Популист Уянга

Г.Уянга (УИХ-ын гишүүн)
Популист гэдэг үг Монголд "муу нэртэй" болоод удаж буй. Нөгөө "Пи-Ар" (PR  буюу Public Relations) гэдэг нэр томъёо утгаа алддаг шиг.  Популус буюу хүмүүс гэсэн утгатай Латин үгнээс үүссэн энэ популист гээч нэр томъёо угтаа бол  цэрвээд байхаар үг ч биш  аж.  Толь бичиг шүүвээс,  ПОПУЛИСТ гэдэг нь энгийн иргэдийн сонирхлыг хамгаалагч, тэдний эрх, үзэл бодол, ёс суртахууныг баримтлагч нэгэн гэнэ. Энэ утгаараа бол харин ч "сайн хүн" баймаар.
Гэтэл өнөөдөр Монголын улс төрчид нэртэй сэтэртэнгүүд бүгд адилхан байж өөрөөсөө бусдыг  "популист" хэмээн муу хэлэх нь  бие биенийхээ харыг гайхсан хэрээнүүд мэт. Муу хэлж байгаа царай нь тэр. Энэ утгаараа  Монголын улс төрийн намууд, ялангуяа МАН, АН хоёр, бүгд л "популистууд." Өөрөөр хэлбэл, ард түмний нэр барьж худлаа хашгирдаг гэсэн үг. Инээдтэй нь энэ хоёр намынхан тодорхой нэр бүхий хэдэн хүнийг "популист" хэмээн цоллодог гэж байгаа. Ийм цолыг  "албан ёсоор" авсан  УИХ-ын хоёр гишүүний нэг нь Г.Уянга. Нөгөөх нь "пиншүү" хэмээх С.Ганбаатар гишүүн. "Хятадын тагнуул" Го.Бадарчийн хэлсэнээр  "Тэнэгүүдийн дунд байгаагаараа" Уянга гишүүн "тэнэг" байж магадгүй боловч төрийн өндөр албанд оччихоод бусад шигээ биеийн жаргал, хувийн сонирхол хөөгөөд "төрөл арилжчихаагүй" болохоор "тэнэг" биш ч юм шиг. Тэнэгүүдийн өнцгөөс харвал яалт ч үгүй тэнэг л дээ. Тийм сайхан боломж олдож байхад жаахан мөнгө хийгээд, амьдралаа дээшлүүлээд авахгүй, тийм ээ? Гэвч Уянга тэнэгүүдийн  дотор  нь ороод ууссангүй ээ.

Уянга гишүүн бидний өнөөгийн байдал тогтолцооны буруутай холбоотой гэж зөв харжээ. Өөрөөр хэлбэл, бидний сонгосон тогтолцоо бидний натурт таарахгүй байна гэж.  Тийм учраас өөрчлөлт, хувьсгал зайлшгүй шаардлагатай гэж ярьж байгаа. Хувьсгал гэхээр л цус гэж ойлгодог мулгуунууд байна. Гэхдээ бас дандаа гарз хохиролгүй зорилгодоо хүрнэ гэж юу байхав. Муугаар бодоход, тэр жилийн эсэргүүцлийн цуглаан жагсаалыг үймээн самуун болгож хувиргадаг аргыг эрх баригчид болон уг өөрчлөлтийг жадлан эсэргүүцэгч бүлгээс хэрэглэвэл цуст мөргөлдөөн гарах магадлалтай.

Уянгын хэлсэнчлэн, ард түмэн гэдсээ тасартал тураад, дээдсүүд нь бүсээ тасартал таргалаад байдаг. Гэдэс нь тасрах гэж байгаа ард түмэн хэдий болтол тэсэх бол оо? Нэг л өдөр тэсрэх байх даа. Тэр цагт манай олигархууд, хувалзнууд, бэртэгчингүүд, луйварчид, дээрэмчид бүгд "Чауческу" болох магадлал өндөр. Ийм байдалд хүргэхгүй гэвэл өнөөдрөөс идэж уухаа больж, энэ бүх шударга бус байдлыг цэглэх хэрэгтэй. Үүний тулд Үндсэн Хуулиа өөрчилж, тогтолцоогоо солих шаардлагатай.  Энэ зорилгод Монголчууд нэгдэж хүрэх хэрэгтэй. Уянга гишүүнийг  энэ зорилгод хүрэх замд манлайлагч байгаасай гэж хүсье.

p.s. Уянга гишүүний ярилцлагуудыг  ЭНД  дарж, бас ДАРЖ   дарж үзнэ үү.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө