Хаан огцорлоо

М.Наранбаатар
М. Наранбаатар гэдэг хүн МҮОНТВ-ийн Ерөнхий захирлын албан тушаалаа өгч гэнээ.  Энэ голоор л нэг яриа. Ардчилсан Намын  Оюун "дарь эх"  гэдэг эмэгтэй оронд нь очих юм гэлцэж амьтан хүн шуугилдана. Хаанаа хатнаар сольж байгаа юм аа даа янз нь. Наранбаатар найман жил хаан суугаад бие нь чилээрхээ биз дээ, зайлуул, өөрөө өргөдлөө бичиж өгсөн гэнэ шүү. Шинээр залрах хатан хаан маань ажлаа хэр гялалзуулахыг л харах үлдэж дээ. Уг нь бас ч гэж туршлагатай нэгэн гэлцэнэ.

Гурван удаа улирч "хаанаар"  сонгогдож байсан Наранбаатар нарангэрэлт хутагт маань "манай ажил   сайн байгаа" хэмээн ихэмсэгээр айлдсан гэж дууллаа. Хутагт хүн худлаа хэлэх нүгэл! Олон түмэн мэднэ дээ. Үндэсний ТВ-ээр үзэх юм байхгүй ээ гэж. Ганц урдаа барьдаг нь "Цагийн хүрд" гэнэ. Нохой долоо, тэр чинь мэдээллийн нэвтрүүлэг ухаантай юм болохоор нь  амьтан илүү сонирхох нь ойлгомжтой шд. Хүмүүс  мэдээлэлээр цангадагтаа тэр эвлүүлгийг үздэг юм. Тэрнээс биш гайхалтай уран сайхан найруулаад, үзэгчдийг байлдан дагуулсан нэвтрүүлэг болдог гэдэг утгаар нь  биш. Тэгээд ч аль өнгөрөөд хэдэн цаг, өдөр  болчихсон мэдээллийг өнгөрсөн хойно нь "нэхэн" мэдээлдэг мэдээний эвлүүлэг гэх үү, цуглуулга гэх үү нэг тийм юм  бөөгнүүлж базаад тээр орой болсон хойно өөдөөс "чулуудчихдаг" биз дээ? Энд бол ямар ч шуурхай юм байхгүй, харин ч хоцорсон мэдээлэл гэж нэрлэвэл таарах юм. Хүмүүст сонголт байхгүй. "Чулуудсаныг" нь  хүссэн хүсээгүй шүүрээд авдаг гэх үү дээ. 

За бусад нэвтрүүлгүүд, хөтлөгчийн чадвар, найруулга энэ тэр гээд олон юм ярьж болох боловч нуршихаа болиод ганц үзүүлэлтээр л Монголын Үндэсний Телевиз (МҮТВ) гэгч сүржин нэртэй даржин ажилтай газрын олхиогүйг нотлоход хангалттай. Энэ нь зураг авалт. Зураглаачийн мэдлэг  муу, чадвар доройгоос тухайн үзүүлэх гээд байгаа нэвтрүүлэг нь огтхон сэтгэлд хүрдэггүй. Заримдаа бүр боож үхмээр уур хүрэхийг яана. Дээрээс нь мэдээж тухайн найруулагч нь ажлаа хийж чаддаггүй учраас нэвтрүүлэг  тийм муу байгаа хэрэг. Энэ унхиагүй  зураглал, найруулал өнөөг хүртэл хэвээрээ байсаар. Хэн ч гомдол гаргадаггүй, хэн ч засаж сайжруулая гэж боддоггүй яваад л байдаг. Олон жил дарга хийсэн Наранбаатар ч үүнийг тоогоогүй явсаар ирсэн. Суурин нэвтрүүлэг (студи дотроо) байна уу, явуулынх (гадаа) байна уу, ялгаагүй адилхан. ТВ-ийхээ өмнө гөлрөн суугаа үзэгчиддээ тухайн дүрс ямар байвал зохимжтой, хэзээ яаж, ямар хэмжээсээр, аль өнцгөөс нь  гаргах гэх мэтийн тэр нарийн зохицуулалтыг хийж огт мэддэггүй, чадваргүй хэдэн нөхөд л хоцрогдсон арга барилаараа зураглал хийж найруулсаар өдийг хүргэсэн.  Гадны улсын ТВ-ийн нэвтрүүлгүүдийг үзсэн хүмүүс мэдэх биз ээ.  Хэдэн янзаар, ямар зайнаас, хэзээ яаж тухайн мөчийг нь тааруулан хэрэгтэй үед нь хүссэн хэмжээс, хэлбэрээр харуулж, яаж найруулж байна гэдгийг  манайхны хийж байгаа ажилтай харьцуулаад харахад л ойлгомжтой. 

Студи дотор явагдах "хөдөлгөөн" багатай нэвтрүүлгүүд ч хөөрхөн найруулга хийж байж үзэхэд сонирхолтой, ойлгомжтой, сэтгэл ханамжтай болно. Нэвтрүүлэгт оролцож байгаа хүмүүсийг бөөнд нь харуулсан нэг хөдөлгөөнгүй камераас авсан дүрс үзүүлсээр байгаад дуусгах юм бол тэгж "үйлээ үзэж" байхын оронд нэг сайхан фото зураг дэлгэцэн дээр харуулчихаад яриаг нь (аудио) тавьчихгүй юу. Өрөөн дотор ингэж  зураглал хийж, найруулж байгаа хүмүүс гадаа зураг авбал бүр л алиа юм хийнэ биз дээ? Ялангуяа хөдөлгөөн ихтэй, байрлал нь их өөрчлөгддөг үйл явдлын (тухайлбал, спортын тэмцээнүүд) дүрсийг яагаад ч чадахгүй. Одоогийн байгаа чадвар ийм ажлыг сэтгэл ханамж дүүртэл, чанарын өндөр түвшинд хийж чадахгүй. Бөхийн барилдааныг үзүүлэх гэж арчаагаа алддаг биз дээ? Заалных байна уу, гадаа наадмынх байна уу огт ялгаагүй. Энд нэг барилдаан харуулж байтал тэнд хоёр гурваараа барилдаад өнгөрөх жишээний. За тэгээд хэн гэдэг нь хэнтэйгээ барилдаад байгааг тэр болгон хэлээд өгчихгүй, өөр шиг нь бөх болгоныг таньдаг юм шиг л загнана, тэр бөх тайлбарлагч нь. 
Саяхнаас л удаашруулж харуулдаг юмыг нэвтрүүлсэнээ их юманд боддог бололтой. Бас удахгүй HD болгоно ч гэх шиг сагсуураад л байна. Зургаа авч чадахгүй, олигтойхон найруулаад  харуулчихаж чадахгүй байж бас "Эйч-Ди"-дэх санаатай. Эхлээд "мөлхөөд" сурчих, тэгээд дараа нь "гүйж харайхаа" бод. Мөлхөж чадахгүй байж шууд гүйгээд унах юм ярих юм. 

Ажлаа өгсөн даргын ярьж байгаагаар бол МҮТВ  нь бусад ТВ-ээс шуурхай чанар , урлаг талаас нь хүргэдэг байдлаараа ялгардаг гэнэ. Ийм зарчимтай юм байх. Зарчмаа хат. Хоосон яриа.  Шуурхай чанарын тухайд бол худлаа гэдгийг орой болгон "шахдаг" Цагийн хүрдийн жишээн дээр тайлбарласан.  Нэвтрүүлгээ урлаг болгож харуулдаг гэдэг ч хоосон үг. Олигтой нэвтрүүлэг байдаггүй гэдэг олон нийтийн  гомдол  үүнийг нотолно. Найман жил "засаг барьсан" Наранбаатарын ажилд муу дүн тавих ганц үзүүлэлтийг хэлэхэд л ийм байна. Тэр хүний сайн, муу хүн байх, З.Энхболдтой хэдэн оноос эхэлж "дайтсан" болох, мөнгө идсэн идээгүй гэх мэт нь надад огт сонин биш.  Ажлынх нь чанар, ажилчдынх нь чадвар л надад сонин байна. Хэдэн зураглаач нарынхаа мэргэжил чадварыг дээшлүүлж болоогүй юм уу? Гадагш нь явуулж орчин үеийн арга барил, техник, заалгаж номын дуу сонсгодоггүй байсан юм уу? Найруулагч нарынхаа чадварыг дээшлүүлэхгүй яасан  юм ? Баруун Европ, Америкаа байг гэхэд хойд хөрш чинь заагаад өгнө шүү дээ. 

Шинэ дарга нь ажилчдынхаа мэргэжил чадварыг дээшлүүлж , нэвтрүүлгийнхээ  зураглал, найруулгад анхаарлаа хандуулахаас ажлаа эхлэх байх гэж итгэнэ. Чадвартай, авъяастай хүмүүсийг сонгож аваад мэргэшүүлээсэй. Мэдээж орон тооны цомхотгол хийж таарах биз. Төсвийг нь хасаад хаячихсан юм чинь. Ажил дээрээ их архиддаг гэдгийг хэн бүхэн мэдэх учраас тэнд ажилладаг нөхөд бухимдаад яахав, онигоонд орно. Харин архиа багасгаж, айргаа их уухыг хичээх нь зүйтэй. Тэгээд ажлаа сайжруул, толгойгоо ажиллуул. Нэрээ бод. Өөр олон юм яриад, хэрүүл уруул хийгээд хаа хүрэхэв. Юм хийдэг нь, бөндгөрөө ажиллуулдаг нь цойлдог тодордог нийгэм байгуулж байгаа шүү дээ, эрхмүүд ээ! Үүнийг бүү март, мартвал сөнөнө!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө