Баабартай шөргөөцөлдөв

Баабар Монголд, Бийбэр Америкт алдартай гэдгийг Баянхошууны золбин банхар, Аризонагийн цөлийн гүрвэл хоёр ч андахгүй сайн мэднэ. Баабар Бийбэр хоёрт ялгаа их бий. Нас, зүс царай, биеийн галбир, үсний засалт, боловсрол энэ тэр гээд л. Хүйсээрээ л адилхан юм даа. За тэр муу Бийбэр ч яахав.

Монголдоо алдартай Баабартайгаа хааяа үг сөргөж байхад сайхан байдгийн. Хийморь сэргээд. Энэ удаа ч гэсэн мань эрийг жаахан шогломоор санагдаад. Хүн бүр өвч бүрэн төгс биш болохоор мань Баабарт ч гэсэн надтай адил өөлөх, өлгөх юм байх нь ойлгомжтой. Гэхдээ маниасаа хамаагүй өө багатай байх л даа. Гэлээ ч гэсэн но бий бий.

Мань эртэй санал зөрдөг зарим нэг зүйлийн тухай өмнө би цухас бичиж байсан санагдана. Энэ удаад бас л зарим санал бодлоо бичихээс болохгүй нь.
Миний бодлоор Баабар маань ``хэт либерал`` үзэлтэй хүн юм шиг байгаа юм. Үндэстний онцлог, соёл, зан, орчин зэрэг хүчин зүйлүүдийг харгалзаж үзэх дургүй, ерөөсөө л стандард буюу сонгодог гээд байгаа хэлбэрийг тахин шүтдэг хүн. Нийгмийн тогтолцоон дээр ч , аливаа шинээр нэвтэрч байгаа зүйл дээр ч тэр адилхан. Сонгодог зам буюу хүн төрөлхтөний өмнө нь туулаад ирсэн, үзээд өнгөрсөн зүйлийг нэгбүрчлэн үзэж мэдрэх замаар явах ёстой гэж боддог бололтой. Товчлох юм уу эсвэл арай тойруу юм уу, эсвэл бүр өөр замаар замнахыг хүлээн зөвшөөрдөггүй хүн.

Баабарынхаар бол бид Социализмаас татгалзаад Капитализмыг сонгосон бол тэр Капитализмынхаа бүх л ид шидийг үзэж туулаад , биеэрээ мэдрээд гарах ёстой гэж.
Ингэж явсаар орчин үеийн хөгжилтэй барууны орнууд шиг болох юм даг уу даа.
Энд л манай аугаа нийтлэлчийн алдаа байгаа юм.
Энгийнээр тайлбарлавал аливаа юмс заримдаа их ойлгомжтой буудаг. Ухаандаа энэ дэлхийн янз бүрийн үндэстнүүдийг нэг ангийнхан гэж төсөөлөе. Тэгвэл тэр нэг ангийн хүүхдүүд бие биенээсээ ялгарах онцлогтой, их бага хэмжээгээр. Зарим нь хоорондоо адил төстэй байж болох ч , зарим нь бусадтай огт адилгүй онцлог ялгаатай байх.
Ийм нөхцөлд бүгдэд нь нэг загвараар ном зааж, адилхан арга техник хэрэглэж хэвэнд цутгаж байгаа юм шиг хандаж болохгүй биз дээ? Нэг хэсэгт нь тухайн арга барил тохирч байхад нөгөө хэсэгт нь огт таарахгүй бөгөөд ойлгомжгүй, эсвэл хүлээж авах боломжгүй байх тохиолдол байж болноо доо? Тэгвэл нөгөө хэсэгт нь өөр арга хэрэглэж амжилтанд хүргэх ёстой бус уу?

Гэтэл Баабар багш маань биднийг бусдын адил шууд л машиндах гээд байгаа юм. Бид бол ядуу дорой гэр бүлд өсөж хүмүүжсэн, ар гэрийн тусламж дэмжлэг байхгүй, өсөж бойжсон орчин маань гэгээрэл багатай харанхуй шахуу. Бидний идэж уух, өмсөж зүүх, зан соёл бусдаас нэлээн өөр. Гэхдээ бид сайн бүхнийг сурч мэдээд хөгжил дэвшилд хүрч бусдын адил сайхан амьдрах чин хүсэлтэй.
Манайхан ``монголчлох`` гэж ярьдаг даа. Ай даа. Бид ``монголчилсон`` замаар цэнгэлийн манлайд хүрч чадна. Харин сонгодог замаар хэзээ ч үгүй. Бид галууг дуурайж хөлөө хөлдөөх шаардлага алга, тэгээд ч бид ямар хэрээ биш.

Монгол үндэстэн гэдэг чинь их онцлогтой ард түмэн юм шүү дээ. Олон мянган жил нүүдэллэж явсан тэнэмэл амьдралтай улс. Тэр нь бүр яс маханд нь шингэчихсэн, зан авирт нь нөлөөлсөн учраас ийм сонин хэв маягтай ард түмэн бий болгожээ. Тэнэмэл учраас биеэ даасан, дураараа байх сонирхолтой бөгөөд сайн дураараа хэн нэгэнд захирагдаж үгээр нь явах сонирхолгүй, хувиа хичээсэн маягтай, хөл бөмбөгийн хэллэгээр бол ``ганцаарчилсан тоглолт`` хийх дуртай , хамтын амьдралд дургүй улсууд. Болж өгвөл хүн бүр л эрх мэдэлтэй, бусдын дээр байх сонирхолтой бөгөөд харин өөрөө бол ``захиргаадуулах`` дургүй.
Нүүдэлчин учраас тогтсон ``орон гэргүй`` бөгөөд ``малгай тавьсан бол манайх`` гээд явж байдаг хачин заншилтай хүмүүс.

Баабар багш энэ онцлогийг огоорч, өөрийнхөө ``Европ`` сэтгэлгээгээр Капитализмыг Монголд шууд сонгодог хэлбэрээр нь хуулбарлахад болно гэж үздэг юм билээ.
Сонгодог хэлбэр тохирохгүй гэдгийг сүүлийн 20 жилийн амьдрал харуулж байна. Хэрвээ байдлыг өөрчлөхгүй бол цаашид ч энэ хэвээр байсаар нэг мэдэхэд цөөнх болсон баячуудын дарангуйлалтай, олонхи масс нь ядуурсан тийм улс болно. Одоо ч тийм төрхөндөө ороод явж байгааг хүмүүс ярьж байгаа. Бидэнд цөөн баячуудын засаглалтай нийгэм хэрэггүй.
Бидэнд Монгол хүн бүр баян байх тийм л нийгэм хэрэгтэй. Хүн болж төрсөнийх, сайхан амьдраад үхэхгүй бол ямар хэрэг байна? Ямар зовж амьдрах гэж хүн болж төрсөн биш!

Тэгэхээр ямар арга зам байвал бид хөгжиж сайхан амьдрах вэ гэдгийг тунгаая. Хэрэв уншигч та өөрийгөө буюу Монголчуудынхаа түүхийг сайн мэддэг бол бидэнд юу хэрэгтэй вэ гэдгийг бараг тааж байгаа биз ээ. Монголчууд бид түүхэндээ хэзээ хүчирхэг, мандан бадарч явсан билээ?...

Яг зөв! Монголын эзэнт гүрэн байгуулагдсаны дараагаас бид хүчирхэг болсон. Чингисийн суу арга залийн хүчинд бид нэгдэж чадсан. Гэхдээ нөгөө Монгол аймгууд чинь сайн дураараа гэрээ хэлэлцээр байгуулаад нэгдчихээгүй шүү дээ. Хүчээр нэг дээвэр дор оруулсан юм шүү! Бид хэзээ доройтож буурсан билээ? Эзэнт гүрэн маань задарч олон толгойтой болсоноос хойш шүү дээ. Хубилай хаан урагшаа нүүж цагаан будаан хоолтон болоод бусад нь биеэ дааж тасарсаны гайгаар Монгол гүрэн задарч бусдад цохиулаад нутаг руугаа хөөгдөх нь хөөгдөж , үлдэх нь үлдэж, уусах нь уусаа биз дээ? Нутагтаа ирцгээсэн хойноо ч мөн хоорондоо хэмлэлдсээр бусдын эрхшээлд орж олон зуун жил доройтсоор арай устаж алга болчихолгүй өдий хүрсэн нь харин их аз. Энэ юуг харуулаад байна гэхээр Монголд олон толгойтой хувилбар таарахгүй юм байнаа гэсэн үг.

Бид бусдын хэрэглэж ирсэн эдийн засгийн арга барил, дэг жаягийг хуулбарлаад хэрэгжүүлээд явах нь ойлгомжтой боловч улс төрийн тогтолцооны хувьд ``монголчилсон`` хувилбарыг сонгохгүй бол болохгүй нээ. Улс төрийн тогтолцоо нь сонгодог хэлбэрээрээ байгаа болохоор бид хоорондоо хэмлэлцээд, хэрэлдээд байгаа бөгөөд энэ чинь эдийн засагтаа нөлөөлөөд урагшаа ахихгүй байна. Юм болгон дээр улс төржөөд бие биендээ дэгээ тавиад ажил хийхгүй буюу хийлгэхгүй байна. Нам байгуулж тоглосоны гайгаар эсрэг тэсрэг бүлгүүд бий болж , тэднийг дагаад ард түмэн хоорондоо талцаад дайсагналцаад байгаа дүр зураг бол Монголын эзэнт гүрэн бууран доройтсон үеийн дүр зурагтай адил харагдаж байна. Эвтэй байхдаа хүчтэй гэдэг хэллэг бол Монголчууд нэгдмэл байхдаа (өөрөөр хэлбэл, нэг нударган дор байхдаа) хүчтэй гэсэн үг. Тэрнээс биш тархай бутархай олон аймгууд байх үед болон орчин үеийн Монгол улсад бий болгосон сонгодог хэлбэрийн нийгэм улс төрийн тогтолцоо буюу олон толгойтой байгаа нөхцөлд яавч таарахгүй үг. Олон толгойтой (олон намтай, олон удирдагчтай) байгаа үед эвтэй байгаад хүчтэй юм бол яагаад хоорондоо хэрэлдээд ясаа булаалдсан ноход шиг аашлаад ажлаа хийдэггүй юм бэ? Олон толгойтой учраас эв түнжингүй байгаа байхгүй юу!
Чингисийн нударга дор буюу ганц толгойтой байхдаа Монголчууд эвтэй бөгөөд хүчтэй байсан нь түүхэн үнэн. Бид энэ замаар л явах ёстой. Тэгвэл Монголчууд дэвжинэ.

За ингэж хэлэхээр эсэргүүцэж олон тайлбар тавьдаг ``сонгодог`` хүмүүс их гарнаа. Мэдээж манай Баабар багш хамгийн түрүүнд татгалзсан хариу өгөх нь тодорхой.
Миний таньдаг нэг нөхөр бас л сонгодогуудын нэг л дээ. Тэр тэгж байна:
- Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол Назарбаев шиг нөхөр гарч ирээд мөнхийн хаан суугаад улс орныг хахуулийн сүлжээ болгож, бүгдийг өөрийнхөө эрхшээлд оруулна.
Тэгэхээр нь би хэллээ:
- Тэгж дураараа дургихыг нь бас хаасан хууль журам гаргаад өгчихвөл болох биш үү?
гэтэл Назарбаев тэр хаалт боолтыг нь өөрчлөөд дураараа дургисан гэнээ. Назарбаевын тухай бичсэн номон дээр тэгж байсан юм байх. Миний дуулсанаар саяхан болсон сонгуульд Назарбаев бас л дийлэнхийн санал аваад сонгогдсон гэсэн байхаа.

Шууд, ард түмний сонгуулиар 95% -ийн санал аваад ялж байгаа Назарбаевт казак хүн бүр л хайртай дуртай байх нь. Бодвол сэтгэл хангалуун болоод сонгодог биз. Тэрнээс биш дургүй байсан бол сонгуулийн бүхээг дотор хэний нэрийг дугуйлсаныг хүн харахгүй учраас мань эрийн өрсөлдөгчийн нэрийг сонгож болно шд. Ер нь бол хальт сонирхож үзэхэд Назарбаевын удирдлага дор Казакстан улс муугүй л яваа юм шиг байна. Лав л ажилгүйдэл нь 7%-тай (манайх 12% гэсэн байхаа) , эдийн засгийн бусад үзүүлэлтүүд нь сайн гарсан юм байна. Манайх шиг иргэдийнх нь 60-70% нь ядуу биш , тэгээд дээр нь траншейны болон гудамжны хүүхдүүд байдаггүй юм байна. Бидний Монголчууд олон толгойтой байгаад дээрдсэн юм ерөөсөө алга. Казакстанаас дор явна.

Монголчуудын заяа нь хаясан байх л даа. Тэрнээс биш ингэж өлөн зэлмүүн амьдрах ёсгүй л улс даа. Өөр хоорондоо таарч нийлдэггүй хүмүүсийг хатуу гараар зангидаж жолоодох хэрэгтэй. Тийм учраас одоогийн тоглоомон хүүхэлдэй шиг Ерөнхийлөгч биш, жинхэнэ эрх мэдэлтэй хүчирхэг Ерөнхийлөгчийг сонгож нэг замаар, нэг санаагаар явмаар байна.
Яг л АНУ-ын Ерөнхийлөгч шиг. Ажлаа хийж чадахгүй бол дараагийн сонгуулиар зайлуулчихна. Хийж чадаж байвал улираагаад сонгоод байна биз. Хэдэн удаа сонгогдож болох тухайд тооны хязгаар тавиад хэрэггүй. Ажлаа хийж чадаад улс орон дэвжээд ард түмэн сайхан амьдарч байвал дахиад сонгохгүй юу, яадгийн. Хязгаар тавьчихаад хугацаа дууссан гээд оронд нь чадах чадахгүй нь мэдэгдэхгүй нөхөр тавьж байхаар чадаж байгаагаар нь эцсийг нь хүртэл хийлгэж болно шд.

Ерөнхийлөгчийн засаглал гэдгээс жийрхээд байх хэрэггүй байхаа. Энэ чинь орчин цагийн Хаант засаглал гэсэн үг. Манайхан Хаан гэдэг үгэнд дургүйцэх ёсгүй дээ, уг нь.
Ялгаа нь, дээр үеийн хаан үе уламжлаад сонгогдоод явдаг байсан бол орчин үеийн хаан ард түмний сонгуулиар гарч ирдэгт байгаа юм. Нэг нь насаараа хаан болдог байхад нөгөө нь хугацаатай алба хашдаг.
За тэгэхээр бид олон толгойноосоо салахгүй бол болохгүй нээ. Ер нь нам гэж талцдаг явдал их гай болж байгаа. Ухаанаа уралдуулж сайн гэдгээрээ шалгарахаасаа илүү хэн худлаа ярьж хүмүүсийн толгойг эргүүлэхдээ сайн бэ гэдгээрээ уралддаг. Дээр нь элдэв зүйл амлаж санал худалдаж авдаг. Олон намын хэрэг алга. Ерөөсөө нам гэж байх хэрэгтэй ч юм уу. Намгүйгээр энэ Монгол гэдэг айлын амьдралыг аятайхан аваад явчих боломжгүй юм уу?

Баабар маань саяхны нэг өгүүлэлдээ Монголчууд 2001-2002 онд байдал тааруухан байхад дуугараагүй мөртөө 2005 оноос эдийн засаг нь сайжраад ирэхээр хувьсгал яриад унаж байгаа нь баячуудын хийж байгаа ажил гэж нэг мэргэн хүн олж мэдсэнийг хэлжээ. Ухаандаа улсад мөнгө их л орж ирээд байвал баячууд нь түүнийг булааж авахын тулд ядуусыг (люмпен хэмээх) ашиглаж хувьсгал хийдэг гэнэ. Октябрын хувьсгалыг хувьсгалчид люмпенгүүдийг ашиглаж хийсэн гэжээ. Бас манайд болсон 2008 оны 7 сарын 1-ний үймээнийг люмпенгүүд хийсэн юм байх. Жинхэнэ жагсагчид нь тараад явсан хойно тэдгээр люмпенгүүд галдан шатааж тонон дээрэмдсэн гэнэ. Нотолгоо нь дараа нь баригдсан хүмүүсийн 90% нь сонгуульд оролцоогүй байсан явдал гэнэ. 90% гэж хэн батлах юм? Цагдаа юу? Улс төржсөн цагдаад үнэмшиж болох юм уу? Чулуу шидсэн гэж хэлбэл суллана гэж худлаа молигодоод дараа нь түүнд нь ял өгдөг цагдаа шүүхэд Баабар ингэтлээ үнэмших гэж бас байдаг аа?

Баабар 7 сарын 1-ны тухай нэг их ярьдаггүй хүн. Ийм учиртай байж. Тэр өдөр нийгмийн шаар шавхруунууд МАХН-ын байрны өмнө цугласан юм байна л даа. Мань эр 7 сарын 1-ний үйл явдлын тухай ингэж ярих чухал шалтгаан байгаа хэрэг. Магадгүй мань эрийн найз , тухайн үед Ерөнхий сайд байсан Баяртай холбоотой учраас ингэж люмпенгийн асуудал болгож өөрчилж байж мэдэх юм. Баяр сайд энэ хэрэгтэй холбоотой нэлээн хэл аманд ороогдсон хэвээрээ тул найзыгаа өмөөрч иймэрхүү юм зохиосон байх л даа. Тэглээ гээд Баяр тухай үед Ерөнхий сайд байсан нь үнэн бөгөөд түүний удирдлага дор байсан цагдаа 5 хүн буудаж алсан нь бас үнэн учраас тэр нөхөр үхсэн хойноо ч амьтны хараал идсэн хэвээр байх нь тодорхой. Ямар ч ёс суртахуун, ичих ёс гэж мэддэггүй энэ Баяр гээч одоо болтол өөрийгөө өмөөрөөд л явж байдаг, Баабар сэм сэмхэн битүүгээр гэмийг нь цайруулах гээд янз бүрийн юм зохиож бичиж байдаг хоёр таарч дээ. Найз байж болно, гэхдээ шударга байна гэдэг чинь хүний ёс суртахууны асуудал. Найз маань юм шүү дээ гээд алуурчныг өмөөрөх утгагүйтэй адил. Улс төрийн үйл явдалд дүн шинжилгээ хийдэг хүн маань ингэж увайгүй зан гаргаж нэрээ баастах хэрэггүй дээ.

Яахав, манайхны зарим нь Баабарыг хужаа энэ тэр гээд баахан л харааж зүхдэг. Тэдгээр хүмүүс цэвэр захиалгаар муулдаг, эсвэл мань эрийг тодорхой шалтгаанаар үзэн яддаг гарууд байх л даа. Зарим нь Монголчуудыг бөөс, тэмбүүтэй гэж их хэлдэг гээд их дургүй байдаг. Мөн Монголын хилийн гадна хувь заяаны эрхээр үлдсэн Монгол үндэстэнүүдийг муу хэллээ гэж Баабарт дургүйцэх хүмүүс бий. Үүнд Өвөрмонголчууд болон буриад мэтийн хүмүүс ордог байх.
Би тиймэрхүү хэл амыг тоохгүй, харин Баабарыг нэг зангаараа л байхыг хүсэж байна. Тэр либерал юмаа шүтээд явдаг л юм байгаа биз, гэхдээ шударга байх хэрэгтэй. Заримдаа дэгсдүүлдэг чинь зохихгүй байнаа. ``Нохойг хэн саахав`` гэсэн царай гаргаад яваад байвал нэр хүндэд нь муугаар тусах байх даа. Сайн муу ч Монголын түүхийн тухай ном бичсэн, төрийн шагнал авсан хүн шүү дээ. Тийм болохоор ``Баабар нэрээ, тогос өдөө`` гэдэг үгийг ямагт санаж, амны уншлага болгоорой гэдэг зөвлөлгөөг мань эрд өгье дөө. Хүлээж авна уу, нулимаад хаяна уу өөрөө мэднэ биз.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө