Сонгуулийг бойкотлоё

МАН-ынхан дахиад л хувийн эрх ашгаа 1-рт тавиад Сонгуулийн хуулийг шинэчлэх асуудал дээр бухаж эхэллээ. Холимог сонгуулийн системийн 52:24 гэсэн мажоритар элемент нь давамгайлсан хувилбарыг МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжихээр шийдэж тохирсон гэнэ. Нөгөө өмнө нь ярьж байсан пропорционал элемент нь түлхүү орсон 50:26 гэсэн хувилбарыг дэмжихээ больж гэнэ. Мажоритар нь илүү байвал нэр нүүрээрээ гарч ирэх магадлал өндөр гэж тооцсон бололтой.

Ардчилсан нам пропорционал давамгайлсан 50:26 дээрээ бат зогсоно гэж байгаа боловч ханцуй дотроо наймаалцаад 38:38 дээр буух янзтай. МАН ч мөн дээр дурдсан мажоритар давамгайлсан 52:24 гэдгээсээ буулт хийж 38:38 дээр тохирох байх даа. Ингээд ер нь мажоритар, пропорционал нь тэнцүү орсон хувилбараар сонгууль явагдах болж байх төлөвтэй. Яахав, бага ч гэсэн пропорционал руу нэг алхам хийх юм даа.

Ер нь Үндсэн хуулийн саад болоод байгаа заалтыг (УИХ-ын гишүүн ард түмнээс шууд сонгогдоно гэдэг заалтыг) өөрчилж 100% пропорционал хувилбартай сонгуулийн хуулийг шинээр батлахгүй бол дан ганц хүний нүүр харж сонгодог, харин тодорхой нөлөө бүхий хэмжээний санал авсан хүн сонгогдож чаддаггүй явдлыг арилгаж чадахгүй.

Нэгэнт л нам болж тоглож байгаа юм бол тоглосон шиг тоглох хэрэгтэй. Үгүй бол бүх намуудыг татан буулгаад хүн бүр тусдаа бие даан нэрээ дэвшүүлж сонгуульд оролцдог болъё. Нам нь бодлогоо гаргаад улс орноо аваад явдаг журмаар явъя гэж байгаа бол намын нэрээр (100% пропорционал хувилбараар) сонгууль явуулдаг болох хэрэгтэй. Уг нь 100% пропорционал хэлбэрээр буюу намын нэрээр санал хураагаад аль нам нь илүү итгэл хүлээж олонхийн санал авсан байна, тэр нам нь засгаа байгуулаад улсаа аваад явдаг болоод тогтчих юм бол амар байхгүй юу.

Гэвч энэ удаа МАН бас л Монголын улс төрийн төлөвшилтөнд саад болж хойш нь чангааж байна. Сураагүй биш дээ. Юм болгон дээр л өөрсдийнхөө эрх ашгийг боддог улсууд. Намын нэрээр санал авна гэхээр нэр муутай болчихсон болохоор айгаад байгаа хэрэг. Түүнээс гадна манайхан шиг цөөхөн хүн амтай улсад жаахан л олонд танил болоод ирэнгүүт л ``дивтаат`` болох магадлал өндөр болоод явчихдаг зовлонтой. Ширэн нүүрээрээ сонгогдож байна гэх үү дээ. Тиймэрхүү ``од`` болсон хүнд улс орноо яаж хөгжүүлэх, ямар бодлого баримтлах гэх мэт асуудлыг танилцуулж бусадтай уралдах шаардлагагүй. Улаан нүүрээ хэдэн удаа харуулаад л ерөнхийдөө бөөрөнхийлсөн хэдэн уриа лоозон цээжилчихээд эх оронч царайлаад явж байхад л хаваасаг.

Сумогийн их аварга Дагвадорж мэргэжил нэгт Кёкүшүзан Батбаяраас юугаараа дутахав гээд бодчихоод энхрий хайрт Монгол Ардын Намын нэрийн өмнөөс 2012 оны сонгуульд хүчээ үзэж магадгүй сурагтай. Улаанбаатарын аль нэг тойрогт дэвшвэл гараад ирж магадгүй л байх. Монголчууд, ялангуяа хотынхон сумогоор их өвчилсөн хүмүүс шүү дээ.
Харин хөдөөгийн тойрогт уралдвал найдвар муутай байж мэдэх юм.
Ер нь Аса аваргыг МАН-д элссэн гэж бодохоор харамсах юм. Яаж толгой нь эргэхээрээ Монголд гавъяа байгуулахаасаа илүү гай болж байсан улаан намд элсдэг байнаа гэж. Дүү Сумъяабазар нь бас л МАН-ын нэр дээр нэг сэтэр зүүчихсэн яваа дуулдана. Бодвол аав ээжийнх нь нөлөө байсан байх даа.

Хэрвээ МАН харилцан буулт хийж (АН мэдээж буулт хийгээд 38:38 дээр очно) дундын хувилбар буюу аль аль элемент нь тэнцүү орсон 38:38 дээр тохирохгүй гэж зөрүүдлээд , үүний улмаас сонгуулийн хуулийг хугацаандаа багтааж шинэчилж чадахгүйд хүрвэл 2012 оны сонгуулийг 2008 оны хуулиар явуулахаас өөр аргагүй болно. Ийм тохиолдолд хуулийн шинэчлэлийн төлөө байгаа бусад бүх хүчин болон ард иргэд сонгуульд оролцохгүй бойкотлох хэрэгтэй. Хуулиа шинэчлэхээс нааш сонгуульд оролцож саналаа өгөхөөс татгалзах нь иргэдийн тэмцэх гол арга нь. Өөр арга байхгүй. МАН-ыг мянга харааж зүхээд нэмэргүй. Сонгуулийг хүчингүй болгож байж л эрх баригчдын чихийг зөөллөж буулт хийлгүүлнэ.

Бидэнд 76 ``од`` болсон хүмүүс хэрэггүй, харин улс орноо зөв аваад явж чадах тодорхой төлөвлөсөн зорилттой, тэрэндээ хүрэх аргаа мэддэг хүчин хэрэгтэй. Бидэнд 76 ширхэг шуудайнд хийсэн үхрийн эвэр хэрэггүй, харин нэгдмэл нэг бодлоготой , эргээд хариуцлагаа хүлээж чадах субьект хэрэгтэй. Тийм учраас л намтай хариуцлага тооцдог байя гээд байгаа юм. Муу ажиллавал дараагийн сонгуулиар тэр нам юу ч үгүй хоцорч улс төрийн тавцангаас арчигдаж цээрлэл хүлээх юм.

2012 оны сонгуулийг 2008 оных шиг мөнгөний сонгууль болгохгүйн тулд манай иргэд сонгогчид идэвхтэй байж төр засгийн эрх барьж байгаа хүчнүүдэд өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж , шаардлагатай бол бүхий л боломжит аргаар тэмцэж эрх ашгаа хамгаалж чаддаг байх хэрэгтэй байна. Сонгуульд оролцохгүй бойкотлох арга ч мөн үүнд орно.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө