Картын бараа ба сувдагууд

Хөөе, картын бараа эргээд моодонд орж байгаа юм байна шд. Сайхан даа. Хуучин цаг бодогдож байх чинь. Талхан дээр алалцдаг байв даа. Манай Талх Чихэр компаныхан одоо юугаа бодоод байгаа юм бэ?! Яаралтай талхаа картанд оруулахгүй бол хоцрох нь байна шд.
Цаана чинь манай нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниуд бензин түлшээ картанд оруулж бужигнуулж байгаад барагцаагаар 1-2 тэрбум төгрөгний сул ашиг олоод хармаалчихсан байна. Та нар юугаараа дутдаг билээ?

Энэ бол их амархан. Тэр бензин түлш импортлодог компаниуд чинь хоорондоо их амь нэгтэй учраас нэг найдвартай нууц газар цуглаж байгаад зохиомол хомсдол үүсгээд түүгээр далимдуулж баахан мөнгө цохъё гэж тохирч л дээ. Дөнгөж амсдаг дөчин насан дээрээ байгаа манай эрчим хүчний ``пацаан`` сайд маань мунгинаж байгаад хангамжаа жаахан тасалдуулах нь тасалдуулж. Гэхдээ ийш тийшээ утас цохиж гуйж гувшиж байгаад, бас болоогүй Ерөнхийлөгчөөр хүртэл яриулж байгаад чамгүй хэмжээний бүтээгдэхүүн ачуулж л дээ.

Тэгээд овоо нэг юм түлшний гачаалаас гарлаа гэсэн чинь манай сэргэлэн бөгөөд сувдаг сэтгэлтэй нефтийн компаниудын боссууд маань АИ- 92 бензин гээчийг зохиомлоор хомсдуулаад ``чоно борооноор`` гэдгийн үлгэрийг үзүүлжээ. Ашиг олох арга нь их энгийн.
5000 төгрөгийн үнэтэй карт зараад тэгээд бэлэн мөнгөөр гүйлгээ хийхээ больчиход л болсон байгаа юм. Ухаантай байгаа биз? Ялтастай карт зарж баахан мөнгө цохиод, бас хажуугаар нь картандаа тодорхой хэмжээний мөнгө байршуулсан байх ёстой гээд шаардчихаар нөгөө муусайн жолооч нар бас хэдэн төгрөг тэдгээр компаниудын дансанд хийж байгаа юм. Тэгэхээр нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниуд маань бараг банк болоод хувирчихаж байгаа биз? Хүний мөнгийг зүгээр л ингээд картаар дамжуулж цуглуулах нь л дээ. Хотод хэдэн мянган машин байдаг билээ? Тэр тоогоор үржүүлээд үзэхэд овоо тоо гарна даа.

Мэдээж машингүй иргэд тэр 5000 төгрөгний картыг нь авахгүй л дээ. Тэгэхээр унах олзных нь хэмжээ бас машинтай иргэдийн тоогоор хязгаарлагдчихаж байгаа юм. Гэхдээ чамлахаар чанга атга гэж нэг үг байдгийг шуналтнууддаа сануулчихая. (Ер нь наад карт зарж олсон олз чинь та нарт хор болох юм байна гэдгийг манай бөө дүү хэлж байсныг дамжуулчихая. Буцаагаад өгчихвөл нүгэл чинь нимгэрэх юм гэнэ.)
Харин талхыг юм уу эсвэл архийг картанд оруулбал тэрийг үйлдвэрлэдэг монополь компаниуд ёстой цулайна даа. Талх хийдэг гурил нь , архи хийдэг спирт нь хомсдоод бүтээгдэхүүний гаралт багассан учраас хүн бүрд, айл бүрд жигд хүргэх үүднээс картанд орууллаа гээд л залчихад манай тэнэг Монголчууд үнэмшиж л таарна. Сая бензин түлшний хангалт зөндөө орж ирсэн учраас хангалттай байгаа гээд байхад л компаниудын үгэнд үнэмшээд л картыг нь булаацалдаад авч байсан биз дээ?

Талхчингүй, архичингүй айл гэж байхгүй болохоор айл болгон тэр картыг авах учраас манай Талх Чихэр компани, АПУ компаниудын олох ашиг нөгөө нефть импортлогч компаниудын шарыг гозолзуулах нь дамжиггүй. Тэгвэл НИК-Петровис, Шунхлай, Сод Монгол, Магнай Треидийн боссууд нь атаархсандаа босон суун өмдөндөө шээс алдах биз.

Манай Монголын бизнес эрхлэгчид өөрсдийгөө ``бизнесмэн``, ``бизнесвүмэн`` гэж нэрлэх болоогүй байна. Ялангуяа энэ саяын карт зарж ядарсан ард түмнээ шулдаг компаниудын боссууд бизнесийн нэр төр, ариун ёс зүй гэдэг юмыг мэддэггүй, мэдсэн ч эдийн шунал нь давамгайлсан, ёстой сувдаг шунахай гэдэг тодорхойлолтонд таарах нөхдүүд байна гэдгийг мэдэж авлаа шүү дээ. Иймэрхүү арчаагүй сувдагууд амин хувийн ашгаа эхэлж тавих ба тэднийг улс орноо урагш нь аваад явах хүмүүс гэж хэлэхэд даанч тохирохгүй нь харагдлаа.

Манайхан ч манайхан. Карт гаргасны зоргоор тэрийг нь худалдаж аваад орлого оруулж л байдаг. Зүй нь энэ даварсан үйл ажиллагааг эсэргүүцэж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэх ёстой байсан юм. Засгийн газрын саарал ордныг тойруулаад, Эрчим Хүчний яамыг тойруулаад өөр өррсдийнхөө унадаг төмөр сэгнүүдийг аваачиж тавьчихаад өдөржин сигналаа орилуулахгүй яасан юм? Батболд, Зоригт сайд нарын чих нь ядаж өвдөөд бие нь чилээрхээд ирэнгүүт нэг арга хэмжээ авнаа даа. Тэгсэн бол тэгж шуналтнуудад тэрбумаар нь шулуулахгүй, олон хоног бензингүй царай алдаж ажлаа хийдүүлэхгүй, шагийн бензин авч илүү зардал гаргахгүйгээр түргэн шийдүүлэх байсан байхгүй юу.
Арчаагүй гэдэг нь. Иймэрхүү лоодор байх юм бол хойшид ч энэ нефтийн компаниуд шиг ухаан , шунал хоёр нь дэндсэн этгээдүүд гарч ирээд хармааг чинь хоосолсоор байх вий. Тэгсэн хойно харин гоншгоноод байх хэрэггүй. Нэг удаа гэнэдлээ, болоо юм биш үү?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө