Тусгай ангиллын хүмүүс

Их Хурлын гишүүний дархан халдашгүй эрх гэхээр л хүмүүс, ялангуяа зарим эрхэм гишүүд маань өөрсдөө их л олноос онцгой чухал хүн учраас ингэж тусгайлж авч үзээд байна гэж ойлгоод байх шиг байна. Эрхэм гишүүд ээ, та нарт бусдаас онцгой юм юу ч байхгүй. Та нар бидний адил 2 нүдтэй, чихтэй, гартай, хөлтэй бөгөөд махан биетэй, улаан цустай, үстэй, уураг тархитай амьтан билээ.

Яагаад та нарт ингэж халдашгүй дархан эрх өгөөд онцгойлж үзээд байна гэвэл та нар бол биднийг төлөөлж төр засгийн ажлыг хийх үүрэг авсан бөгөөд олонхийн саналаар сонгогдсон элч юм. Тэр ажлыг чинь амар тайван бөгөөд таатай нөхцөлд хийлгэхийн тулд та нарыг ингэж илүү үзэж тордоод байгаа юм шүү дээ. Бүх төрлийн төрийн эрх ямба, халамж, онцгой хөнгөлөлтүүд, цалин хангамж энэ бүхэн үүнд хамаарна. Тэрнээс биш та нар 4 нүдтэй, 6 хөлтэй, эсвэл биднээс 2 дахин илүү том тархитай болоод онцгойроод байгаа юм биш. Бид та нарыг томилсон шүү гэдгийг мартаж үл болно. Мартвал та нар сөнөнө. Үүнийг би биш Баабар хэлсэн юм шүү. Гэхдээ би Баабартай санал нэг байна.

Дондог (зураг) гэдэг нэг эрхэм гишүүн маань хүнд газар олж өгөхөд тусална энээ тэрээ гэж байгаад овоо хэдэн төгрөг авч өөрийнхөө сонгуулийн зардалд хэрэглээд гараад ирж л дээ. Сонгогдсоныхоо дараа хэргээ гүйцээсэн мань эр өмнө амласанаа мартсан бололтой юм. За ямар ч байсан нөгөө мөнгө зээлдүүлсэн хүн нь эргээд зарга үүсгээд мань эр залилангийн хэргээр хэл аманд орчихвоо хөөрхий.

Жирийн иргэн ингээд хүн залилаад баахан мөнгө аваад үрчихсэн бол шууд Нэг Худаг руу ачигдах байсан биз. Тэгэж ч байгаа. Харин Дондог маань сонгогчдын буянаар ``жирийн иргэн`` биш болсон шүү дээ. Дондогийг Нэг Худаг руу аваачихын тулд эхлээд эрхэм гишүүний бүрэн эрх гээч юмыг нь түдгэлзүүлэх (хүчингүй болгох) хэрэгтэй боллоо. Тэгсэн чинь нөгөө гайхлууд чинь хуулиндаа өөрчлөлт оруулчихжээ. Өөрсдийнхөө арьсыг хамгаалсан заалтыг Их Хурлын тухай хуулинд хийж өгөөд хуучин байсан жаахан эвгүй заалтыг хүчингүй болгочихсон байгаа юм. Үүнийгээ ноднин 12 сарын 30-нд хийж баталсан гэнээ. Яг маниусыг шинэ жилийнхээ баярт хэрэглэх шампанск энэ тэрийг авах гээд ухаан жолоогүй дэлгүүрээр гүйж байх үеийг ашигласан байгаа юм. Чоноо, чоно.

Өмнө байсан заалтаар бол хэн нэгэн эрхэм гишүүний нэр дээр хэрэг үүсгэгдээд Ерөнхий Прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт Их Хуралд ирсэн бол гишүүд хэлэлцээд эрхийг нь түдгэлзүүлж болохоор байсан аж. Шинэ заалтаар бол мань ``шилийн сайн эрийг`` гэмт хэрэг хийж байх үед нь үйлдэл дээр нь гардах, эсвэл гэмт хэрэг хийсэн газар нь нотлох баримттай баривчилсан байх ёстой бөгөөд ингэсний дараа Ерөнхий Прокуророос гишүүний эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирвэл Их Хурлаар авч хэлэлцээд ёсоор болгож болохоор өөрчилжээ.

Хэн ч халдашгүй тусгай хүмүүс гээд буруу ойлгочихсон Их Хурлын эрхэм гишүүд маань өөрсөддөө зориулсан тусгай заалт хуулинд оруулсаны ачаар Дондог гишүүний бүрэн эрх хэзээ ч цуцлагдахгүй болжээ. Учир нь мөнөөх заалтанд бичсэн ёсоор мань эр үйлдэл дээрээ баригдаагүй , мөн хэргийн газар нотлох баримттай зогсож байгаад баривчлагдаагүй. Тийм болохоор хуулийнхаа заалтыг мөрдөж ажиллах нь Хууль Зүйн Байнгын Хорооны дарга Одбаярын түмэн зөв. Мөн Тусгай Хяналтын Дэд Хорооны дарга Улааны буман зөв.
Тэр Дондогийн нэр дээр эрүүгийн хэрэг нээсэн энэ тэр бол ерөөсөө хамаагүй. Гол нь Дондог үйлдэл дээрээ баригдсан байх ёстой. Хуулиа унш! Эсвэл хэргийн газраас олсон нотлох баримтаа үзүүл. Байхгүй бол битгий нааш нь албан бичиг чулуудаад бай, Дорлигжав гуай!

Тусгай хүмүүс гэж тусгай л загнадаг юм байна. Алтан загасны эмгэн санаанд оров байна. Их Хурлынхаа эрхэм гишүүдийг ямар алтан загасны орос эмгэн гэж нэрлэлтэй биш.
Хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэй, мөн ижил хариуцлага хүлээнэ гэж сайхан ярих атлаа өөрсдөө гэмт хэрэг хийсэн ч мултарч чадах аргаа хуулинд өөрчлөлт оруулах замаар цэвэрхэн хийдэг эдгээр хүмүүсийг бид одоо яах ёстой вэ? Сонгогч бид нар тэднийг тусгай хүмүүс болгож эрхлүүлээд ``эвдээд`` хаячихсан юм байна. Хүний дотор орж үзэх биш, сонгогдсон хойноо ``эвдрэх`` юм гэж бид яаж мэдэх вэ дээ. Хүн болгон л сайхан аашилж, малийтал инээж байгаад л сонгогддог биз дээ?

Хуулиар дархлаажчихсан энэ хүмүүстэй хариуцлага тооцох нэг л арга бий. Энэ бол эрхэм гишүүдийн өөрсөддөө тааруулж хийсэн хуулийн өөрчлөлтийг цуцлахыг шаардах явдал. Цаашилбал, нэг л сонгогдсон бол `эвдэрсэн`` ч хамаагүй 4 жилийнхээ хугацааг дуусгадаг явдлыг халах асуудлыг тавих хэрэгтэй. Үүнийг мөн зохих (УИХ-ын тухай) хуулинд нэмэлт оруулах замаар шийдэж болно. Ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон, гишүүний ёс зүйгүй, хэл амтай, нэр хүндээ алдсан гишүүдийг сонгогчид эргүүлэн татаж огцруулдаг байх журмыг хуулиар зааж өгсөн байх шаардлагатай.

Чойжилсүрэн гишүүн 2008 оны сонгуулиар Увсаас гарч ирэхийн тулд мөнгийг тараах шиг болж ``нүнжигтэй`` загнасан. Гэвч ингэж санал худалдаж авч гарч ирсэн хүмүүс ямар ч ёс зүйгүй, жудаггүй , цагаандаа цайсан ичгүүргүй нь тодорхой тул ``тусгай`` хүмүүсийн ангид оруулах ёсгүй юм. Хүний мөнгийг ``зүгээр`` авч чаддаггүй цайлган Монголчууд иймэрхүү Чойжилсүрэнг гаргаад ирж болох ч хэрэв ингэж хууль бусаар гарч ирсэнийг нь нотлох баримт байх л юм бол тэр нөхрийг гишүүнээр бүртгэхээс татгалзах, хэрвээ тангарагаа өргөсөн хойно нь булхай нь илэрвэл даруй огцруулдаг механизм л бидэнд хэрэгтэй. Үүнийг бас л Сонгуулийн хууль болон бусад холбогдох хуулинд оруулж өгөх хэрэгтэй. Чойжилсүрэн гишүүн шиг сайхан ``ил тод`` загнасан хүн ховор байх. Ихэнх нь нууцаар, хуйвалдаанаар л луйвраа хийсэн биз ээ. Гэхдээ дээр өгүүлсэн заалтыг хуульчилж чадвал ил, далд аль нь ч саарал ордонд шургалах боломжгүй болно.

Төрийнхөө түшээдийг 76 ямаа, 76 мангуу, 76 луйварчид, 76 алтан загасны эмгэн гэх мэтээр нэрлэмээргүй байна. Ингэж дуудуулах ажлыг тэд өөрсдөө хийсэн нь үнэн боловч сонгогч бидний буруу бас бий. Бид тэднийг шахаж шаардаж, хянаж цагдахгүй , загнаж зэмлэхгүй дураар нь ``эрхлүүлсэний`` гайгаар буруу хүмүүжилтэй болсон байна. Хойшид юм хэлж үглэж байхгүй бол ямар ч сайхан аавын хүү, ээжийн охин гарч ирээд ``эвдэрч`` мэдэх юм гэж ойлголоо. Одоо байгаа ``эвдэрчихсэн`` нөхдийг хүмүүжүүлдэг газар руу нь явуулаад дараагийн үе дээр нь жаахан арчаатайхан шиг байцгаая, хүмүүс ээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол