Бие даагч УИХ-д хэрэгтэй юу гэнэ үү?

''Элсэн цаг'' хэлэлцүүлгийг үзлээ. Сэдвийн нэр нь ''УИХ-д бие даагч хэрэгтэй юу?''  Сэдвийнх нь нэр нь жаахан утга ойлгомжгүй гэдгийг эхлээд анзаарлаа. Нэгэнт хуулиараа олгогдсон сонгогдох эрх нь байгаа юм чинь УИХ-д бие даагч хэрэгтэй юу гэж асуух нь тэнэг хэрэг. УИХ-д зөвхөн намуудын нэр дэвшигч л хэрэгтэй гэж байгаа юм шиг хачин сонсогдож байна.
Харин  энэ нэвтрүүлгээр бие даагчийн тухай асуудал хөндсөн нь сайшаалтай гэдгийг бас хэлэх хэрэгтэй.

Ингээд уг нэвтрүүлгээр ярьсан хүмүүсийн үзэл бодол, хэлсэн үгтэй холбоотой өөрийн байр сууриа энд илэрхийллээ.

2020 оны УИХ-ын сонгуульд 208 бие даагч оролцож байгаа юм байна.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Энхболд гэгчийн хэлж байгаагаар Парламентын сонгууль гэдэг бол ерөөсөө л намаар дамждаг юм гэнэ. Нам л чухал, бие даагч бол чухал биш бололтой. Аргагүй л дээ. Намын дарангуйлал бүхий Парламентын засаглалыг 30 жил хэрэгжүүлээд амтанд нь орчихсон юм чинь.

Б.ЭНХБОЛД (АН)
Уг нь Парламент буюу УИХ гэдэг чинь хууль баталдаг газар бөгөөд тэндээс баталсан хууль дүрмийг Засгийн газар, бусад этгээд дагаж мөрддөг юм л даа. Хууль баталдаг газар намын нэрээр орно уу, өөрөө бие дааж орно уу, ямар ялгаатай юм? Яагаад нам гэдэг нэрээр бүлгэрхэж УИХ-д бөөнөөрөө орох гэж зүтгээд байгаа юм? Эцсийн эцэст УИХ-аас гарч байгаа хуулиуд улс орны эрх ашигт нийцсэн байх ёстой биш үү? Намын бүлэг гэхээрээ өөр бодлого яриад, бие даагчид болохоор түүнээс өөр эсрэг бодлого ярих юм уу?Нэг л сонирхол, эрх ашиг дээр нэгдэж байгаа юм бол юугаараа талцаж тэрсэлддэг билээ? УИХ-д сонгогдож ажиллаж байгаа гишүүд нэг л эрх ашиг, энэ нь Монгол улсын эрх ашиг, дээр нэгдэх ёстой биз дээ?

Зүй нь хууль тогтоох газар нь (УИХ) тусдаа, аж ахуйн ажил хийдэг газар нь (Засгийн газар) тусдаа байвал зүгээр л дээ. Хэн нь юу хийдэг, ямар хариуцлага хүлээх нь ойлгомжтой байдаг. Гэтэл манайд хоёулаа нэг хөнжилд орчихсон бөгөөд  буух эзэнгүй  ийм хачин тогтолцоог Парламентын засаглал гээд байгаа юм. Засгийн газар нь Парламентаасаа (УИХ-аас) шууд хамааралтай гэсэн үг. (Ерөнхий сайд нь УИХ-аас томилогдоно)

Хэрвээ буух эзэнтэй болгоё гэвэл УИХ нь хуулиа баталдаг, Засгийн газраа Ерөнхийлөгч толгойлдог болгох хэрэгтэй. (Ерөнхийлөгчийн засаглал). Ерөнхий сайд гэдэг орон тоо хэрэггүй болно. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдож, Засгийн газраа бүрдүүлж,толгойлно.  Засгийн газрын тэргүүнийг УИХ-аас биш,  ард иргэд нь сонгодог болно. Засгийн ажил муу явбал Ерөнхийлөгчтэй тооцоо бодно.
УИХ-аас сонгогддоггүй учраас Засгийн газрын тэргүүн (Ерөнхийлөгч) өөрөө багаа бүрдүүлж ажиллана. Давхар дээл бүрэн устана. УИХ-аас тусдаа болох учраас мөнгөний үнэрээр УИХ руу зүтгэдэг элдэв хорхой шавьж УИХ-ын сонгуульд үзэгдэхээ болино. Үр дүн нь УИХ цэвэршиж, Засгийн газар хариуцлагатай болно. Намын дарга Засгийн газрын тэргүүн болдог дүрэм өөрчлөгдөнө. 

АН-аас энэ нэвтрүүлэгт оролцсон Б.Энхболд (олон улсын хууль судлаач) өмнөх жилүүдэд нэр дэвшиж байсан бие даагчид болон тэд нараас сонгогдож байсан 10 хүний тухай ярьж байна. Тэр 10 бие даагч юу хийв ээ гэж байна. Ийм мулгуу байж болохгүй ээ. Өнгөрсөн хугацаанд сонгогдож байсан бие даагчид үнэндээ тухай үеийнхээ олонхи болон цөөнхөд дээрэлхүүлээд  , басамжлуулаад, хавчигдаж адлуулаад л сонгуульт үеэ дуусгаж байсан даг. Ганц нэг хүний дуу хоолой 76 дотор яаж сонсогдох вэ дээ, тэгээд ч бусад нь  үл тоомсорлож, басамжилдаг байв даа. Хууль санаачлаад ч авч хэлэлцдэггүй байсан биз дээ? Намуудын төлөөлөл болсон олонхи ба цөөнхийн бүлгээс ямар ч дэмжлэг авч чадахгүй байгаа юм чинь хэдэн ч хууль санаачлаад нэмэргүй. Өнөөдөр тэр 10 хүнийг юу хийсэн бэ гэж асуух нь бас л нэг ёсны доог тохуу юм даа. 



Өнгөрсөн 30 жилд МАНАН дарангуйлж ноёрхчихоод өнөөдөр дээрх 10 бие даагч юу хийсэн бэ гэж асуух хэрэггүй. Өнгөрсөн 30 жил МАНАН ээлжилж засаглаад ард түмнээ доройтуулсан гэдэг нь нүдэн дээр илт байна. Үүнийг хүлцэж дуугүй суух нь дэндүү бэртэгчин, хувиа бодсон хэрэг болно. Энэ олон бие даагч ингэж л бодсон учраас нэрээ дэвшүүлэх  шийдвэр гаргасан байх. Тэд нар аль нэг намын нэрээр дэвшээгүй нь ч бас учир шалтгаантай биз. Сонгогдох магадлалаа бодвол МАНАН-гийн аль нэг намаас нэр дэвших боломж байсан ч байх. Зарим нэг бие даагч нь МАНАН-гаас бусад нам эвслийн нэр дээр дэвшиж байгаа. Энэ жил бие даагчид УИХ-д олонхи болж чадвал дээр өгүүлсэн шиг намуудын бүлэгт дээрэлхүүлж, хавчигдаж суухгүй харин санаа нэгдэж зоригтой өөрчлөлт хийнэ гэж итгэж байгаа.

Хамгийн сүүлд бие даагчаар сонгогдсон С.Жавхлан гишүүнээр жишээ болгож, бие даагчдыг ''харлуулах'' нэгэн ''ноцтой'' баримт уг нэвтрүүлгээр харуулж байна. Энэ нь саяхан нэмэлт өөрчлөлт оруулсан Үндсэн Хуулийн хэлэлцүүлэгт Жавхлан гишүүн нэг ч удаа суугаагүй тухай аж.
Ганц Жавхлан гишүүн байтугай УИХ-д суудалгүй бүх намууд ч нийлээд нөлөөлж чадаагүй асуудал дээр тэр ганц ''өнчин ишиг'' дуугарлаа ч яалаа, байлаа ч яалаа. Анх төсөл дээр байснаараа бол зарим нэг гайгүй өөрчлөлт батлагдах горьдлого байсан боловч эцсийн шатанд бүр дордуулаад л баталчихсан даг. МАНАН-гийн эрэг шураг болсон АН эсэргүүцсэн дүр эсгээд л удалгүй таг болсон л доо. Ер нь ''ганц дайчин'' байхын зовлонг Жавхлан эдэлсэн хүн.  Одоо тэр хүнээр тохуу хийхээ больцгоочихвол яасан юм, МАНАН-гийнхаан! Тэр хүн та нар шиг идэж ууж,хулгайлж хумслаагүй, концесс, тэндэр дээрэмдээгүй, ЖДҮ санг хоослоогүй. 

Хөтлөгч эмэгтэйн хувьд бас л  дутуу бодолтой хүн бололтой. Тэрээр, намууд боловсролтой, эрдэм чадалтай хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй, харин эрүүгийнхэн, бизнесмэнүүд, тэрбумтнуудыг дэвшүүлж байгаа учраас ''гологдсон'' хүмүүс нь бие дааж нэрээ дэвшүүлж байгаа юм биш үү гэж асууж байна. Мэдээж мөнгөтэй хүмүүсээ түлхүү сонгож байгаа. Яагаад гэвэл, тогтолцоо нь тийм юм. Өнөөдөр бидний сонгосон Парламентын тогтолцоог ашиглаж, хувийн ашиг сонирхлоо биелүүлэх гэсэн ''урт гартай ухвар мөчид'' хүмүүс л нам гэдэг бүлэглэлийг бүрдүүлж байгаа юм. Намууд ингэж бохирдсон байхад төлөвшилт яриад дэмий. Харин тогтолцоог нь өөрчлөөд өгвөл аяндаа ''зэрлэг өвснүүд'' хагдарч алга болоод нам цэвэршиж төлөвшөөд, хүмүүс байр байрандаа очно. Тэгэхээр шалтгаан нь, тогтолцоондоо байгаа юм.

Бие даагч УИХ-д ороод юу ч хийж чадахгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт. Өнөөдөр нийгэмд ийм ойлголт төрүүлэх ухуулгын ажил их явж байна. Өөрөөр хэлбэл, бие даагч сонгоод хэрэггүй ээ, тэд нар гарч ирээд юу ч хийж чадахгүй гэж. 
Заавал бүлэглэж, хуйвалдаж, хор найруулж байж ямар нэгэн хууль батлагдах ёсгүй л дээ. 76 бие даагч сонгогдлоо гэж бодъё. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Ганцаараа болон бусадтай хамтарч хууль бичээд оруулж болно. Аль нэг оруулж ирсэн хуулийн төсөл дээр гишүүн бүр л өөрийн сэтгэлээрээ, үзэл бодлоороо чөлөөтэй санал өгнө. Өөрөөр хэлбэл, аль нэг намын бүлгийн шийдвэр буюу нам доторхи олонхийн шийдвэр өөрийнх нь итгэл үнэмшилтэй зөрчилдөж байсан ч гэсэн үг дуугүй дагах дарамт байхгүй учраас өгч байгаа санал нь хуурамч биш гэсэн үг. Хүн бүхэн ингэж санал өгөөд л олонхиороо шийдээд явна.  Намын бүлэг нэртэй хуйвалдааны бүлэг байхгүй болно. Тодорхой хуулинд, тодорхой заалт дээр зөрөлдөх асуудал мэдээж гарна, гэхдээ эцсийн дүндээ олонхийн саналаар шийдвэр гарна. Ямар нэгэн хуйвалдаан, лобби алга болно.

Одоо нэр дэвшиж байгаа 208 бие даагчдаас цөөхөн нь гарах байх, гараг гэж Б.Энхболд хэлж байна. (Их гийгүүлж дээ) Цөөхөн бие даагчдыг  гаргах сонирхолтой байгаа бололтой. Олонхи болчихвол яана билээ? :)
Энхболдын хэлсэн нэг үг бүр ''ангайлгаж'' орхилоо. Мань эр хэлэхдээ, бие даагч ганцаараа эсвэл аль нэг намын гишүүн ганцаараа хууль санаачлах боломжгүй болсон гэнэ! Хууль тогтоомжийн тухай хууль, Үндсэн Хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн ганцаараа хууль санаачлах боломжгүй болсон гэж айлдаж байна. Тэгвэл тэр 2 хуулийнх нь заалтыг авч үзье:

1. Хууль тогтоомжийн тухай хуулийн 2.1.1-д зааснаар, ''Хууль санаачлагч'' гэж Монгол Улсын Үндсэн Хуулийн 26.1-т заасан этгээдийг,

2. Үндсэн Хуулийн 26.1-д зааснаар, ''Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.''

Эндээс харвал, УИХ-ын гишүүн (бие даагчаар уу, эсвэл намаас уу гэдгээс үл хамаараад) хууль санаачлах эрхтэй хэвээрээ юм байна. Энхболдын хэлж байгаа шиг ганцаараа хууль санаачлах боломжгүй гэдэг нь худлаа байна.
АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн бөгөөд докторант хүн ингэж худлаа намирахаасаа ичдэггүй л юм байна. 
Нэвтрүүлэг хөтөлж байгаа сэтгүүлч маань ч мэддэггүй юм уу, эсвэл анзаараагүй юм уу, Энхболдын дээрх үгийг тоож байгаа ч юм алга.

Бие даагчид бол шинэ зүйл огт биш. Дэлхийд байдаг л үзэгдэл. Харин манайд бол эрх ямбаа алдахыг хүсэхгүй байгаа МАНАН буюу хоёр том намууд бие даагчдыг хажиглах нь ойлгомжтой. 
Хэрвээ бие даагчид УИХ-д олонхи болбол шаардлагатай хууль дүрмээ өөрчилж бичих шаардлагатай болно. Энэ бол асуудал биш. Угаасаа бие даагчид олонхи болсон тохиолдолд Ерөнхий сайдыг яаж сонгох тухай зохицуулалт огт байхгүй. Бас л учир дутагдалтай бичигдсэн гэдэг нь харагдаж байгаа биз? 

Ер нь тэгээд УИХ-аас Ерөнхий сайд томилдог энэ Парламентын гэх Монголд таарахгүй нь батлагдсан энэ засаглалын хэлбэрийг халах шаардлага бийг энэ байдал бас харуулж байна. Хэрвээ Засгийн газрын тэргүүнээ бүх ард түмнээр сонгодог (Ерөнхийлөгчийн засаглал) болчихвол энэ зовлон алга болно. (УИХ-аас Ерөнхий сайд сонгох гэж асуудал үүсэхгүй)

Ү.АМАРБАТ (Үндсэн хууль судлаач)
Үндсэн Хууль судлаач Ү.Амарбатын байр суурь бас л ойлгомжгүй бөгөөд бөөрөнхий юм. Энэ нөхрийн хэлдэгчлэн, бие даагчид хэрвээ УИХ-д олонхи болчихвол хэд хэдэн хууль журам өөрчлөх шаардлагатай болно. Өөрчлөлт хийх л хэрэгтэй. Амарбат гуай бол  бие даагчдыг хардсан, үл итгэсэн байр сууринаас асуудалд хандаж байгаа нь илт. Гэвч тэрийгээ нуух санаатай намуудад ч буруу хийсэн юм бий гэж айлдаж байна. Өмнө нь сонгогдож байсан бие даагчид намуудтай үгсээд агентлаг авч байсан л гэнэ, одоо хэрвээ 40 бие даагч сонгогдчихвол баахан агентлаг хуваагаад авчихыг үгүйсгэх арга алга л гэнэ. Тэгэхээр бие даагчдад ч ,намуудын ярьж байгаа зүйлд ч итгэхгүй байна гэж бөөрөнхийлж байх юм.

Бие даагчдад иймэрхүү бусармаг зүйл хийхгүй гэх  ёс зүйн баталгаа байна уу гэнээ. Тэгээд МАНАН-д ёс зүйн баталгаа байна гэж үзээд сонгох юм уу? МАНАН-д тэр нэхээд байгаа ёс зүйн баталгаа гэгч юм чинь байхгүй гэдгийг өнгөрсөн 30 жилд зөндөө л харсан биз дээ? Одоо тэгээд зайлуулая гэхээр өрсөлдөгчдөөс  нь ёс зүйн баталгаа нэхээд байдаг? Бие даагчид болон бусад намуудад нь тэр ёс зүйн баталгаа нь байхгүй юм бол  тэгээд хэнд нь байгаа юм? Тэр ёс зүйн баталгаатай хүмүүс, хүч нь хаана, хэн байгаа юм?
Ийм утгагүй, мухар юм ярьж болохгүй ээ. Судлаач хүн гэжуга. Ерөөсөө л бие даагчдыг дорд үзсэн байр суурьтай хүн юм байна. Намдаа гомдогсод л гэнэ, бие даагчаар нэр дэвшвэл илүү сонгогдох боломжтой гэж харсан зальтангууд л гэнэ, намаасаа гарсан хүмүүс л гэнэ, өшөөгөө авагсад л гэнэ.
Нэг л их хардсан хүн. Ингэж хавтгайруулж харлуулдаг чинь МАНАН-гийн арга барил. Амарбат наанаа төвийг сахисан дүр эсгээд, далд санаа нь бол бие даагчдыг гутаах л зорилготой гэдэг нь илт байна.

Б.Энхболд ч мөн ялгаагүй, бие даагчид аль нэг намыг бараадахгүйгээр хол явахгүй л гэнэ. Энэ хүн намгүйгээр эрх барих байгууллагаа сонгодог улс орнуудын жишээг мэддэг л байгаа даа. Жаахан тархиа цэнэглэх хэрэгтэй нөхөр байна даа. Юм л бол нам, нам гэсэн нэг ''улаан намчин''  бололтой.  

Т.БАТ-ОРГИЛ (бие даагч)
Т.Бат-оргил маш зөв ярьж байна. Ц.Минжин ч мөн адил. Үндсэндээ энэ хоёр бие даагч л судлаач нэртэй намчингуудтай үзэлцэх шив дээ. 
Бат-оргилын хэлсэнчлэн, одоо мөрдөж байгаа тоглоомын дүрмийг эрх баригчид (МАНАН) өөрсөддөө зориулж зохиосон бөгөөд хэрэв бие даагчид олонхи болж чадвал энэ дүрмийг өөрчлөх нь гарцаагүй. Нам бол төрийн дээр гарчихсан. Энэ даварсан намыг төрийн доор оруулж ирэх нь бие даагчдын зорилго гэж мань эр сайхан томъёоллоо. 

Ц.МИНЖИН (түүхч)
Өнөөдөр намын дарга нар хэн нэгний халаасанд орсон байгаа. Тиймдээ ч намыг нь санхүүжүүлдэг тэдгээр үл бүтэх, далд санаатай этгээдүүдийг, эсвэл тэдгээрийн төлөөллийг сонгуульд намынхаа нэрийн өмнөөс  дэвшүүлдэг. Үүний нэг нотолгоо нь МАН-ын дарга өмнө нь хэлж байсан үгнээсээ буцаж, ЖДҮ сангаас зээл авсан, концесс,тэндэрийн асуудалд орж байсан ''нэр бохир'' УИХ-ын 26 гишүүнийг дахин сонгуульд сойсон явдал юм. АН ч мөн ялгаагүй, Наранхүү мэтийн үл бүтэх этгээдүүдийн нэрийг  дэвшүүлсэн байсан. Ерөөсөө МАНАН-гийн үнэн төрх энэ. Одоо багаар нь дэмжээрэй гээд л шахаад явж байна. Дахиад 4 жил туйлах санаатай.

Б.Энхболд хэлж байна: Одоогийн хууль эрх зүйн орчин, сонгуулийн тогтолцоогоор бол бие даагчид олонхи болж чадахгүй. Ер нь тэгээд энэ бие даагчид маань яваандаа энэ нам гэдэг институц руу орох ёстой юм. 
Би хэлж байна: Ёстой юм биш л дээ. Намын оролцоогүй засаглаж болдог жишээ дэлхийд бий гэж хэлэв дээ. Судал. Бие даагчид олонхи болж чадахгүй гэж вангадаад хэрэггүй. Өнөө эс ч, маргааш болно. Тэгж байж өөрчлөлт хийнэ. Өөрчлөлт хийсний дараа нам гэдэг чинь төлөвшинө. Тэгэхгүй бол нам хэзээ ч төлөвшихгүй,  байдал сайжрахгүй.

Б.Энхболд хэлж байна: Бие даагч олон байхын сул талууд бий: Улс орны хөгжлийн бодлогыг барих, улс орныг удирдах нь хамтын ажил байдаг.Хүссэн ч , эс хүссэн ч хамтдаа байх хүмүүсийн ажил. УИХ-д орсоны дараа бүлэг байгуулж чадахгүй. Бие даагчид хууль санаачлах чадамж муу байдаг. Олон бие даагч байвал улс төрийн хувьд тогтворгүй байдаг. Популизм нэмэгддэг.
Би хэлж байна: Дахиад л бурж байна. Бие даагчид хамтраад улс орноо удирдаад аваад явж чадахгүй гэнэ үү? Яагаад хамтарч чадахгүй гэж? УИХ-д орсоны дараа бүлэг болж чадахгүй гэдэг чинь намуудад зориулж зохиосон хуулийн зохицуулалт байгаа учраас тэр. Харин олонхи болбол энэ мэтийн дүрмийг өөрчлөнө л дөө. Ер нь тэгээд бүлэг болох ямар ч шаардлага байгаа юм? Бие даагчид хууль санаачлах чадамж муу байдаг нь бие даагч гэсэн цолондоо байна уу, хүндээ байна уу? Улс төрийн хувьд тогтворгүй байдаг гээд бүр халуураад явчихлаа. Яаж ч мэдээд байгаа юм. Нөгөө МАНАН маань ээлжилж төр барьж байхдаа хичнээн ч удаа засгаа унагасан билээ? 14 удаа. Нэг Засгийн газрын ажилласан  хугацаа дунджаар 1.7 жил гэдэг тоо бий. Мөн ч ''тогтвортой'' ажиллаж байсан байгаа биз, Энхболд оо?
Популизм гэдгийг чинь МАНАН-гийнхан харин жинхэнэ үлгэр жишээчээр  үзүүлж ирсэн дээ! Одоо болохоор нэг л  их ''цагаан тагтаа''  болох гэсэн хүмүүс!

Тэр Ү.Амарбат, Б.Энхболд мэтийн онол ном ярьсан хүмүүс бодит амьдрал дээр болохгүй байгаа юмыг л болох ёстой гэж муйхарлаж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Ёстой гэдэг үг чинь өөрөө их болгоомжтой хэрэглэх үг шүү.

Эцэст нь дахиад хэлэхэд, энэ удаагийн сонгуулиар бие даагчид олонхи болж чадвал Монголыг маань тэнгэр нь түшжээ гэж баярлах, эс чадвал дараагийн удаа тэгж чадна гэсэн итгэл тээж өөдрөгөөр харж явцгаая. 
Та бүхэн энэ удаа эрүүл ухаанаар тунгааж, 30 жилд итгэл даагаагүй МАНАН-гаас салж өөрчлөлтийг бий болгоё гэж байгаа бол бие даагч нартаа саналаа өгөөрэй. МАНАН-гийн намуудаас (МАН, АН) сонгож санал хуваах юм бол бие даагчид болон бусад нам, эвсэл олонхи болж чадахгүй бүх зүйл хэвээрээ үлдэнэ гэдгийг болгооно уу! 
Салхи эргэх болтугай!
  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө