Алуурчин тамхи

"Тамхи үхүүлнэ" анхааруулгатай  тамхи 
Тамхи 5 нас хорооно. Энэ үгийг хүн бүр мэднэ,  гэхдээ хэн ч үл тооно. Энэ удаад гол нь тамхины хор хөнөөлийн тухай  яаж сурталчлах вэ гэдэг талаар  санал бодлоо хуваалцая гэж бодлоо.  Гэхдээ эхлээд тамхи ямар аюултай эд вэ гэдгийг  товчхон ч болов үглэхээс болшгүй нь:

1. Уушигны хорт хавдрын  90%  нь тамхинаас үүдэлтэй.
2. Бүх төрлийн хорт хавдраар нас баралтын 30% нь тамхитай холбоотой
3. Уушигны архаг өвчлөл, бронхитийн  75%

Тамхи дараах  хорт хавдруудыг үүсгэнэ :

- уушигны хорт хавдар
-  амны хорт хавдар
-  давсагны хорт хавдар
-  бөөрний хорт хавдар
-  гэдэсний хорт хавдар
-  улаан хоолой буюу залгиур хоолойн  хорт хавдар
-  нойр булчирхайн хорт хавдар

Тамхи гэдэг ямар хортой эд вэ гэж. Би биш, шинжлэх ухаан тэгээд тогтоочихсон учраас үнэмшихээс аргагүй биз? Хүн гэдэг муугаа мэдэхгүй хэрэггүй юманд шохоорхдог гэм бас бий, гэхдээ тэр шохоорхолд бүх бурууг тохож яаж болох билээ? Бид чинь бас  юмыг тунгааж боддог тархитай "ухаалаг амьтад"  шүү дээ.

Түүнээс гадна тамхичин хүний нас 5-аар хорогдохгүй харин 15-20 жилээр богиносдог гэнэ. Бид л  "толгой холбож цэцэрхэх" дуртай юм болохоор Т үсгээр эхэлсэн тавын тоог сонгосон хэрэг. Гэвч 5 биш бүр 15-20 жил гэж байна. Ийм олон жилээр богинохон наслах юу нь сайхан байх вэ дээ. Ганц олдох амьдрал шүү дээ!
Өөрийнхөө наслах  насыг "богиносгож", хорвоогоос эрт "явах" нь тухайн хүний эрх гэдэг ч юм уу эсвэл  сонирхол байж болох боловч хажуугаар нь бас өөрийнхөө үйлдлээр бусдын эрүүл мэнд, амь насанд хор учруулах нь тэвчишгүй үйлдэл юм.  Тухайн тамхичны татсан тамхины утааг хөндлөнгийн хүн амьсгалж хордох энэ үйлдлийг "дам тамхидалт" гэж Монгол Улсын "Тамхины Хяналтын тухай" хуулинд тодорхойлсон байдаг. Манай аав ээжүүд гэртээ тамхи татаж байхдаа хүүхдүүдээ "дам тамхилж" байна гэсэн үг. Хүүхэд, бага бялчир насныхны бие, эрхтэн хөгжиж гүйцээгүй, ид боловсорч яваа учраас тамхины утааг амьсгалах нь астма, бронхит, уушигны үрэвсэл, чихний үрэвсэл зэргийг бий болгохоос гадна нярайн гэнэтийн үхэлд хүргэх аюултай. Тамхичид маань өөрсдийгөө "гаргуунд" нь хаядаг юм аа гэхэд ядаж үр хүүхдээ, хажуудахаа бодож баймаар.

 Ядаж гадаа гараад, эсвэл холхон очоод татчихаж байвал яасан юм? Үр хүүхдээ хайрладаг л ухаантай юм бол! Ер нь тэгээд эцсийн эцэст тамхи ямар хэрэгтэй, ямар ашиг тус авчрав гээд бодохоор шууд  тамхиа хаяхаас өөр сайхан зүйл алга. Хэрэггүй бөгөөд хортой юманд донтсон л хэрэг шүү дээ. Өөр юу ч биш. Хүүхэд байхдаа "шохоорхоод" татаж эхэлсэн гэдэг тайлбарыг   хүлээж авч болох боловч одоо насанд хүрчихсэн юм чинь  тэгээд больчих л доо. Шохоорхол чинь дарагдаад  байхгүй болсон биз дээ? Идэр залуухан насанд тамхи зуучихвал "том хүн" болчихдог гэсэн ойлголт бас их явдаг. Одоо "том" болчихсон юм чинь тэгээд хая л даа.  Уг нь тамхитай тамхигүй л "том" болдог шд.

За одоо тамхины  сурталчилгаа руугаа оръё.  "Тамхины Хяналтын тухай хууль"-д тамхины учруулж болох хор хөнөөлийн тухай тухайн тамхины хайрцаг дээр зургаар болон бичгээр анхааруулсан байх ёстойг заасан байдаг:

6.4. Тамхи нь эрүүл мэндийн хор нөлөөний тухай анхааруулгатай байх бөгөөд анхааруулга нь дараах шаардлагыг хангасан байна.
6.4.1. Зурагт анхааруулга нь янжуур тамхины хайрцагны нүүр болон ар талын талбайн хэсгийн, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины сав баглаа боодлын нүүрэн талын гадаргууны  талбайн 50-иас багагүй хувийг эзэлсэн байх.
6.4.2. Тамхин бүтээгдэхүүнээс хүний эрүүл мэндэд учруулах  хор нөлөөний талаар том хэмжээтэй, ил харагдахуйц, гаргацтай бичих, зураг буюу дүрсээр харуулах 

Харин энэ сурталчилгааны загварыг хэн гаргах нь уг хуулинд тодорхой дурдагдаагүй байна. Загварыг харин "эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална" гэчихжээ. Бодвол Эрүүл Мэндийн Яамыг (ЭМЯ) хэлж байгаа бололтой. Гэхдээ ЭМЯ батална гэсэн болохоос загвар "зохион бүтээнэ" гэсэн утгатай үг өгүүлбэр алга. Төгөлдөр бус, ойлгомжгүй,  дутуу зэрэмдэг хууль баталдагийн нэг жишээ энэ буюу.

6.5. Анхааруулгын загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. Нэг удаад 6 төрлийн анхааруулгын загвар гаргах бөгөөд анхааруулгын загварыг 3 жилд нэг удаа солино.


Дээрх заалтыг уншвал загварыг ЭМЯ гаргах юм байна гэж тааж болмоор. Тэгвэл загвараа 3 жилд нэг удаа сольдог нь ямар шаардлагатай юм бол? Ямар хувцасны загвар ярьж байгаа биш.
Монголдоо ганц монополь тамхины үйлдвэрээс гаргаж байгаа тамхины анхааруулгыг сонирхоё.  Монгол Тамхи Ко гэдэг компаний сайт руу орж үзвэл нийт 6 төрлийн тамхи үйлдвэрлэдгээс 4 нь Монгол нэртэй (Алтан навчис, Цагаан өргөө, Хийморь, Улаан шонхор) юм байна. Нөгөө хоёр нь гадны Dubliss хэмээх брэнд аж.
Тамхины хяналтын тухай хуулийн дээрх заалтууд  (6.4.1 ба 6.4.2.) хэрэгжиж байна уу гэж.  Монгол Тамхи компаний сайт дээр тавигдсан бүтээгдэхүүний хайрцаг дээр харагдах "Тамхи орчныг хордуулна" гэдэг бол лав инээдтэй анхааруулга байна.
Улаан шонхор тамхины хайрцаг дээрх анхааруулга бол үнэмшил муутай, хүнд хүрэхээр сурталчилгаа биш болжээ. Тамхи бэлэг эрхтэн рүү дайрдаг гэхээсээ илүү  уушгинд хамгийн их халтай эд. Тийм болохоор "Тамхи бэлгийн сулрал  үүсгэнэ" гэдэг сурталчилгаа хүмүүсийн хөх инээдийг хүргэхээс хэтрэхгүй юм болж.  Анхааруулгын загвар зохиодог хүмүүст ямар ч сэтгэл зүтгэл алга.  Хэрэв хичээвэл анх удаа тамхи сонирхож байгаа өсвөр насныхан уншаад хирдхийхээр, шууд жигшихээр тийм анхааруулгыг зохиож болно доо. Даанч тиймгүй болохоор зүгээр л оромдож байна. Сурталчилгаа гэдэг маань уг нь тодорхой зорилготой, түүндээ  хүмүүсийг дагуулах хүчтэй, итгэл үнэмшил төрөхөөр, хүнд юм бодогдуулахаар  байх ёстой. Тамхичдын армид шинээр элсэхээр бусдынхаа ятгалганд автаад  анх сонирхож байгаа хүүхдүүд уншаад шууд татгалзахаар, жигшихээр   тийм хүчтэй сэтгэгдэл төрүүлэхээр зохиовол сая үр дүнгээ өгнө. Уриа лоозон маягтай ганц өгүүлбэрийг тоож уншдаг юм уу? Арай л өөр маягаар, өөр сэдэлттэй, өвөрмөц шийдэж болмоор санагдах юм.


Беломорканал (нүүр тал)
Манай хойд хөршийн тамхинууд дээр байгаа анхааруулгыг сонирхоё. Бидний сайн мэдэх"дотны нөхөр" "Беломорканал" гэж тамхины хайрцагны нүүрэн талд "Тамхи үхүүлнэ" (Курение убивает) гээд л биччихэж. Шулуухан, түс тас.  Барууны шууд хуулбар. "Орчныг хордуулна" гэдгээс л дээр "реклам" болж. Гэхдээ яаж "үхүүлнэ" нь тодорхойгүй учраас жаахан үнэмшил муутай мэт. Бас шуудхан "үхүүлнэ" гээд биччихээр хүн итгэх нь юу  бол. Энэ анхааруулга нүүрэн талын зайны гуравны хоёрыг эзэлжээ. Тэгвэл уг тамхины хайрцагны ар талд "Наснаасаа эрт өтөлнө" (Преждевременное старение) гэсэн анхааруулга тавьжээ. Тавьсан зураг нь хөгшин залуу хоёр эмэгтэйн тал нүүрийг нийлүүлж  харьцуулсан маягтай. Охид хүүхнүүд жигшвэл жигшихээр. Гэвч бас л итгэл үнэмшил муутай, сулхан "реклам" мэт санагдана.

Миний бодоход анхааруулгын гол сэдэв нь тамхи татсанаас үүдэх гол гол өвчнүүдийн тухай байвал дээр мэт. Гэхдээ зүгээр л "Тамхи уушигны хавдар үүсгэнэ" гэсэн "хуурай" өгүүлбэр биш, харин яаж үүсгэдэг болон уушигны хавдар гэж юу юм, ямар аюултай тухай хэдхэн оновчтой өгүүлбэрт багтаасан бяцхан танилцуулга (текст) байвал илүү үр дүнтэй бус уу?  Нэг ёсны бяцхан ухуулга гэх юм уу даа. Тамхины хуулиндаа анхааруулга нь 50 хүртэл хувийн зай эзэлж болно гээд заагаад өгчихсөн юм чинь ар өвөргүй хангалттай бичих зай олдоно. Мэдээж  үсэгний овор хэмжээ нь хүн чөлөөтэй уншчихаар байх нь ойлгомжтой.

Беломорканал (арын нүүр)
Дэлхий нийтийн жишиг бол уриа лоозон мэт ганц өгүүлбэрт багтаасан анхааруулга байдаг бололтой. Гэвч бид юм болгон дээр "дэлхийг дуурайх" албагүй биз дээ? Яагаад өөрийн гэсэн  өнгө төрхтэй, Монгол хүнд яавал сайн тусаж хүрэх вэ гэдэг талаас нь бодсон анхааруулга сэдэж болохгүй гэж? Нэг өгүүлбэрээс бүтсэн анхааруулгыг хальт хараад үл тоомсорлож байгаа бол  жижигхэн  текстийг уншаад нэг юм бодох ч юм бил үү?

Бүр сайн хийе гэвэл тамхинаас үүдэлтэй өвчнүүд, хөнөөлийн   талаар цуврал ухуулга  тавьж болно шүү дээ. Ялангуяа шинээр тамхичдын армид элсэхээр сонирхож байгаа хүүхдүүд маань уншаад нэгийг бодох нь лав. Нэг өгүүлбэрийн оронд  нэжгээд өгүүлбэр байвал арай илүү сэтгэгдэл төрүүлэх байх аа. Ер нь  томчууд маань хүүхдүүдийн тавьж мэдэх нэгэн "гэнэн" асуултанд өгөх  хариултаа их сайн бодож өгөх хэрэгтэй:
- Тамхи ийм муу юм бол яагаад үйлдвэрлээд зараад байдаг юм?  Юмыг яаж мэдэхэв, бэлтгэлтэй байгаарай гэж.


Оросоос Беларусь улсад гаргадаг Dunhill  гэж тамхи байнаа.
British  American Tobacco гэдэг Лондонд төв нь байрладаг компаний бренд л дээ. Оросод үйлдвэрлээд гадагш нь гаргадаг юм байна. Энэ тамхины хайрцаг дээрх анхааруулга нь Беломорканалыг бодвол арай дээр болжээ.

Нүүрэн талд нь
 "Тамхи нь зүрх судасны болон хавдрын өвчлөлийг үүсгэнэ"  (Курение- причина развития сердечно-сосудистых и раковых заболеваний) гээд ар талд нь "Тамхи нь бэлгийн чадавхийг бууруулж, үргүйдлийг бий болгоно" (Курение способствует развитию импотенции и женского бесплодия) гэсэн анхааруулга тавьжээ.


Тэгвэл "супер" гүрэн АНУ-д яадаг юм бол гэдэг нь бас хүмүүст сонирхолтой байж мэдэх юм. АНУ-д зарагдаж байгаа тамхинуудын хайрцаг дээр эсрэгээр анхааруулга гэх юм бараг алга. Ихэнх тамхин дээр АНУ-ын Нийтийн Эрүүл Мэндийн Үйлчилгээний Тангарагт Хүчин гэдэг (тусгай үйлчилгээний цэрэгжсэн) байгууллагын Тэргүүн ( Surgeon General)  гэх албан тушаалтны гаргасан анхааруулга л байна:  "Тамхины утаанд нүүрсхүчлийн дан исэл агуулагддаг." (Cigarette smoke contains Carbon monoxide). Dunhill мэтийн зарим нэг тамхины хайрцаг дээр арай дэлгэрэнгүй анхааруулга харагдана: "Тамхи татах нь уушигны хорт хавдар,зүрхний євчин, уушигны архаг өвчлөлийг үүсгэх бөгөөд жирэмслэлтийн хүндрэлийг бий болгох магадлалтай." (Smoking causes lung cancer, heart disease, emphysema, and may complicate pregnancy).
Дараах зурагнууд дээр АНУ-д зарагдаж буй тамхины хайрцаг дээрх анхааруулгыг Marlboro  ба Dunhill тамхиар жишээ аван харуулав.








Жич: Тамхины Хяналтын тухай хуулийг (ТХХ) хэрэгжүүлэх, хяналт тавихад хуулийн болон хүчний байгууллагууд санаачлагатай ажиллах хэрэгтэй. Насанд хүрээгүй балчируудад тамхи зардаг цэгүүд зөндөө бий. Мөн биеийн байцаалтыг нь нэхэж үздэггүй. Насанд хүрээгүй хүүхдийг ТҮЦ рүү тамхинд гүйлгээд үз л дээ. Аваад л ирнэ. Цагдаагийнхан ийм балчир туршуулууд хөлслөөд тусгай ажиллагаа явуулж болно доо. ТҮЦ-нүүд хэд сайн торгуулаад ирэхээрээ хашраад биеийн байцаалтыг нь шалгадаг, илэрхий жаахан хүүхдэд бол бүр ч халгаадаггүй болно. Санаачлага л дутаж байна. Сургуулийн ойролцоо төчнөөн метрээс дотогш, гадагш зарж болохгүй гэх мэтийн алиа юмаар хөөцөлдөж байхын оронд үндсэн хуулийнхаа хэрэгжилтэнд илүү анхаармаар юм. О. Баасанхүү гишүүний санаачилсан нэмэлт өөрчлөлт ч өөрөө утгын алдаатай найруулга байна лээ.
ТХХ-д орсон  “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон”  гэдэг томъёололыг “байрны гаднах хашаанаас 250 метрийн дотор” гэж өөрчлөхөөр санал оруулж байгаа юм даа.  Өмнөхөөсөө ч илүү утга муутай ойлгомжгүй болчихож. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг. "Гаднах хашаанаас 250 метрийн дотор" гэдэг чинь юу гэсэн үг юм? Хашаанаас гадагшаагаа юм уу дотогшоогоо юм уу? Бодвол хашаанаас гадагш байх л даа.  Тэгвэл "гаднах хашаанаас гадагшаагаа 250 метрийн дотор" гэж тодотгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, хашаагүй бол хаанаасаа хэмжих юм? Энэ мэтээр "өөлөөд" байвал амархан ойчихоор л юм бичиж суудаг манай эрхэм гишүүд хөөрхий. Хуулийн төслөө биччихээд дараа нь хэл зүй, найруулгын талаасаа хэр зохимжтой ойлгомжтой болж вэ гэдгийг нь хэлний мэргэжилтэн эрдэмтдээр хянуулчихаж баймаар. Хоёрдмол санаатай, бүрхэг бүдүүн бичилт чинь дараа нь хуулийг өөр өөрөөр тайлбарлах , дураараа гуйвуулах эх үндэс, шалтгаан  болдог. Хэн ч төгс төгөлдөр биш гэдгийг хүн бүр мэднэ. Тийм ч учраас чадахгүй юмаа чаддагт нь үзүүлээд засуулаад сайжруулаад явах  л гол нь шүү дээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө