Хэзээ бид зураглаж, ярьж, бичиж сурах вэ?

Манайхан хэзээ нэг аятайхан, зөв ярьж сурна даа. Энгийн ард иргэд маань ч дүүрч гэхэд хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг сэтгүүлч, сурвалжлагч мэтийн мэргэжлийн гэгддэг хүмүүсийн ярьж хэлж байгаа байдал, асууж байгаа асуулт, тайлбарлаж байгаа яриаг нь сонсохоор ой гутаж дургүй хүрмээр байх юм. Юугаа заалгаж сурсан улсууд байдаг юм бүү мэд. Сургасан сургууль, заасан багшаас их хамаардаг байж гэж бодоход өөрийн төрөлхийн хэл ярианы урлаг гэж ядаж юу ч байхгүй шүү. Иймэрхүү дэлгэцэн дээр гарч хүмүүстэй ярилцдаг ажилдаа жаахан төрөлхийн аманцар, бэлэн цэцэн үгтэйг нь шалгаруулж авч баймаар юм.

Монголчууд зөв сайхан бүрэн бүтэн өгүүлбэр хэлж ярьж чадахаа больжээ. Ийм байж яаж хуучин бичгээ хэрэглэнэ гэж яриад байгаа юм бол оо? Ээж аав нь хүүхдүүдээ багаас нь олигтой ярьж сургаж чадахгүй (өөрсдөө чадахгүй байгаа юм чинь) ч гэсэн ядаж сургуулийн түвшинд шат шатны боловсрол олгож байгаа газрууд нь энэ тал дээр сайн ажиллавал бас ч засаж болох найдвартай. Энэ тухай манай боловсролыг мэддэг албан тушаалтнууд, хэл ярианы шинжлэлийн мэргэжлийн хүмүүс, ярианы мэргэжилтэн багш нар, эрдэмтэй зохиолчид, мундаг нийтлэлч нар маань ер нь үг дуугардаг юм уу? Цаас харалгүй сайхан ярьж чаддаг амьтан гэж манай ТВ-ийнхэн дотор л лав алга. Ялангуяа тэр сурвалжлага авч байгаа, элдэв янзын нэвтрүүлэг хөтөлж байгаа хүмүүс дотор ``авах амьтан`` алга.

Манай сурвалжлагч, сэтгүүлчид бүтэн зөв найруулсан өгүүлбэр хэлээд юм асуучихаж чадахгүй, хольж хутгаад хэд хэдэн асуулт зэрэг тавиад микрофоноо нөгөө хүнийхээ аманд ``зоочихдог``. Нөгөө хариулж байгаа хүн нь заримдаа товчхон хариулт өгөөд зогсоход тэнэг юм шиг микрофоноо авахгүй аманд нь тулгаад бариад л байна гээч! Өмнөөс нь санаа зовмоор бүдүүлэг.
Асууж байгаа асуулт нь заримдаа даанч дээ гэмээр.

Сая UBS ТВ-ээр шууд дамжуулсан Монгол- Мьянмарын хөл бөмбөгийн тоглолтыг үзлээ. Тайлбарлаж байгаа 2 залуу байнаа. Ерөөсөө тоглолтын тухай энгийн сайхан санаа оноогоо хэлээд яриад явчихаж чадахгүй хий хоосон үг хэрэглэсэн механик яриатай хүмүүс байх юм.
Гайхамшигтай, шилдэг, тун идэвхтэй , түүхэн ялалт гэх мэтийн л баахан хоосон сүржигнэл.
Нөгөө эсрэг багийн тоглогчдын нэрсийг (нэг хүний нэр л гэхэд 2-3 үгнээс бүрдэж байгаа шүү) тоглолтын дундуур хэлж хэл амаа орооцолдуулах шахах юм. Тэд нарыг бид ямар нэрээр нь таних биш, төдөн номерын тоглогч гэвэл барав.

Зураглалын (бичлэг хийдэг камерын зураглаач) тухайд хэлэхэд манай ТВ-ийнхэн иймэрхүү тэмцээнийг дамжуулахдаа даанч авъяасгүй улс даа. Гадаад орны мэргэжлийн хүмүүс яаж ажилладагийг судлаад сураад авчихаж болдоггүй юм байх даа. Тэр ТВ-ийн удирдлагууд нь юугаа харж суудаг улсууд вэ? Хамгийн мундаг тоноглолтой гэх МҮОНРТ-ийнхэн л гэхэд баяр наадмын бөхийг олигтойхон дамжуулж чаддаггүй шүү дээ. Олон бөх зэрэг барилдаж байх үед аль нэг барилдааныг, ялангуяа чухал учраануудыг, хоцроохгүйгээр харуулдаг арга технологи баймаар л юм.
Ер нь ихэнх тэмцээн уралдаан хөдөлгөөнтэй байдаг учраас ийм зүйлийг үзэгчдэд хажууд нь байгаа юм шиг, шаардлагатай эгзэгтэй мөчийг тухайн хэсэгт нь тод томруунаар харуулчихаж чаддаг болгож хүмүүсээ сургаж, техник хэрэгслээр нь хангах хэрэгтэй. Ширээний ард ярилцаад сууж байгаа хоёр хүнийг харуулах амархан байх л даа. Гэхдээ л зарим үед тиймхэн юмыг хүртэл санаанд хүрэхээр зураглаж чаддаггүй биз дээ?

Сонин хэвлэл дээр бичсэн зүйлүүд нь эрхбиш худлаа үнэн бичсэнийхээ дараа нягталдаг юм болохоор дүрмийн хувьд элдэв алдаа байх нь ховор боловч найруулга талаасаа учир дутагдалтай бичлэг бас л зөндөө тааралддаг. Баабартай дүйж очдоггүй юмаа гэхэд ядаж дөхүүлж бичиж сурмаар юм. Яаж зөв найруулж бичдэгийг эрхбиш сургуульд нь заадаг л баймаар. Ямар над шиг ``сайн дурын уран сайханч`` биш.
Сүүлийн үед манай блогчид хэмээх сайн дурынхан маань бичих гэж яргалдаг болсон байна лээ. Ер нь ихэнх нь дээ. Ялангуяа тэр Банжиг гээч сайтын блогчид бол аман ярианыхаа дуудлагаар үсэглэж бичдэг өвчинд автаад уншихад ч дургүй хүрмээр бичдэг болсон байна. Удахгүй ``явж байна`` гэдгийг ``явжийнэ`` гэж бичдэг болох бололтой.

Аливаа юмыг уг нь сайжруулах гэж л явдаг баймаар юм. Манайхны хувьд зарим юм нь яг хэвэндээ, урагшаа нэг ч алхаагүй (ТВ-ийн зураглал, ярианы чадавхи) байхад нөгөө нэг нь зарим газраа муудаж (блогчдын бичлэг) үнэр орж байх жишээтэй. Мэддэг мэргэжлийн салбарынх нь хүмүүс анхаараасай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө