Д.Оюунхоролын "хорлол"

Д.Оюунхорол (БОНХАЖ-ын сайд)
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол салбарынхаа газруудын 17 удирдлагыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан тухай  харъяа газруудынх нь төлөөлөл хэвлэлийн хурал хийж, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэргээр сайдыг Захиргааны хэргийн шүүхэд өгч байгаа тухай мэдэгдлээ. Мөн нэмж 23 хүн халсан тушаал гаргасан тухай бичиж байна.
Үндэслэлгүй хална гэж байхгүй л дээ. Заавал ямар нэгэн шалтгаан байгаа. Сайдын тушаалд ч мөн ямар нэгэн шалтаг дурдсан л байгаа байх. Гэхдээ энд ганцхан л бодитой үндэслэл бий. Тэр нь намын харъяалал, үзэл бодол. Өөрөөр хэлбэл халагдсан хүмүүс өөр намынх, өөр үзэл бодолтой, "МАН-бус" байсан учраас  ажлаа өгөх шаардлагатай болж л дээ. Магадгүй зарим нь огт нам бус мөртөө зүгээр л  хэлмэгдсэн  байж мэдэх.  Оюунхорол сайд өөрийнхөө намын хэсэг хүмүүсийг ажлаар хангах үүрэг хүлээсэн бололтой. Намынх нь  даалгавар, өөрийнх нь зүтгэл юм биз дээ.

Саяхан Го.Бадарчийн "Ярилцах танхим" нэвтрүүлэгт оролцсон Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй гэгч хэлэхдээ, "Ардчилсан Намтай хамтарч засагт орсон явдал манай намын гишүүдийн хувьд итгэл сэргээсэн үйл явдал болсон. Яагаад гэхлээр, бүгдээрээ ажилгүй болчихсон байсан шд" гэсэн байдаг.  МАН хамтарсан засгийн газарт ороод хэдэн сайд авангуутаа өөрсдийнхөө хүмүүсийг ажилд оруулах өргөн кампанит ажил зохион байгуулж байгаагийн нэг жишээ нь дээрх Оюунхорол сайдын хийж байгаа ажил юм. "Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд боловсон хүчнээ байршуулах" гэдэг  гоё үгний далбаан дор нэг хэсгийг хэлмэгдүүлж нөгөө хэсэг нь завшдаг практик Монгол улсад нам гэдэг үлд яр шиг юм дэлгэрсэн цагаас хойш байнга л давтагддаг үзэгдэл болж ирсэнийг бүгд л мэдэж байгаа.  Аль нам нь ялнав, хэн нь сайд болнов гэдгээс хамаараад л төр, засгийн байгууллагуудын бүтцийг бужигнуулж, самарч  орхидог.  Энэ бужигнааны гайгаар сайн нь хөөгдөөд муу нь  ирж суудалд нь сууж, мэргэжлийн хүн нь албаа өгөөд шагналын хүн ирж тамгаа авдаг.  Төр засгийг ингэж сульдааж, чадваргүйжүүлдэг, үймүүлдэг эдгээр намууд үндсэндээ Монгол төрийг хорлож байна гэхэд болно.

Энэ бүхэн чинь эргээд л нөгөө нам гэдэг гаж үзэгдэлтэй  холбоотой болж байна. Улс төрийн намгүй бол  улс орон маань эзэнгүйдчих гээд байгаа юм шиг тэнэг зүйл ярьдаг нөхдөд дахиад хэлье:  Лам  туйлшраад Монгол яалаа? Одоо нам туйлшраад бид яаж байна? Нам, лам хоёроос Монгол салчихвал мөн ч удахгүй хөгжинө дөө. Тэр болтол төр засгийг "янхан" болгож, ээлжилж "зайдлан"  "зугаагаа гаргадаг"  энэ  "нам" нэртэй олон үйлчлүүлэгчдийг хараад  суух уу, эсвэл "янхны газраа" татан буулгаад үйлчлүүлэгдийг нь хөөж явуулаад улс шиг улс болох уу гэдэг асуулт л хариу хүлээж байна даа.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө