Монгол хэлээ аварцгаая!

Монгол хэлээ аваръя (МХА) хэмээгч нэгэн (буюу нижгээд?) шувуухай(нууд) Твиттер дээр жиргээд удаж байна. Ер нь бол зөв санаачлага. Дэмжиж байгаа учраас энэ удаа хэдэн үг сольё гэлээ. Жиргээчид маань  дийлэнхдээ дэмжиж  байгаа хандлагатай байна. Тэвчиж, мөн төвөгшөөж байгаа нь ч бий л байх. Ганц нэг нь ундууцаж харагдана.  Тайван байцгаа, шувуухайнууд минь. Аливаа шинэ юм  анхандаа  "эгдүү" хүргэдэг нь угаасаа жам учраас ойлгож байна. Гэхдээ сэтгэлийн хөдлөлөө барьж, гүнзгий амьсгаа авч,  тайван уужуу хандахыг хүсье,
Зарим жиргээч үгийг  чинь ойлгохгүй байна гэж  гайхах. Яаж ойлгох вэ дээ, шинэ Монгол үг зохиосон  юм чинь.  Консервация (conservation) гэдэг үгийг хариглаа гэж ярьж бичиж хэвших хүртэл нэг хэсэг л хугацаа шаардлагатай болно.

Гадаад үгийг "монголчлох" 2  арга байна. Нэгд нь, аман дуудлагаар нь галиглаж бичих. хоёрт нь цоо шинээр Монгол үг зохиож орлуулах.  Жишээ нь, автобус гэдэг үг  "автуус"  болчихсон явж харагддаг.  Ардын аман яриагаар шүү дээ. Үүнийг эсвэл автуусаар нь үлдээх, эсвэл өөр шинэ Монгол үгээр орлуулж болно. "Хүнзөт" гэдэг үг байвал яаж байна? Хаанаас "олсон" юм гэж үү? "Хүн зөөврийн тэрэг" гэдгийн хураангуйлал  байхгүй юү! (Мундаг байна уу? ха ха ха)
"- Баянхошууны хүнзөтийн буудал хаана байдаг вэ?" гэж асуух нь. Гэхдээ манай МХА надаас өрсөөд "нийтрэг" гээд монголчилчихсон л доо. Би хоцорсон байна. :(
Манай алдарт Баабар  эхнийх нь аргаар  Монгол үг зохиохдоо донжтой.  Депутат гэдэг үгийг мань эр  "дивтаат" болгосон байдаг. Болохгүй юм ч алга. Харин манай МХА (Монгол Хэлээ Аваръя) үүнийг "тохоогдогч" гэж монголчилжээ.

За ингээд МХА  найзыхаа  зохиосон үгсээр жаахан наадая. Дашрамд дурдахад, би нэг удаа тэр нөхөрт  жилийн 12 сарыг  нэрлэх оноосон Монгол үгс  хэрэгтэй байгаа тухай бичиж байсан юм. Өнөөг хүртэл мөнөөх шинэ үгсийг (нэрсийг) олж  хараагүй л явна. Уг нь саруудад нэр оноогоод өгчихвөл (January, Январь гэдэг шиг) ярьж бичихэд амар байхсан. Тиймгүй болохоор эсвэл "1-р сар" , үгүй бол "Нэгдүгээр сар"  гэж бичих чинь "хэцүү" юм.  12 (сар) жилийг төлөөлүүлсэн амьтнаар (хулгана, үхэр, бар г.м.) нэрлэх нь ч хаашаа юм. Өөр шинэ нэр хайрламаар байна. МХА маань завгүй байгаа юм уу, эсвэл миний хүсэлтийг ор тас мартаж орхисон уу, бүү мэд. Ямартай ч  үүгээр дайгаад дахиад нэг удаа хүсэлтээ давтаад "хатуухан" сануулчихъя. :)

Одоо таны унших наадгай маань зөвхөн марзаганал бус, бас жаахан шүүмжлэл агуулсан бөгөөд энэ нь мэдээж муулах зорилготой биш харин засаж сайжруулаасай гэсэн утга агуулсан гэдгийг болгооно биз ээ. Мөн зарим газар би өөрийнхөө санаануудыг хавчуулсан зүйл ч бий. Тайлбар гэдгийн дор өгсөн үгнүүд МХА-ын орчуулга шүү.

1. Монголын томоохон банкуудын нэг Худалдаа Хөгжлийн  Банкны цахим  хуудсан дээр байгаа нэг өгүүлбэрийг авч үзье. Энд дарж үзнэ үү.
"Бизнес дебит карт нь байгууллагын төлбөр тооцоонд зориулагдсан, картын дансан дахь боломжит үлдэгдлийн  хэмжээнд гүйлгээ хийх боломжтой дебит карт юм."  Хэцүүхэн найруулга, ядруухан Монгол хэл байгаа биз?   Аливаа  үгийг нэг өгүүлбэрт давтаж хэрэглэх нь найруулгын болон утгын талаасаа зохимжгүй бөгөөд аль болохоор цээрлэж байх ёстой эд. Дээрх өгүүлбэрт дебит карт, боломж гэсэн үгс давтагджээ. Монгол хэлний эрдэмтэн хүн энэ  өгүүлбэрийг хамаагүй сайхан найруулчихна даа. Тэд нараас ядаж асуудаг ч болоосой. Эсвэл, үнэгүй юм гэж капитализмд ямар байх биш,  "баян" банк хэдэн төгрөг төлөөд хэдэн  өгүүлбэр  аятайхан бичүүлчихэд хотойхгүй л баймаар.
Манай МХА маань дебит гэдгийг  "Ширвэн" гэж монголчилсон байна.  Дээрх өгүүлбэрийг "цэвэр монгол" болгохын тулд "бизнес", "карт" гэсэн үгнүүдийг бас орчуулах хэрэгтэй болж байна. Банкны картыг "гэрэг" гэж орчуулжээ. Дебит карт маань "ширвэн гэрэг" болж байна. Бизнесийг "ажил хэрэг" гэж монголчилсон байна. Ингээд дээрх "тэнэг" өгүүлбэрийн цэвэр монгол хувилбарыг бичвэл,  "Ажил хэргийн  ширвэн гэрэг нь байгууллагын төлбөр тооцоонд зориулагдсан, гэрэгний дансан дахь боломжит үлдэгдлийн хэмжээнд гүйлгээ хийх боломжтой ширвэн гэрэг юм."  гэж бууж байна.  Сонин этгээд сонсогдож, уншигдаж байж магад, гэхдээ найруулгыг нь өөрчлөөд жаахан жаахан засал хийчихвэл болмоор ч юм шиг.  Тэгээд яваандаа дасна даа, дасна.

2. Монголд "ногоон" гэдэг хочоор алдаршсан АНУ-ын мөнгө тэмдэгт долларыг "хөндийс" гэж орчуулсан байна. Яагаад хөндийс гэсэн юм бол гэж гайхаж байтал Википедиа дээр тайлбарласанаар уг үг нь Германы  Thaler (буюу хөндий) гэсэн үгнээс гаралтай гэж бичсэнийг уншаад сая ойлгов. Анхааруулахад, энэ хөндий гэдгийг  хөндий хоосон гэсэн утгаар  биш харин тал хөндий (газар нутгийн тогтоц) гэдгээр ойлгоорой. ( Tal гэдэг нь германаар тал хөндий гэсэн утгатай үг. Англиар Valley  гэдэгтэй дүйнэ.) Thaler нь (сүүлд   Taler болж бичигдэх болсон) сунжирсаар доллар болсон юм даг уу даа. Талер нь олон зуу жил Европт гүйлгээнд хэрэглэгдэж байсан мөнгөн зоосны нэр юм байна.  Аливаа улсын мөнгөн  тэмдэгтийн нэрийг орчуулах нь харин хэр зөв бол гэж. Миний бодоход  дэмий бөгөөд зохисгүй  санагдана. Монголын төгрөгийг бусад оронд орчуулаад өөр нэр өгөөд унавал  бөөн "будилаан" үүснэ биз дээ?  Евро, Рубль, юань гээд бусдад нь бас Монгол  "нэр хайрлалтай" биш.

3. Сүүлийн үед цагаан хоолтон (уг нь цагаан биш, ногоон хоолтон гэх нь зөв мэт) гэж нэрлэгдэх махнаас татгалзагчид ногоо голдуу хүнсээр хооллож, мах орлуулагч гэгчийг иддэг болжээ. Эдгээр хүмүүсийг МХА маань "даяанч" нар гэж нэрлэжээ. Юугаа идэж хуйхаа маажих нь хүний хувийн асуудал, гэхдээ мах хэмээх уурагаас  (протейн) татгалзах нь уул шугамандаа буруу гэж бодно. Махнаас өөр хүнснээс уураг авч болох нь мэдээж гэвч тэдгээр нь хэзээ ч махыг орлож  чадахгүй. Яахав, Монголд ногоон хоолтон олширвол махчингуудын тоо толгой цөөрч, улмаар мах элбэгшиж, үнэ нь  навс хямдрах бөгөөд мань мэтийн маханд дуртайчуудын  магнай тэнийх байх л  даа. Гэтэл нөгөө талаас, туниа муутай  даяанч нар олширвол Монгол хүний бие махбодь доройтох муу үр дагавартай болуужин хэмээн дотроос минь "юм зулгаагаад" болохгүй нь. Жаахан салхинд л хийсээд явчихаар хамхуул шиг хөнгөн,  хуруунууд нь сүмбэн, гуя хаа нь нарийхан, савх шиг   даржин залуус  гудамжаар хэлхэлдэх болсон энэ цагт бидний төрөл улам хурдан арилжиж байх шиг бодогдоод шөнө нойр бүтэн хонож чадахаа байлаа. Бүдүүн борог, өлчир чийрэг Монгол эрчүүд түүх болж, тосон будгийн зурганд мөнхөрч музейд залагдах  цаг улам ойртож байх шиг. Хүүхнүүд нь шалчир балчир, уяхан туяхан, нялуун муур шиг "эрэнцэрүүдийг" илүү таашаадаг цөвүүн цаг иржээ.

4. Ерөнхийлөгч  Элбэгдорж маань  мотоцикль унаж биш, морио унаж малаа хариулж байя гэж уриалсан.  Малчин Монголчууд ингэж залхуу болтлоо "моторжсон" байна. Цаг хугацаа гэж. МХА найзын маань  санал болгосоноор мотоцикль гэдгийг "сундгуй" гэж үүнээс хойш түүнээс цааш нэрлэцгээе. Хүн бүр бичээд, яриад хэвшчихвэл удахгүй  чихэнд хоногшчихно.  Манай малчдад сундгуй хэрэгтэй юу гэвэл амин чухал хэрэгтэй.  Ойр зуур ажил амжуулах, мэдээ дамжуулахад хөл дүүжлэх хамгийн тохиромжтой, хурдан, хөнгөн, авсаархан унаа. Зам голно гэж байхгүй, шатахуун бага хэрэглэнэ, засвар үйлчилгээ амар хялбар.  Ганц л асуудал байна. Тэр нь сонголт бөгөөд хангалт. Сонголт буруу учраас өнөөдөр цэвэр техникийн шалтгаанаар осол олширч эрдэнэт амиа алдах, бэртэх нь ихэсч байгаа юм байна. Чанар муутай хятад сундгуй хөдөөний зах зээлийг эзлээд  хаа сайгүй сүлжилдэх аж. Дээхэн үед Оросын сундгуйг хэрэглэдэг байхад техникийн шалтгаанаар бус өөрсдийн буруугаас болж голдуу осолддог байсан бол өнөөдөр байдал  ноцтой болжээ. Өнгө зүсэнд нь болж хуурамч хулхи чанаргүй эдэд шохоорхож авцгаадаг юм байна. Хөөрхий тэднийг буруутгах аргагүй боловч амьдрал  дээр  яс чанар нь танигдсаар атал аваад байдаг нь гачлантай. Зохих  газрууд нь  энэ ноцтой асуудлыг анхааралдаа авахгүй зүгээр хараад суудаг нь бас сонин.  Уг нь иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг гадны бараанаас хамгаалж байх нь төр засгийн үүрэг баймаар.

АНУ-д Тоёота үйлдвэрийн зарим загварын тэрэгний "хаазны" гишгүүр гацдагаас болж  жолооч нар осолд орж амь насаа алдах явдал гарсан учраас Тоёота компаний хамгийн том босс (Ерөнхийлөгч) ноён Тоёода гэдэг хүнийг Конгрессийн өмнө дуудаж  авчраад байцааж байсан нь саяхан. Ноёр Тоёода амь үрэгдэгсэдийн  ар гэрийнхэнээс гүнээ уучлалт гуйгаад мөнхүү техникийн гажгийг засаж , машинуудаа улам сайжруулж найдвартай болгоно гэж ам өчгөө өгсөн. Хятадын хэврэг сундгуйгаас болж хүний амь эрсэдсэн тохиолдол олон гарч байгаа учраас  тэр сундгуйг үйлдвэрлэдэг компаниас хохирол нэхэмжлэх хэрэгтэй юм, уг нь бол. Гэтэл манайхан засмал хар зам дээр явах зориулалттай хийсэн сундгуйг хөдөөний бартаа саадтай шороон зам дээр унасан учраас "зориулалтын бус" газар хэрэглэсэн Монголчууд бидний хохь гэх утгатай юм ярьцгааж сууна. Засмал хар зам дээр явж байгаад нэг чулуу таараадахсан чинь нөгөө хэврэг хайлшаар хийсэн эд анги нь бут үсрээд жолооч нь эндчихвэл юу гэж хэлэхэв? Бас л хохь нь гэх үү?  Гадаадын хямд, чанаргүй, хэврэг бүтээгдэхүүнээс иргэдээ хамгаалж чадаагүй манай арчаагүй төр засгийн мануухайнууд өөрсдийнхөө арьсыг хамгаалахын тулд иймэрхүү л тайлбар хэлэх нь ойлгомжтой.

Ядаж байхад  хөдөө орон утгийн иргэд,  ялангуяа  малчин залуус маань хотынхны мулгуу "соёлыг" дуурайж гадна үзэмж, өнгө зүсийг шүтэхийн оронд   чанарыг эрхэмлэдэг байвал сайнсан. Харамсалтай нь эрээн мяраан, өнгө будагтай, хийц чамин  хятад сундгуй унахгүй бол "хүн биш" болчихдог гаж солио өвчин хөдөөний эгэл боруудад маань халдварлачихжээ. "Планета"  сундгуй унахаасаа "ичдэг" болсон юм уу даа.  Жинхэнэ солиорол.  Арай дөнгүүр, бат бөх орос сундгуйгаа унаж аюулгүй найдвартай зорчицгооё, та минь! За тэгээд Ерөнхийлөгчийнхөө уриалсан ёсоор мориороо малаа адгуулж Монголоороо байя. Сундгуй оруулж ирж зардаг наймаачиддаа хандаж хэлэхэд, өөрсдийнхөө эрх ашгийг эхний ээлжинд тавих нь зүй боловч бас хөөрхий иргэдийнхээ аюулгүй байдал, амь амьдралыг бодооч ээ гэе.  Энэ чинь л нэг ёсондоо та нарын эх оронч эсэхийг чинь харуулах  нэг үзүүлэлт болно шүү.  Чанартай, эдэлгээ сайтай, байгалийн элдэв саад замд түүртдэггүй, бат бөх сундгуй оруулж ирж зараач ээ. Орос сундгуйгаа, мөн гадны бусад орноос сайн чанартай, бартаанд түүртдэггүй хоёр дугуйт  авчраач ээ.  Гадны барааг шалгаж хянадаг засгийн байгууллагууд ажлаа олигтойхон хийж үүргээ биелүүлээч ээ гэж хүсье. Хүсэх биш ээ, шаардаж байна!

5. Бээжинд болсон хурмастын наадамд манай жалгуумчид анхны алтан  зүүврийг эх орондоо авчирсанд  хүүхэд хөгшин хөвөөгүй баярлаж, "хонь"  "чононууд"   хүртэл  халамцуухан тэврэлдчихсэн   Сүхбаатарын талбай дээр орилж зогсов доо, тэр жил. Саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулгын толгойлдог жалгуумын холбоо хуралдаж ажлаа дүгнээд,  авсан зүүврээ тоолоодохсон чинь өнгөрдөг жил 200 гаруйг "цуглуулсан"  байна гэнэ. Мундаг амжилт! Монголыхоо нэрийг мандуулж байгаа нийт жалгуумчиддаа энэ 15 ондоо улам их амжилт гаргаарай гэж хүсье.
Тайлбар: хурмастын наадам- олимпийн тоглолт, жалгуум- жюдо, зүүвэр-медаль,

6. Бандига, бадга нарын явдлыг би бээр "буруутгаж зүхэхгүй"  боловч ганцхан зүйл дээр тэс хөндлөн хэвтдэг нэгэн. Тэр нь юу вэ гэвэл тэд нарын гэрлэлт. Гэрлэлт гэдэг бол зөвхөн эр эм хоёр хүн дэр нийлүүлж бий болдог "нэгдэл" юм. Эсрэг хүйсийн хоёр этгээд гэрлэсэнээр албан ёсоор гэр бүл болж удам угсаагаа төрүүлэн  үржиж хүн амдаа бүл нэмдэг. Сонгодог утга нь энэ. Бандигууд, эсвэл бадганууд хоорондоо гэрлэхийг гэр бүл гэж нэрлэх нь буруу.   Тэд бол зүгээр л хамтран амьдрагчид. Ижил хүйстэнгүүд дундаасаа үр хүүхэд гаргаж үржих боломжгүй учраас тэд сонгодог утгаараа гэр бүл биш юм. Тиймээс гэрлэх тухай яриа угаасаа байж болохгүй. Харин хамтран амьдрах гэж яривал өөр хэрэг. АНУ болон бусад зарим орнуудад ижил хүйстэнгүүдийн албан ёсоор гэр бүл болохыг хуулиар зөвшөөрсан байдаг. Бандигууд нэгнийгээ миний авгай гэх боловч өнөөх нь хүүхэд гаргах боломжгүй учраас юуных нь "авгай"  байхав дээ. Ирээдүйд эрэгтэй хүн хүүхэд тээж гаргадаг болсон цагт харин ингэж дуудуулдаг болж магадгүй.

Дээхэн нэг ТВ-ээр нэгэн  Монгол бадга гадаад оронд (Шведэд гэсэн байх аа) "ханьтайгаа" гэр бүлээ баталгаажуулж албан ёсоор суусан гэж ярьж байсан. Мэдээж Монголд ижил хүйстэнгүүд гэрлэх нь байтугай зүгээр явахад хэцүү тийм орчин, нийгэмд амьдардаг. Нэгэнт ингээд төрчихсөн улсыг яалтай ч билээ. Энэ бол төрөлхийн гажиг юм. Төрөхдөө л тухайн нөхөр ийм гаж сэтгэхүй, согогтой  ирсэн учраас өөрчлөх боломжгүй. Тэд өөрсдөө энэ байдлыг сонгож аваагүй, өөрөөр хэлбэл энэ сэтгэхүй нь олдмол биш юм. Энэ шалтгаанаар тэднийг бас өрөвдөж, зөөлөн хандах хэрэгтэй болов уу. Нийгэм болон хэн нэгэнд гай зовлон тариагүй бол тэднийг нүд үзүүрлэх нь утгагүй бөгөөд хүнлэг бус хэрэг. Тэд ч мөн өөрсдийнхөө энэ хэвийн бус байдлаа ойлгож, түүнийгээ дөвийлгөж хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх биш, харин аль болохоор нууж, даруу байх хэрэгтэй болов уу. Тэрнээс биш  ТВ-ээр би түүнтэй гэрлэсэн энэ тэр гэж "илэн далангүй"  тунхаглаад зарлаад байх нь хэрэггүй шүү гэж. Дахин хэлэхэд, ер нь бол замбараа цадигаа алдсан гадныхныг дуурайж гэрлэх тухай ам ангайгаад ч хэрэггүй.
Тайлбар: Бандига- ижил хүйстэн (эр) буюу гей
                Бадга    - ижил хүйстэн (эм) буюу лесби

7. Дэнчлэнгээр байшин сууц авах нь уг нь бөөн төлөхгүй амар боловч тэр зээлийн хүү гэж нэг айхтар юм бий. Тэгээд байнгын орлоготой байхгүй бол сар бүрийн төлбөрөө төлж чадахгүй явсаар эцэстээ байраа хураалгаж гудамжинд гарах аюул бий. Баахан мөнгө төлж явсаар сүүлдээ мөнгө ч үгүй, байр ч үгүй хоцордог гашуун туршлага энэ дэнчлэн гээч юм их дэлгэрсэн бусад хөгжилтэй гэгдэх орнуудад их байдаг гэнэ. Үүнийг анхаарцгаах  биз ээ.
Тайлбар: Дэнчлэн - ипотек буюу мооргейж (банкны зээл)

8.  Хавс идэж, холим шимсэн
     Чадхай углаж, хүйлэн хэссэн
     Биеэ үнэлж төлбөрөө хийдэг
     Бүсгүй оюутан олширчээ.
Тайлбар: хавс-гамбургер, чадхай-трико, холим-коктейль, хүйлэн- клуб

9. Техникийн хэллэгүүдийг (зарим техник, машины эд ангийг) монголчлох гэж байгаа нь сайшаалтай хэрэг. Манай жолооч, механикч нар голдуу орос нэршлийг нь хазгай муруй дуудаад "монголчихсон" байдаг. Энэ байдлыг цэглэх хэрэгтэй.
МХА маань зарим үгийг яаж монголчилсоныг сонирхоцгооё:
Зарим машин төхөөрөмжүүд:
- трактор  ------------ түлгүүр
- кран   --------------- тэнжүүр
- комбайн ------------ хавсаа
- лимузин ------------ хөлмөг
- машина ------------- төхөөрөг
- автобус ------------- нийтрэг
- эксковатор --------- ухуур
- рейлбас (railbus) -- зэлтрэг
- кабриолет ---------- бөбөг

Хөдөлгүүрийн (моторын) эд анги:
- шатун --------------------- сэжлүүр
- картер (каасчир) ------- ачирс
- поршень ----------------- бүлүүр
- стартер (астаачир) ---- асаагч 

Техниктэй холбоотой бусад үгнүүд:
- сигнал ----------------- дуугиур (дуугиан)
- механикч --------------- оньсч
- техник ---------------- зэмсэг
- техникч --------------- зэмсчин
- агрегат ---------------- хэлхэс
- канат ---------------- -- аргамж
- трос -------------------- татлага
- процессор ------------ боловсруулагч
- слесарьч -------------  чивхэч
- автомат -------------- эзээгүй

10. Зарим чухал хэвшүүлмээр үгс

брюки----------------------- тэлт
чемодан ------------------- тавдан
экспорт -------------------- гарш
импорт  -------------------  орш
бетон ---------------------- цард
сорочка (цамц) ---------- хийлэн
ботинк -------------------  шаавар
салат ---------------------- холиг
boot ------------------------ дуганцаг (богио түрийтэй гутал)
камера -------------------- дүрсжүүлэгч
шоколад ----------------- борхош

11. Манай цэргийнхэнд зориулж бас зарим гадагаад үгийг монгол руу буулгасан байна. Зохих мэргэжлийн сургалтын багш нар болон албаны хүмүүс анхааралдаа авах биз ээ.
пулемёт ------------------------ сүрчүүр
миномёт ----------------------  тэсэргүүр
десант ------------------------- газарлага
радар -------------------------- долгиолуур
граната ------------------------ сэмбэр

12. Номгор нь байна уу, загалмайтан нь байна уу, лүвч нь байна уу, бурхны шашинтан нь байна уу, ямар ч ялгаа алга, миний хувьд. Бүгд л өөр өөр нэртэй боловч нэг л "бурхан" гээчийг тахин шүтэж "дагадаг." Бүгд л нүглийг үл тэвчиж энэрэнгүйг номлох боловч цагаа болохоор талцаж аваад хоорондоо алалцдаг. Ерөөсөө хүн гэдэг амьтан байгалийн өмнө хүчин мөхөс гэдгийг батлах нэг том нотолгоо бол энэ мухар сүсэг юм. Тайлбарлаж чадахгүй юмаа үл үзэгдэх далдын ид шидэнд (бурханд) хамааруулж "тохдогоос" энэ шашин гээч юм үүдэлтэй. Өнөө ч шинжлэх ухаан олон үзэгдэл тайлбарлаж чадахгүй мөхөсдөж байна. Ийм байхад шинжлэх ухаан хөгжихөөс өмнө амьдарч байсан манай өвөг дээдэс ингэх нь аргагүй юм. Хамгийн муухай нь энэ олон шашнууд бие биенээ үзэхгүй , хүлээн зөвшөөрөхгүйд байгаа юм. Тиймээс ч шашин хоорондын мөргөлдөөн, дайн байнга л гарч ирсэн, гарсаар ч байгаа. Гарах ч болно. Энэ утгаараа шашин гэдэг бол "хар тамхи" болой. Өнөө цагт Монголд энэ олон шашны төлөөлөл бүгд л байгаа. Буддизм буюу манай найз МХА-ын орчуулсанаар "Бурхны шашин" нь "үндэсний шашин" гэдэг утгаараа төрөөс их хүндэтгэл хүлээж байгаа.  Юм болгон дээр л орхимжтой нөхөд давхиад оччихсон харагддаг. "Төр нь шашнаа хүндэтгэнэ" гэж тунхаглачихсан.  Бусдыг нь бол 2-рт тавих нь л дээ. "Гадуурхагдсан" гадны шашин, "буруу эрхлүүлсэн" буддын  шашны  хооронд "шамбалын дайн" гарч сүйд болох вий дээ. Одоохондоо ч бие биенээ "үгээр идсэн" байдалтай л байх шиг. Хэтдээ юу ч болох юм билээ. Намаараа хуваагдсан цөөхөн Монголчууд бас дээрээс нь шашнаараа талцаж бутрах юм байна. Сайны ёр ч биш дээ.
Тайлбар: Номгор - муслим, загалмайтан- христ, бурхны шашин- буддизм, лүвч- католик

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө