Бурмааг будаа болгохын төлөө!


Саяхан манай багийн нэг албаны хүн ТВ-ээр ярьж байнаа. Орост очиж тоглолоо, их сайжирлаа гэж. Тэгээд Оросын хөл бөмбөг манайхаас олон зуун жилээр түрүүлээд явчихсан байна гэж авдагийн. Тэгвэл дэлхийн хөлбөмбөгийн мангасууд болох Бразил, Герман, Англи мэт нь хэдэн мянган жилээр маниасаа түрүүлж явчихсан гэсэн үг юм уу? Юу ярьж байгаагаа мэддэг хүн юм болов уу даа. Ямар шалгуураар хэмжиж үзчихээд ингэж хачин юм ярьдаг байнаа?

Мань эр уг нь манай багийн тамирчдын сэтгэл зүйг хариуцсан нөхөр юм билээ. Мэдэхгүй юмныхаа тухай хүн ичиж үхмээр юм ярьж онигоонд орох шаардлагагүй юм шд уг нь. Тэр сэтгэл зүйгээ л ярина биз.
Тэр яриаг нь сонсчихоод үнэмшээд явчих нөхөд байх вий гэж бодоод ямартай ч жаахан тайлбар хийе гэж бодлоо.

Манай хөлбөмбөгт сайжруулах, дээшлүүлэх юм их бий. Гэхдээ зуу зуун жилээр хоцорсон гэдэг бол зүгээр л дэмийрэл. Оросуудын хөлбөмбөг дэлхийн шилдэг нь биш л дээ, гэхдээ бас тийм ч муудаа орохгүй. Ерөөсөө сайн бэлтгэл, сургуулилт л аливаа спортод амжилт гаргах гол үндэс болдог. Дээр нь мэдээж жаахан авъяас байвал гараад өгнө гэсэн үг.

Манайд мэргэжлийн хөлбөмбөг байхгүй учраас хилийн чанадад ямар ч амжилт үзүүлж чадахгүй. Дотооддоо улсын аваргаа шалгаруулаад ширэн бөмбөгөө өшиглөөд явцгааж болно л доо, гэхдээ олон улсын хэмжээнд амжилт үзүүлж, бүр дэлхийн болон тивийн аваргын тэмцээнд оролцож улсынхаа далбааг мандуулж, сүлд дуугаа эгшиглүүлье гэвэл дээр хэлсэнээр мэргэжлийн шигшээ багтай болохоос өөр замгүй.

Манайх шиг хааяа дуудахаар гүйж ирж цугладаг дан сонирхогчдоос бүрд
сэн ``гудамжны`` гэмээр багийг гадны (Орос ч бай, Герман ч бай) улсын мэргэжлийн багтай харьцуулаад хоцрогдсоноо гайхаад байх нь тэнэг хэрэг. Тэгэхээр хэрвээ Монголын нэрийг хөлбөмбөгөөр тив болон дэлхийн хэмжээнд гаргая гэж байгаа бол Монголын Хөлбөмбөгийн Холбооны (МХХ) нөхдүүд санаачлагатай ажиллах хэрэгтэй.
Хэрэв тиймгүй бол үнэндээ тэгж хэдэн хүн гадагш нь явуулж илүү зардал гаргаад ч яадагийн. Харъяалах олон улсын холбоодод элсэж татвар төлж мөнгө үрээд ч яадагийн. Дотооддоо хөгжүүлээд л ``сайн дурын уран сайханч`` хэвээрээ байхад ч болохгүй юм байхгүй л дээ.

Хэрвээ үнэхээр хөгжүүлж нэрээ гаргая гэж байгаа бол МХХ дараах зарчмын асуудлуудыг шийдээд тодорхой зорилт тавьж төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай. Үүнд:

1. Үндэсний шигшээ багийн тамирчдыг мэргэжлийн болгох
2. Шигшээ багийн санхүүжилтийн асуудлыг шийдэх
3. Мэргэжлийн өндөр ур чадвартай дасгалжуулагч урьж ажиллуулах

Монголын лигийн багуудаас сонгон шалгаруулж авсан тамирчдаар шигшээ багаа бүрдүүлж хүн бүртэй гэрээ байгуулан ажиллана. Шигшээ багийн эзэн нь МХХ байна. Лигийн багуудыг эхний ээлжинд мэргэжлийн болгож чадахгүй байж болох ч яваандаа хөл бөмбөг илүү хөгжөөд ирэх үед байдал өөрчлөгдөх биз ээ. Улсын аварга шалгаруулах үед шигшээгийн тамирчид өөр өөрсдийн багуудад тоглох ба бусад үед нэгдэж хамтарсан баг болж байнгын бэлтгэлтэй байж бусад гадаад арга хэмжээнд оролцож байх юм.

Мэдээж санхүүжилтийн асуудал маш чухал бөгөөд шийдэхэд хүндрэлтэй байж мэдэх юм. Гэхдээ толгойгоо ажиллуулаад жаахан унхиатай сэргэлэн байвал шийдэж болохгүй ч зүйл биш. Хэд хэдэн эх үүсвэрээс санхүүжилт авах боломж байна. Юуны өмнө Засгийн газраас тодорхой хэмжээний санхүүжилт авч болох байх. Үүнээс гадна өөрийнхөө шигшээ багийг спонсорлох үндэсний компаниудыг албан ёсны ивээн тэтгэгчээр зарлаж хамтрах хэрэгтэй.
Шигшээ багийг дэмжиж тэтгэх, хандив өгөх хүсэлтэй хувь иргэд, албан ёс
ны спонсор биш бусад этгээдээс орж ирэх мөнгийг хуримтлуулдаг албан ёсны хандивын данс ажиллуулах нэг арга байна. За тэгээд гадны хандив тусламж байж болох юм.

МХХ гадаад харилцаагаа сайн хөгжүүлэх хэрэгтэй. Хөлбөмбөг сайн хөгжсөн аль нэг орны хөлбөмбөгийн байгууллагатай ойр дотно харилцаа тогтоож, тэднээс туслалцаа авдаг болбол тун сайхан. Дасгалжуулагчаа ч мөн тэр улсаас авбал ядаж эхний ээлжинд төлбөрийн тал дээр (дасгалжуулагчийн цалин, хангамж) бас анхаарч үзэх ч юуны магад.
Мэдээж шигшээ багийнхаа тамирчдыг тун боломжийн хэмжээгээр цалинжуулж байж амжилт нэхнэ шүү дээ.

Миний бодлоор Германаас эхний ээлжинд мэргэжлийн сайн дасгалжуулагч уриад онол, тактикаа сайн заалгуулаад авах нь зөв болов уу. Германууд номын дагуу юм хийхдээ сайн. Хожим нь техникээ өөр дасгалжуулагчаар заалгаж болно биз дээ.

Монголчууд дэлхийн аваргын тэмцээнд оролцож далбаагаа мандуулахын тулд Ази тивээсээ гараад ирэхэд л болно. Азиас гарахын тулд одоо хүчтэй гэж байгаа Солонг
ос, Хятад, Япон мэтийн улсыг цохичиход л болоод явчихна. Бид Азидаа ноёлох бүрэн боломжтой гэдэгт би бардам итгэлтэй байна. Яагаад гэдгийг 2 жишээгээр хариулая:

- Германы нэг сургуульд сурч байсан Монгол оюутнууд нэг баг болоод сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцож дээ. Монголын багаас бусад нь дандаа Герман оюутнуудаас бүрдсэн багууд байсан. Тэгээд манайхан түрүүлж аварга болоод шагнуулж байжээ. Монголын багт өмнө нь хөл бөмбөг тоглож ч байгаагүй нөхөд байсан ба тэнд очоод л сурсан гэж байгаа. Германууд харин хар багаасаа бөмбөг нүдээд өссөн, хангалт, орчин нөхцөл сайтай учраас хамаагүй илүү баймаар. Гэтэл үгүй юмаа.

- АНУ-ын нийслэл орчмын Монголчууд бас нийлцгээж чөлөөт цагаараа бөмбөг өшиглөдөг хоббитой аж. Нэг удаа тэд тэр хавийн бүсийн тэмцээнд байнга оролцдог, тэндхийн лигийн нэг багтай бооцоо тавиад тоглохоор болжээ. Тэр нь Америкийн Мексикүүдээс бүрдсэн баг юмсанж.
Мексикүүд хөл бөмбөгтөө сайн гэдгийг хүн бүхэн мэдэх биз ээ. Нэлээдгүй пивоор бооцоолсон юм уу даа. Тэгээд Монголын сайн дурын хөлбөмбөгчид хожжээ. Гэтэл нөгөө Мексикүүд уурлаад бооцоогоо ч авч өгөлгүй машиндаа сууцгаагаад арилсан гэсэн дээ.
Номоороо бол тэд сайн муу ч мэргэжлийн шахуу болчихсон, байнгын бэлтгэлтэй, тоглож байдаг баг учраас энэ муу хэдэн Монголыг бут аваад хаячих ёстой байсан байхгүй юу. Тэгсэн чинь хожигдож шараа болсон доо.

Ингээд бодохоор бидэнд их боломж байнаа гэж. Гагцхүү номынх нь дагуу, дагнаж хөгжүүлэх л дутаад байгаа юм. Ажил хийгээд хажуугаар нь бөмбөгөө өшиглөөд Азийн аварга болно гэж юу байхав дээ.

Хубилай хаан 1283 онд Бурмааг эзэлж захиргаандаа оруулж байсан гэнэм. 728 жилийн дараа Монголчууд Бурмаачуудтай дахиад учрах нээ. Гэхдээ ногоон талбай дээр л дээ. (баруун зураг: Бурмаагийн шигшээ)
За тэгээд Бурмааг будаа болгох болтугай гэж ерөөгөөд дуусгая даа. (Бэлтгэл бол 100% хангагдсан гэсэн шүү.)

Comments

  1. 1:0 -ээр арай гэж хожих шив дээ. Бэлтгэл 100% хангаад ингэж тоглож байгаа бол хэрэг алга. Ямар ч техник алга.Бөмбөгтэй харьцаж чадахгүй байна шүү дээ. Эрс өөрчлөлт хийхгүй бол болохгүй нээ. Ийм байдалтай Азид гарна гэж байхгүй.

    ReplyDelete
  2. 2:0-оор арай гэж хожигдож манай шигшээ баг тэмцээнээс хасагдав даа. Ингэх гээд байсан юмаа. Шигшээгийн удирдлага ч мөнгө санга идэж ашигладаг гэсэн хэл амтай, тоглогчид ч гэсэн бэлтгэл муу, үхээнц , арчаагүй тоглож байна. Ингээд хол явахгүй ээ.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө