Угаасаа хоцордог гэнэ

С.Дэмбэрэл: "Би угаасаа хоцордог юм"
УИХ-ын гишүүд хуралдаандаа дандаа хоцорч ирдэг (эсвэл ирц бүрэлддэггүй) учраас хурал оройтож эхлэх, эсвэл хойшлох явдал олон гардаг.  Энэ байдал бүр ужгирчээ. Гишүүд нь ч тоохоо байсан байна. Фейсбүүк дээр тавьсан нэг бичлэг дээр сурвалжлагч бүсгүй хуралдаандаа хоцорч ирж байгаа гишүүдээс яагаад хоцорсон шалтгааныг нь асууж лавлахад бүгд л элдэв тайлбар хэлж байх юм. С.Дэмбэрэл гишүүн бүр "Би угаасаа хоцордог юм" гэж хэнэг ч үгүй хэгжүүрхэж байна.  Би хоцордог хүн, тэглээ гээд чи яах юм гэж ам асууж байгаа юм уу даа. Цагаандаа цайна гэдэг л энэ байх даа.

Их Хурлын гишүүдийн хийдэг гол ажил бол хуралдаандаа сууж, хууль хэлэлцэж батлах явдал.  Иргэдээс  тийм итгэл хүлээж сонгогдсон хүмүүс шүү дээ. Сонгогдсон хойноо харин ажилдаа цагтаа ирэх эсэх нь, хуралдаа суух эсэх нь миний дур хэмээн өөдөөс маань салаавч гаргадаг болж. Тэдний хоцорсон цаг минут бүрээр  ажил саатаж, тасалсан хурал бүрд ажил хойшилдог. Ажил саатаж, хойшлох бүрд Монгол улс цаг алдаж, Монголчуудын ажил цалгарддаг.  Цаг бол алт. Алт болсон цагийг алдаж, ажил цалгардуулж хойш нь чангаадаг,  "эрхэм гишүүн" гэж авгайлуулах дуртай  эдгээр нөхдийн толгойг илсээр байх уу?

Дээр өгүүлсэн видео бичлэг дээр Тэрбишдагва "өвчтэй байгаа" гэж тайлбар хэлсэн бол, Лундаажанцан  "Өрөөндөө байж байгаад гарч ирлээ. Миний карт байж байгаа. Орж гараад байна. Бид нар бэлэн байдалд байгаа" хэмээн хэнэг ч үгүй тууж байна. Картаа шургуулж орхичихоод өрөөндөө ороод суучихдаг бололтой. Хуралдааны танхимд биеэрээ заларч байж ирцэд тооцогдоно гэдгээ мэддэг баймаар. Өрөөндөө биш.
Оюунхорол "Гадныхантай уулзалттай байж байгаад орж ирлээ" гэж хэн ч мэдэхгүй гадныханд буруугаа "тохсон" бол, Батзандан "Өрөөнөөсөө хараад сууж байлаа. Гишүүн бүр өрөөндөө ТВ-тэй. Ирц хүрэх нь үү, үгүй гэдгийг харж байгаад орж ирдэг" гэж  "шударга"  авч байна. УИХ-ын гишүүний ажил  7 хоногоор ядаж урьдчилан төлөвлөгдсөн байдаг байх гэж итгэнэ. Тэгвэл Оюунхорол "гадныхантай" хийх уулзалтаа хуралдааны цагтай давхцуулж төлөвлөдөг нь ямар учир байна? Батзандангаас асуухад, хүн бүр өрөөнөөсөө дэлгэцээр хараад ирц бүрдэхийг хүлээгээд суугаад байвал хуралдааны танхимд хэн орж ирэх юм бэ? Хуралдаан хэзээ эхлэх юм бэ? Энэ асуултанд зөв хариулбал шагналтай шүү.

С.Бямбацогт хоцорсон шалтгаанаа Дэлхийн банкнаас ирсэн олон хүн рүү чихэж байх юм. Бас л "гэнэтийн"  төлөвлөөгүй уулзалт болсон юм уу даа. Дэлхийн банкны хэдэн "бүдүүлэг" нөхөд урьдчилж хэлээд цаг зөвшөөрөл авалгүй  "гэнэт" уулзаж, Бямбацогтыг ажлаас нь хоцроосон юм байна гэж ойлголоо.  Болор мэтийн зарим нэг гишүүд "хоцрох явдал бол буруу зүйл" гэж гэмшингүй өгүүлж байна.  Унгачихаад хавчдагаа болимоор юм.

УИХ-ын гишүүд маань жирийн маниусыг бодвол "тусгай" хүмүүс учраас ажлаа тасалсан ч ажлаасаа халагдана гэж байхгүй, хоцорсон ч "банга" хүртэнэ гэж байхгүй улс. "Тусгай" хүмүүс учраас арай өөр хандаж байгаа юм уу?  Тэгвэл бидэнд ийм "тусгай" хүмүүс хэрэггүй ээ. Сонгогч бид эдгээр нөхдийг бидний төлөө, Монгол улсынхаа төлөө алд биеэ алжаатал ажиллаарай хэмээн захиж, итгэл хүлээлгэн сонгосон билээ. Гэтэл  хуралдаандаа ч зарласан цагт нь ирж суухгүй олон долоон тайлбар хэлээд пээдийцгээж байх болжээ. Итгэл даасангүй. Итгэл эвдсэн арчаагүй амьтасыг дахиж сонгох гэж үү?  Хоорондоо хэрэлдэж, улс төржиж, намчирхаж, талцаж хуйвалдсаар ажил гацааж, зогсоож, унтрааж, хойшлуулж ирсэн энэ хүмүүст дахиж итгэх гэж үү? Ухаанд чинь ухна үхчээгүй бол дахиж бүү сонго!  Тэд Монголын хамгийн шилдэг оюунлаг хүмүүс биш шүү дээ. Монголоо гэсэн үнэн сэтгэлтэй, шударга журамтай, ёс суртахуунтай хүмүүс зөндөө бий. Бид нам гэж гуйвалгүй тийм улсыг олж сонгох хэрэгтэй.

 Одоо байгаа 76 гишүүнээс дахиж сонгогдох хүн гэвэл хуруу дарам цөөн байгаа.  Маш цөөхөн дөө. АН, МАН болон бусад намаас нэр дэвшиж болон намын нэрээр (жагсаалтаар)  сонгогдсон олон хүн 2016 онд өрөөгөө суллаж өгөх болно.  Иргэд сонгогчдын өнөөгийн уур амьсгал ийм байна. Хэрвээ 16 онд төрийн түшээ болж улс, ард түмнийхээ төлөө алд биеэ зориулая гэж бодож байгаа хүн байвал намаасаа татгалзаж, нам бус болж өрсөлдөх хэрэгтэй. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглал тогтоохын төлөө саналаа өгнө гэж амлах хэрэгтэй. Мөн  УИХ-ын тухай хуулинд өөрчлөлт оруулж, итгэл алдсан (сонгогчдын итгэл алдарсан, элдэв хэрэгт нэр холбогдсон, ёс бус үйлдэл гаргасан, тангарагаа зөрчсөн г.м.) гишүүнийг  огцруулдаг механизмыг хийж өгөхийг дэмжихээ амлах ёстой.  Угаасаа хоцордог гэж хэгжүүрхдэг гишүүн мандатаа хадгалаад суугаад байдаг гажиг тогтолцоог арилгах нь төр нь цэвэрших, ариусах нэг нөхцөл болно.  Төр барьж байгаа хүмүүс нь ёс зүйтэй, суртахуунтай, сонгогчдоо  хүндэтгэдэг болоод ирэхийн цагт төр нь цэвэршиж, иргэд маань төрдөө итгэдэг хүндэлдэг болох юм. Төр баригчид маань өөрсдөө үлгэрлээд  эхлэвэл иргэд нь сайныг дагадаг болно. Дээдэх нь суудлаа олчихвол доодох нь гүйдлээ олно. 
Бичлэгийг   эндээс үзээрэй .


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө