Баабар бачимдаж байна

Баабар
Баабар бачимдаж байна. Үгээ барж ядаж байна. "Популизмаас луйвар дээрэмдлэг рүү" хэмээх  нийтлэлийг (илтгэлийг) нь уншлаа. Бөөн зүхэл. Мань эрийн найз С.Баярын жиргэсэнээр бол Баабар маань боловсрол  дорой  ч хэдэн ном уншсаны хүчинд бусдаасаа арай дөнгүүр сараачдаг гэж байгаа. Байсан гэвэл онох байх даа. Дээр дурдсан "сараачуур" ч сараачуур л болж.
( Энд дарж  уншаарай. )  Тэрээр, "Нийгмийн ухамсар мөхөс, сэтгэлгээ дорой, хариуцлага үгүй, ширингийн ёс суртахуун ноёлосон, бэлэнчлэх дуртай манай мэтийн оронд цаашлах тутам шуналаа ардаа нуусан популист царайтнуудын тоо болон амжилт улам газар аван улс орон дампууралдаа тулна, харж л байгаарай." гэж бичжээ.  Сүүлийн үеийн бөө удганы давалгаанд  Баабар маань ч бас өртсөн нь илт. Ирээдүйд болох үйл явдал, үзэгдлийг урьдчилж хэлэх дуртай болоод байгаа.  Бас нэг муу жаахан "юм үздэг" болоод байгаа юм уу даа. Ер нь бол яваандаа бид дампуурна гэдгийг түгдрэлгүйгээр шууд хэлж байна.

Одоо бухимдаад яахав дээ, Баабар минь. Бүх юм болдгоороо болж, бид явдаг  замаараа л явж байна.  Үүнээс өөр зам, товчлол энэ тэр бол байхгүй. Бид хэзээ "бар" болохыг  ганц хөх тэнгэр л мэднэ. Ярьж, бичиж, хэлсэнээр болдог бол өдийд арай өөр л байх байсан биз ээ. Гэвч тэгдэггүй  бололтой. Энэ ард түмэн "мордохын хазгай" болсон байна.  Хазгай мордчихсон юм чинь холбирчих гээд л гуйвж дайваад нэг юм салгалаад яваад байгаа хэрэг. Согтуу морьтон аятай.  Ганц л арга байж болох, гэхдээ  тэр нь биелэх найдваргүй бөгөөд хэцүү.  Хэцүүгээс гадна маш их хохиролтой байж мэднэ. Тэр нь юу вэ гэвэл, эмээлээс нь гуд татаж буулгаад, "ухамсрын шанаа" өгөөд буцаагаад зөв тэгш мордуулах явдал. Дэгэнд оруулж, нэг гар дор зангидах асуудал. Мэдээж Чингис хаан-2  гэдэг хүн  төрөхгүй учраас бидэнд байгаа ганц арга бол хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал тогтоох явдал.  Энэ бүхэн Үндсэн Хуулиа (ҮХ) үндсээр нь өөрчлөхөөс эхэлнэ. Гэвч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ҮХ-д өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн гишүүн С.Оюуны хэлсэнээр бол ҮХ-д бүхэлд нь өөрчлөлт оруулахгүй  харин Парламентын  засаглалыг боловсронгуй болгоход чиглэж ажиллах юм байна.  Энэ чинь нөгөө л хоосон үлгэр байхгүй юу. Одоогийн Парламентын засаглал нь "боловсронгуй бус" байгаа юм гэнэ. 

Засаглалын хэлбэрийг, тогтолцоогоо өөрчлөхийг, тодорхой хэлбэл,  Ерөнхийлөгчийн засаглал тогтоохыг эсэргүүцэгчид маш олон бий.  Тэдний нэг хэсэг нь тогтолцоогоо өөрчлөх нь өөрсдийнх нь сонирхолтой зөрчилдөх учраас  эсэргүүцэж байгаа бол үлдэх тал нь Ерөнхийлөгчийн засаглалыг "Хадны мангаа" гээд ойлгочихсон хүмүүс байгаа. Мэдээж "Хадны мангааны" үлгэрийг уншиж өгдөг нь эхний хэсэгт багтаж байгаа хүмүүс шүү дээ. Энэ өгүүллийн баатар Баабар маань мөн тэр үлгэр уншиж өгдөг хэсэгт багтана. Энэ ард түмэн ямар ард түмэн бэ гэдгээ эхлээд мэдэцгээх хэрэгтэй. Өөрсдийгөө нэг л сайн "танихгүй" байх шиг. Бид чинь "таван салаа боов" амсаж байж толгойд нь юм ордог, гар хөл нь хөдөлдөг хүмүүс шүү дээ. Натур нь тийм юм. Өөрсдийгөө бусадтай адилтгаад, "ухамсар, нийтийн эрх ашиг, хамтын сонирхол" гэх мэтийн ойлголт, шинж чанаруудыг өөрсдөөсөө хайгаад хэрэггүй. Бид нуруугаа гартал ажилладаг тариачин, нэг дор цуглаж амьдардаг иргэншилтэй хүмүүсээс тэс өөр.  Өөрсдийгөө таньж мэдээд, эрс өөрчлөлт хийхгүй л бол хий хоосон бухимдацгааж нервээ барж яана. Тогтолцоогоо өөрчлөх тухай ярихын оронд тогтолцооны "гажуудал" засах юм  яриад суугаа улсын  ирээдүй бүрхэг. Гэвч  ингэж мөлхсөөр байгаад хаа нэгтээ, хэзээ нэгэн цагт хүрэх л биз. Гээд ямар тэр болтол зүгээр суултай биш, сараачих нэг нь сараачаад л, популистууд нь популизмдээд л, дээрэмчид нь дээрэмдээд л , турж үхэх нь турж үхээд л явцгааж байхаас. Тийм ээ?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө