Ц.Оюундарийн "хатан ухаан"

Ц.Оюундарь (МҮОНРТВ-ийн Ерөнхий захирал)
Олон нийтийн радио, телевизийн шинэ захирал Ц.Оюундарь  мэргэжлийн сэтгүүлч юм гэсэн. Мэргэжилдээ муугүй байж мэдэх  боловч зохион байгуулах чадвар муутай юм уу гэмээр байдал  сая зохион байгуулагдах гэж байгаад гэнэт цуцлагддаг шууд мэтгэлцээнтэй холбоотой үйл явдлаас харагдаж байна. Уг нь жаахан толгой нь ажилладаг байсан бол иргэдээ ч, мэтгэлцээнд ирсэн хүмүүсийг ч бухимдуулахгүй зохицуулж болох л байсан. Тэгээгүйгээс элдэв бусаар хэлүүлээд л сууж байна. Энэ ч сайны ёр биш дээ. Иймэрхүү байдлаар ажиллах юм бол ирэх жилүүдэд, ялангуяа сонгууль болох жилийн өмнө, ид сонгуулийн үеэр болон дараа нь олон амьтны аманд багтаж мэднэ. Намын генсек байх, МҮОНТВ-ийн Ерөнхий захиралаар ажиллах хоёр ихээхэн ялгаатайг эрхбиш  мэдэж байгаа биз ээ.

Дуучин Жавхлан, Т.Даш, Ц.Энхбаяр (Малайзын цагдаа нарт алуулдаг Алтантуяагийн аав) нарын гарын үсэг бүхий бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Ц.Оюундарь захирал  Монгол телевизээр шууд дамжуулах "Төр буруутай юу, түмэн олон буруутай юу?" нэртэй мэтгэлцээнд цаг гаргахыг зөвшөөрчээ. Ингэхдээ хариу бичигтээ нэгэн болзол тавьсан байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр, мэтгэлцээнд оролцох ёстой талуудаас аль нэг нь ирээгүй бол уг нэвтрүүлгийг цуцлана шүү гэсэн анхааруулга. Гэхдээ Оюундарийн бичигт "аль нэг нь" гээгүй, зүгээр л "оролцогч талууд" гэсэн байгаа. Уг нь оролцогч талууд гэдэгт тухайн үйл ажиллагаанд оролцогч бүрийг хамруулж ойлгодог байтал экс генсек маань зөвхөн өөрийнхөө бичигт нэр зааж дурдсан этгээдүүдийг ингэж нэрлэсэн байгаа юм. Санаачлагч, зохион байгуулагч Жавхлан нар ч мөн оролцогч тал бас мөн биз?


За ингээд Оюундарь "мам дарийн" арга залийг жаахан сонирхож үзье. Дээрх зураг дээр байгаа албан бичгийг нь сайн уншаад үзээрэй. Үзэл бодлын тэнцвэртэй байдлыг хангаж байгаа гэгээн дүр эсгэх далимд эрх баригчдын ашиг сонирхлыг, нэр нүүрийг хамгаалах бүсгүй хүний "Мандухай маягийн ухаан" сийлж чадсан байгаа юм. Жавхлан гуай сэцэн ухаант Оюундарь хатагтайн гарыг .үнсэж "Браво!" гэж хэлээд молиго үмхээд авсанаа хүлээх хэрэгтэй.
Ерөнхий захирал хатагтай маань оролцогч талууд гэж зүгээр ч нэг нэр цохоогүй юм шүү. Төрийн 3 өндөрлөг , УИХ-ын бүх гишүүд ирэх ёстой гэж байгаа шүү! Өөрөөр хэлбэл,  Жавхлан нар тэдгээр нэр дурдагдсан хүмүүсийг (Эби, Зэ, Сайхнаа болон нөгөө алдарт 76 "ямаануудыг") толгой дараалан чирч авчраад байлцуулж чадахгүй бол наад шууд нэвтрүүлэг чинь лөөлөө болно шүү гэсэн утгатай. Нөгөө үлгэрт гардаг шиг нар, сарыг надад аваад ирвэл би чамтай сууна гэдэг  болзол тавьдаг гүнж шиг аашилсан байгаа юм.

Төрийн гурван өндөрлөгийн ажил алба худлаа үнэн ч хугацаатай графиктай, урьдчилж төлөвлөсөн байдаг. Хаана ч тийм. Тэр гурвыг нэг дор цуглуулна гэдэг бол маш хэцүү ажил. Их эртнээс төлөвлөж, график хуваарьт нь оруулж байж бүтэх асуудал. Тэрнээс биш Жавхлан нарын хүссэнээр 3 сарын 5-нд  цаг авах бичиг явуулаад 9-нд хариуг нь аваад 11-нд хийчихдэг юм биш. Оюундарь бодвол хариу зөвшөөрсөн бичиг дээрээ гарын үсэг зурж байхдаа хөх инээд нь хүрч байсан биз. (Энэ гурав гурвуулаа  ирж мөн харагдав аа, хи-хи-хи) Жавхлан ч гэж Жавхлан. Жаахан бодолтой хашир хөдөлж баймаар.
Хараал  зүхлийн бай болоод байгаа эрхэм төрийн түшээд маань (эрхэмээ ч хат даа) өөрсдийнхөө цугларалтанд бүрэн ирдэггүй юм чинь Жавхланг дуудахаар яг ирж харагдаач. Зэ-гийн үгэнд ордоггүй юм чинь Жа-гийн урилгыг тоох уу? Ингээд энэ бол үлгэр учраас мэтгэлцээн болохгүй гэдгийг Оюундарь  хариу бичиг өгөхдөө л  урьдчилаад хэлчихсэн байна шүү дээ. 76 гишүүдээс хоёр гурав нь харагдана лээ. Уянга, Даваасүрэн, Бат-эрдэнэ аварга гээд. Тэглээ гээд яахав дээ, дээр нэр дурдсан "оролцогч талууд" бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээгүй учраас өнгөрөө.

Дараа нь ямар нэгэн тайлбар хэлэлгүй хаядаг нь  бас л нөгөө өөрийг нь тэтгэж, тэжээж буй эрх мэдэлтнүүдээ муу болж харагдуулахгүй гэсэн Оюундарийн санаачлага биз ээ. Уг нь яагаад цуцлах ёстой болсон  шалтгаанаа хэлчихсэн бол уг мэтгэлцээнийг хүлээж байсан олон мянган үзэгчид  дор бүрнээ өөрсдийнхөө  дүгнэлтийг  хийх байсан байх. Жавхлан энэ удаа хөнгөдөж, Оюундарь хэн гэдгээ харууллаа. Зохион байгуулах чадвар муутайдаа биш, харин ч давхар дэгээ сайн хийдгээ телевизийн шинэхэн босс энэ үйл явдлаар нотолчихов уу гэлтэй. "Мам дарийг" амар барж идэхгүй шүү та нар!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө