Өдрийн сонин Эрээнийг өмөөрөв

Мөнгөндалай тэргүүтэй Өдрийн сонины хүүхнүүд Цагаан сараар  ямар бэлэг авахыг заах гэлээ гэлцэн дуу дуугаа авалцаад л дайрцгаав. Эрчүүд нь ч бас тал засаад юм бичиж байх шиг. Ж.Гангаа мангаагаас өгсүүлээд. Эрээн биднийг ядарч байхад аминд орсон юм чинь тэндээс бараа авдгаараа авах нь зөв гэж донгосох. Үндэсний үйлдвэрийн бараа яахав, дэмжицгээе гэх нь зүйтэй, гэхдээ чанараа сайжруулмаар юм гэж  ааш муутай илжиг шиг эргээд тонгорч байх юм. Эрээнийг зүхлээ, сайн муу ч хөрш минь гэж цухалдаж байна.. Эд нар яагаад Эрээнд хайртай, тэндхийн хужаануудад элэгтэй болчихов?

Тиймээ, Монгол ядуу байхад тэндхийн хямдхан "хог" бидний хэрэгцээнд дүйцэж байлаа. Манай наймаачид багагүй мөнгөөр тэнд "хөрөнгө оруулалт" хийсний буянаар олсныгоо хурааж юм болгож чаддаг айхтар улсууд амьдралаа өөд нь татаж чадсан.  Өнөөдөр байдал өөр болж, бид өөр нүдээр харах цаг болсон. Бид тийшээ урсаж байгаа мөнгөө дотооддоо ихэнхийг нь зарцуулж эргүүлж байвал бидний Монголын бизнесүүд цэцэглэнэ гэж үзээд байгаа юм шүү дээ. Монголд огт үйлдвэрлэдэггүй, байхгүй эд бараагаа тэндээс, болж өгвөл арай чанартайгаар нь Бээжингээс ч юм уу, мэдээж авч л таарна. Харин ямар ч чанаргүй, үлдэцгүй элдэв "хог" болсон барааг тэндээс битгий зөөж цагаан сарын бэлэг болгооч ээ гэж байна. Үүнийг ойлгохгүй, Эрээнийг муу хэллээ гэж байгаа энэ Гангаа ер нь юу яриад байна? Өдөөд байна уу, үнэхээр хэлэх гэж хэлээд байна уу?

Өдрийн сонинынхон ч багаараа ам нэгтэй дуугарч байх шив. Эрээнийг өмөөрөхөөс өөр бичих сэдэв, сурвалжлах газар, хөндөх асуудал зөндөө л баймаар. Ядаж л хамгийн түрүүнд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж дотоодынхоо бараагаар бэлэг хийгээрэй гэж дугаар болгондоо уриалж баймаар. Гэтэл харин бүр эсрэг  юм яриад хэл амаа нийлүүлж байгаад шаагиж гэнэ. Уг нь хамгийн түрүүнд шүүрч авдаг сонин минь юмсан, ингэж урам хугалах гэж.
Эрээнээс санхүүжээгүй байгаа гэж найдая.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө