МАНАН-д дахиж төөрмөөргүй байна

У.Хүрэлсүх (МАН-ын дарга, Ерөнхий сайд)
У.Хүрэлсүхийн засгийн газар дүнгээ тавиулах цаг ойртсоор. Эрх баригч МАН өнгөрсөн 4 жилд сайн засаглаж чадав уу гэдэг асуулт тавигдана биз? 
Намчирхаж сүржигнэлгүйгээр, төвийг сахисан байр сууринаас дээрх асуултанд хариулах хэрэгтэй. Тэгж байж таны сонголт зөв хийгдэнэ. Харин намчирхаж асуудалд хандвал бодитой дүгнэлт хийж чадахгүй нь тодорхой. Би ч энэ удаа төвийг сахисан байр сууринаас хандана. Өмнө нь ч аль болохоор шударга хандахыг хичээж ирсэн гэж бодож байна. 

Асуултаа дахиад тавъя: Эрх баригч МАН ажлаа сайн хийж чадсан уу?

Миний хариулт: Харамсалтай нь үгүй юм аа. 

Яагаад? За МАН-ын амлалтыг эхлээд сонирхоё:

1.  Иргэдээ ядуурлаас аварна.

Иргэдээ ядуурлаас аварч чадсангүй ээ. Ер нь жилийн жилд л ингэж амладаг. Ард түмний 30% ядуу гэдэг статистикийн мэдээ үүнийг нотолно.

2.  Эдийн засгаа хямралаас гаргана.


2012-2016 онд засгийн эрх барьж байсан АН-ын засгийн газрын авсан санхүүгийн арга хэмжээний дүнд Монгол улс хямралд өртөлгүй гарах суурь тавигдсан гэж ярьдаг. Мартаагүй бол  АН-ын засаг зоригтой бүтээн байгуулалт хийж, Чингис бондоор мөнгө босгон санхүүжүүлж, ипотекийн зээлээр иргэдээ орон сууцтай болгох ажлыг эхлүүлж, гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байсныг санаж байгаа байх. Гэвч харамсалтай нь МАН-ын хар пиарын шуурганд хийсэж, үхлийн цохилт авсан АН 2016 оны сонгуульд ялагдсан. Муу хүний заяа завагт гэгчээр МАН засгийн эрх авсан жилүүдэд экспортын түүхий эдийн зах зээлийн үнэ өсч манай орлого нэмэгддэг. 

Сангийн сайд хийж байсан, Увсын тойргоос мөнгөөр зодож сонгогддог гэдгээрээ алдаршсан Б.Чойжилсүрэн гэгчийн өгсөн ярилцлагыг үзэж байхад, МАН засгийн эрх авахад Монгол улс хямралд ороод ОУВС-гийн тусламжгүйгээр дефолт зарлахдаа тулчихсан байсан гэж ярьж байна билээ. Энэ нь нөгөө Чингис бонд зэргийнхээ эргэн төлөлтийг хийх хугацаа тулчихсан байсныг хэлж байгаа бололтой. Тэгээд үүнийг төлөхийн тулд дахин өөр бонд зарж төлсөн гэнэ. Энэ бондоо Чингис бонд авсан зээлдэгч нартаа зарах (солих) гэж баахан гүйсэн бололтой юм. Албан тушаал хашиж, эрх мэдлийг нь авсан хүмүүсийн  хийх л ёстой ажил байсан баймаар, гэтэл мань эрийн яриагаар бол бараг л бүтэшгүй ажлыг гүйцэтгэсэн баатар болж харагдах зорилготой мэт. 

Чингис бондыг зарж хөрөнгө босгосоны хүчинд бүтээн байгуулалт, ялангуяа зам харгуй ихээр тавигдсаныг бид мэднэ. Урьд өмнө тавьж байгаагүй их урт зам тавьж, аймгуудаа засмал замаар холбосон том ажил хийгдсэн. Харамсалтай нь нөгөө Чингис бондын мөнгөнөөс төр засгийн өндөр алба хашиж байсан хулгайчид өөрсдийнхөө компаниуд, аж ахуйн нэгжүүдэд зээлдэж авсан байдаг. Уг нь тэд нарын хувийн бизнесийг тэтгэх гэж босгосон мөнгө биш л дээ. Чингис бондын мөнгөнөөс зээл авсан компаниудын эзэд нь дандаа МАНАН-гийнхан. МАН ба АН-ын харъяалалтай УИХ-ын гишүүд болон төр, засгийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө авсан. Тэд нар авсан зээлээрээ бизнесээ хөгжүүлж өндөр ашиг олж, ихээр таргалцгаасан юм шүү дээ. Чингис бонд хүү багатай байсныг бодвол тэр мөнгөнөөс зээл авсан эрх мэдэлтнүүдэд ямар их ашигтай байсныг төсөөлөхөд хэцүү биш. Одоо болтол тэд нар авсан зээлээ төлөөгүй л байгаа. Зарим хүмүүс төлчихсөн гэж боддог  юм шиг.

За тэгээд Чойжилсүрэн гишүүн тэр үед сангийн сайд байхдаа хятадуудтай олон удаа уулзан гуйж гувшиж байсан тухайгаа бахархан ярьж байна лээ. Манайхаас худалдаж авч байсан уул уурхайн түүхий эдийн хэмжээгээ нэмэгдүүлээч гэж ихээхэн гүйсэн юм байна л даа. Тэгж царай алдсаны ачаар хятадууд авах хэмжээгээ нэмэгдүүлсэн бөгөөд мэдээж түүхий эдийн борлуулалтаас орж ирэх орлого нэмэгдсэн нь ойлгомжтой (Ямар амлалт өгч байж тийм шийдвэр гаргуулсан бол?). Валютын нөөц нэмэгдүүлсэн гэж байна. Эрхийг нь аваад ажлыг нь хийе гэсэн бол хийх л ёстой ажил. 

Миний харж байгаагаар бол АН уг нь дорвитой томоохон ажил хийх зорилготой бонд зараад зээл аваад, том том төсөл хэрэгжүүлээд явж байсан чинь хугацаа нь дуусч, дараагийн 4 жилд ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон юм шиг байгаа юм. Ингээд МАН ажлаа аваад харсан чинь гаднаас авсан зээлийн төлөх хугацаа дөхчихсөн байж л дээ. Тэгээд л мөнгө олж зээлээ төлөх аянд мордож. Засаглах эрхийг нь авсан л юм бол хийх л ёстой ажил. Тэгээд дахин өөр бонд зарж, өрийг өрөөр төлсөн нь тэр. Чойжилсүрэнгийн ярианаас ингэж л ойлголоо. Хэрвээ АН дахин засгийн эрхийг авсан байсан бол мөн л бонд зарж аргалах байсан биз. Ингээд МАН өнгөрсөн 4 жилд засаглахдаа хийж бүтээсэн ажил үгүй, харин орлогоо нэмэгдүүлж, мөнгө хураах ажил хийсэн  бололтой. Валютын нөөц нэмэгдүүлсэн гэхчлэн. 

МАН ипотекийн зээлийг зогсоож, иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг гацаасан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил мөн зогссон. Харин утааг бууруулах чиглэлээр дорвитой алхам хийж, төрийн төмөр нүүрээр айлган байж ажилласаны хүчинд утаа буурсан нь үнэн. Харамсалтай нь энэ үр дүн олон хүний амиар олдсон нь бас үнэн. Нам гэдэг мангасын ''буянаар'' төр засгийн хариуцлагатай бөгөөд тодорхой шийдвэр гаргах эрх мэдэлтэй  албан тушаалд очсон хүмүүс ямар чадваргүй, сэтгэлгүй гэдгийг утаанаас болж амиа алдсан олон хүний сүнс гэрчилнэ. Олон хүний аминд хүрэхээс сэргийлж энэ ажлыг хийх боломж байсан уу? Байлгүй яахав! Ямар дайн тулаан хийсэн биш. Гарз хохиролгүй юм гэж хаана байхав гэсэн байр суринаас ханддаг цэвдэг сэтгэлтэй намчингууд их байнаа. 

Анхнаасаа ''утаагүй'' хэмээх тусгай түлшийг нийтийн хэрэгцээнд борлуулж, хэрэглэж эхлэхээс өмнө бэлтгэл ажил хийх ёстой байсан юм. Ухаандаа, анх удаа машин жолоодож хөдөлгөөнд оролцохоосоо өмнө та жолооны дамжаанд сурч, үнэмлэх авсан байх ёстой биз? Түүн лугаа адил, шинээр нэвтрүүлж байгаа түлшийг яаж хэрэглэх, ямар пийшин зууханд хэрэглэх, буруу хэрэглээнээс  ямар аюул үүсэж болох тухай, тэр аюулаас яаж сэргийлэх тухай зэрэг асуудлуудыг цогцоор нь багтаасан таниулах сурталчилгааны ажил хийх ёстой байсан юм. Ийм ажлыг тодорхой хугацаагаар, шахмал түлш нэвтрүүлээс өмнө хийх хэрэгтэй байлаа.

Нүүрс түлдэг бүх айлууд шаардлага хангасан пийшин зуухтай эсэхийг магадлаж, шаардлагатай бол улсаас сольж өгөх (өөрсдөө солих, шинийг авах тэнхэлгүй ядуус зөндөө бий шүү дээ), уг нүүрсийг яаж түлэх тухай видео сургалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон хороо хэсгээр дамжуулан маш сайн зохион байгуулж явуулах, ялангуяа телевизүүдэд үүрэг өгч тодорхой хугацаагаар давтамжтай гаргах, угаар алдагдсан нөхцөлд сэрэмжлүүлэг дохио өгч сэрээдэг дохиоллын хэрэгслийг худалдан авч  нөөцлөн, айл бүрт тараах, уг төхөөрөмжийг яаж ашиглах тухай зааварчлага сайн өгөх зэргээр маш эрчимтэй кампанит ажлыг богино хугацаанд, хүйтрэхээс өмнө зохион байгуулж болох байлаа. 

Мэдээж өмнө нь ч өвлийн цагт ахуйн галын угаарт хордож амиа алддаг тохиолдол цөөнгүй гарч л байсан. Үүнийг мэдсээр байж, иргэдээ хамгаалах арга хэмжээ авдаггүй байсан нь бид ямар арчаагүй, сэтгэлгүй намчингуудыг дээдлэн залж байв аа гэдгийн нэг нотолгоо.
Шинэ түлш нэвтрүүлж, утаанаас ''аврах'' ажиллагаа явуулсан эрх баригчид ч мөн адил арчаагүй, сэтгэлгүйн улмаас олон сайхан Монгол хүмүүс маань нүүрсний угаарт хордож хорвоог орхисоон. Үхсэний хохь л болсон доо. Өнгөрсөн оны 11 сарын мэдээгээр 8 хүн (түүний дотор 3 хүүхэд) амиа алдсан байна. Энэ тоо хэд болж зогссоныг мэдэх арга алга. Олон зуун хүн хордож эмнэлэгт очиж байсан. Хууль ёс, дэг журам хэрэгждэг улс оронд засгийн арчаагүй үйлдлээс бол иргэд амь насаараа хохирсон бол ар гэрт нь нөхөн төлбөр төлж, өөрсдөө суудлаа өгч зайлдаг ёс бий. Манайд бол гүлдийгээд л өнгөрдөг болжээ. Хүний амь ч нохойныхоос дор болсон юмдаг уу даа. Эрх мэдэлтнүүд байтугай ард иргэд нь дөжирч, ямар ч цочроо авахгүй болсон ийм харгис нийгэмд бид амьдарсаар.  Үүнийгээ ардчилсан нийгэм гэж магтан дуулцгаадаг. Ийм өндөр үнэ төлж нэг өвлийг давлаа. Ирэх өвөл ийм эмгэнэл давтагдахгүй гэх баталгаа алга. 

За энэ бол маш өндөр үнээр, хохиролоор хийж бүтээсэн нэр зүүсэн ажил нь. Өөр хийсэн гэчихээр ажил МАН-ын засагт юу байнаа? Бүтээн байгуулалт гэхээр юм алга. Нефть боловсруулах үйлдвэр барина гэж шав тавьсан. Улаанбаатар хотод төв талбайн цэцэрлэгийг зэрэмдэглэж, усан оргилуур нэртэй цементэн байгууламж 3 тэрбумаар барьж байгааг бүтээн байгуулалт гэх үү, үрэлгэн зардал гэх үү? 

3.  Эх орноо өрнөөс салгана

Ингэж л бүлтэрч худлаа амладаг гарууд л даа. Аль ч нам нь ялгаагүй. Бүгд л сайхан бүлтэрч, нарыг сартай нь худалдаж авч өгнө гэдэг. Өргүй улс гэж байдаггүй юм шүү дээ. Мэдлэг тааруу, харанхуй байлгадаг иргэдээ мунхруулна гэж үүнийг л хэлнэ.  
Монголбанкны мэдэгдэж байгаагаар бол Монгол улс 2021 оноос эхлэн гадаад өрийнхөө төлбөрийг хийж эхлэх юм байна. 2021-2024 онуудад нийт 14 орчим тэрбум долларын өрийн төлбөр хийгдэхээр хүлээгдэж байгаа аж. Ер нь манай улсын нийт гадаад өр нь Монголбанкнаас өгсөн мэдээллээр 2020 оны 3 сарын байдлаар 30 тэрбум доллар байгаа бөгөөд үүний 7 тэрбум нь Засгийн газрынх, үлдсэн нь хувийн секторынх юм байна. Энэ 30 тэрбум дотроо мэдээж урт, богино хугацааных гээд болзол, нөхцөл, хэлбэр нь янз бүр байгаа. (30 тэрбум : 30-ын тооны ард 9 тэг бичигдэнэ)

Дэлхийн бусад улсуудын өр ширийг сонирхоё. Мэдээж улс бүрийн чадал чансаа өөр өөр. Хамгийн хүчирхэг улс гэгдэх АНУ-ыг эхлээд авч үзье.
2019 оны эцсийн байдлаар АНУ-ын гадаад өрийн хэмжээ 20 их наяд доллар (20-ын тооны ард 12 тэг бичигдэнэ) байна. (Энд дарж үзнэ үү)
Хятад улс 2 их наяд, Япон 4 их наяд, Швейцари 1.9 их наяд, Их Британи 8.6 их наяд, Герман 5.5 их наяд, Франц 6.1 их наяд, Канад 2 их наяд, Австрали 1.8 их наяд,  Өмнөд Солонгос 466 тэрбум, Казахстан 156 тэрбум, Орос 450 тэрбум долларын гадаад өртэй байна. 

   
Дээрх холбоосоор орж үзвэл улс бүр л тодорхой хэмжээний өр зээлтэй байгааг харж болно. Дэлхийн улс орнууд харилцан бие биенээсээ хамааралтай гэдгийн нотолгоо. Тэгэхээр ''Эх орноо өрнөөс салгана'' гэдэг амлалт бол зүгээр л хоосон попролт юм. Зүй нь авсан өр зээлээ яаж ашигтай зарцуулах тухай, бага хүүтэй урт хугацааны хөнгөлттэй зээл авах нь ямар ашигтай болох тухай, зээлээ яаж төлөх тухайгаа ярих ёстой юм л даа. Гэвч МАНАН-гийнхан иймэрхүү хоосон попролтоороо өмнө нь сонгогчдоо амжилттай хулхидаж байсандаа эрдэж, энэ аргаа өнөөг хүртэл ашигласанаар ирсэнийг харуулж байна. Цаашид ч энэ молиго аргаа хэрэглэж 2020 оны сонгуульд оролцох нь ойлгомжтой.

4.  Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй


Энэ нь бас л хоосон молиго. Ямар ч хямралд өртсөн байснаас үл хамаараад тухайн улсын эдийн засагт нөлөөлсөн л бол тэр улсын иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна гэж юу байхав дээ. Эрх баригчид нь агаарын амьдралтай, жирийн иргэд нь газрын амьдралтай байдаг юм шиг хачин юм донгосч байгаа биз? Хямрал бүгдэд нь нөлөөлнө, харин их үү, бага уу  гэдэг нь өөр асуудал. Улсын төсвийн орлогыг татвараараа бүрдүүлдэг иргэд, аж ахуйн байгууллагууд эдийн засгийн хямралыг ямар нэгэн хэмжээгээр, хэлбэрээр төлдөг. Харин аливаа хямралыг бага хохиролоор яаж давж гарах тухай ярих ёстой юм. Тэгэхээр энэ амлалт бол бас л нэг хоосон попролт.

5.  Төрийн дампуурлыг засна

Төрийн дампуурал гэдэг нь ямар утгаар ойлгох ёстой томъёолол юм бол? Төр засгийн тогтворгүй байдлыг хэлж байгаа бол харин ч эрх баригч МАН өөр дээрээ жишээлж ярих хэрэгтэй. Өөрсдөө жинхэнэ төрийг самууруулж, үймүүлдэг намын нэг мөн. 60 тэрбумын хэрэг гэгчид нэр холбогдож байсан энэ нам эрх баригч болонгуутаа дотроо хоёр хуваагдан хагарч 65 гишүүн нь 2 тал болсон. Засгийн эрх аваад жил гаруй (14 сар) болоод л Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан (2017 оны 9 сард). МАН-ын бүлгийн 31 гишүүн санаачилж ийнхүү өөрсдийнхөө засгийг огцруулсанаар дараагийн ээлж нь ''хоолонд орох'' боломжтой болсон юм. 

Ингээд дараагийн ээлжийнхэн болох У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад ажилдаа ороод байж байтал 2018 оны сүүлээр (11 сард) МАН-ын бүлгийн 27 гишүүн Хүрэлсүхийн Засгийг огцруулах бичиг өргөн барьжээ. Ердөө жил болоод л солих оролдлого хийсэн байгаа биз? Хүсэл нь биелдэг бол бүгд л ээлжлээд хоолонд орж байх сонирхолтой. Улсын эрх ашиг, ард түмний сайн сайхан амьдрах асуудал бол МАНАН-гийханд огтхон ч сонин биш. Тэд ээлжлэн эрх мэдэл, албан тушаалд очиж, хувийнхаа ашиг сонирхлыг хангах л ганц зорилготой. Өнгөрсөн 30 жил ийм л явж ирсэн. 
Ийм байж төрийн дампуурлыг засна ч гэх шиг алиа юм ярьж суудаг энэ МАНАН-гийнханд ичих нүүр гэж алга.

6.  Цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ

Засгийн газраас 2018 ба 2019 онуудад цалинг тус бүр 8%-иар нэмсэн. 2020 оны 1 сарын 1-нээс эхлэн нэмэгдлээрээ тооцож авч эхэлсэн байгаа. Харин багш, эрдмийн байгууллагын ажилтны цалинг 21.7%-иар нэмсэн байна.  2019 онд тэтгэврийг 7.6%-иар нэмжээ. Ингэснээр дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг болсон гэнэ. 
Цалин тэтгэврийн хэмжээ үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа учраас худалдан авах чадварт нааштай өөрчлөлт гарахгүй байгаа. Ингэхээр цалин тэтгэврийн нэмэгдэл иргэдийн амьдралд гойд нөлөөлөхгүй байна. Цалин тэтгэврийг нэмж үнийн араас элдэж хөөхийн оронд үнийг тогтворжуулах арга хэмжээ авч бодлогоор хэрэгжүүлж болдоггүй юм уу? Юмны үнэ байнга л өсөх хэрээр цалин тэтгэврээ нэмээд л яваад байх уу? Хэдий болтол ингэж явах юм? Энэ чинь ерөөсөө зөв арга мөн юм уу?  Одоо сонгуулийн сурталчилгаандаа цалин, тэтгэвэр нэмж амлалтаа биелүүлсэн гэж ирээд л бүлтрэх байх л даа. 

7.  Арилжааны зээлийн хүүг бууруулна


Арилжааны зээлийн хүүг эрх баригч ямар ч хүчин албадаж буулгах ёсгүй л баймаар. Харин татварын зөв бодлогоор, эдийн засгийн өсөлтөөр, ажилгүйдлийг бууруулж, үнийг тогтвортой байлгаж чадвал зээлийн хүү буурна. 
Бас л нэг чихэр долоолгосон амлалт гэхэд болно. Эрх баригчид яг үнэндээ зээлийн хүүг бууруулна гэсэн амлалтынхаа дагуу ажил хийсэнгүй. Харин эсрэгээрээ зээлийн өндөр хүүг ашиглаж хөлжих үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Үүнийг нотлох нэг үзэгдэл нь эрх баригчид маань ЖДҮ дэмжих сангаас их хэмжээгээр (маш бага хүүтэй) зээл аваад өөрсдийн байгуулсан банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан өндөр хүүтэйгээр бусдад зээлдүүлж мөнгө хүүлж байсан явдал. Мэдээж банкны зээлийн хүүнээс арай доогуур хүүтэй зээлнэ гэхээр амьтан хошуурна биз дээ? Өнгөрсөн лав 3 жилд ЖДҮ сангаас хулгайлагчид ийм бизнес хийж багагүй хөлжсөн нь тодорхой.

Ингээд гэнэт ухаан орсон аятай, ээлжит сонгууль дөхөх үед их л ажил хийсэн дүр эсгэж, Монголбанк, арилжааны банкууд, их дээд сургуулиудын төлөөлөл бүхий том бүрэлдэхүүнтэй баг гаргаж ''Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги'' гэгч сүржин нэртэй баримт боловсруулсан байна. Засгийн эрх авангуутаа хийх нь ч яасан юм? Яагаад сонгуульт хугацааныхаа гуравдахь жил рүүгээ орж байхад гэнэт ухаан оров? Энэ бүрдүүлсэн баг нь хагас жил бичиг цаастай ноцолдож байж нэг баримт гаргажээ. Ингээд 2019 он дундаа орж байхад ''стратегээ'' боловсруулжээ. Одоо сонгуулийн ажил эхэлчихлээ. Бид ийм стратеги боловсруулсан шүү, дахиад биднийгээ сонгочихвол тэр стратегээ хэрэгжүүлээд ''алаад өгнө'' гэж рекламдах юм биз дээ. Бас л муу аргатай лүднүүд шүү. 

6 сар нүдэж байж нэг мундаг дүгнэлт хийжээ: Хадгаламжийн хүүг бууруулчихвал зээлийн хүүг бууруулж болох юм байна.
Таны хадгаламжинд төлж байгаа хүүнээс өндөр хүүгээр мөнгө зээлдүүлж, зөрүүгээр нь банкууд ''хоолоо залгуулдаг'' нь  ойлгомжтой. Ингээд эрх баригчид маань баахан макро, микро түвшинд ийм тийм байх ёстой гэж номлосон том бичиг баримттай сонгуульд орж байгаа юм байна. Эрх баригчдын эрхэлдэг бизнесүүдэд зовлон байхгүй л дээ, яагаад гэвэл тэр компаниуд эздийнхээ буянаар маш бага (3%) хүүтэй зээл авчихаж байгаа юм чинь (ЖДҮ). Бас болоогүй шүү, илүү гарсаныг нь өндөр хүүтэй зээлчихээд мөнгө хүүлээд сууж байна. Ийм ноёд энгийн ардынхаа төлөө ''морь нохой мэт'' зүтгэх үү? Худлаа амлаж, хууран мэхлэхээс өөр зүйл тэднээс горьдоод хэрэггүй дээ. Дахиж ''молиго үмхэхгүй'' гэвэл энэ жилийн сонгуулиар бэлэн амлагчид, бузартай дээрэмчдийг төрөөс зайлуулах хэрэгтэй. 

8.  Аймаг бүрт үйлдвэр байгуулна

Бас л нэг молиго уу?  Аймаг болгонд ийм ийм үйлдвэр ашиглалтанд орлоо гэж дуулаагүй юм байна. Эсвэл нуугаад байгаа юм болов уу?
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2023 онд ашиглалтанд оруулах юм гэсэн. Хүрэлсүхийн ард түмнээс том оноо авсан амлалт. Уг нь өмнөх Засгийн газрууд (Алтанхуягийн, Сайханбилэгийн) ийм үйлдвэр барих шийдвэр гаргаж газрыг нь товлож байсан боловч дараа дараагийн хүмүүс нь дандаа өөрчилж байсан байдаг. Н.Алтанхуяг энэ үйлдвэрийг Дархан хотод барих гэтэл Ч.Сайханбилэг өөрчлөөд  Хэнтийн Бор-өндөр болгочихжээ. Тэгсэн чинь Ж.Эрдэнэбат гарч ирээд мөнөөх үйлдвэрийг  Дорноговийн Сайншанд руу ''нүүлгэсэн'' байна. 
Засгийн газар 21 аймагт 21 үйлдвэр барьсан болон барьж байгаа тухай мэдээлэл байвал сэтгэгдэлийн буланд бичиж үлдээгээрэй гэж уншигчдаасаа хүсье. 

9.  Татвар нэмэхгүй

МАН 2016 оны сонгуульд орохдоо татвар нэмэхгүй гэсэн. Гэвч тэд сурсан зангаараа биднийгээ хулхидсан билээ. Энэ тухай зарим хэвлэлд тодорхой бичсэн. МАН засгийн эрх авсанаасаа хойш 9 төрлийн татвар нэмжээ. Тоочвол:
- Газрын төлбөр
- Газар зарвал 30%-ийн татвар төлнө
- Хадгаламжийн хүүнд нь татвар төлнө
- Нийгмийн даатгалын шимтгэл нэмсэн
- Суудлын автомашины онцгой албан татвар нэмэгдсэн
- Лиценз зарвал 30%-ийн татвар төлнө
- Архи, тамхины онцгой албан татварыг нэмсэн
- Импортын тамхинд ногдох албан татварыг нэмсэн
- Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийг нэмсэн

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

10. Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур байгуулна


Дүүрэг болгонд цэцэрлэгт хүрээлэн, нуур байгуулсан гэж дуулаагүй юм байна. Бас л нэг чихэр долоолгосон амлалт. Харин УБ хотын төв талбайн урд байдаг ганц жижигхэн ногоон байгууламжаа зэрэмдэглэж сүйтгээд усан оргилуур гэдэг юм барьж байгаа. Цэцэрлэгт хүрээлэн барьдаггүй юмаа гэхэд байгаа жаахан модоо устгаж байгаа нь харалган тэнэг гэхэд дэндсэн үйлдэл юм. Нийслэлд ногоон байгууламж хэрэгтэй болохоос биш, усан оргилуур хэрэггүй ээ. Тэгээд ч усан оргилуур ажиллуулахын тулд зардал (цалин, ус, эрчим хүч г.м) их гардаг бөгөөд зуны дулаан цагт л ажиллах боломжтой. Хэрэггүй зардлаа хэмнэх тухай ярьж байхад дээр нь нэмээд зардал бий болгоод байдаг ухааныг ойлгохгүй юм. Нэг л их гоё сайхан юм хийж, ажил хийсэн дүр үзүүлэх, нэр хүнд олох гэсэн зорилготой хүмүүс. Энэ усан оргилуурыг цээжээрээ хамгаалж, зүтгүүлж байгаа хотын захирагч гуай өөрөө энэ жилийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн байна лээ. Өөрийгөө рекламдах нэг юмтай болох гээд л улайраад байж л дээ.

11. ЖДҮ болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

ЖДҮ-ийг дэмжих сангийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэчихээд өөрсдөө авчихсан байвал яахав? МАНАН-гийн бүлэглэлийн хулгайчид,луйварчдын эзэмшдэг аж ахуйн нэгжүүд бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэггүй, ''том гарууд'' байхгүй юу! Тэглээ гээд тэд ямар ичих биш. Жинхэнэ жижиг, дунд хэмжээний үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой, эрхэлж байгаа нь бизнесээ санхүүжүүлэх зорилготой маш олон аж ахуй эрхлэгч нарт цусаараа уйлаад ч энэ сангийн зээл олддоггүй тухай зөндөө ярьж бичдэг. 
ЖДҮ сангаас зээл авсан гишүүний тоо 49 хүрсэн гэдэг. Тэдгээрээс 26 ''шилдэг ЖДҮ-чин'' гишүүнээ МАН энэ удаагийн 2020 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшүүлжээ.

ЖДҮ дэмжих сангаас их хэмжээний зээл авсан ''эрхэм дээдсүүд'':

(эх үүсвэр: эндээс )

1. Б.Батзориг (УИХ-ын гишүүн, сайд) 
Тээвэр ачлал ХХК, Наму дэвших ХХК
3 тэрбум төгрөгний зээл авсан

2. Б.Хурц (Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан)
Гранд степ ХХК
1.5 тэрбум төгрөг

3. Д.Баярсайхан (Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ы Гүйцэтгэх захирал)
Баяр плант ХХК, Капитал фактори, MMG капитал
3.3 тэрбум

4. Я.Содбаатар (УИХ-ын гишүүн, сайд)
Эпато Анарваан ХХК, TSM ХХК
2 тэрбум

5. Ж.Энхбаяр (УИХ-ын гишүүн)
Газар агро ХХК, Газар буудай ХХК
1.95 тэрбум

6. Д.Амарбаясгалан (МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга)
Тайшир өргөө ХХК, Арго Технологи Шижирт
1.3 тэрбум

7. Б.Амгаланбаатар (Ерөнхий Прокурорын орлогч)
Цаст согоот ХХК
1.3 тэрбум

8. О.Батнасан (УИХ-ын гишүүн)
Топ кондитер ХХК
950 сая

9. Г.Солтан (УИХ-ын гишүүн)
Монгол шаазан ХХК
950 сая

10. Х.Болорчулуун (УИХ-ын гишүүн)
Дорнод гурил ХХК
950 сая

11. Н.Учрал (УИХ-ын гишүүн)
Хүннү ХХК
950 сая

12. Н.Оюундарь (УИХ-ын гишүүн)
Ред стар клаб ХХК
800 сая

13. Д.Хүрэлбаатар (Ерөнхий Аудитор)
Цэнстайл ХХК
750 сая

14. Б.Ундармаа (УИХ-ын гишүүн) 
Доктор МЭИК ХХК
700 сая

15. Ш.Хонгорзул (Мэргэжлийн Хяналтын улсын байцаагч)
Хос богд Агро ХХК
630 сая

16. Ц.Амарсанаа (Барилгын хөгжлийн төв Төрийм өмчийн үйлдвэрийн газрын захирал)
Их Улс ХХК
680 сая

17. Б.Наранхүү (УИХ-ын гишүүн), Б.Саранчимэг (УИХ-ын гишүүн)
Энэ хоёр эгч дүү хоёр юм байна. Энэ хоёрын дүү бол Б.Одончимэг бөгөөд түүний үүсгэн байгуулсан Сингапурхельткейр сентэр компани 800 сая төгрөгийн зээлийг авчээ. Энэ хоёр гишүүний хамаарал бүхий этгээдийн компани гэсэн үг. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 
(Компаний нэр нь юу гэнэ вэ?!  Singapore Health Care Center? Сингапурын Эрүүл Мэндийн төв гэнэ үү? Seriously?)

18. Г.Тэмүүлэн (УИХ-ын гишүүн)
Спа цогцолбор ХХК
700 сая

19. А.Сүхбат (УИХ-ын гишүүн)
Түгээмэл Түмэн хишиг ХХК
800 сая

20. У.Хүрэлсүх (Ерөнхий сайд)
Жаргалант Мах Импекс ХХК
563 сая
(Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд болох түүний дүү У.Давхарбаяр гэгчийн оролцоотой бөгөөд хамтрагчийнх нь нэр дээр байдаг компани)

ЖДҮ-ийг дэмжих сангаас өөрсдийнхөө болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид тэрбумаар нь, олон зуун саяар нь зээл авч жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлсан ''дээдэс'' маань нийгэм даяар шүүмжлэл өрнөж байгааг үл тоомсорлож, ''Тэглээ гээд та нар яах юм?'' гэсэн маягтай хандаж байна. Ганц нэг гишүүн, сайдыг золигт гаргах төдийхнөөр аргацааж өнгөрөөх бодолтой байх шиг. ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн тухай шуугиан гараад нийгмээрээ эрх баригчдыг зүхэж байх тэр цаг үед Ерөнхий сайд мэргэн ухаан гаргаж нэгэн мэдэгдэл хийсэн нь тухайн үед олон хүнд таалагдаж, мань эр ч жинхэнэ ''мужик'' гэдэг цолоо баталсан явдал болсон билээ. Ерөнхий сайд маань хэлэхдээ, ЖДҮ-тэй холбоотой, нэр холбогдсон хүмүүс намын нэрээр сонгуульд оролцохгүй гэдгийг зарлаад, намын шугамаар хатуу арга хэмжээ авна гэж лүндэн буулгасан юмдаг. Гэвч харамсалтай нь одоо харахад мань эр бас л ''Сүр Данзан'' болж жүжиглэж байж л дээ. Учир нь тэрээр хэлсэн үгнээсээ буцаж, олон ЖДҮ-чидийг намаасаа дахин нэр дэвшүүлжээ.  Хэрэгтэй гэвэл хэнийг ч хулхидаж чадах мужик гэдгээ ийнхүү баталлаа. Ерөнхий сайд 26 ЖДҮ-чингээ дахин сойжээ. Ард түмнээ арай л дэндүү басамжилж, доромжилж байна даа. 

ЖДҮ-чидийнхээ жагсаалтыг үргэлжлүүлье:

21. Ч.Хүрэлбаатар (УИХ-ын гишүүн)
Хантай Хайрхан ХХК
1 тэрбум

22. Х.Баделхан (УИХ-ын гишүүн)
Монлайвс ХХК - 490 сая
Хаганат ХХК - 195 сая

23. Ц.Даваасүрэн (УИХ-ын гишүүн)
Нарлаг Хараа ХХК
750 сая

24. Н.Цэрэнбат (УИХ-ын гишүүн)
Баян Таван Тэс ХХК - 250 сая
Баруун загвар ХХК - 160 сая

25. Х.Нямбаатар (УИХ-ын гишүүн)
Өгөөдэй Ази ХХК-тай хамтран 950 сая


Цаашилбал олон нэрс хөврөнө: Б.Бат-Эрдэнэ (Баруун зүүн сувилал ХХК), Ц.Мөнх-оргил (KOMGL ХХК), Б.Чойжилсүрэн (Солар хаус ХХК), Б.Энх-амгалан (Таятан фүүд), С.Бямбацогт (Цант Алтай ХХК), Ц.Цогзолмаа (Ширээт Онон ХХК), Н.Энхболд (Өлзий дэн ХХК), Г.Мөнхцэцэг (СОНЭ ХХК), Б.Баттөмөр (Мондэм ХХК), Ш.Раднаасэд (Гэга, Гэрдсанаа, Дэлгэрбаян говь, Сэлши үүр, Алиман төгсбуян ХХК), Л.Мөнхбаатар (Аёон пропэртииз), Б.Жавхлан (Пример инвестмент ХХК, Жете майнинг ХХК, Алтан олом ХХК), Ж.Ганбаатар (Марал буян групп ХХК), Т.Тогтохсүрэн (Өв сор хангай ХХК), Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар (Хүй толгой трейд, Мөрөн Агро ХХК, Тангад бадмаараг ХХК, иргэн Тэрбиш, Анхням, Батцэцэг, Батболд), Ж.Бат-эрдэнэ (Бүрэн луу ХХК), Д.Тэрбишдагва (Арвай бүрд ХХК, Хөх үзүүр ХХК) , Д.Хаянхярваа (ДарханЭрдэнэ мах комбинат),  Д.Оюунхорол (Саруул хангай чөлөөт бүс ХХК), гэх мэтээр. 

МАНАН-гаас ЖДҮ болон бусад хэл аманд өртсөн зөндөө хүнээ дахин нэр дэвшүүлсэн нь энэ хоёр намууд мөнгөтэй олигархуудынхаа гарт бүрэн оржээ гэж хэлэх үндэслэл юм. Тухайлбал, МАН мөнгөтэй хүмүүсээ дахиж дэвшүүлэхгүй гэвэл мөнгө олдохгүй бөгөөд аягүй бол нөгөө хэд нь өсөрхөж Хүрэлсүхийг унагаж мэднэ. Ийм учраас намын дарга нь ацан шалаанд орж бууж өгсөн байх магадлалтай. Тэгээд ч өөрөө бас тэдний тоонд орчихсон нэр цэвэр биш учраас нөгөө хэлсэн амандаа хүрч чадаагүй биз ээ. Монголын төрийг олигархууд бүрэн эзэгнэжээ гэхэд хилсдэхгүй.

МАН-аас 2020 оны сонгуульд нэр дэвшсэн ЖДҮ-чид:

1. У.Хүрэлсүх       (МАН, Ерөнхий сайд, Хэнтийд нэр дэвшиж буй)
2. Г.Тэмүүлэн       (МАН, УИХ-ын гишүүн, Архангайд)
3. Б.Саранчимэг   (МАН, УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүрэгт)
4. Б.Баттөмөр       (МАН, УИХ-ын гишүүн, Дархан Уул аймагт)
5. Х.Болорчулуун (МАН, УИХ-ын гишүүн, Дорнод аймагт)
6. О.Батнасан       (МАН, УИХ-ынгишүүн, Ховд аймагт)
7. Н.Учрал            (МАН, УИХ-ын гишүүн, Сонгинохайрхан дүүрэгт)
8. Х.Баделхан       (МАН, УИХ-ын гишүүн, Баян-Өлгийд)
9. Ш.Раднаасэд     (МАН, УИХ-ын гишүүн, Говь-Алтайд)
10. Б.Энх-амгалан  (МАН, УИХ-ын гишүүн, Говь-Алтайд)
11. Г.Мөнхцэцэг    (МАН, УИХ-ын гишүүн, Дундговьд)
12. Т.Тогтохсүрэн  (МАН, УИХ-ын гишүүн, Өвөрхангайд)
13. Н.Энхболд       (МАН, УИХ-ын гишүүн, Төв аймагт)
14. Ч.Хүрэлбаатар (МАН, УИХ-ын гишүүн, Увс аймагт)
15.Н.Цэрэнбат       (МАН,УИХ-ын гишүүн, Увс аймагт)
16. Б.Чойжилсүрэн (МАН, УИХ-ын гишүүн, Увс аймагт)
17. Ц.Цогзолмаа    (МАН, УИХ-ын гишүүн, Ховдод)
18. С.Бямбацогт     (МАН, УИХ-ын гишүүн, Ховдод)
19. Л.Энх-амгалан  (МАН, УИХ-ын гишүүн, Хөвсгөлд)
20. Ц.Даваасүрэн   (МАН, УИХ-ын гишүүн, Хөвсгөлд)
21. Б.Бат-эрдэнэ    (МАН, УИХ-ын гишүүн, Хэнтийд)
22. Б.Жавхлан        (МАН, УИХ-ын гишүүн, Дархан Уул аймагт)
23. Ц.Мөнх-оргил   (МАН, УИХ-ын гишүүн, Сүхбаатар дүүрэгт)
24. Х.Нямбаатар     (МАН, УИХ-ын гишүүн, Сонгинохайрхан дүүрэгт)
25. Ж.Ганбаатар     (МАН, УИХ-ын гишүүн, Баянгол дүүрэгт)
26. Ё.Баатарбилэг     (МАН, УИХ-ын гишүүн, Архангайд) 
27. Ж.Бат-эрдэнэ      (МАН, УИХ-ын гишүүн, Булган аймагт)



АН-аас нэр дэвшигч ЖДҮ-чид:

1. Б.Наранхүү    (АН, УИХ-ын гишүүн, Дундговьт)
2. П.Батчимэг     (АН, НИТХ-ын төлөөлөгч, Дорнод)  


''Гайтай'' ЖДҮ-гээс болж, ялангуяа МАН-ын хувьд энэ оны сонгуульд зарим баячуудаа нэр дэвшүүлж чадахгүй жаахан тиймэрхүү байх шиг байна. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас авахуулаад, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Ундармаа, Д.Дамба-очир, Г.Солтан, Л.Энхболд, А.Сүхбат, Б.Батзориг , Н.Оюундарь нарын хөрөнгөтнүүд энэ удаа сонгуульд оролцож чадахгүй ч хэрвээ нам нь ялчихвал бас бялууны хэлтэрхий олдож магад гээд шүлсээ залгин сууж байгаа биз ээ. Шүүх нь нотлоод шоронд нь суулгачихдаггүй юм бол хуулийн байгууллагад шалгагдаж байгаа аваргууд ч бас юм горьдож байгаа биз. 

МАН-ын нэр дэвшигчид дотор ЖДҮ-чидээс гадна концесс, тендерийн хэрэгт нэр холбогдсон хүмүүс цөөнгүй байна. Жишээ нь, Ж.Мөнхбат байна. Тэрээр өөрийн хамаарал бүхий этгээд болох ''Засагт Чандмань майнз'' компанитай 162 тэрбум төгрөгийн төсөвтэй концессийн гэрээг байгуулж байжээ. (Дорноговь аймагт 130 км хатуу хучилттай зам тавих төсөл). Мөн С.Бямбацогт байна. Энэ нөхөр сайд байхдаа өөрийн хамаарал бүхий ''Алтай трест'' компанид 77 тэрбум төгрөгийн концесс авч чадсан юм. (Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл хийх төсөл). Энэ хоёр этгээд хоёулаа нэр дэвшиж байгаа. Н.Номтойбаяр мөн өөрийн хамаарал бүхий МАК компанид 78.7 тэрбум төгрөгийн концесс авсан байдаг. (Энэ нь Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц барих ажил юм.) Номтойбаяр намтайгаа муудалцаж, улмаар намаасаа биш бие дааж нэрээ дэвшүүлж сонгуульд оролцоно гэж байгаа. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нь аав нь очиж авсан гэсэн. (Өөрөө түр хоригдсон байгаа). Энэ нөхөр ч бас ичих нүүргүй төрд орох гэж зүтгэж байна. Ер нь Монголын төр чинь хулгайч, луйварчдын нуугдах, хоргодох газар болсон гэвэл хилсдэхээргүй болжээ. 
За тендэр авсан хулгайчдын тоо замаа алдсан биз ээ. Тэр болгоныг тоочвол их юм гарна. 

Хөгжлийн банкнаас зээл авсан, АСЕМ-ыг зохион байгуулж үргүй зардал гаргасан, ЖДҮ-ийн сангаас зээл авсан, утааг бууруулна гэж өчнөөн мөнгө үр ашиггүй зарцуулсан, за тэгээд л өөрсдийнхөө хамаарал бүхий этгээдийн компаниудад элдэв тендэр, концесс давуу эрхтэй олгуулж, төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдэд шахаа хийж төрөөс мөнгө унагадаг, лицензийн наймаа хийдэг, орд газрыг гадныханд зардаг, авилга авдаг гээд л тоочоод байвал зөндөө л нүгэл байгаа. Энэ бүгдийг хэн нэгэн нь, эсвэл аль нэг нам нь ганцаараа хийгээгүй ээ!  Чи, би гэж бие бие рүүгээ чихэх хэрэггүй. Ерөөсөө өнгөрсөн 30 жилд ээлжлэн засаг төрийн эрхийг барьж байсан 2 нам дээр л бууна шүү дээ. 

МАНАН гэж нэрлээд байгаа МАН ба АН хоёр бол дээр дурдсан нүгэл болгоныг адилхан үйлдсэн гэмт хэрэгтнүүд юм. Танай МАН, манай АН гэж талцаад, өмөөрөөд хамгаалаад байгаа тэнэгүүд бол тархи нь ажиллахаа больчихсон, эдгээр намуудын манкурт боолууд юм. Тэд бол буруу ч байсан, зөв ч байсан өөрсдийнхөө намыг үхэн хатан өмөөрдөг, тархи нь угаагдаж, программчлагдсан роботууд учраас тэд нартай маргаад, ойлгуулах гэж оролдоод ямар ч нэмэргүй. Харин өөрийн ухаан бодолтой, эрүүлээр сэтгэдэг  иргэд сонгогчиддоо хичээнгүйлэн захиж хэлэхэд,  энэ удаа маш сайн бодож сонголтоо хийгээрэй гэж уриалах байна. Хоёр хар хэрээний бие биенийгээ харлуулах, өөрийгөө цагаан хун болгох зорилготой ухуулганд авталгүй, бий болсон нөхцөл байдлаа том зургаар нь харж, бодитой дүгнэлт хийсний дараа саналаа өгөөрэй.

Эд барааны үнэ нэмэгдэж, төгрөгийн ханш доошилсоор. Доллар удахгүй 3000 хүрлээ. Шатахууны үнэ дэлхий даяар буурч байхад Монголд хүчиндэж байж буулгах жишээтэй. Махаа ч авч идэж чадахгүй хэмжээнд очиход ойрхон болж байна. 

Жаргалтай Улаанбаатар гэж цоллох боловч үнэндээ иргэд маань аюулгүй амьдрах, хүүхдүүд маань амар амгалан жаргалтай байх арга алга. Дөнгөж саяхан бас нэг хүүхэд тоглоом дээр тоглож байгаад төмрөнд даруулж маш хүнд гэмтсэн мэдээ сонслоо. Тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Хөөрхий охин насаараа бэртэнги болох аюултай болжээ. Буруутан нь хэн бэ? МАНАН-г өмөөрдөг улаан хамгаалагч нар охины эцэг эх буруутай гэх байх л даа. Эсвэл тэр тоглоомыг хийсэн компани буруутай гэнэ. Гэвч явж явж төр засгийн эрх мэдэлтнүүд, ялангуяа жаргалтай хотын дарга гэгдэх тэр этгээд, бүр томоор яривал эрх баригчид буруутай юм шүү дээ. Яагаад гээч?


Аливаа улсад чинь бүх эд бараа, үйл ажиллагаа тусгай журам, стандартаар баталгаажсан, түүний дагуу хийгдсэн байдаг номтой. Хүүхдийн тоглоом гэхэд л тэр тоглоом хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хоргүй, аюулгүй хийгдсэн байх ёстой. Энэ ёстой гэдэг юмыг чинь тэр стандарт, журмаар заагаад өгчихсөн байдаг юм. Тэгээд тухайн тоглоомыг стандартын дагуу хийж үү, үгүй юу гэдгийг хянаж шалгадаг үүрэгтэй төрийн байгууллага, албан тушаалтнууд цалин аваад ажиллаж байдаг. Эдгээр байгууллагууд, албан тушаалтнууд тухайн бүтээгдэхүүн, барааг эцсийн байдлаар хэрэглэхэд ямар нэгэн аюул байхгүй гэдэг тал дээр анхаарч ажиллах ёстой. 


Дээр дурдсан охины тоглож байсан тоглоом (байрны гадаа тоглоомы талбайд суурилуулсан савлуур байсан бололтой) нь эвдэрч нурж унасанаас болж энэ харамсалтай явдал болжээ. Тоглоомыг бүтээж, угсарч байрлуулсан компани мэдээж хариуцлага хүлээх боловч тэр тоглоомуудын аюулгүй байдал хангасан эсэхийг шалгаж, суурилуулсаны дараа эцсийн байдлаар аюулгүйн баталгааг гаргаж, ашиглаж болох зөвшөөрөл өгөх ёстой албаны хүмүүс ажлаа хийсэн үү гэж асуумаар. Тухайн байрны нэг оршин суугчийн өгсөн ярианаас дүгнэлт хийж үзэхэд мөнөөх тоглоомын талбайг тохижуулах, тэдгээр олон тоглоомуудыг хийх, суурилуулах ажлын ард бас нэгэн төрийн эрх мэдэлтний сонирхол явж байсан бололтой.  Тийм ч учраас хэн ч хянаж шалгасан юм байхгүйгээр нэг л өдөр дууссан байсан  гэж ярьж байна.


Бичлэгээр харуулж байгаа тоглоомуудыг харвал дандаа л төмөр гагнаж хийсэн нүсэр бүтэцтэй, суурилуулсан байдлыг ажвал нүх ухаад л жаахан цементэн зуурмаг хийж бэхэлсэн харагдана. Суурь бэхэлгээ маш муу, оромдсон байдалтай. Хэзээ дараагийн тоглоом нь эвдэрч, эсвэл нурж унаад хүүхэд бэртээх бол гэж бодохоор. Хүүхэд тоглоход аюулгүй байдлыг хангасан зүйл үнэндээ харагдсангүй. Дээр нь маш тохигүй, нас насны онцлогт тааруулаагүй, гадны улсын элдэв загваруудыг хуулж дуурайлгасан баахан төмрийн шаваас болсон байна. 


Гадаад улсуудад аль болохоор хүнд эдлэл буюу төмрөөс татгалзаж, хөнгөн бөгөөд аюул багатай модон болон хуванцар, резинэн бүтэцтэй хийдэг бол манайд ийм ухаан алга. Аюулгүй байдлыг хангаж байгуулсан хүүхдийн тоглоомын газрын хөрс нь зөөлөн хиймэл дэвсгэрээр бүрхэгдсэн байдаг нь хүүхэд унаж ойчсон ч бэртэхээргүй зөөлөн байхаар бодож хийсэн хэрэг. Харин манайд тийм ухаан төрөх сэтгэл нь алга. Хэн нэгэн эрх мэдэлтний бизнес явж байгаа учраас аль болохоор амар хялбараар  нь бодож баахан төмөр гагнаад, амрыг нь бодож нүх ухаж суулгасан болоод л мөнгөө авцгаажээ. Дараа нь хэн яах нь тэдэнд огт падгүй хэрэг. Ийм учраас л энэ харамсалтай хэргийн эзэд нь тэр компаниас гадна засгийн эрх мэдэлтнүүд гэж хэлээд байгаа юм.


Саяхан харамсалтай амиа алдсан 4 жаахан хүүхдийн хэргийг ч мөн эцэг эхэд нь тулгаад л өнгөрч байх шиг. Эцэг эх нь харж хандаагүй гэнэ дээ. Эрэгтэй хүүхдүүд хөдөлгөөнтэй. Гадаа тоглоно гэж хэлээд л тэнээд алга болдог. Тэр болгон хажууд нь ээж аав нь зүүгдээд, харгалзаад явна гэвэл худлаа гэдгийг хүмүүс мэдэх л ёстой. Мэддэг хэдий ч эрх баригчдын угаадсыг долоогчид тэднийгээ өмөөрч, хөөрхий хүүхдүүдийн эцэг эхийг буруутгаж байгаа.  Эрх баригчид хэрэг болсон газар үйл ажиллагаа явуулж байсан компани, тухайн газрыг эзэмшдэг байгууллагын даргыг  буруутгаж шийтгэл оноогоод хариуцлагаас мултрах бололтой. Нэг айлын ах дүү хоёр, бусад 2 хүүхдийн хамт тогтоол усанд тоглож байгаад живж амиа алдсан энэ хэрэг олон нийтийг цочроосон. Гэвч удахгүй мартацгаана. Ийм л ой санамжтай, бэртэгчин болсон ард түмэн болж хувираад байна. Монголын эмгэнэл юм даа. 


Нөгөө хүүхдийн эрх хамгаалдаг гэх олон байгууллагууд хаана байна? Тэд яагаад дуугарахгүй, тэмцэхгүй байна? Худлаа л байхгүй юу. Нөгөө төр засаг нь таг. Ерөнхийлөгч Х.Баттулга л уучлалт гуйх шив дээ. 

Саявтархан нэг хүүхэд бас хөлбөмбөгийн талбай дээр тоглож байгаад хөлбөмбөгийн хаалганд даруулж нас барсаныг санаж байна уу? Түүний дараа хотод байгаа тоглоомын талбай дахь тоглоом, тоноглолуудын аюулгүй байдлыг шалгаж тогтоохоор боллоо л гэж дуулдсан. Гэвч тэр ажил хийгдээгүй бололтой. Эрх баригчид иргэдийг тайвшруулах арга зохиосон бололтой. Хэрвээ тэр эмгэнэлт хэргээс сургамж авч, тэр даруй хотод байгаа бүх тоглоомын талбайд суурилуулсан тоноглол, тоглоомон байгууламжуудыг шалгасан бол өдийд энэ охин эрүүл энх гүйж явах байлаа гэж бодогдоно. 

За ингээд дуусгая даа. МАН засгийн эрх аваад хийсэн дорвитой ажилгүй, амлалтуудаа биелүүлээгүй (хоосон амлалт биелэх аргагүй л дээ) гэдгийг эрүүлээр боддог бол ойлгож авсан байх гэж итгэж байна. Хэдийгээр манай нийгмийн амьдралын завхрал нь уг үндэс сууриараа бол бидний сонгосон тогтолцоотой холбоотой боловч үүнийг ойлгосон хүмүүс нь төрд гараад Үндсэн Хуулиа өөрчлөх замаар хийхээс нааш засрахгүй,гэхдээ тэр зорилгод бага ч гэсэн дөхөж очихын тулд МАНАН-гийн бүлэглэлээс эхлээд аажмаар ч болтугай салах хэрэгтэй байна. 


Үүнийг хийх ганц боломж нь тэр хулгайчдыг дахиж төрд оруулахгүй байх явдал. Өөрөөр хэлбэл, МАНАН-гаас нэр дэвшигч хэнийг ч бүү сонго гэсэн үг. Мэдээж энэ үгийг  намчингуудад биш, харин нам бус, мөн аль нэг намын харъяат боловч эрүүл ухаантай,зөв бодолтой эх оронч иргэн бүрт хандаж хэлж байгааг болгооно уу.

Энэ жилийн сонгуульд МАНАН-гийнхан буюу МАН ба АН-аас нэр дэвшигдийг алгасаад, харин үлдсэн нам, эвслээс нэр дэвшүүлж байгаа хүмүүсээс өөрсдийн дүгнэлтээрээ сорчилж сонголт хийх хэрэгтэй. МАНАН-гүй болчихвол Монгол сүйрэхгүй, харин ч тэнгэр цэлмэж төр маань ариусах эхлэл тавигдана. 30 жил молиго үмхлээ, одоо болсон юм биш үү? Хаширвал хашрахаар л боллоо. Аливаа юманд чинь бас хязгаар гэж байдаг. 


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө