Занданшатар гуай та боль л доо

Мүүн (Сан Мён Мүүн; зүүн талын зураг дээр авгайтайгаа цуг) ) гэгч Солонгосын шашин номлогчын бага хүү нь Монголд ирээд Энхтайваны фестивал гэгчийг зохион байгуулая гэсэн юм байх. Тэгээд бүр ``албан ёсны`` болгох гээд туслалцаа дэмжлэг манай албаны хүмүүсээс хүссэн гэнэ. Сонирхолтой нь манай томчууд зөвшөөрөөд, бүр 150 сая төгрөг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргах тогтоол гаргаад, Ерөнхийлөгчийн ивээл дор явуулж байгаа гэдэг сүржин гоё чимэг хүртэл хайрлаж гэнэ шүү.
Гадны нэг нөхөр ирээд хэнд ч хэрэггүй юм зохион байгуулж, түүгээрээ далимдуулж залуучуудыг маань мунхруулах гэж байхад манай удирдах эрх мэдэл бүхий нөхөд ингэж дэмжиж байгааг юу гэж ойлгох ёстой вэ?

Би лав ямар нэг арга хэмжээ зохиомоор байна, дэмжлэг туслалцаа өгөөч гэвэл ам руугаа алгадуулаад буцах байсан биз. Юуны чинь 150 сая төгрөг. 150 мөнгө ч хялайлгахгүй.
Яасан их нөөц хөрөнгөтэй Засгийн газар вэ? 150 сая төгрөгөөр мөн олон өнчин ядуусыг хооллож хувцаслаж болно доо. Эсвэл дотооддоо эмчлэх боломжгүй өвчтэй хүүхдийн гадаадад хийлгэх хагалгааны зардал болгоод өгчихвөл Монголын нэг ч гэсэн иргэн маань аюулт өвчнөөс салж ээж аавынх нь магнай тэнийж төр засагтаа баярлаж үхнэ дээ.
Гадны хүний хүслийг хангаж баярлуулах нь өөрийн иргэний амийг аврахаас илүү гэж манай дарга нар бодсон бололтой. Ийм учраас л тэд нар ард түмэндээ ад үзэгдэж, хараал идэж байгаа улс даа. Гайхаад байх юм ч алга.

Ерөнхийлөгчийн зөвлөх гэгч Р.Болд (зүүн талын зураг) гэдэг нөхөр энэ Мүүний бага бандийн зохион байгуулж байгаа ажлын тухай ярилцлага өгчээ. Энэ хүн ийм мэдээлэл муутай юм уу, эсвэл зориуд мэдэн будилсан юм уу гэмээр. Залуу Мүүнийг их сайн судалсан гэнээ, тэд. Аавтайгаа тангараг тасарсан, таарамж муутай гэдгийг олж мэдсэн юм байх. Аав нь шашнаа хөөгөөд, хүү нь энхтайвныг сурталчлагч болж гэнээ. Тийм учраас аавынхаа шашныг фестивал нэрийн дор сурталчлахгүй юм байна гэж дүгнэсэн гэнэ. Өөрөө ч тийм юм байхгүй, та нар буруу ойлголттой байна гэж манай дарга нарыг ичээсэн юм байх.

Тэгсэн чинь сурвалжлагч асууж байх юм:
- Тэр фестивалийн албан ёсны сайт болон сурталчилгаа дээр ``Бид бол бурханы доорхи нэгэн гэр бүл`` гэх мэтийн уриа болон сүмийн үг аятай төстэй дуунууд олноор байгаа нь энэ арга хэмжээ шашинтай холбоотой гэдгийг батлаад байна даа?
Мань Болд (мэдэн будилан?) сандарч, Тийм байна уу? гэснээ хэрэв тийм бол өөрөөр ярина ч гэх шиг хачин хариулт өгсөн байх юм. Өөрөөр ярина гэхээрээ яах юм? 150 сая төгрөгөө буцааж авъя гэх юм уу? Нэгэнт явагдаад өнгөрсөн хойно нь яаж ч чадахгүй. Унгасан хойноо хавчаад яах вэ дээ.

Энэ фестивал гээчийг зохион байгуулах хорооны дарга нь манай гадаад хэргийн сайд Занданшатар гэнээ. (Зүүн гар талд байгаа зураг дээр эхнэрийн хамт наадмын гоёлтойгоо авахуулжээ)
Инээдтэй юм. Шашин номлогч нэг гадны нөхрийн зохион байгуулж байгаа арга хэмжээний зохион байгуулах хорооны даргаар нь тэр улсынх нь гадаад хэргийн сайд нь ажиллаж байгаа нь манай эрх мэдэлтэнгүүд яаж жижгэрсэнийг харуулж байна.

Зүгээр л гутамшиг. Манай эрх дархтангууд нүүр лүүгээ баас шидүүлчихээд тэгээд тэрийгээ үл анзаарсан дүр эсгэж байгаа нь шившиг. Тэдний далд санаа нь тэр Мүүний шашинд толгойгоо мэдүүлж мунхарсан нэлээд тооны Монгол сүсэгтэнүүдэд сайн хүн болж харагдах, улмаар болж өгвөл ирэх сонгуульд тэдний саналыг өөрсөддөө өгүүлэхэд л оршиж байгаа байх. Өөрөөр тэдэнд ашиг байхгүй юм шүү дээ, угаасаа.

Хэн нэгэн ...дугаар хорооны иргэн Засгийн газрыг энэ хэргээр шүүхэд өгөөсэй. Иргэн Ламжав амьд уу, ингэхэд? Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр л шүүхэд өгөхөд хангалттай.

1. Үндсэн хуулийн 9-р зүйлийн 2 дахь заалт ёсоор Төрийн байгууллага шашны, сүм хийд, улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй.
Энэ заалтыг Засгийн газар, түүний дотор Гадаад Хэргийн Яам зөрчжээ.

2008 оны 4 сард Мүүн хэмээх номлогч маань өөрийн бага хүү Хён Жин Мүүнийг өөрийнхөө залгамжлагчаар томилжээ. Ингээд Хён Жин Мүүн Unification Church хэмээх шашны урсгал, Unification Movement гэгч хөдөлгөөний шинэ удирдагч болсон байна.
Хүүгээ өөрийнхөө залгамжлагчаар томилсоны дараа номлогч Мүүн хэлэхдээ, ``Жинхэнэ эцэг эхийн залгамжлагчийн үүргээ амжилттай гүйцэтгэхэд хүн бүр түүнд туслана гэдэгт итгэж байна`` гэж байжээ. Тэгвэл ``Аав бид хоёр одоо хамаагүй болсон гэж яриад байгаа Хён Жин Мүүн худлаа хэлсэн болж таарах нээ. Эсвэл Ерөнхийлөгчийн зөвлөх Болд худалч болж таарах нь. Энэ хоёрын аль нэг нь.

2. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 150 сая төгрөг ямар ч ашиггүй үрэн таран хийсэн (улсын хөрөнгө үрэгдүүлсэн) гэдэг үндэслэлээр Ерөнхий сайдыг албан тушаалаа улсад хортойгоор ашигласан гэж ял тулгах хэрэгтэй. Цалинг нь хасах, торгууль оноох, ял эдлүүлэх зэрэг шийтгэлээс тохирохыг нь оноох нь зүйд нийцнэ. Гадаад Хэргийн сайд Занданшатар хамгийн түрүүнд шийтгэл хүлээх хүний нэг. Ямар улсын гадаад хэргийн сайд нь гадны улсын нэг шашин номлогчийн ажлыг зохион байгуулаад явж байнаа?

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийг хэн дуртайд нь өгч ашиглуулан улсын нэр хүндийг унагасан зохих албан тушаалтанд (үүнд зөвлөх Болд лав орно) хариуцлага тооцож арга хэмжээ авах хэрэгтэй. Ажилдаа тэнцэхгүй иймэрхүү хүмүүсийг зайлуулбал таарна.

Монгол Улсын иргэд, залуу үеэ дэмжиж , ядуусаа тэтгэж , өнчин орон гэргүй гудамжны хүүхдүүдээ асарч энхрийлэхийн оронд гадны номлогчийн аманд багтаж хүндээ хөнгөнөөс өгч байгаа төр засгийн эрх мэдэлтнүүдийн энэ увайгүй, ичгүүргүй үйлдэл нь тэдний жинхэнэ үнэн нүүр царайг харуулсан явдал боллоо. Ийм хүмүүсээр толгойгоо мэдүүлж байгаа Монголчууд маань хөөрхий.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол