Корона вирус Монголд хяналтаас гарах эрсдэл үүслээ!

Корона вирус
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргаж, УИХ-ын чуулганы нээлт дээр үг хэлэхдээ уриалж байсан билээ. Энэ бол 4 сарын 7-нд болсон явдал. Гол шалтгаан нь КОВИД-19 цар тахалтай холбоотой. Тэр үед дэлхийд нийт өвчилсөн хүний тоо НЭГ сая гарч, нас барсан хүний тоо 70 мянга хүрлээ гэж хэлж байсан бол өнөөдөр буюу 2020 оны 6 сарын 8 өдрийн өглөөний 8 цагийн (УБ цагаар) байдлаар 7 сая хүн (7081593) өвчилж, нас барагсадын тоо 405 мянга гараад явж байна (405074).

Монголд нийт 193 өвчилсөнөөс одоогоор 118 хүн эмчлүүлж байгаа юм байна. Эмнэлгээс эдгэрсэн оноштой гарсан 75 хүн байна. Тэнгэрийн авралаар нас барсан хүн гараагүй бөгөөд энэ бол Корона вирустэй ана мана үзэлцэж байгаа манай эмч сувилагч нарын хичээл зүтгэлийн үр дүн юм.
Тэр хүмүүстээ Монголын ард түмэн их талархаж байгаа шүү!

Миний хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол вирусын халдварыг дотроо алдах аюултай байдал үүссэн явдал! Магадгүй бид аль хэдийн алдчихсан ч байж мэдэх юм. Яагаад гэдгийг уншигч та хэдийн таасан биз ээ. 
Саяхныг хүртэл хэдэн эмч сувилагчид маань бүхий л хичээл зүтгэлээ дайчилж, нойр амралтаа ч золин, эрүүл мэндээ эрсдүүлэн байж Корона гайхлыг улс дотроо алдчихгүй гэж хичээж ирсэн билээ. Харамсалтай нь тэдний маань хичээл зүтгэлийг талаар болгож магадгүй байдал үүслээ.

Хэдийгээр улсынх нь Ерөнхийлөгч уриалж, учирласан боловч УИХ-ын дүлий гишүүд үл тоож, УИХ-ын сонгуулийг хойшлуулахгүй гэж шийдээд, өнөөдөр сурталчилгааны ажил ид явагдаж байна. Яг л Ерөнхийлөгч болон бусад олон иргэдийн санаа зовж, анхааруулж байсанчлан нэр дэвшигчдийн уулзалт, цуглаан болж байгаа газар бүр олон хүн бөөгнөрч, бужигнаж эхэллээ.

Уг нь дэлхий нийтээрээ олон тооны хүн нэг дор цугларахыг хориглох, амны хаалт заавал зүүх, өөр хоорондоо 2 метрийн зай барьж байх, бие биетэйгээ гар барихгүй, үнсэлдэхгүй байх, гараа байнга угаах зэрэг вирусын халдвар авахаас сэргийлсэн арга хэмжээнүүдийг авч мөрдүүлж байгааг бид бүгд мэднэ. Эдгээр зөвлөгөөг бид ч мөн адил мөрдөж байгаа. 

Харамсалтай нь дээрх бүх урьдчилан сэргийлэх горим энэ сонгуулийн үеэр илт алдагдаж байна. Ерөнхий сайд нь өөрөө гартаа бээлий өмсчихөөд уулзалт дээрээ дэмжигчидтэйгээ ээлжлэн гар барьж мэндчилж байх юм. Тэр хүн хэдийгээр өөрөө резинэн бээлий өмссөн байгаа боловч нэг хүнтэй гар бариад дараагийн хүнтэй гар барихдаа өмнөх хүний ''гарын хээг'' (магадгүй вирусыг)  дараагийн хүнд болон түүнээс хойш гар барьсан бүх хүнд дамжуулж байгаа гэдгээ мэдмээр л юм. Өөрөө ч яахав, бээлийгээ байн байн солиод байвал хамгаалагдах байх л даа. Гэвч түүнтэй гар барьж байгаа улаан фэнүүд нь бээлий өмсөөгүй харагдсан бөгөөд зарим нь амны хаалт ч зүүгээгүй байсан юм.

За тэгээд бусад нэр дэвшигчдийн уулзалтыг ажиж байхад цуглаанд ирсэн иргэд маань хоорондоо зай авах нь байтугай мөр зэрэгцэн бөөрөө нийлүүлэн сууцгааж харагдана. Нөгөө Улсын Онцгой Комисс, Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргана гэсэн дүрэм журам юу болов? Хөдөө хотгүй замбараагүй байдал үүсчээ. Коронагийн аюулыг бүгд мартсан бололтой. Ямар сайндаа Коронаг түр хойшлуулсан юм уу гэсэн онигоо гарах вэ дээ.

Энэ замбараагүй байдал ямар аюултай үр дагаварт хүргэж болохыг төсөөл дөө. Бид хэдийгээр гаднаас орж ирсэн өвчтөнүүдээ тусгаарлаж байгаа боловч эдгэрч гарсан иргэд маань гэртээ 14 хоног ажиглалтаа үргэлжлүүлэх журмыг зөрчиж гадуур тэнэх, эсвэл хаягаа санаатай буруу хэлж хяналтаас зугтах зэргээр маш хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа тухай ХӨСҮТ (Халдварт өвчин судлах Үндэсний төв)-өөс мэдээлж байсан. Мөн Оросоос ирсэн оюутанд  21 хоногийн дараа вирус идэвхижсэн тухай анхааруулж, ажиглалтын хугацааг сунгах тухай ярьж байна. Тэр ч байтугай эдгэрсэн өвчтөнд хэсэг хугацааны дараа дахин вирус идэвхжисэн тухай мэдээ гарч байсан. 

Өнөөдөр бид бүх иргэдээ шинжилгээнд хамруулж чадахгүй учраас зөвхөн тандалтаар энд тэндээс хэсэгчлэн түүвэр маягаар шинжилгээ хийж байгаа. Нэгэнт бүх иргэдээ шинжилж чадахгүй учраас гадуур вирус тээгчид яваа эсэхийг мэдэх арга алга. Нууц байдалд байгаа вирус идэвхжихгүй байж байгаад олон хүнд халдварлаад, тодорхой хугацаа өнгөрсөний дараа идэвхижиж аюул болохыг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл бидний хяналтаас гадуур илрэхгүй тэнэж яваа вирус, ямар нэгэн сувгаар орж ирчихээд өнөөдөр энэ замбараагүй байдлын уршгаар чөлөөтэй тархаж байгаа юм биш биз?

Муу амлахдаа биш, харин төрийн дээд байгууллага, эрх баригчдын хариуцлагагүй шийдвэрээс болж ард олон минь гамшигт учрах вий гэж санаа зовж бичиж байна. Бид цөөхүүлээ шүү. Одоо нэгэнт хойшлуулаагүй сонгуулийг чи яах юм гэж асууж магадгүй, зарим нь. Тэнгэр өршөөж, тийм муу зүйл бүү тохиолдоосой гэж залбирая. Харин энэ хариуцлагагүй бэртэгчин шийдвэрээс болж улс оронд минь гамшиг тохиолдвол үүний хариуцлагыг хэнээс нэхэхээ мэдэж байгаа биз дээ? Сонгуулийн дүн гарсаны дараагаас буюу тэр хавьцаагаас л байдал мэдэгдэж  эхлэнэ дээ. Тэр болтол тэнгэртээ залбирахаас өөрийг үнэндээ хийж чадахгүй бухимдаж сууна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө