Шийдэх цаг ирлээ

Монголчууд бид нэг чухал асуултанд хариулах цаг болжээ. Энэ асуултын хариу яаж гарахаас бидний аюулгүй орчинд амьдрах эсэх , мөн Монголын ирээдүй ямар байх нь шийдэгдэх учраас сайтар тунгааж зөв хариултаа болгооно уу. Асуулт энгийн бөгөөд хариулт нь тийм эсвэл үгүй гэсэн хоёрхон сонголттой.

  • Та эх орныхоо нутаг дээр цөмийн хаягдал хадгалахыг зөвшөөрч байна уу?

Таны өгсөн хариултаас хамаараад гарах үр дагавар нь ямар байх тухай доор өгүүлэхээс өмнө эхлээд цөмийн хаягдал гээч чухам юу юм бэ гэдгийг тайлбарлах нь зүйтэй санагдана.

Цөмийн хаягдал (цацраг идэвхт хаягдал гэж бас нэрлэж байгаа) гэдэг бол ураныг боловсруулж гаргаж авсан цөмийн түлшийг АЦС (Атомын цахилгаан станц) -д ашигласны дараа үлдэх цацраг идэвхт бодис юм. Нүүрсийг шатааж дулаан гаргасаны дараа үлдэх үнс шиг л гэсэн үг. Энэ цацраг идэвхт бодис бол хүний эрүүл мэндэд маш хортой бодис.

Энэ хаягдал нь олон төрлийн цацраг туяа ялгаруулах бөгөөд хүний биед нэгэнт нэвтэрсэн бол янз бүрийн хугацаагаар оршин байж, элэг, бөөр, уушиг, бамбай булчирхай, хоол боловсруулах эрхтэн, төмсөг, өндгөвч, ясанд нөлөөлж гэмтээдэг. Авсан цацрагийнхаа хэмжээнээс хамаарч биеийн дархлаажилт алдагдаж, цусанд өөрчлөлт орж ямар нэгэн хавдраар өвчилдөг бөгөөд үргүйдүүлж, удамшлын гаж хөгжлийн шалтгаан болдог. Хүний биеийн гаж хөгжил дараагийн үр удамд илэрч элдэв гаж согогтой, буруу буюу дутуу хөгжилтэй, зэрэмдэг тахир дутуу хүүхэд төрөх ба энэ байдал хэдэн ч үе дамжин үргэлжилж мэднэ.

Энэ бол бидний цөөхөн Монголчуудад тохиолдож болох ноцтой аюул бөгөөд магадгүй Монгол үндэстэн устаж үгүй болоход хүргэж мэдэх юм. Ийм гамшиг нүүрлэж ирэх гэж байгаа дохио янз бүрийн шугамаар өгөгдөж байгаа учраас Монголын ард түмэн оройтоогүй дээрээ шийдвэрээ гаргах цаг нэгэнт болжээ.

Одоо дээрх асуултад та ``тийм`` гэж хариулсан бол ямар үр дагавар бий болох вэ гэдгийг эхлээд авч үзье:

  1. Монголд олон улсын цөмийн хаягдал хадгалах том агуулах газар доор барина.

Энэ агуулахад бид гадаад орнуудаас ихээхэн хэмжээний цөмийн хаягдалыг хүлээн авч хадгална. Нэгэнт олон улсын зориулалттай учраас манай улс дэлхий дээр бий болох анхны цөмийн хаягдлын хогийн газар болно.

  1. Урьдчилсан байдлаар сонгосон Дорнод ба Дорноговийн нутагт (Багануур хавьд гэж бас яриад байгаа) Монголын анхны АЦС-ууд баригдана. (2012 оноос ажлаа эхлээд 2017 он гэхэд анхны АЦС ашиглалтад орох гэнэ.)

  2. Ураны олборлолт явагдаж, магадгүй баяжуулсан ураныг экспортонд гаргаж эхэлнэ.


Эдгээрийн үр дүнд үүсэх хамгийн гол аюул нь Монголчууд цацраг туяанд хордох бодит нөхцөл байдал бий болоход л байгаа юм. Монгол орон газар хөдлөлтийн бүсэд хамаардаг улс.

Бид байтугай өндөр хөгжсөн орнууд ч тохиолдож болох байгалийн гамшгийг урьдчилан хэлж чадахгүй. Газар хөдлөлтийг болохоос нь өмнө мэдэх боломж хаа ч байхгүй.

Дэлхийн газар хөдлөлтийн аюултай бүсийн газрын зураг дээр Монголын нийслэл Улаанбаатар газар хөдлөлтийн идэвх ихтэй бүс гэгдэх баруун Монгол ба идэвх багатай зүүн Монгол гэсэн хоёр бүсийн яг зааг дээр байрлаж байна. Хэдийгээр АЦС барихаар товлосон аймгууд газар хөдлөлтийн идэвх багатай зүүн бүсэд орох боловч энэ нь газар хөдлөлтийн аюулаас хол байна гэсэн үг биш юм.

2010 онд Рихтерийн шаталбараар 3-5 баллын газар хөдлөлт Монгол улсын төв хэсэг, Улаанбаатар хотод мэдрэгджээ. Газар хөдлөлтийн төв нь Дундговь айлмгийн Дэлгэрцогт сумаас хойшоо 10 км хол байсан ба орон нутгийн цагаар 15 цаг 15 минутанд хөдөлсөн аж. . Улаанбаатар хотын иргэд бага зэргийн чичиргээг мэдэрсэн байна. Энэ баримтаас харахад газар хөдлөлтийн аюул багатай гэгдэх манай орны зүүн хэсэг ч найдваргүй гэдгийг нотолж байна.

Техник, технологи өндөр хөгжсөн Япон улс сая газар хөдлөлтөөс болж сүйдсэн Фукушимагийн АЦС-ыг аюулгүй болгох гэж одоо ч оролдсоор байна. Эрх баригчид нь тэндээс гарч буй цөмийн тархалтын тухай үнэн мэдээллийг нууж байсны улмаас тэр АЦС-аас хойш орших хотын оршин суугчид цацраг туяанд хордож эхэлжээ. Оросын Чернобылийн АЦС сүйрэхэд мөн бодит мэдээллийг эрх баригчид нь нууж, хүмүүс олноор амь алдан хэлмэгдэж, газар нутаг цацрагаар бохирдсоны улмаас эзэнгүй хаягдсан хот тосгон одоо ч сүнснээс өөр оршин суугчгүй гэрч болон үлджээ.

Байгалийн хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөх хүн төрөлхтөн түрүүчээсээ аюулыг ухамсарлаж АЦС-аас татгалзаж эхэлж байна. Байгалийн гамшиг , техник технологийн алдаа , эсвэл хувь хүний хариуцлагагүй байдлаас болж АЦС-ын сүйрэл болоход үүсэн бий болох хохирол, гарз, үр дагавар нь хэзээ ч засагдахгүй бөгөөд Монголчуудын үр удмыг сэгэлж, газар хөрсийг нь цацрагаар хордуулж хойч үе маань амьдрах аргагүй, үржих боломжгүй болгох учраас дээрх асуултад тийм гэж хариулсан хүмүүс ирээдүйнхээ өмнө нүгэл үйлдэж байна шүү гэдгийг мэдэж авах хэрэгтэй.

АНУ, Япон зэрэг оронтой Монгол улсыг төлөөлж хэлэлцээ, яриа, семинар хийж , Монголд уран олборлох, АЦС барих, цөмийн хаягдалын агуулах байгуулах сонирхолтой байгаа манай эрх баригчид ард түмнийхээ эрүүл орчинд аюулгүй эрхтэн бүтэн амьдрах эрхийг хэдэн ногооноор худалдах гэж байна. Ирээдүйд тохиолдож болох болзошгүй аюул, Монголын иргэдийн аюулгүй байдлаас илүү өнөөдөр олдох мөнгө тэдэнд чухал бололтой.

Хэрвээ та тэр асуултад үгүй гэж хариулсан бол ирээдүй хойч үеийнхээ өмнө гавъяа байгуулсанд өөрийгөө тооцоорой. Та ингэж хариулсанаар Монгол орноо гадна дотнын цөмийн цацраг идэвхт хаягдалын хогийн сав болохоос аварсан гавъяатай иргэдийн нэг болно.

Цөмийн хаягдал, АЦС, ураны олборлолт бүгд хоорондоо нягт гинжин холбоотой учраас тэдгээрийг салгаж ойлгох, тус тусад нь авч үзэж болохгүй . Бид хэрвээ уран олборлоод , баяжуулсаныхаа дараа экспортлоод эхлэх юм бол хүссэн хүсээгүй тэр ураныг худалдаж авсан орноос цөмийн хаягдлыг нь буцааж авах л болно. Жишээ нь, манай эрх баригчид саяхан Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлахдаа тэр улсад уран экспортлоод, гарсан цөмийн хаягдлыг нь буцааж авах тухай тохироо хийсэн байна. Энэ чинь Монголд цөмийн хаягдал булах хэрэгтэй болноо гэсэн үг. Тийм учраас Монголд уран олборлож экспортлохыг эсэргүүцэж болиулах хэрэгтэй. Бид асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байна:

  • Уран олборлохгүй

  • Цөмийн хаягдал хадгалахгүй

  • АЦС барихгүй

Монгол орон маань тэнгэрийн ивээлээр төрөл бүрийн ашигт малтмал арвинтай билээ. Бид тэр цацраг туяатай уранаар оролдохгүйгээр бусад баялгаа ашиглаад явахад хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Цахилгаан гаргах хор уршиг багатай олон арга байна. Уранаа ашиглаж АЦС барихгүй бол Монгол хөгжихгүй бусдаас хоцрох гээд байна гэж яриад яваа тархи угаагч нараас та нар АЦС сүйрвэл биднийг цацрагаас хамгаалж, амьдрах орчинг маань цацраг туяагүй болгож, үр хүүхдүүд маань бүрэн бүтэн эрхтэнтэй, эрүүл төрөх баталгаа гаргаж өгч чадах уу гэж асуу.

Эсвэл цөмийн хаягдалын агуулах болон АЦС-ууд газар хөдлөлт мэтийн байгалийн гамшиг, эсвэл хүний үйлдлээс болж хэзээ ч эвдэрч сүйрэхгүй гэсэн амлалт өгвөл үнэмшье гэж хэл.

Хэрвээ тэгж баталгаа, амлалт өгч чадахгүй бол тэд өнөөдрийн олох хэдэн долларт толгой нь эргэж ,ухаан нь самуурсан байна гэж ойлгоорой. Тийм ухаан самуу хүмүүст ирээдүйгээ даатгаж өөрсдийгөө өрлүүлж, үр удмаа зэрэмдэглүүлэхгүйн тулд Монголоо эрүүл авч үлдэхийн төлөө, өөрийн үр удам, ач гучынхаа сайхан ирээдүйн төлөө ҮГҮЙ гэж хэлэх цаг болжээ.

Ураны олборлолт, цөмийн хаягдал хадгалах, АЦС барихтай холбоотой бүх яриа, тохиролцоо, арга хэмжээг нэн даруй зогсоож, харилцагч талуудад Монгол улс урантай холбоотой аливаа хэрэглээ , үйлдлээс татгалзаж байгааг албан ёсоор мэдэгдэж байр сууриа илэрхийлэхийг төр засгаасаа шаардаж тэмцэхийг нийт Монголчууддаа уриалж байна.

p.s. Ураны тухай болон цөмийн хаягдлын хор хөнөөлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтнаас олж уншихыг зөвлөе. Мөн тэнд байгаа видеө бичлэгүүдийг үзээрэй:

www.golomt.org

p.p.s. Саяхан Увс, Говь-Алтай аймгуудад багахан хэмжээний газар хөдлөлт болжээ.

Мөн 8 сарын 27-ны Бямба гаригт Өмнөговь аймагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Даланзадгад хотын иргэд бэртэж гэмтсэн, байшин барилга нурсан тухай мэдээлэл байхгүй боловч байшингын хана дайвалзаж байсан тухай, мөн хүн суудлаасаа ойчсон тухай мэдээлэл ирсэн байна. Говийн элсэн доор цөмийн хаягдал булна гээд байгаа хүмүүст хэлэхэд энэ бүх чичиргээ чинь нэг юм хэлээд байна шүү гэдгийг бодоорой гэмээр байна.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол