Байгаа зөв хармаар байна!

Ц.Элбэгдорж (Монгол Улсын Ерөнхийлөгч)
Монголд одоо хамгийн их адлагдаж байгаа хоёр зүйл байна. Энэ бол Ерөнхийлөгч ба ардчилал хоёр. Энэ хоёр өөрсдийнхөө буруугаас  болж ингэж нэр хүндээ алдаагүй, харин яг үнэндээ  НАМ  гэдэг далбаан дор эрх мэдэлд хүрсэн эх оронч бус, үл бүтэх, эдийн шуналтай нөхдөөр төр засгаа тоглуулсаны балаг юм. Тийм хүмүүс яагаад ингэж эрх мэдэлд хүрч чадав аа? Ганцхан НАМ гэгчийн "буянаар"  шүү дээ. Бид тэр НАМД нь итгээд саналаа өгчихөөр тэр далбаан дор ийм луйварчид гарчихдаг байхгүй юу! Намын жагсаалтаар болон намын нэрийн өмнөөс нэр дэвшиж  гардаг биз дээ? Ийм учраас л тэр үүр уурхайг нь байхгүй болгох хэрэгтэй байгаа юм. Ядаж энэ улс орны байдал сайжиртал янз бүрийн  гуншинтай  НАМ нэртэй бүлэглэлүүдийг (түр)  хориглох хэрэгтэй. 

НАМЫН далбаан дор гарч ирж байгаа хүмүүс бүгд новш гэвэл шударга бус болох байх, гэхдээ ихэнх нь. Энэ олонхийг гаргахгүйн тулд зарим нэгийнх нь боломжийг хаахаас өөр арга алга. Улс төрийн НАМЫГ хориглочихоор  хүний эрх зөрчигдөнө гэж эсэргүүцэж байгаа хүмүүст хэлэхэд, нэгдүгээрт, хэрвээ улс орны төлөө зүтгэе гэж байгаа бол тэрийгээ батлаад, үнэмшүүлээд бие даагаад гараад ирэх бүрэн боломж байгаа, хоёрдугаарт, өнөөдрийн нөхцөл байдлын гол буруутан нь НАМ болж байгаа учраас ард түмнийхээ, улс орныхоо ашиг сонирхлын төлөө түр ч гэсэн хориглохоос өөр замгүй болж байна. Яагаад гол буруутан гэдгийг олон жишээн дээр баталж болно:
- Ард түмнийг гишүүнчлэлээрээ хувааж аваад талцуулж, хагаралдуулж байна. Улс даяараа, аймаг  сум, дүүрэгт, айл гэр дотроо хүртэл олон намд хуваагдаж эв нэгдэл алга болжээ. 
- Намын харъяалалаар нь гадуурхаж, хохироож байна. (ажилд орох гарах, элдэв үйлчилгээ авах г.м.)
- Улс орны байдлыг муутгасан, хохиролтой бодлого шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүд нам дээр бүх ялаа үүрүүлээд өөрсдөө цэвэрхэн үлддэг. Бүх зүйл сүүлдээ хариуцах эзэнгүй болж хоцордог.
- Янз бүрийн нэр хаягтай нэг л их олон нам байх боловч үнэндээ бие биенээсээ ялгараад байгаа юм алга, нөгөөтэйгүүр улс орноо хөгжүүлэх том бодлогогүй, онолгүй, амлалт жагсааж бичихээс өөр чадваргүй бүлэглэлүүд байгаа нь үнэндээ ТББ-аас нэг их ялгаа алга. Харин ч үл бүтэх нөхдийн ашиг сонирхолдоо ашигладаг зэвсэг болж хувирсан байна.

Ерөнхийлөгч Элбэгдорж хууль баталдаггүй, зөвхөн санаачлах эрхтэй. Хэрэгтэй олон хуулиуд санаачилж, заримыг нь батлуулсан. Заримыг нь бидний "хайрыг татаж" сонгогдсон эрхэм гишүүд маань хэлэлцэхгүй үл тоож байгаа. Элбэгдоржийн эрх мэдэл гэж юу байна аа? Засгийн ажлыг Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайд өөрийнхөө бүрдүүлсэн танхимын сайдуудтай хамтраад хийдэг юм. Хариуцлага тооцох бол уг нь Ерөнхий сайд ба түүний командтай ярих ёстой. Тэр Ерөнхий сайдыг томилсон НАМТАЙ нь ярих ёстой юм. УИХ бол төр барих дээд байгууллага гэдэг биз? Төр самуураад дампуураад байвал УИХ-тай ярих ёстой. Бидэнд сайхан амлаж  сонгогдсон хүмүүстэй  хариуцлага тооцох  ёстой. Улс орны амьдралд хэрэгтэй хуулиудаа цаг тухайд нь батлахгүй, хэсэг бүлгийн сонирхолд нийцсэн бөгөөд тэдний явуулгаар зөвхөн тэдэнд зориулсан хуулийг элдэв муу аргаар сэмхэн батлаад байгаа бол тэр УИХ-ыг тараах хэрэгтэй.  Ажилдаа ч ирж суухгүй, хуулиа хэлэлцэхгүй, эсвэл намаараа талцаад "завсарлага" аваад ажил гацаагаад, хуулиа  батлахгүй цаг алдаад  байгаа УИХ-аар яах юм?  Зөвхөн өөрсдийнхөө сонирхолд нийцүүлэх гэж хууль гацаадаг, өөрчилдөг, захиалгаар баталдаг, бие биенээ бойкотлодог ийм арчаагүй төлөөлөгчдөөр яах юм?

Сонгогчдын олонхийн саналыг авчихаад эрх баригч болсон намаас сонгогдсон Засгийн газар нь ажлаа хийж чадахгүй бол бид тэр Засгийн газрын, Ерөнхий сайдын амыг асуух ёстой бус уу?  Монгол Улсын Ерөнхийлөгч хууль тогтоох болон засгийн ажилтай хутгалдах "хувь заяагүй" хүн. Тийм эрх байхгүй. Хуулиараа олгоогүй юм шүү дээ. Тэр хүн  Монгол улсыг төлөөлж гадаад орнуудад айлчилдаг, үг хэлдэг, том том бодлого ярьдаг л үүрэгтэй. Хийдэг ажил нь ердөө энэ. Монголдоо бол гавъяа шагналын зарлигт гарын үсэг зурсан шиг, хааяа нэг өршөөл үзүүлсэн шиг, улс орны томоохон асуудлаар байр сууриа илэрхийлсэн шигээ сууж байх ёстой хүн юм уг нь. Гэвч тэрээр тэсэж сууж чаддаггүй тэвчээр муутай болохоороо хууль тогтоох болон засгийн (аж ахуйн) ажилд хушуу дүрж оролцох гээд байдаг муу зантай.  Энэ нь  бусдад тийм эрхтэй юм шиг харагдуулдаг байж магадгүй. Олон хүн Ерөнхийлөгчийг юу ч хийхгүй муу байна гээд байдаг нь  энэ буруу ойлголттой холбоотой байх. Тэгээд ч манайханы ойлголтоор Ерөнхийлөгч гэхээр л бүх юмыг мэддэг, захирдаг, заадаг, залдаг мундаг эрх мэдэлтэй  албан тушаалтан гэж хардаг учраас их юм "нэхдэг" болов уу. Энэ нь нөгөө л иргэдийн маань хууль зүйн мэдлэг, боловсрол дулимаг байгаатай холбоотой.

За ингээд улс орны маань өнөөдрийн байж байгаа царай, иргэдийн маань ойлголт мэдлэг дутмаг байгаа хоёр нийлэхээрээ үр дүнд нь алдаа дутагдал бүхэн  Ерөнхийлөгч дээр  тохогдож, сонгож авсан зам маань буруу болж хувираад ардчилал гээчийг жигших уур амьсгал бий болжээ. Гэтэл бидний хараалах жинхэнэ бай чинь УИХ, Засгийн газар хоёр байхгүй юу! Бүр цааш нь томоор нь харвал тэдгээр байгууллагыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудыг бид хараах ёстой юм. Бие дааж нэр дэвшээд сонгогдсон хүмүүсээс элдэв тэндэрт нэр холбогдоод, албан тушаалаа ашиглаад ашиг хонжоо олсон, амин хувийнхаа амьдралыг, ах дүүгээ өөд нь татсан "сүйхээтэй" гишүүн байна уу? Байхгүй. Бид дайрах хүмүүсээ, байгаа зөв олж харахгүй буруу тийшээ давшлаад байна. Ерөнхийлөгчийг харааж, ардчилалыг зүхэхийн оронд НАМУУДЫГ болон тэдгээрийн далбаан дор төр засагт шургалсан үл бүтэх нөхдийг хараалах ёстой юм. Алсын бодлогогүй арчаагүй ажиллаж ирсэн Ерөнхий сайд нар, танхимын гишүүд, улс орондоо хохиролтой гэрээ  хийж  өөрсдийгөө барьцаанд оруулсан сайдууд, намын эрх ашгийг улсынхаас дээгүүр тавьж ард түмний сонирхлыг золиосолдог намуудыг дайрах ёстой юм.

"Аль ч нам нь гарсан ялгаагүй" гэдэг үг иргэдийн амнаас гарч байна. Үнэн мөртөө нөгөө  талаар цөхөрсөн өнгө аястай сонсогдож байгаа биз?  Ялгаагүй болсон тэр олон намуудыг байлгаж тэгвэл яах юм? Улс төрийн нам нэртэй боловч Монголд энэ байгууллагыг нам биш харин төр засгийн эрхэнд гарах гэсэн хэсэг   хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалагч бүлэглэл (мафи) гэвэл ононо. Тэр хэсэг хүмүүс нь бусад итгэгч (намын жирийн гишүүд) нараа энэ зорилгодоо ашигладаг бөгөөд жирийн иргэн оролцох боломжийг мөнгөний өндөр босго тавьж хаадаг. Жирийн иргэнд тэр олон сая төгрөг яаж байх билээ? Харин муу сайн элдэв аргаар хөрөнгөжиж баяжсан хэсэг хүмүүс намдаа олон саяар нь хандивлаж, сая саяар нь татвар өгсөний хариуд сонгуульд нэр дэвших эрх худалдаж авдаг бөгөөд цаад зорилго нь улс орныхоо төлөө бие сэтгэлээ зориулах биш, харин эд хөрөнгөө улам арвижуулах ганцхан гэгээн зорилготой. Атгаг хүмүүст эрхийг нь өгчихөөр авилга, луйвар ар араасаа ундрах нь мэдээж. Чононд хонио мануулах ажлыг даатгасантай агаар нэг гэсэн үг. Мэдээж анх гарч ирэхдээ "чоно" гэдгээ хэлэхгүй нь ойлгомжтой. Хонины баг зүүчихээд л, "Би та нар шиг жирийн л нэг хонь. Намайг сонгочихвол та нарын хот хороо, билчээрийг би диваажин болгож чадна" гэж  панаалдаад л гараад ирдэг. Гарсан хойноо нөгөө багаа хуу татаж хаяад, "Би чоно байна, та нар тэгээд яах юм?" гэж тавлана. (Гишүүнийг эргүүлэн татах эрх нь сонгогчдод хуулиараа байхгүй болохоор тэгж даналзахаас ч яахав дээ.) Ийм л байдалтай үндсэндээ 25 жилийг өнгөрөөжээ. Одоо ойлговол ойлгох цаг болсон баймаар. Тэгээд байгаа зөв олж хармаар байна шүү! Тэгэхгүй бол буруу байгаа буудаж унагаад байвал ямар хэрэг байх вэ дээ? Элбэгдоржийг буудаад  унагачихвал  байдал сайжирна гэж арай итгээд байгаа юм биз биз дээ?

Пи.Эс: Намыг төлөвшүүлэх хэрэгтэй, сайн нам бий болгох  хэрэгтэй ч гэх шиг жонхуу ярьдаг хүмүүс байнаа. Нөгөө МА(Х)Н "шинэчлэгдэж байна" гэдэг шиг сонсогдож байгаа биз?  Одоо хэр нь шинэчлэгдээд л байгаа гэсэн, хэзээ ч шинэчлэгдэж дуусах юм бүү мэд. Нэг л өдөр "Дра, би шинэчлэгдчихлээ!" гэх нь л дээ. Ийм үлгэр ярьж амиа зогоохоо больцгооё. Манайд сонгодог утгаараа нам гэдэг юм бий болоод жинхэнэ онолтой, үзэл бодолтой, бодлоготой болтлоо өдий байна. Тэр цаг хэзээ нэгэн цагт ирж магадгүй. Магадгүй шүү. Гэхдээ тэр болтол бид туршилтын туулай  хэвээрээ  байвал  энэ улс орон, бидний амьдрал  сүйд болох нь. Нам гэдэг бүлэг өнөөдөр Монголыг аврах биш алж байна. Намууд төлөвшихийг хүлээвэл дахиад хэдэн жил болохыг хэн ч мэдэхгүй. 25 жил тоглуулаад одоо байгаа байдлаа хар даа. Дахиад 25 жил хүлээх үү? Намгүй болчихвол  Монгол сүйрлээ юү?   Арай тэгж солиорох хүн гарахгүй байгаа?  Бидний өвөг дээдэс намгүйгээр төр улсаа  удирдаад болоод л байсан байх.  Төр засгийг заавал намууд бүрдүүлэх ёстой юу? Нам гэж юу юм, ер нь? Угтаа бол хүмүүс л биз дээ? Тэгвэл нам гэж талцахгүйгээр улс орныхоо төлөө алд биеэ золиослоё гэж байгаа хүмүүс өөрсдөө бие дааж нэрээ дэвшүүлээд УИХ-ыг бүрдүүлж болох уу? Болж л таараа. Намын хуйвалдаан, хор найраа гэхгүйгээр хүмүүс  бие дааж  өрсөлдөөд, шилдгээ сонгоё л доо. Тэр хүмүүс зөв гэсэн өөрийнхөө бодлоор саналаа өгөөд л хуулиа олонхиороо батлаад явах нь харин ч зөв, эрүүл хууль гарах магадлалыг дээшлүүлэх бус уу?  Заавал баг болж, бүлэг фракцаараа талцаж  хэрэлдэж байвал сайн хууль гардаг бол өдийд тэр нь батлагдаад ажил сайн явах байсан биз. Гэтэл бүх юм эсрэгээрээ явж ирээ биз дээ?  Засгийн газрын тухайд  гэвэл, тогтолцоогоо өөрчлөөд Ерөнхийлөгчийн засаглалыг сонгочих юм бол бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч өөрийнхөө багийг бүрдүүлээд Засгийн газраа байгуулаад явна гэсэн үг. Ерөнхий сайд гэж орон тоо байхгүй болно. Засгийн ажлыг Ерөнхийлөгч толгойгоороо хариуцна. Одоогийн Ерөнхийлөгч шиг эрх мэдэлгүй, бэлэг тэмдгийн хүн биш, харин АНУ, Орос зэрэг улсынх шиг эрх мэдэлтэй Ерөнхийлөгч байна гэсэн үг. Ийм л өөрчлөлтийг хийхгүй бол дэмий бухимдацгаагаад ямар ч үр дүн гарахгүй. Өөрчлөлтийг хийхийн  тулд харин иргэн бүр идэвхтэй оролцох хэрэгтэй. Гэртээ суугаад үглээд зүхээд байвал юунд ч хүрэхгүй.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө