Хүчтэй Ерөнхийлөгчийг хүснэ

Хүчгүй Ерөнхийлөгч хүчтэй Ерөнхийлөгчтэй хамт
Монголчууд гэж олон арван, зуун жил зовж байгаа ард түмэн. Жаргаж байсан цаг  ер нь байсан юм уу?  13, 14-р зуунд буюу Монголчууд хүчирхэгжиж, тэлж байсан үед  чухам  яаж байсан юм гэхээс.  Дайн байлдаан хийгээд бас л "жаргаж хэвтэх" завгүй гүйцгээж байсан байх даа, зайлуул. "Орондоо унтах завгүй" л явсан гэлцдэг юм. Хэдий тийм ч ядаж л бусдын эрхшээлд байсангүй, харин өөрийн эрхээр "зовж" байсан юм байна. Толгойлж удирдаж байсан хүн нь энгийн харц иргэддээ ээлтэй нэгэн байсан гэдэг. Лав л жирийн иргэд нь харах зүг нэг, хариуцах хүн нэг байсан учраас  өөр дотроо талцаж хуваагдаж байсангүй, эвдрэлцэж хэрэлдэж байсангүй. Толгойлогч нь өнхрөөд өгсөний дараа хөөрхий Монголчуудын жинхэнэ зовлон эхэлсэн дээ.  Залгамжилж гарч ирсэн дараагийн хэдэн толгойнууд ард түмнээ, газар нутгаа  хэд тасалж хувааж аваад  улс гэрээ түйвээж доройтуулах аянд мордсон. Үр дүн нь тодорхой. Монгол улс урьд өмнө байгаагүйгээр сульдан доройтож,  улмаар бусдын эрхшээлд орж олон зууны турш үргэлжилсэн дарлалд нухлуулж явсаар луугийн амнаас гарангуутаа  баавгайн саварт бас 70 жил базуулсан үйлтэй ард түмэн.  Дөнгөж 90 оноос л арайхийж өөрийн эрхээр "зовох" цаг ирлээ гэж баясан хөөрч байтал бас л биш ээ.

Олон хаан, ханхүүгийн оронд  олон нам, ТББ, нутгийн зөвлөлүүд бий боллоо. Олон зууны зовлонг амьд мэнд гэтэлж ирсэн цөөхөн хэдэн Монголчуудаа дахиад л хэдэн хэсэг болгож хувааж аваад талцаж эхэлсэн дээ, тэд. Үр дүн нь мөн л тодорхой. Сүүлийн 20 гаруй жилд бидний Монголчууд "шуудайд хийсэн үхрийн эвэр" мэт өөр  хоорондоо толхилцсоор, улс орон нь өөдөлсөн ч юмгүй, дэлхийн хамгийн ядуу орон хэвээрээ өнөөдөртэй золголоо. Хүнийхээ тоотой харьцангуй олон намуудад хуваагдан элсэж,  зөвхөн ганц сонгуулийн өдрүүдэд ч биш, сонгуулиас сонгуулийн хооронд байнгын хэрүүл зодоон хийдэг "дон" өвчтэй болцгоожээ. Парламентын засаглал  гээч манайд огт тохирохгүй тогтолцоог сонгосоны балгаар Парламентын гишүүн гэх нам толгойтой хүүхэлдэйнүүд бий болж, төрийн албыг мөнгөний алба болголоо. Муу аргаар бие амар баяжих сувдаг сэтгэлтэнгүүд олширч, "Алд бие минь алдарвал алдартугай" гэж хэлдэг хүн бараг байхгүй  болжээ. Ийм албин чөтгөрүүд тэр Парламент гэгч юм руу намын далбаан дор шургалах нь нэмэгдэж, "Ахуй төр минь алдарсан ч яахав, алд бие минь л баяжвал боллоо" хэмээн шүлэнхийтэх аж.

Ерөнхийлөгч хэмээх  хүүхэлдэйнээс ялгаагүй ямар ч эрх мэдэлгүй дүр, Ерөнхий сайд хэмээх аль нэг намын даргын хармаанд байдаг шагналын суудал, мөн  Парламентын дарга хэмээх Парламент дахь "намчингуудын" хэрүүлийг зохицуулж байдаг алх барьсан дүрийг  бий болгоцгоочихоод  "Төрийн гурван өндөрлөг" хэмээн өхөөрддөг гэж байгаа. Төр чинь дэндүү олон толгойтой байгаа юм биш үү? Олон "толгойтой" болсоноор сайжралыг олсонгүй ээ. Чингисийн дараах  бутарч доройтсон Монгол харагдаж байна. Ядаж улс орныхоо  хар бор амьдралыг зохицуулдаг, биднийгээ төлөөлдөг толгой нь нэг байя. Энэ балай Парламентын засаглалаа болиод Ерөнхийлөгчийн засаглалд шилжэе.  Ерөнхий сайд гэдэг "илүү ургасан"  толгойгоо авч хаяад Ерөнхийлөгчдөө эрх мэдлийг нь өгөөд ажилд нь оруулая. Жил болгон Давос явж , ямар ч хэрэггүй "зугаалж"  улсын мөнгө үрж байдаг  бэлэг дэмбэрэлийн төдий толгой бидэнд хэрэггүй.  Эрх мэдлийг нь өгсөн шиг өгөөд дараа нь харин "толгойтой" нь ярьдаг байх тийм журамд орохгүй бол энэ Монгол хэцүүдлээ.  "Толгойны" олноор сайхан болдог бол өдийд бид баян тарган, жаргалтай байхгүй юу. Гэвч тэгдэггүй юм байна. Хариуцлага тооцож, үр дүнг нь ярих гэхээр аль "толгойтой" нь ярих нь огт тодорхойгүй байдаг зовлон байна. Парламентын дарга хэмээх нэг толгой нь хууль гаргах асуудлаа хариуцаад байж байг гэхэд цаана үлдсэн 2 толгойны нэг нь лав илүүдэж байна. Тэр хоёр толгойг нэг болгож эргэлзээгээ арилгаж нэг мөр цэгцэлмээр. Эрх мэдэлтэй Ерөнхийлөгч биш, харин бэлэг тэмдэг болсон эрх мэдэлгүй Ерөнхийлөгчтэй байж тэр хүн рүү дайраад, бурууг тохоод байх нь тэнэг явдал. Буруу хүн рүүгээ боргоцгоодог ийм мулгуунууд  цөөнгүй таардаг.  Хоосон ярилаа гэнэ. Ярихаас өөр эрх мэдэлгүй юм чинь яах юм? Эрх мэдлийг нь өгчихөөд дараа нь ноцох хэрэгтэй. АНУ-ын юм уу, ОХУ-ын Ерөнхийлөгч шиг хүчтэй удирдлага байхгүй бол өнөөгийн бүтцээр хол явахгүй нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд нотлогдсон гэхэд болно.

Хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалд шилжие гэдэг саналыг дэмжиж ярьдаг хүмүүс зөндөө байдаг. Гэвч эсэргүүцэгчид бас цөөнгүй байх. Дээхэн үед би бээр нэг найздаа энэ бодлоо хуваалцаж санал солилцоход мань эр  тас  зөрөөд халгаагаагүй билээ. Гол тавьж байгаа эсрэг үндэслэл нь хэрвээ нэг хүнд их эрх мэдэл өгчих юм бол гадныханд худалдагдах аюултай гэнэ. Олон толгойтой байвал бүгдийг нь худалдаж авах магадлал бараг байхгүй юм байх аа.  Ямар тэнэг амьтад биш тийм байдалд хүргэхгүй байх гох дэгээг нь хуульчлаад өгч болно биз дээ.  Тэгээд ч бусад улсын практикаас харж байхад гадаад улстай холбоотой аливаа томоохон асуудал дээр парламентын оролцоо зөвшөөрөл байхаар хийж өгсөн байдаг юм билээ.  Санал нийлж байж зөвшөөрөгдөнө гэсэн үг.

Мөнөөх маргалддаг найз маань Казахстаны Назарбаев Ерөнхийлөгчийг жишээ болгож билээ.  Казахууд нэг хүний ноёлолд орсон нь үнэн боловч Монголчууд бас тэдний замаар орно гэдгийг хэн яаж мэдээд байгаа юм? Ванга эмээ талийгаач болоод удаж байгаа биз дээ? Тэгэхээр бид өөрсдөө ухаалаг байгаад зөв зохицуулалтыг нь хийгээд, бас сайн хянаад явах юм бол  айж эмээгээд байх шаардлагагүй.  Тэгээд ч өнөөгийн байдал бидний сонгосон тогтолцоогоор хол явахгүй юм байна гэдгийг батлаад байхад энэ  хэвээр нь үлдээнэ гэдэг бол өөрсдийгөө алж байгаа хэрэг.  20 жил Парламентын засаглалыг туршлаа. Мууг нь мэдлээ. Бидэнд таарч тохирохгүйг нь мэдлээ. Аливаа зүйлийг туршаад болохгүй бол өөрөөр хийж үздэг шиг бид өөрчлөлт хийхгүй бол болохгүй нээ. Ер нь тэгээд энэ төрлийн (хүчтэй Ерөнхийлөгчийн) засаглал бол бидний "натурт" тохирсон гэж болно. Жаахан хатуу гараар зангидаж, нэг толгойгоор чиглүүлж байхгүй бол хэцүү улс гэдгээ бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эрхбиш өөрсдийнхөө мууг  мэднэ биз дээ, та минь?

Энэ байдлаараа  үргэлжлүүлээд явбал бид ухардаггүй юм аа гэхэд (өөдрөгөөр төсөөлөхөд шүү дээ) урагшаа гишгэх нь яст мэлхийнээс  удаан байх вий.  Яст мэлхийн хурдаар бид хэзээ бусад  хөгжингүй орнуудын зиндаанд очих вэ гэвэл  300 жилийн дараа буюу 2315 онд юм шиг байна.  Миний "мэргэнд"  л ингэж буугаад байна даа. Арай л удаан байгаа биз? Бидний үе ч жаргах хөг нь өнгөрсөн юм байна. Гэхдээ ирээдүй үеэ бодох хэрэгтэй биз?  Бид өнгөрсөн гээд хаячихалгүй хойч үеэ, улс орноо бодож одооноос өөрчилж эхлэхгүй бол болохоо байлаа.

Тэгвэл юу хийх ёстой вэ? Хамгийн эхний ээлжинд Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн засаглалыг тунхаглах хэрэгтэй. Үүний тулд сонгогчид, иргэд маань Парламентад сонгосон гишүүддээ хандаж ийм хуулийн төсөл санаачлах, дэмжихийг шаардана. Үндсэн Хуулийн өөрчлөлт  Парламентын гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авах  ёстой.
Хэрэв тэд бидний өөдөөс салаавч гаргавал (үл тоомсорлох гэж уншаарай) иргэд өөрсдөө гудамжинд гарахаас өөр аргагүй болно доо. Өөрчлөлтийг хүсвэл шүү дээ. Хүсэхгүй бол гэртээ сууцгаагаад, байгаа байдалтайгаа эвлэрээд,  амаа хамхиад хоногоо тоолоод сууж байх   хэрэгтэй. Амьдрал хэцүү байна, бид ядуу байна, шударга ёс алга, авилга цэцэглэж байна, хүнд суртал их байна, утаа хэцүүдлээ, уул уурхай дэндлээ  энээ тэрээ гэж бүү донгосцгоо.
Хэрэв ирээдүй хойч үеэ бодож байгаа бол дуугарцгаа. Өөрсдөө л дуугарахгүй бол хэн ч өмнөөс чинь дуугарахгүй. Тэр тусмаа өнөөгийн байдлыг хэвээр нь хадгалж, амин хувийн сонирхолдоо ашиглаж буй бэртэгчингүүд  бүр ч дуугарахгүй. Парламентад тийм бэртэгчингүүд олон бий гэдгийг тооцвол тэд нар энэ саналыг бараг л дэмжихгүй биз. Тийм учраас бүх зүйл биднээс хамаарч байна. "Түшээд авна уу, түлхээд хаяна уу, өөрөө мэдээрэй" гэдэг шиг,  "Өөрөөр амьдарна уу, одоогийнхоороо байна уу, өөрсдөө мэдтүгэй!" гэж.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө