? Энэ намынхан дээр дооргүй сайхан жүжиг тавих юм даа гэж. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү
МАХН-аас одоо энэ ажлаа улам далайцтай зохион байгуулж өлсөж амиа золиослогчдын тоог 1000 болгох хэрэгтэй. 1000 эх өлсгөлөн зарлаж байсан тохиолдол дэлхийд байхгүй л болов уу. Гиннесийн номонд бичигдэх дэлхийн рекорд болох нь байна шүү дээ. Монголын маань нэр дэлхийд гарах нь. Нэр нь л гарч байвал сайн муу нь ямар хамаатай юм.
Мянгуулаа зулын гол болж шатаж үхвэл бүр сүртэй шдээ. Зулын гол болох хүн харин байна уу гэж би асуусан боловч одоогоор шатаж үхэх "тэнэг эх"  олдохгүй байгаа бололтой. 

МАХН-ынхан ухаан муутай, толгой нь эргэсэн хэдэн хүний амиар тоглож, нийгэмд бөөн үймээн бужигнаан үүсгэх санаатай юм уу даа. Юу хожих юм бол? Энхбаярыг лав суллуулж чадахгүй. Шүүх эцсийн шийдвэрээ гаргаад тэр хүн оноогдсон ялаа эдлэх нь тодорхой. Хэдэн зуу байтугай, хэдэн мянгуулаа өлсөөд ч шүүх шийдвэрээ буцаана гэж байхгүй. Хүн өлсөөд унахаар шүүх шийдвэрээ буцаадаг бол төр улс гэж тоглоод яах юм! Шүүх, цагдаа  гэж байгаад ч яах юм? Тэгээд л дур дураараа юу дуртайгаа хийгээд л, хэн дуртайгаа алж хядаад л явъя л даа.

Тэгвэл МАХН  ямар зорилгоор ийм заваан юм сэдэж, өлсгөлөн зарлах байр савыг нь хүртэл бэлдэж өгөв өө гэдэг асуултанд л хариулт олох гээд байна л даа. Саявтархан Энхбаярын хэрэг эцэслэн шийдэгдэхээс өмнөхөн Засгийн газарт байгаа сайд нараа татна гэж энэ намын удирдах дээд байгууллагаас шийдвэр гарч бөөн шуугиан болов доо. Ухаандаа Энхбаярыг суллуулах гэж нөгөө хамтарч байгаа Ардчилсан намд нөлөөлөх гэж оролдсон юм уу даа. АН нөгөө шүүхэд нь "үүрэгдээд", тэгээд нөгөө шүүх нь Энхбаярын хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тооцоолсон байх л даа. (Угтаа бол Засгаас гарна гэж үнэхээр зориогүй, зүгээр л айлгах, сүрдүүлэх зорилготой байж л дээ). Гэвч тэдний санасанаар болсонгүй, шүүхээс Энхбаяр нарт өгдөг ялаа өгч, МАХН-ынхан шоу хийсэн нэр зүүгээд өнгөрсөн.

"Шараа болсон" МАХН  "даагаа нэхэж" , энэ удаа эмэгтэйчүүдийг золиослохоор мэргэн арга бодож олжээ. Эмэгтэй хүн, эх  хүн өлсөнө гэхээр нийгэм их эмзэг хүлээж авч дэмжинэ гэж тооцоолж л дээ. Тэгээд МАХН-д ямар ашигтай юм бэ гэж. Нийгмийг жаахан бужигнуулж намынхаа нэрийг амны уншлага болгоно. Үр дүн нь? Нам нь "алдаршина". Сайнаар ч бай, муугаар ч бай, хүн болгоны амнаас МАХН гэсэн үг л гараад байвал энэ нам "хүчтэй" бөгөөд "нөлөөтэй" болж харагдана. "Бид чухал шүү", "Биднээс эмээж, биднээс асууж байхгүй бол яаж ч чадна шүү" гэдэг мессэж тараагаад байна шүү дээ. Энэ л чухал. Тэрнээс биш тэр  хэдэн эмэгтэйчүүдээс хэд нь үхэж, хэд нь үхэлдээ ойртож очих нь сонин биш. Угаасаа шаардлагатай бол хэнийг ч золиосолж чадах нам.

Ерөнхийлөгч Элбэгдорж, Тэмүүжин сайд нар ичих ёстой биш харин МАХН, О.Баасанхүү нар эмэгтэйчүүдийг төр засгийн эсрэг турхирч байгаадаа ичих ёстой юм. Гэвч тэд нартай ёс зүй яриад ч яах юм билээ. Харин энэ үйл явдлыг хүчний байгууллага шалгах хэрэгтэй. Зохион байгуулалттай ийм хэрэг хийснийхээ төлөө МАХН-ын удирдлага хариуцлага хүлээх нь зүйд нийцнэ.Улс төрийн бөгөөд ёс суртахууны хариуцлага яригдах ёстой.

Өлсгөлөн зарласан эмэгтэйчүүдээс бие нь муудаж зарим нь "золигт гарч" мэднэ. МАХН яасан их баярлаж (гаднаа бол  нулимс дусаастай шүү дээ) , хүний үхлээр тоглох бол доо!  Харж л байгаарай. Тэнгэрийн авралаар хүний амь сүйдэхгүй өнгөрвөл аз. Эцсийн дүнд,  МАХН баахан шоудаж рекламдаад, хэдэн эмэгтэй эрүүл мэндээрээ хохироод дуусах байх л даа. Өлсгөлөнгөө зогсоох  шалтаг хаа мундахав. Элбэгдоржоор гуйлгуулж байж зогсоох нэг арга бэлэн байж л байна.  Эмч нарын "үгэнд ороод" болих вариант ч байна.  Ер нь бол тэр тал дээр санаа зовох юм алга. Харин хэдий болтол гүрийхэв, яаж төгсгөлийг нь хийхэв гэдгийг МАХН маш нарийн уран сайхнаар найруулаад  бэлдчихсэн байгаа. Зүгээр л  хараад сууж бай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө