Монголын хөл бөмбөгийн түүхийн хар толбо буюу бид яаж босох вэ?

Монголын хөл бөмбөгийг өөд нь татаад гаргаад ирдэг аавын хүү байна уу?  Санхүүжилт л хэрэгтэй юм шүү дээ. Тэрнээс биш манайхан тоглож чадахгүйд учир нь  байгаа юм биш.  Бөхийнхөө төрлүүдийг дааж аваад сэхээж байгаа бэлэн жишээ байна.  Женко маань жюдо бөхийг , Аса аварга чөлөөтийг ивээлдээ авсанаар үр жимсээ өгөөд эхэлсэн. Тэд гаднаас  туслалцаа аваагүй өөрсдөө дэмжиж босгож ирсэн. Хөл бөмбөгийн хувьд дотоодын спонсор олдохгүй явсаар өдийг хүрчээ. Гаднаас бишгүй мөнгө өгсөн гэх боловч хаашаа ч юм "хийсээд" алга болчихдог гэнэ. МХХ-ны удирдлага энэ тэртэй холбоотой элдэв яриа байх, гэхдээ энд тэр тухай хөндөхгүй. Арай алс ирээдүйг харсан санаа бодлоо хуваалцая гэж.

Монголыг бут ниргэсэн бор жаалууд баярлан хөөрч байна
Зүүн Тимор гэдэг улсын шигшээ багтай хийсэн саяын тоглолтонд Монголын шигшээ баг 4:1-ээр хожигдсон байна. Ай чааваас гэж! Нүдний булайнууд нэр баастаад иржээ. Хичнээн мөнгө хомс, хувцас муу, тааруухан дасгалжуулагчтай байсан ч гэсэн  хүч хурдны бэлтгэл сайн байсан бол тэр арлын бор жаалуудад элэг бариулахгүй л байсан байх. Биеийн хүчний бэлтгэлийг хувь тамирчин  бүр бие даагаад хийхэд юу ч саад  болохгүй. Өөрсдийгөө бэлдээгүй байна гэсэн үг. Тиймдээ ч эсрэг багийнхаа хэдэн хөнгөн хөлтэй нөхдийг хөөж гүйсээр сүүлдээ эцэж, ямар ч зохион байгуулалтгүй  учраас цаадуул нь толгойг нь эргүүлж бужигнасаар байгаад 4 гоол хийчихдэг юм.

Ингэж оромдож байхаар бүр больчихмоор юм.  Уг нь бидэнд дэлхийд гарах амбиц байх ёстой. Дэлхийн аваргад Ази тивээс шалгарч гардаг болсон нөхцөлд хөл бөмбөг Монголд хөгжиж байнаа гэж хэлнэ. Тэгээд цаашаа даврана гэж үзнэ. Европын улсууд яагаад энэ спортод сайн байна гэдгийг судлах хэрэгтэй. Миний бодлоор учир шалтгаан нь тэдний биеийн өндөрт биш харин сахилга бат, тактикт л байгаа болов уу. Латин Америкийн багууд энэ тал дээрээ сул боловч хувийн тоглолт, техник сайтай учраас үүнийгээ нөхчихдөг. Гэхдээ сүүлийн үед Европын  тоглогчид техник их сайн болоод байгаа. Азийн багуудын хувьд аль аль нь дутмаг байгаа учраас цоорч гарч ирж чадахгүй байна.

Монголын хөл бөмбөгийг хөгжүүлэхийн тулд Хөл бөмбөгийн Холбоо эхлээд спонсороо олох хэрэгтэй. Санхүүгийн урт хугацааны найдвартай эх үүсвэртэй болох нь  эхний асуудал. Дараагийн асуудал нь мэргэжлийн багтай болох явдал.  Багийн гишүүн бүртэй гэрээ байгуулна гэсэн үг. Гэхдээ багаа бүрдүүлэхээс өмнө тухайн багтай (тамирчидтай) ажиллах дасгалжуулагчийг сонгосон байх хэрэгтэй. Би өмнөх бичвэртээ  санал болгож байсан санагдана. Болж өгвөл Германаас сайн дасгалжуулагчийн баг урьж ажиллуулах нь зөв болов уу гэж. Тактик, стратег, тоглолтын сахилга бат, зохион байгуулалт тал дээрээ эхлээд сайн болж авах нь амин чухал. Тэр хувийн тоглолт, техникийн асуудал аяндаа яваандаа болно. Бид эхлээд ганц хоёр "од"-той болохоосоо өмнө яаж тоглох ёстой вэ гэдгээ заалгах хэрэгтэй. Рональд, Роналдино, Марадона нар төрөх эсэх нь эхний удаад чухал биш. Хөл бөмбөг бол багийн тоглолт учраас эхлээд багаараа тоглох, яаж тоглох гэдгээ сурчихая.

Спонсороо олсон, дасгалжуулагчаа сонгосон, багаа бүрдүүлсэний дараа ажил эхлэнэ дээ. Зорилтоо тодорхойлох хэрэгтэй. Хамгийн эхний зорилт бол ойрын үед болох дэлхий аваргын тэмцээнд Ази тивийг төлөөлж шалгарч оролцох явдал. Энэ бол нэг хоёр жилийн асуудал биш, гэхдээ 10, 20 жилийн асуудал байж бас таарахгүй. Зорилго тодорхой, бас түүнд хүрэх хугацаа тодорхой байх ёстой. Мэдээж дасгалжуулагчтай энэ тухай гэрээлэхдээ тусгасан байх нь зүйтэй.
Бид амжилтад хүрч дэлхийд мандсан хойно Зүүн Тиморын бор жаалууд бас нэг бахархах, дурсах  юмтай болно. "Монголын багийг тэр жил бид будаа болгож байж билээ" гэж хуучлах биз. Тэр яахав, гол нь бид нэрээ гаргачихсан сууж байвал тэр зэргийн хууч яриа ч яамай байнаа, харин.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө