Хар масс

Дахин дахин бичихээс өөр арга алга. Өнөөгийн энэ завхарсан байдал амар өөрчлөгдөхгүй нь. Иргэд маань ийм идэвхгүй үхээнц байх юм бол яаж өөрчлөгдөх вэ дээ. Илэрхий бухимдаж эсэргүүцэх, дуугарах сэдэл байсаар атал бүлх залгисан юм шиг дуугарахгүй нь гачлантай. Энэ ард түмэн яагаад ийм үхээнц болов оо?  Зүгээр  л амьд сүг. Нэг намын дарангуйлалд, төрийн  хүчирхийлэлд  хэлмэгдэж байсан үеийн айдас одоо ч хэвээр байгаа бололтой. Нийгмээ, улсаа, бие биенээ гэхээсээ илүү өөрийгөө, амин хувиа бодсон, бэртэгчин дорой, аймхай амьтас болжээ. За энэ зан чанар олон үйлдэл дээр ажиглагддаг даа. Бие биенийгээ матах, хорлох, унагаах, атаархах (тамын тогоо!), буруу ч байсан өөрсдийгөө өмөөрөх, эдийн шуналд автах, өөрөө л болж байвал бусдыг яасан ч хамаагүй гэдэг  үзэл, сэтгэлгээнүүд   бидний араншин болсон байна.  

Энэ үхээнц массыг сэрээж хөдөлгөдөг манлайлагч хувь хүн, бүлэг алга.  Уг нь ийм манлайлагч байгаад энэ өөрчлөлтийг удирдаад явбал хэзээ ч бий болж мэдэх эмх замбараагүй байдалд хүргэхгүй, үймээн самуун дэгдэхгүй, хүний амь сүйдэхгүйгээр хийж болно.  Ер нь бухимдал бол хаа сайгүй илэрч, мэдрэгдэж байгаа. Хүмүүс янз бүрийн аргаар л илэрхийлж байна.  УИХ-д байгаа 76 бол амьтны хараалыг өдөр болгон "идэж" байгаа гэдгээ мэдэж  л байгаа. Гэвч шийрэн  нүүрэлсэн улс ичих зовохоо болиод удаж байгаа. Масс хөдлөхгүй байгаа боловч энд тэнд дуугарч , хонх цохиж байгаа хүмүүс мэр сэр байна. Харин төр засаг энэ эсэргүүцлийг мугуйдалж хорих, дарах гэвэл маш том алдаа болно. 7 сарын 1-ний үймээн шиг юм болбол төр танкаа оруулахаас аргагүй байдалд хүрнэ.  Ийм нөхцөл байдал үүсвэл эцсийн дүндээ хэн ч хожихгүй, бүгд л алдана. Тухайн удирдлага ч хариуцлага хүлээхгүй, явж явж энгийн иргэд хохироод үлддэг. 2008 оны хэрэг явдлыг зохицуулж ажиллаж чадаагүй тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль Зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил нар ямар ч хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн юмдаг. Үхсэний хохь, амьдын зол болоод л дууссан.  Зүй нь Монголчууд тэднээс  5 хүний амийг нэхэх ёстой байсан юм. Гэвч үхээнц улс яаж нэхэх вэ дээ.

Уг нь иргэд маань дуугарах зөндөө л шалтгаан байна.  Сая УИХ-аар 2015 оны төсвийг бас л алдагдалтай баталлаа. Алдагдал нь 1 их наяд (триллион) 204 тэрбум 800 сая төгрөг! Зардлуудаасаа танаж  алдагдлаа багасгана гэсэн чинь худлаа жүжиг болоод өнгөрсөн.  Намууд хоорондоо тохиролцож (хуйвалдаж )  олон дэд сайдуудаа хэвээр нь үлдээхээр болжээ. Дэд сайдуудаа больсон бол жилд хэдэн зуун сая төгрөг хэмнэгдэхээр байлаа. Оронд нь мянга гаран төрийн албан хаагчийг ажлаас халж цомхотголд оруулах юм байх.
Намчингууд (УИХ-ын гишүүд гэж унш) элдэв зардлаасаа 5% танасанаар 467 сая төгрөг хэмнэгдэж байгаа юм гэнэ. 5% хасахад ингэж байгаа юм чинь 50% хасвал овоо мөнгө хэмнэгдэх нь ээ? Гэвч тэд ингэх зүрх сэтгэл байхгүй улс.  МАН-ын бүлгийн гишүүд унааныхаа зардлаас татгалзана гэж сүржин мэдэгдэл хийгээд хэлсэн амандаа хүрсэнгүй молиго үмхүүлээд авлаа. Угаасаа худлаа нөхөд гэдэг нь ингээд харагдаж байгаа биз?
МАН-д итгэснээс Мойног хуруундаа итгэ гэж үг мэдэх үү?

Ноён уулаа ухах уу, аврах уу гэдэг  асуудал одоо хэрүүлийн алим болоод байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байх Гачууртын алтны орд байгаа бүсэд алдарт Ноён уул байдаг.  Бороогийн алтны  ордыг  ухсан Бороо Гоулд хэмээх компани Ноён Уулын дэвсгэрт орших Гачууртын алтны ордыг ашиглах болж байгаа юм байх. Үүнийг эсэргүүцэж Сэлэнгэ аймгийн иргэд, иргэний хөдөлгөөнийнхөн цуглаж төрийн ордныг гороолж байна. Төрийн ордныг тойрон давхилдах машинууд манай цагдаагийнханд сэжигтэй санагдаж л дээ. Зогсоож байцааж байгаа манай цагдаагийнханы байж байгаа царай ч өрөвдмөөр.
Ер нь иргэдийн дургүйцэж байгаа нь түмэн зөв. Түрүүчээс нь ашиглаж үр дүнг нь үзээгүй байж, дараагийн газар луу ухах гэж дайрна гэдэг бол утгагүй юм. Тэгээд ч эртний олдвор ихтэй, археологийн чухал бүсэд ухаж төнхөхөөс аль болохоор татгалзах ёстой.  Газраа ухаж цөлмөж мөнгөжихөөсөө илүү өөр арга замаар эдийн засгаа өөд нь татах  тухай бодож болохгүй юу? Нөгөө эдийн засгаа солонгоруулах асуудал юу болсон бэ?  Сэтгэл байхгүй бол зүтгэл гарахгүй ээ. Сэтгэлгүй улсыг таньж мэдсэнээс хойш  дахиж сонгох хэрэггүй л байхгүй юу. Гэтэл сонгууль болгоноор л гараад ирдэг "дархлагдчихсан" хүмүүс  байгаа нь манай иргэдийн байж байгаа царай нь тэр. Ийм учраас бид  массыг  сэрээх, гэгээрүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэн яаж хийх вэ?  Боломжтой бүх л аргаар хүн бүр хажуудахдаа хэлж ойлгуулж, ухуулж таниулж байх нь чухал. Тэгж  байж л өөрчлөлт маань утга учиртай, ойлгомжтой болно.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө