Гадаадад буй Монголчууддаа зориулав

Гадаадад ажиллаж амьдардаг Монголчуудын тоо 2017 оны 1 сарын байдлаар 144 мянга гэсэн мэдээлэл Гадаад Хэргийн Яамнаас гаргаж байжээ. Өнөөдөр 2020 он. Энэ тоо одоо хэд болсоныг олж мэдэж чадсангүй.
Харин Статистикийн газрын сүүлийн үеийн мэдээг харж байхад нэг сонин баримт оллоо. 2019 онд гадаад руу гарсан иргэдийн тухай тоон мэдээлэл байна. 2019 онд нийтдээ 2 сая 415 мянган Монгол хилийн дээс алхаж гадагшаа гарсан байна. Үүнээс 337 мянга нь Буянт Ухаагаар (агаараар) хил давсан бол үлдсэн нь газраар гарчээ. 

Газраар гэдэгт мэдээж галт тэрэг (Алтанбулаг, Замын Үүд) болон автомашины (20 боомтоор) тээвэр орно. Газраар явж байгаа нь нэг их хол яваагүй биз ээ. Хойшоогоо Орос, урагшаагаа Хятад л орсон байх. Хол яваагүй юм чинь дийлэнх нь буцаж ирцгээсэн гэсэн үг. Мэдээж зарим нь Орост юм уу Хятадад үлдсэн л байгаа,гэвч олонхи нь эргэж ирсэн байх ёстой. Хэрэв тийм биш бол Монголд бараг хүн үлдэхгүй байх байсан биз.

Харин агаараар гадагшилсан иргэд маань  албаны ажлаар яваа цөөхөн хүмүүсийг эс тооцвол цөөнгүй нь тухайн улсдаа янз бүрийн хугацаагаар шингэж байгаа. Гадаадын олон орнуудад, АНУ, Өмнөд Солонгос, Европын орнууд, ажиллаж амьдарч байгаа олон Монголчууд ингэж л ''бүл нэмдэг''. Эдгээр хүмүүс тухайн улс орондоо ''хараар'' үлдэж, тэр орныхоо хууль бус цагаачдын армийг томсгодог. Хэдийгээр жуулчин нэртэй явах боловч эцсийн зорилго нь өөр байдгийг бид бүгд л мэднэ. 

Дээр дурдсан 144 мянгаас 26700 нь ажлын визтэй, 26300 нь оюутны визтэй байжээ. Хууль ёсоор байгаа дээрх 53 мянгыг (26.7 + 26.3 ) 144 мянгаасаа хасвал үлдсэн нь буюу 91 мянган иргэн маань бидний хэлдгээр ''харлачихжээ'' гэсэн үг.  144 мянга гэдэг тоо мэдээг гаргасан 2017 оноос хойш 3 жил өнгөрчээ. Өнөөдөр 2020 оны 6 сар. 91 мянган иргэн маань өнгөрсөн  жилүүдэд бүл нэмээд хэд болсоныг таашгүй. Багцаа тоо гаргах гэж үзье. Хамгийн өөдрөгөөр бодоод агаараар гарсан хүмүүсийн зуун хүний  нэг нь л очсон улсдаа ''харладаг'' гэж  бодоё. 100 хүний 1 шүү! 



Ингээд 2017 оноос хойш 2019 он хүртэл агаарын хилээр гадагш гарсан нийт иргэдийнхээ тоог гаргая. (эндээс үзнэ үү)
Дээр байгаа статистикийн мэдээнээс үзвэл, 2017 онд 241189, 2018 онд 272625, 2019 онд 314874 гэсэн тоонууд байна. Энд зөвхөн албан ажлаар явсанаас бусад ангилалд  (жуулчлал, хувийн журмаар, байнга оршин суух, бусад гэсэн 4 ангилалд)  багтсан хүмүүсийг тооцсон шүү.  Нийлбэр нь 828688.  Энэ тооны зууны  нэг нь 82 мянга. 2017 онд байсан 91 мянган ''харласан'' иргэд дээрээ  энэ 82 мянгаа нэмбэл 173 мянга болж байна. За энэ бол багцаагаар гадаад орнуудад байгаа ''харласан''  хүний тоо. 

Мэдээж хууль ёсоор ажиллаж, сурч байгаа, мөн хууль ёсоор амьдарч (түр оршин суух эрхтэй, ногоон карттай гэх мэт)  хүмүүсийг нэмбэл овоо өндөр тоо гарах биз. Гадаадад байнга оршин сууж байгаа иргэд ч Монгол Улсын иргэн л бол сонгуульд саналаа өгөх эрхтэй. Мэдээж тухайн улсынхаа иргэн болсон бол давхар иргэншилийг манай улс зөвшөөрдөггүй учраас саналаа өгөх боломжгүй гэсэн үг.  За ойролцоогоор 200- 250 мянган Монголчууд хилийн цаана байгаа гэж ойлгоход дөхөх биз ээ. 

За одоо гол асуудал руугаа ороё. Эдгээр хүмүүс бүгд л амьдралын шаардлагаар, тодорхой зорилготой, дотроо бодолтой гадагшаа гарсан байгаа. Албан ёсоор сурч байгаа буюу ажлаар явж байгаа иргэдийг эс тооцвол дийлэнх олонхи нь ажил хийж амьдралаа өөд нь татах гэж ийм алхам хийсэн. Тэднийг буруутгах хэрэггүй. Хэрвээ Монгол маань зөв голдрилоор хөгжөөд, эдийн засаг нь цэцэглэж байсан бол иргэд маань ингэж олноороо гадагшаа дүрвэхгүй байх байсан. Даанч унхиагүй эрх баригчид, намуудын гайгаар иргэдэд маань эх орноосоо дайжихаас өөр сонголт үлдсэнгүй. Тиймгүй байсан бол хэн нутгаасаа явах билээ? Монголд  байгаа зарим ''эх орончид'' гадаадад байгаа Монголчуудаа элдвээр хэлдэг. ''Дуртайдаа явцгаасан'' л гэнэ, ''Эх орон нь хүнд үед амиа бодож орхиж явсан'' л гэнэ, ''Урвагчид'' л гэнэ. Ухвар мөчид, тахианы хэмжээний тархитай хүмүүс ямар олон байдгийг энэ хандлага нотолно.

Миний ярих гэсэн гол сэдэв бол сонгуультай холбоотой. Оршилдоод баахан тоо бодчихлоо, гэхдээ уншигчид маань бас нэг багцаа баримжаа аваасай гэж бодсон юм шүү. Ярих гэж байгаа сэдэв маань ч энэ тоотой холбоотой.
Энэ удаа 250 мянган  Монголчуудын эрх ашиг яаж хохирч байгаа тухай ярьцгаая. 
2020 оны сонгуулийн ажил албан ёсоор эхэлжээ. Гэвч хамгийн эмгэнэлтэй нь гадаадад байгаа 250 мянган хүн энэ сонгуульд оролцож, саналаа өгөх эрхгүй болсон юм! 

МАНАН-гаас бүрдсэн УИХ маань 2019 оны сүүлд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулинд оруулсан 20.7 гэдэг заалтаар гадаадад 60 хоногоос дээш хугацаагаар байгаа иргэдийн саналыг авахгүй гэж хуульчилсан байна. Энэ заалтаар дээр дурдсан багцаагаар 250 мянган Монгол иргэн төрөө байгуулах ажилд оролцох эрхээ хасуулжээ. Уг нь Үндсэн Хуулиар сонгох сонгогдох эрх нь хангагдсан юмсан. Үндсэн Хуулийг ч уландаа гишгэж чаддагийг МАНАН-гийнхан харууллаа. Ер нь бол хуулинд заасны дагуу  сонгуульд оролцох эрхгүй, саналаа өгөх эрхгүй хоёр л бүлэг байдаг:

- эрх зүйн чадамжгүй нь шүүхээр  тогтоогдсон
- хорих ял эдэлж байгаа

Дээрх санал өгөх эрхгүй 2 бүлэг дээр нэмээд гадаадад байгаа иргэдээ оруулчихжээ. Ийм л байна. Эрхээ хасуулсан иргэд маань гадаад оронд ажил гололгүй зүтгэж амьдралаа өөд нь татах гэж яваа хүмүүс. Тэд маань Монголд байгаа ар гэр, ахан дүүсээ тэтгэж яваа. Айл өрх болгон шахуу гадаадад нэг ''харласан төлөөлөгч''-тэй гэж ярьдаг. Тэрхүү муу хэлэгддэг ''харласан баагий'' л Монгол руу байнга мөнгө явуулж, МАНАН-гийн балгаар амьдрал нь доройтож өдөр хоногоо аргацааж, өрөнд орж өтөнд баригдсан ард түмнээ тэжээж байгаа шүү! Хэрэв ингээгүй бол ямар байх байсныг нэг бодоод үзээрэй дээ. 

За төр засагт шургалж, төсвийн мөнгөнөөс хулгай хийсэн, тэндэр дээрэмдсэн олигархиуд, ЖДҮ сангаас зээл авч, жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлсан гахайнууд, концесс булааж компаниа тэтгэсэн луйварчид аа, сонсож бай!  Та нарын мөхөл ойртож байгаа. Хамраараа газар хатгаж сөхрөх байсан ард түмнээ өнөөдрийг хүртэл суганаас нь түшиж авч яваа гадаадад буй Монгол иргэддээ баярлаж яв! Хэрэв тэд байгаагүй бол өлсгөлөн ард түмэн аль хэдийнээ зэвсэглэж босоод та нарыг хэдэн хэсэг тасдаад идчихсэн байх байлаа. Олон жил хулгайллаа, дээрэмдлээ, одоо та нар зайлах цаг болжээ. Юманд ээлж бий. Одоо ард иргэд чинь тайван хангалуун амьдрах цаг нь болсоон!

Гадаадад байгаа гологдсон Монгол иргэддээ хандаж хэлэх үг байнаа:

МАНАН-гийн дэглэм ноёрхож, 30 жил тэдний захиргаанд бид амьдарлаа. Улс орны хөгжил уруудаж, ард түмний амьдрал доройтсоны балгаар бидний Монголчууд гадагшаа дүрвэж арга замаа хайсан билээ. Удирдаж байсан хүмүүс нь сэтгэлтэй, улс орон нь урагшилж,  ард иргэд нь ая тухтай амьдарч байсан бол  Монголчууд маань юугаа хийх гэж эх нутгаа орхин, харийн газар нүд үзүүрлэгдэж явах билээ? Төрүүлсэн ээж аав, түших ах дүүгээ орхиж, тарган хонины мах, тансаг ундаа айрагнаасаа холдох билээ?

2020 оны УИХ-ын энэ удаагийн сонгуулиар МАНАН-гаас салах боломж ирлээ. Гадаадад байгаа Монголчууд минь ээ, хэдийгээр бид өөрсдөө оролцож саналаа өгөх эрхээ хасуулсан ч Монголд байгаа гэр бүлийнхэн, ах дүү, найз нараараа дамжуулан ''эрхээ эдлэх'' боломж байгаа шүү! Өөрөөр хэлбэл, та бүхэн Монголд байгаа ар гэр, ахан дүүсдээ, найз нөхөддөө МАНАН-гаас татгалзахыг уриалж, саналаа МАНАН-бус нэр дэвшигчдэд өгөөрэй гэж захиарай!
  
Монголд байгаа ах дүүс,найз нөхдийн чинь бизнес хийх боломжийг хааж, бага хүүтэй зээлэх мөнгийг нь дээрэмдсэн ЖДҮ-чид, давуу эрхээр тэндэр концесс булааж авсан МАНАН-гийнхан буюу МАН ба АН хоёр намаас нэр дэвшсэн шинэ хуучин хэнбугайг ч сонгож болохгүй гэдгийг сайн хэлээрэй. Тэр хулгайчид өнөөдөр дахин төрд гарч самрах гээд ичгүүргүй худал амлаж, хуурамчаар малилзаж байна. Бүү хууртагтун гэж анхааруулаарай. Хулгайч хүнд дахиж итгэж болохгүй! 

Монголд байгаа хүмүүстээ үүнийг л сайн захиарай гэж хүсье. Харь оронд байгаа санал өгөх эрхээ хасуулсан шоовдорууд минь ээ! Та нар энэ боломжийг ашиглаж, та нарыг хог дээр хаясан МАНАН-гаас салахад нөлөөлж чадвал та нарын эх орондоо оруулсан маш том хувь нэмэр болно шүү. Та нарын хүчээр олон Монгол айл өдий болтол амь зогоож яваад талархах нь байтугай өр лүү чинь өшиглөж, Үндсэн Хуулиар олгогдсон сонгох эрхийг чинь алга болгосон МАН, АН хоёрыг Монголын төрөөс зайлуулж, хариуцлага хүлээлгэх цаг болсон шүү! Сонгуулийн сурталчилгаа дуусан дуустал өөрийн бүхий л арга замаар, сувгаар энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Ар гэр рүүгээ утасдаарай. Фэйсбүүк, Твиттерээр бичээрэй.
МАНАН-гаас салах үйл хэрэгт хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй!

Эх орон, ард түмнийхээ эрх ашгаас урвасан МАНАН-гийн Дүлзэнгүүдийг сөгдүүлж цээрлүүлэх цаг болжээ!






Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө