Сувгаа заавал солиорой!

"Өлгийтэй хүүхдүүд" Чингисийн талбай дээр суулт хийжээ. Зохион байгуулагч нэг нөхрийн хэлж байгаагаар бол "хамгийн бага орлоготой, ядуу айлын хүүхдийн сүү тэжээл, заримдаа тэр айлын хоногийн хоол нь болдог мөнгийг" хасаж хэмнэлт хийхээр шийдсэн "харгис" Засгийн газрын саналыг эсэргүүцэж тоглоомон хүүхэлдэйнүүд өлгийдөж тавьсан гэнэ.

"Хүүхдүүд энэ мөнгөнөөс салах юм бол хоолгүй болно, өлсөнө" гэж энэ нөхөр айлдаж байна. Шоудаж болноо, гэхдээ ингэж худлаа шоудах хэрэггүй. Одоо ч ичих эмээхээ больсон сайхан цаг ирж дээ. Ширэн нүүрлэчихээд л худлаа цуураад, сүржигнээд байх бололтой юм аа. Уг нь манай "будаг нь ч хатаагүй" шинэ Ерөнхий сайд маань хэлэхдээ, "Сарын орлого нь 1 (нэг) сая төгрөгнөөс доош айлын хүүхдүүд үүнд хамаарахгүй" гэсэн юм байна л даа. Тэгэхээр 1 сая төгрөгнөөс дээш орлоготой айлын хүүхдүүдийн мөнгийг хасах юм байна. Ийм айлыг "бага орлоготой, ядуу" гэж томъёолж болохгүй байх аа.

"Суултыг" зохион байгуулагч тэр нөхөр мушгиж гүтгэнэ гэхэд арай дэндсэн байна. Мэдээлэл муутай, эсвэл огт авдаггүй иргэдийн тархийг ингэж угаадаг, турхирдаг. Мэдээлэлтэй иргэн бол "Чи битгий худлаа цуураад бай" гээд л загнана шүү дээ. Харин мэдээлэл муутай нь бол энэ гүтгэлгийг сонсоод (ялангуяа олонхи болсон манай ядарсан амьдралтай иргэд бол) шууд л "уур нь хүрч, уушиг нь сагсайна" шүү дээ. Буу бариулчихвал "Сайханбилэг хаана байна, буудаж ална" гээд л давхиж мэдэх. Гэтэл үнэн хэрэгтээ бага орлоготой ядуу хэсгээрээ  "оролдоогүй" юм байна л даа. Боломжийн орлоготой айлын хүүхдүүд тэтгэмж авах шаардлагагүй бөгөөд хэмнэж болох мөнгө гэж бодож л дээ, туучий чинь. "Ардын хүүхдийг алаг үзэхгүй шүү!" гэж үү? Яг үнэндээ хүүхэд "алаг үзээд" байгаа юм  биш л дээ. Нэг саяас дээш орлоготой айлын хүүхэд сарын цөөхөн хэдэн мянган төгрөг авахгүйгээр тураад үхчихгүй  нь ойлгомжтой.

Зохион байгуулсан гэгдэх хоёр нөхөр өөрсдөө тийм солио өвчтэй юм уу, эсвэл хэн нэгний захиалгаар ийм юм зохион байгуулсан байж таарна.  За даа, сүүлийнх нь болов уу даа. Эрх баригчдын, ялангуяа толгойлогчдынх нь хэлсэн үг, хийсэн үйлдэл болгоныг мушгиж гуйвуулаад, муулж гутаах нь гол зорилго.  Хэн захиалав аа гэдэг нь аяндаа ил болно. Зарим нь ч гадарлаж байгаа биз. Үр дүн нь эрх баригч олонхийг муухай харагдуулж, ирэх сонгуульд "ганхийх" чимээгүй болтол нам дарах явдал. Сайханбилэг "Сувгаа битгий солиорой" гэж мянга орилоод нэмэргүй, сонгогчид маань "сувгаа" дор нь солиод хаячихна. 2016 он бол "суваг солих"  өндөр магадлалтай он юм шиг харагдана.  Өнөөгийн уур амьсгалыг ажвал ийм байдалтай.  Суваг яах вэ, сольж болно. Америкчууд "хоёрхон сувгаар" ээлжилж элдвийн шоу  үзсээр олон жил болсон ч  залхаагүй л байна даг. Харин манайхан  сувгаа солиод ч нэмэргүй бололтой. Аль 90 оноос хойш  л энэ хоёр сувгаар хоёулангаар нь адилхан үлгэр үзүүлээд байгаа учраас нэмэргүй гээд байна л даа.  Үлгэр үзүүлж унтуулсаар энэ ард түмэн "донгио" болчихсон байна шүү дээ.

Одоо иргэд маань  улиг болсон энэ хоёр сувгийг үзэхээ больж, үлгэрт итгэлгүй өөрсдийнхөөрөө бодитой үнэн нэвтрүүлэг хийж  цацдаг   сувгийг сонгох цаг  болжээ.  Энэ нэвтрүүлгийг санаачилж, найруулж, дэглэх хүмүүс нь олдож магадгүй, харин хамгийн гол нь үзэгчид маань энэ сувгийг сонгож бодит нэвтрүүлгээ үзэж, нэвтрүүлэгтээ идэвхтэй оролцох л чухал.  Хэрэв тэгэхгүй бол үлгэр үргэлжилсээр байх болно. 2012 онд сувгаа солиод , "АН" гэдэг суваг дээр тавиадахсан чинь бас л адилхан "нойрны эм" үзүүлж байна. 2016 онд нөгөө ("МАН" гэдэг) суваг руугаа буцааж тавиад ч нэмэргүй байх вий. Энэ хоёр сувгийн "контент" хэрэг алга гэдгийг өдий олон жил яс махандаа шингэтэл ойлгож авсан  байх аа гэж найдна. Тиймээс шинэ суваг дээр тавих цаг болсон байна. Үлгэрийн цаг дуусаж, сувгаа солих цаг иржээ.  Та сувгаа заавал солиорой!


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө