Бат-Эрдэнэ аваргыг барьж идэх ``Сайн цагийн залуус`` гэж хэн бэ?

``Сайн цагийн залуус``ТББ гэдэг байгууллага сүүлийн үед гэнэт бий болж сонин хэвлэл дээр янз бүрийн мэдэгдэл хийж их дөвчигнөх боллоо. Өдрийн сонин дээр л гэхэд хамгийн сүүлийн (6 сарын 17-ны ) дугаар дээр 2 ч хуудсан дээр сүржин мэдэгдлүүд нийтлүүлсэн байна.
Нэг дугаартаа ийнхүү нэг этгээдээс 2 захиалга авч зэрэг нийтлүүлэхийг бодоход Өдрийн сонин багагүй хөлс авсан байх л даа.

Эдгээр ``сайн`` залуусын гол дайсан нь нөгөө Сүхбаатарын талбайг мориныхоо баасаар мялааж хотынхны бөөлжисийг хүргэдэг Мөнхбаяр толгойлогчтой Гал Үндэстэн хөдөлгөөнийхөн гэнээ. Манай хотын худлаа цэмцгэрүүд, хувцасны голууд бөгөөд хоосон тархитангууд өөрсдийнхөө гарал үүслийг мартчихаад морины бааснаас сэжиглэж пүү паа болж баахан аальгүйтсэн дээ. Аягүй бол тэдгээр сэжигч хархнууд өөрсдийгөө цагаан арьстанаас гарвалтай гээд бодчихоод мал харахаар огиудас нь цутгаж, жоом харахаар хоолных нь дуршил сайжирдаг байх л даа.

За тэр тэнэгүүдийг бичиж цаг гарздаад яахав. Гэхдээ дээр дурдсан ``сайн`` залуус бас л тэр сэжигчидийн өрөөсөн дугуйнууд байх гэж бодогдоод байгаа юм л даа.
Мөнхбаяр нарыг эсэргүүцэж бас нэг хөдөлгөөн гарч иржээ гэсэн тухай болон тэдгээр нөхдүүд Гал Үндэстэнийхэнтэй шардлагатай бол тэмцэнэ гэж хэлсэн тухай би дээхэн нэг сониноос уншиж байсан санагдана. Тэгэхээр тэр нөхдүүд бол дээр өгүүлсэн ``сайн цагийн`` залуус юм байж. За одоо тэдгээр ``сайн`` залуус ямар учиртай хүүхэлдэйнүүд болох талаар дүн шинжилгээ хийж тодруулах гээд үзье л дээ.

Тэд Өдрийн сонины дээр дурдсан дугаарын 5 дугаар хуудсанд ``Сүйрлийн мэдээ`` нэртэй нэг мэдэгдэл, 7-р хуудсанд ``Дайн дэгдэх нээ`` гэсэн нэг сүржигнэл нийтлүүлжээ.
Эхний мэдэгдэлдээ 11 аймгийн 35 сумдын нэрсийг жагсаагаад ``урт нэртэй`` хууль хэрэгжвэл эдгээр нэр дурдсан сумын нутаг нинжа нарын гараар орж сүйрэх тул болгоомжлогтун гэжээ. Цааш нь тэд, ``...Өнөөдөр тусгай зөвшөөрөл (лицензтэй гэсэн үг, зох.) бүхий талбай нь хуулийн өмнө хариуцлага хүлээдэг, улсад татвараа төлдөг, нөхөн сэргээлтээ хийдэг аж ахуйн нэгжүүдээс буух эзэнгүй, буцах хаяггүй нинжа нарын гарт шилжих болоод байна. Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр өвч зэвсэглэсэн олон мянган хууль бусаар алт олборлогчид эдгээр талбайг сулрахыг хүлээж байна...`` гэжээ.

Учрыг нь сайн мэдэхгүй хүмүүс бол эдгээр ``сайн`` залуус байгаль орчноо нинжа нараас аврах гэсэн нөхдүүд юм байна гэж ойлгохоор. Тийм учраас би эхлээд тэд нарын үзэн ядаад байгаа ``урт нэртэй`` хууль гэгч юун тухай хууль болохыг ганц өгүүлбэрээр тодорхойльё.
Энэ хуулийн жинхэнэ нэр нь ``Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай`` гэж байгаа. Уртаашаа 3-хан бүлэгтэй богинохон хууль бөгөөд уг хуулийн нэр нь өөрөө хуулийн утгыг хэлээд өгчихөж байгаа юм.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос бусад тохиолдолд уг хуулийн нэрэнд заасан газруудад ашигт малтмал хайх ба ашиглахыг хориглосугай гэсэн утгатай хууль. Хүн ойлгож ядаад байх юм байхгүй. Зорилго нь гэвэл Монголын байгалийг унаган хэвээр нь үлдээе гэсэн санаа. Устай, ой модтой, нуур шандтай, усны эх булаг бүхий газруудыг ухаж төнхүүлэхгүй гэсэн санаа. Гол горхи, нуур цөөрмөө ширгүүлэхгүй , ой модоо огтлуулахгүй гэсэн санаа. Энэ хууль бүх этгээдэд үйлчлэнэ. Хууль ёсоор ашигт малтмал хайж, ашиглаж байгаа болон хууль бусаар алт ухаж байгаа нинжа нарт адилхан хамаарна.

Бидэнд устай модтой газар бүхнийг сэндийлж сүйтгэхгүйгээр стратегийн ач холбогдолтой томоохон ордуудаа ашиглаад явахад хангалттай баялаг бий. Нөгөөтэйгүүр бид нэг ч гэсэн мод, гол горхио алга болгочихолгүй аваад үлдвэл хэдэн кг алт, нүүрснээс илүү хэрэгтэй.
``Сайн залуус``-ын үүсэж бий болсон учир шалтгаан, цаад зорилго нь их ойлгомжтой. Манай эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтай ихэс дээдсийн зарим нь уул уурхайд ашиг сонирхол нь байгаа учраас тэд нар ``сайн залуус``-ыг цуглуулж , тэд нарын гараар могой бариулж байгаа юм.

``Сүйрлийн мэдээ`` гэдгийг нь аваад үзье л дээ. Урт нэртэй хуулинд заагдсан газар лицензтэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ажлаа зогсоомогц нинжа нар тэр газар нь дайрч ороод сүйрүүлнэ гэж айлгаад тийм учраас уг хуулийг хүчингүй болгох хэрэгтэй гэсэн санааг хэлжээ. Ухаандаа нинжа нараар айлгаж байгаад компаниудыг хэвээр нь ажиллуулах санаатай даг. Дахиад хуулиа унш. Хэнбугайд ч хуулинд заагдсан газар ухаж төнхөхийг хориглосон гэж байгаа биз? Хуулийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. Монгол улс хууль дүрэм баталдаг, түүнийг нь хэрэгжүүлдэг албадтай юм бол хуулиа мөрдүүлэх л ёстой.
``Сайн залуус`` үнэхээр нинжа нар компаниудын чөлөөлсөн газар ороод ирнэ гэж байгаа бол Засгийн газартаа сайн хэлэх ёстой байхгүй юу. Нинжа нар тийшээ дайрч магадгүй шүү, анхаарал хяналт тавиарай гэж. Гэтэл тэгэхгүй харин нөгөө хууль руу дайраад, тэр хуулийн талд байгаа Мөнхбаяр нарыг зүхээд байгаа нь тэдгээр ``сайн залуус`` компаниудын эрх ашгийг хамгаалахаар, тэдгээрийн ард байгаа нууц эздийн сонирхолыг төлөөлж захиалгаар гарч ирсэн хиймэл хүүхэлдэйнүүд гэдгийг нотолж байгаа биз?

Дээр хэлсэнээр манай ихэс дээдэс уул уурхайд өөрсдийн ашиг сонирхол байгаа учраас энэ хуулийг хэрэгжүүлэхдээ тун хойрго хандаж иржээ. Цөөн хэдэн жижиг компаний үйл ажиллагааг зогсоосон маягтай, харин томчуудыг нь бол ерөөсөө оролдоогүй 2 жилийн нүүр үзсэн байна. Засгийн газар ийм шалтгаанаар хэрэгжүүлэхгүй байсаар өдий хүрсэнийг манай ``сайн залуус`` тайлбарлахдаа анхнаасаа уг хуулийг тооцоо судалгаа муутай хийснээс болсон гэж сайхан залсан байгаа юм. ``Дайн дэгдэх нээ`` гэдэг сүржигнэлдээ ингэж бичсэн байна лээ.

Мөн цааш нь инээдтэй бөгөөд хоосон сүржигнэсэн юмнууд их бичсэн байгаа юм. Би жишээ татаад тайлбарлаад явъя.
``...Нэн түрүүнд хууль (урт нэртэй хуулийг хэлж байна, зох.) батлахаасаа өмнө хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаас нь бодолцож, нөхөн сэргээлт, байгаль орчинд нөлөөлөх сөрөг үр дагаврыг арилгуулах талаас нь нухацтай арга хэмжээ авч хариуцлагыг өндөржүүлэх, үнэхээр ой мод огтлоод гол горхийг ширгээгээд байгаа этгээдүүдийн лицензийг шууд цуцлах байдлаар төр засаг бодлогоо зөв явуулсан бол өнөөдрийн ийм маргаантай байдалд хүрэхгүй байсан болов уу...`` гэж бичжээ.
Урт нэртэй ``...хууль батлахаасаа өмнө... нухацтай арга хэмжээ ...``авах ёстой байсан гэнэ. Хуцаж байгаа юм шүү! Ашигт малтмалын тухай хууль гэж дуулсан биз дээ? Энэ хуульд чинь нөхөн сэргээлт энэ тэрийг бүгдийг нь хэлээд заагаад өгчихсөн байгаа. Үүнээс илүү нухацтай яаж хэлэх болж байна?

Хариуцлагыг өндөржүүлэх гэчихжээ. Энэ үгийг харин тэр нөхөн сэргээлт хийхгүй байгаа буюу оромдож байгаа компаниудад хаяглах ёстой юм. Нөгөө алдартай шилдэгээр шалгараад шагнуулаад байсан Бороо Гоулд компани хүртэл байгаль бохирдуулж, хордуулж байсан нь шалгалтаар илэрч Бороогийн голын хөндийг хоргүйжүүлж баахан юм болж байсан даа саяхан. Магтаад байгаа компани нь ингэж байхад хэн ч мэдэхгүй бусад олон компаниуд хуулиа ягштал мөрдөөд нөхөн сэргээлт хийгээд явна гэж үү? Тэдэнд ухаад авах санаа байхаас хожмын сөрөг үр дагавар, байгалийн сүйрлийн тухай ерөөсөө бодох сонирхол байхгүй бөгөөд нөхөн сэргээлтийг хүртэл хийхгүй, эсвэл оромдож мөнгөө хэмнэж байгаа нь шунал нь дэндсэн арчаагүй амьтас гэж хэлэхэд ч зөөлдөхөөр байгаа юм. Гадны компаниуд хоноцын сэтгэлээр хандаж байна гэхэд дотоодын компаниуд мөн ийм эх оронч бус зан гаргаж байгааг ямар сэтгэл гэх вэ?

Уг нь энэ урт нэртэй хуулийг Ашигт малтмалын тухай хуультай зэрэгцүүлээд гаргах ёстой байсан юм. Тэгээд л анхнаасаа уг хуулинд заагдсан газруудад ухдаг төнхдөг хэнийг ч орохыг хориглосон бол хамаагүй сайхан байх байлаа. Адаглаад одоо сүйтгэгдсэн газрууд онгон хэвээрээ байж, ширгээд алга болсон гол, нуур нь байж байхгүй юу!
``Унгасан хойноо хавчив`` гэдэг шиг л юм болж байна, гэхдээ бүх газраа тавиад туучихаас өмнө бүтэн байгааг нь аваръя. Бидэнд одоохондоо тэр компаниудын татварын мөнгөнөөс илүү онгон сайхан байгаль маань хэрэгтэй байна. Мөнгө олдоно, нуур ус олдохгүй.

Батэрдэнэ аварга аргагүй л эх орондоо хайртай аварга хүний зан гаргаж мөнөөх сувдагуудын эсрэг тэмцэж байна. Үүний төлөө тэр хүнийг гавъятан болгож алдаршуулах хэрэгтэй. Манай аварга руу мөнөөх ``сайн залуус`` бас давшилжээ. Сонгуулийн шоу хийж байна л гэнэ, байгаль хамгаалагч гэж цоллуулах гээ юу л гэнэ. Ер нь байгалиа хамгаалагч гэж дуудуулах тийм муу юм уу? ``Сайн залуус`` харин зөв санаа хэлжээ. Бат-эрдэнэ аваргад байгаль хамгаалагч гэсэн цол өгье. Хамгийн сайхан цол. Харин ``сайн залуус``-ыг байгаль сүйтгэгчдийг дэмжигч гэж нэрлэе.
Тэд Бат-эрдэнэ аваргаас асуусан байна:
- Таны дараагийн сонгуульд ялах ялагдахаас илүү улс орны язгуур эрх ашиг, байгаль дэлхийн маань бүрэн бүтэн байдал чухал бус уу?
Асуулт ч гэж дээ, аваргын хэлэх гээд байгаа үгийг хэлчихсэн юм биш үү. Буруутгах ая эвээ ч олохгүй , юу гэж асуухаа ч мэдэхгүй будлиу залуус бололтой.
За хариултыг болгооё оо. Тиймээ, Бат-эрдэнэ миний бие дараагийн сонгуульд ялах ялагдахыг чухал биш хэмээж, эх орныхоо эрх ашгийг хамгаалж , байгаль орчноо бүрэн бүтэн авч үлдэх туйлын сонирхолтой гэдгээ баталж байна. Монгол улсын байгалийг хамгаалах явдал миний хувьд эх орны эрх ашиг гэж ойлгож байна.

``Сайн залуус``маань Мөнхбаяр нарыг байгаль орчныг жинхэнэ сүйтгээд байгаа нинжа нартай тэмцэхгүй ``хуулийн өмнө хариуцлага хүлээдэг компаниудийг`` шахаанд оруулж байна гэж гомдолложээ. Бас л тэнэг юм ярьж байна. 1-рт, Компаниуд байгаль сүйтгэхгүй биш сүйтгэхийн дээдээр сүйтгэж байгаа. Эдгээр компаниуд болон нинжа нарын хооронд энэ тухайд ялгаа байхгүй гэж болно. Тиймээс ``жинхэнэ сүйтгэх``, ``жинхэнэ биш сүйтгэх `` гэсэн ойлголт байхгүй. 2-рт, Нинжа нартай тэмцэх нь төр засгийн үүрэг. Мөнхбаярынх биш. Компаниудтай үзэлцэх нь Мөнхбаярын үүрэг биш. Харин тэр хүн эх оронч сэтгэлээрээ төр засгийн хийх ёстой ажлыг бага ч гэсэн хийх гэж оролдож байна. Мөнхбаяр нарын цөөн хэдэн хүн бүх газраар явж чадахгүй нь мэдээж. Хэрвээ ``сайн залуус`` бас байгаль орчноо сүйтгэхийн эсрэг байгаа бол Мөнхбаяраас жишээ аваад тэр нинжа нартай газар очиж тэмцэх ёстой юм. Гэвч ``сайн залуус``-ын зорилго тэр биш , шал өөр гэдгийг дээр өгүүлсэн билээ.

Тийм болохоор нинжа нарын тухай сүржигнэж хүүхэд хуурч байгаа юм шиг аашлах нь жаахан юм ойлгодог хүн хараад инээд нь хүрэхээс цаашгүй юм болоод байна гэдгийг өөрсдөө мэддэг юм болов уу даа. Хүүхдийг мангасаар айлгадаг шиг ард түмнийг нинжа нараар айлгаж байгаад урт нэртэй хуулинд хамаарах газар ажиллаж байгаа компаниудыг аваад үлдчих санаатай ингэж байна гэдгийг өөрсдөө мэдэгдэлүүдээрээ хэлээд байна шүү дээ. Тэгэхээр хэн нь улс орныхоо эрх ашгийг 1-рт тавьж байнаа гэдэг нь харагдаж байгаа биз?
Бат-Эрдэнэ аварга, Мөмхбаяр нар уу, эсвэл ``сайн залуус`` уу?

``Дайн дэгдэх нээ`` хэмээх сүржигнэлдээ ``сайн залуус`` маань иргэний дайнаар төр засгийг, ард түмнээ далайлгаж, хэрвээ арга хэмжээ авахгүй бол (Мөнхбаяр нарыг барьж хориод, урт нэртэй хуулийг өөрчлөхгүй бол гэсэн санаа., зох.) ``зөвхөн ядарсан ардын хүүхдүүд хохирно`` гэж айлгажээ. Ядарсан ардын хүүхдүүд гэж хэнийгээ ч хэлээд байгаа юм бүү мэд. Анги давхаргаар нь ард түмнээ ангилаад байгааг бодоход хуучин коммунистуудын угсаа залгамжилсан үр удам бололтой, энэ ``сайн залуус``.
Бодоод байхад ``сайн цагийн залуус`` гэсэн болохоор нөгөө хуучны ``сайн цаг`` буюу социализмыг мөрөөдөгч нар юм биш үү?! Тэр цагийн хууччуул ч нийгэм солигдох үед их юм завшуулсан даа. Тэр завшуулсан юмаараа одоо уул уурхайд орчихсон явж байтал гайтай урт нэртэй хууль батлагдаад балраад байгаагаас зайлахгүй боллоо.

Хамгийн сүүлд нь Мөнхбаяр нар компаниудын үйл ажиллагаанд саад болох гээд байна шүү, бушуухан арга хэмжээ авч цаадуулаа бариад ав гэж Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Дотоодын цэрэг, Төрийн тусгай хамгаалалтын газруудыг нэр цохон зааж хатгаад, эс тэгвэл компаниуд зүгээр хараад суухгүй Мөнхбаяр нартай тэмцэх учраас дайн болох нь байна шүү хэмээн сүржигнээд, 7 сарын 1-нийг давтах гээгүй бол юугаа хүлээгээд байгаа юм гэж загнажээ.
``Сайн залуус``-т хэлэхэд 7 сарын 1 бол сонгууль луйвардсан намын эсрэг хийсэн жагсаалаас үүдэлтэй хэрэг, харин Мөнхбаяр нарын тэмцэл бол байгалиа хамгаалсан эх оронч хүмүүсийн тэмцэл. Энэ бол төр засаг ажлаа хийж, хуулиа хэрэгжүүлээгүйгээс үүдэлтэй хэрэг болох бөгөөд бүх бурууг төр засаг хүлээх ёстой юм. Энэ тэмцэлд саад болж хөндлөнгөөс оролцож үймээн гаргавал ``сайн цагийн залуус`` мөн хариуцлага хүлээх болно гэдгийг бас хэлж өгөхгүй бол ойлгохгүй ээ, эд нар.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө