Шууд сонгоно гэж юу гэсэн үг вэ?

``УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.``

За энэ өгүүлбэр дээр гацчихаад (гацаагаад гэж хэлэх нь зөв байх) манай агуу их хоёр том нам маань хөдөлж өгөхгүй байгаа биз дээ? АН пропорционал системийг авъя гэсэн чинь МАН зөвшөөрсөнгүй. Одоогийн нөхцөл байдлыг харгалзаж үзвэл МАН-д дан пропорционал аргаар сонгууль явуулах нь ашиггүй байж мэдэхээр юм шиг байгаа нь бас үнэний хувьтай байж болох юм. (МАН дотроо хагараад, бас нэр усаа солиод бөөн асуудалтай байгаа)
Дээр нь улаан нүүрээ улалзуулж байгаад, гарыг нь цайлгаад сонгогдоод сурчихсан МАН-ын туршлагатай хуучинсагууд бас хаширлаж байгаа байх. Тэгээд МАН мажоритар давамгайлсан хувилбар санал болгожээ. Хүний нэрээр сонгогдох нь 52 байг, үлдсэн 24 гишүүнийг нь намын нэрээр сонгоё гэсэн санаа. АН харин эхэндээ намын нэрээр 50 хүнээ сонгоод үлдсэн 26 гишүүнийг нэр зааж сонгуулая гэж зүтгээд барсангүй сүүлдээ бууж өгөөд 38:38 гэсэн хувилбар санал болгоод ч МАН-ыг уярааж дийлсэнгүй. Ингээд одоогийн байдлаар МАН 52:24 гэсэн (хүний нэрээр 52 гишүүн, намын нэрээр 24 гишүүн сонгогдоно гэсэн үг) хувилбар дээрээ гүрийж, АН 38:38 гэдэг эцсийн хувилбартай сууж байх шив дээ.

Тоогоор тоглох энэ тоглоомын хажуугаар бас нэг сонин байдал бий болоод байгаа. Энэ нь дээр иш татсан хуулийн заалттай холбоотой. Энэ заалтаар бол Их Хурлын гишүүнийг шууд сонгоно гэжээ. Шууд сонгоно гэсэн учраас намын нэрээр (пропорционалаар) сонгоно гэдэг хувилбараар, эсвэл тийм элемэнт оруулсан холимог хувилбараар (52:24 эсвэл 38:38 гэх мэт) сонгуулийг явуулах нь мөнөөх шууд сонгоно гэсэн заалтыг зөрчиж байнаа. Тиймээс Үндсэн хуулийн энэ заалтыг өөрчлөх шаардлагатай болж байна гэсэн яриа гарч эхэлсэн байна. АН энэ заалтыг тоохгүй өнгөрөх гэсэн боловч МАН-ын ``лут хуульчид`` үүнийг соргогоор анзаарч ``хэл ам`` хийжээ. АН-ынхан ч нээрээ тийм байна гэцгээх болж. Ингээд Үндсэн Хуулийн өөрчлөлтийн асуудал босч ирвээ.

Яг үнэндээ бол дээрх заалт ямар ч гацаа болох учиргүй юм. Тэр заалтыг үг бүрээр нь авч шинжиж үзье л дээ. ``УИХ-ын гишүүнийг ...иргэд...нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох...`` гэсэн байгаа. За чөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Өөрийн дураар сонголтоо хийнэ гэсэн үг биз дээ? Нийтээрээ гэдгийн хувьд жаахан тааруухан үг хэрэглэсэн юм шиг санагддаг. Бөөнөөрөө очиж саналаа өгөх нь л дээ. Үүний оронд зарласан өдөр , цаг хугацаанд багтаж тусгай зориулалтын газар очиж саналаа өгөх гэсэн утгатайгаар өөрчилж найруулах нь дээр болов уу. Санал хураалт угаасаа нэг л өдөр болно. Нийтээрээ/бөөнөөрөө сонгоно гэдэг чинь угаасаа жаахан утга муутай , болхи сонсогдож байна. Бөөнөөрөө пархийтэл десант буух нь л дээ.

Хамгийн гол маргаан дагуулаад байгаа үг бол шууд сонгоно гэдэг үг. Энэ үгэн дээр МАН-ынхан их ``ажиллаж`` байгаа. Шууд сонгоно гэдэг чинь хүнээ сонгоно гэсэн үг шүү гээд л.
Уг нь бол сонгогчид хүний нэр дугуйлсан ч, намын нэр дугуйлсан ч өөрсдийнхөө төлөөллийг шууд л сонгож байгаа хэрэг байхгүй юу. Хүн дугуйлсан ч хүн сонгогдоно, нам дугуйлсан ч хүн сонгогдоно. Намын нэрийг дугуйлахаар хүн биш харин нам гэдэг арван таван толгойтой мангас очоод саарал ордонд суухгүй шүү дээ. Нам гэдэг чинь хүнээс бүрддэг байгууллага. Ганц ялгаа нь хэн гэдэг хүнээр төлөөлүүлэх эрхээ тухайн сонгогч тэр намд нь олгочихож байна гэсэн үг.

Шууд сонгоно гэдгийг хүний нэр зааж сонгоно гэж тайлбарлах гээд байгаа бол Үндсэн Хуулийн энэ заалтыг өөрчилж найруулах хэрэгтэй. ``УИХ-ын гишүүнийг иргэд чөлөөтэй, шууд бөгөөд нэр зааж сонгоно`` гэсэн байдлаар өөрчлөн найруулбал сая ойлгомжтой болно.
Энд шууд гэдэг нь ямар нэгэн дундын дамжлага буюу зуучлалгүйгээр, өөрөөр хэлбэл ямар нэгэн илүү шат дамжлагагүйгээр нэг мөр сонгоно гэсэн утгатай. Нэр зааж сонгоно гэдэг нь сонголтоо хийхдээ тодорхой нэр зааж хувь хүнийг онцолно гэсэн санаа. Ингэхээр ямар ч мулгуу ойлгоно биз дээ? Би тодорхой нэр бүхий хүнийг нэг удаагийн үйлдлээр буюу шууд сонгох юм байнаа гэж. Сонгох үйл ажиллагаа нь шууд байгаа байхгүй юу!
Энэ заалтын тайлбарыг хэл шинжлэлийн эрдэмтдээс асуувал ингэж л тайлбарлана. Шууд гэдэг нь хүн нэр зааж сонгох гэсэн үг биш, процедурыг нь хэлж байгаа юм аа гэх вий.

Үнэндээ энэ шууд сонгоно гэдэгтэй холбоотой маргааныг зохих мэргэжлийн этгээдээр албан ёсоор тайлбарлуулаад тэгээд цаашаа явах ёстой юм. Одоо удахгүй эхлэх намрын чуулганаар сонгуулийн хуулиа дахиад авч үзэх байх, гэхдээ нөгөө дээр дурдсан ``зөрчилдөөнтэй`` заалтын тухай ярьсаар, түүнтэй холбоотой Үндсэн Хуулиндаа өөрчлөлт хийх тухай ярьсаар цагаа барах биз. Ер нь тэгээд хэрэлдсээр байгаад бүтээсэн ч юмгүй цаг үрж байхын оронд энэ удаа сонгуулийн хуулиа оролдохгүй үлдээгээд өөр бусад чухал асуудлаа (Таван Толгой, Төсөв гэх мэт) хэлэлцсэн нь өлзийтэй байхаа.

Харин сонгуулиа элдэв луйвар, булхайгүй яаж явуулах вэ, санал тоололтыг яаж шударга зөв хийх вэ гэхчлэн процедурын талаас нь алдаа мадаггүй явуулах арга хэмжээ авах нь дээр болов уу. 7 сарын 1-нийг давтахгүйн тулд 2008 онд овоо босгосон эрхмүүд энэ удаа нэгийг бодох байх гэж найдая.
Ингээд сонгуулийн хуулийг энэ удаа хэвээр нь үлдээж харин тусгай журам, дүрмээр сонгууль шударга явуулах механизмыг нь нарийн заагаад мөрдөөд явахад болохгүй мэт. Одоо бие биендээ цэцэрхэж суудаг цаг зав алга. Хуулийн нэг заалтыг зөв тайлбарлаад ойлгож чадахгүй байгаа бол түр орхичихоод дараагийн юмаа хэлэлцээд цаг алдалгүй цаашаа явъя. Шийдэх чухал асуудлууд түм бумаараа байгаа биз дээ?



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол