Ороо нь орсон МАН, араас нь мордсон АН

``Гүйх нохойд гүйхгүй нохой саад`` гэж нэг үг байдаг даа. Ардчилсан Намыг (АН) яг тууштай хөгжил дэвшлийн оройд хүрчихэе гэсэн санаатай гүйгээд байгаа "нохой"  гэж хэлэхэд хэцүү байгаа боловч бас ч гэж худлаа үнэн гүймээр аядаж байгаа нохой гэж хэлж болохоор байгаа юм. Харин ингэж гүймээр аядах үед нь замд нь саад болоод байгаа ``гүйхгүй нохой`` бол Монгол Ардын Нам (МАН) юмаа. АН жижиг бөгөөд нас залуу (3 нас ч хүрээгүй) эр гөлгөн нохой бол МАН нас нь явчихсан (13 хүрч байгаа) хөгшин гичий нохой болой.

МАН гэдэг нохой МАХН гэдэг нэртэй байхдаа ч гүйхдээ маш хойрго, голдуу идэх уучихаад гөлөглөөд хэвтэж байдаг амьтан байсан, одоо ч хэвээрээ байна. Энэ нохойг уг нь 1990 онд тариа хийгээд нэгмөсөн унтуулах ёстой байсан гэж ярьдаг хүмүүс бий. Одоо бодоход тэгэх хэрэгтэй байж дээ.
Энэ нохойг унтуулаагүйгээс болж одоо Монголын ард түмэн зовж байна. 1990 онд Монголчууд төрөл арилжаад өөр замаар явсугай гэж шийдчихээд яг явах болсон чинь энэ гайтай нохой хойш нь татаж чангаагаад 20 жил хоёрын хооронд шинэ харилцаандаа орсон ч биш, ороогүй ч биш хоёрын дунд тарчлаалаа.

Энэ нохойны гайгаар шинэ нийгмийн шилжилтийн үед аль л муу муухай бүхэн дэлгэрч, ард түмэн хоёр туйлд хуваагдаж , цөхөрч гүйцэж байна. Энэ жингэр ард түмний тархийг угааж, толгойг нь эргүүлж дууслаа. Цөхөрсөн ард түмэн аль ч нохойд нь итгэхээ больжээ.
Монголчууд 20 жил энэ жингэрт итгэж араас нь дагаж явсан боловч тэрээр эргэж хургасаар газар үл ахижээ. Гайхаж эргэлзсэн Монголчуудад энэ муу нохой харин бэлэн яс амлаад бас л хуурч орхих нь тэр. Одоо тэр амалсан ясныхаа хэлтэрхийг аваарай гэж гуйранч болсон Монголчуудад сар бүр 21 мянган төгрөг чулуудаж байна. Ихэнх нь гуйлгачин учраас энэ мөнгөөр бага ч болов мөжүүртэй ясанцар авч амь зогоож байна.

Бас болоогүй ээ. Хашир жингэр ард түмнийг луйвардаж гарч ирчихээд, нөгөө өрсөлдөгч гөлгөн нохойг урхидаж аваад өвөр түрийндээ ичихгүй аваад ордог байна шд. Хэдийгээр энэ хоёрын дундаас ямар ч төл гарахгүй боловч "гөлөг гаргах" асуудал бол хөгшин жингэрийн эцсийн зорилго биш байсан юм. Тэрээр зөвхөн өрсөлдөгч залуу гөлөгний дууг хааж, өөрийнх нь балиар заль болон хийсэн нүглийн тухай элдэв юм хуцах вий гэдгээс сэргийлж бөгсөө нийлүүлсэн хэрэг.
Мань залуу гөлөг яахав дээ, өөрийнхөө биологийн хэрэгцээг хангаж, сэтгэл ханамжтай л байвал болоо гээд дуугаа дуртайяа хориулаад шанд нь шөнө болгон хөгшин жингэрийн араас морддог болжээ. (зураг үзнэ үү)

``Гүйхгүй нохой`` одоо ирэх оны сонгуульд дахин гарч ирэхийн тулд өөртөө ашигтай хэлбэрээр сонгууль явуулах гээд дахиад л хамаг юмны гацаа болж байна. 2012 оны сонгуулиар ``бэлэн яс`` амлах, тараахыг хориглох учраас мань жингэрийн хувьд их эвгүй болж мэдэхээр байгаа юм. Тийм учраас нутаг нуга, танил тал гэх мэтийн хөшүүргийг түлхүү ашиглахын тулд сонгуулийн хэлбэрийг мажоритор элемент давамгайлсан байдлаар батлуулах гээд уллаад суучихлаа. Муу гичий чинь 24:52 гэсэн хувилбарыг зүтгүүлэх гэж байгаа бололтой. 24 гишүүнийг намын нэрээр (пропорционалаар), 52 гишүүнийг өөрийнх нь нэрээр буюу мажоритороор сонгоно гэсэн үг.

Нөгөө муу гөлөг 50:26 гэсэн хувилбарыг сонгожээ. Гэвч энэ санаан дээрээ хэр удаан тэсэж тогтох юм бүү мэд. Эгч нохой ганцхан архираад дайрахад энэ муу гөлөг будаа болох биз. Өнгөрдөг 3 жил өвөр түрийндээ орчихоод бараг айл гэр (МАНАН) болж тоглоод дотноссон болохоор эгчмэд нохойны өөдөөс хуцах хэцүү байх нь ойлгомжтой. Гэхдээ хэрвээ ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавиад өөрийнхөө биологийн хэрэгцээг хоёрдугаарт тавьж чадвал тэр зэргийн зориг гаргаж чадах байх. Түүнээс гадна ганцаараа биш, туслах дэмжих өөр олон гөлөгнүүд цаагуур чинь гонгиноод жон жон хуцаад явж байгааг мэдэж байгаа биз дээ.

Уг нь тэр олон гөлөгнүүд нийлээд нэг баг болоод үзэлцвэл ганц муу хөгшин жингэрийг дийлэх  магадлал бас харагдаад байгаа юм л даа. Гэвч тэд нар хоорондоо хэр таарч зохицож хэл амаа ололцох бол гэдэг чинь том асуултын тэмдэг болоод байнаа.
Гүйхгүй байгаа нохойг л дарж авахгүй бол бид хэзээ ч өөдлөхгүй гэдэг нь ер нь ойлгомжтой болчихлоо. Сүүлийн 20 жилд бид ихэнхдээ энэ муу хөгшин жингэрээр толгойгоо мэдүүлж ирсэн биз дээ? Тэгээд одоо байгаа дүр зургаа хар даа. Үр дүн нь энэ.

Ярьвал өчнөөн асуудал бий. Авилга, хээл хахууль, ядуурал, ажилгүйдэл, гудамжны ,траншейны хүмүүс, баян хоосны ялгаа, тендерийн булхай, төрөөс төрсөн тэрбумтангууд, мөнгөтэйд үйлчилдэг шүүх, хууль гууль болсон асуудал, шударга ёс цаасан дээр үлдсэн нь, ард түмнийхээ өөдөөс буу хэрэглэж буудаж алсан хэрэг, сонгуулийг мөнгөний сонгууль болгосон практик, байгал орчны сүйрэл, уул уурхайн луйврууд, охид эмэгтэйчүүд нь янхан болж, эрчүүд нь архичин болсон гээд л тоочоод байвал замаа алдана. Эцсийн үр дүнгээр нь үнэлцгээ дээ. Одоо та бүхэн гадагшаа гараад хар даа. Амьдрал ямар байна? Ард түмний олонхийн амьдралыг асуугаад байна шүү. Тэгээд 2012 оны сонгуулиар сонголтоо хийгээрэй.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө