6 сарын 1

Өнөөдөр 6 сарын 1. Уг нь хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг. Дэлхий даяар энэ өдрийг тэмдэглэдэг үү? Цахимаар эрэл хайгуул хийж мэдээлэл хайлаа. 
Хамгийн түрүүнд олдсон мэдээлэлд 6 сарын 1-ний өдрийг 2 тэмдэглэлт өдөр болгож зарласан байх юм.
1. Дэлхийн сүүний өдөр (World Milk day)
2. Дэлхийн эцэг эхчүүдийн өдөр (Global Parents day)

 Морган Фрийман

Энэ өдөр АНУ-ын алдарт кино жүжигчин Морган Фрийман (Morgan Freeman) төржээ. Холливудын одыг танихгүй хүн байхгүй биз ээ. Бас алдарт жүжигчин, дуучин, загварч Мэрилин Монро (Marylin Monroe) энэ өдөр төрсөн.
Мөн Шотландын кино жүжигчин Брайн Кокс (Brian Cox) -ын төрсөн өдөр юм байна.

6 сарын 1-ний өдрийг  зарим улсын хувьд үндэстний хэмжээнд ямар нэгэн тэмдэглэлт өдөр болгожээ. Олив жимсний өдөр л гэнэ, Хөл нүцгэн явах өдөр  гэх мэт.
Яг Дэлхийн Хүүхдийн өдөр болгож тэмдэглэх шийдвэрийг 1925 онд Швейцарийн Женев хотноо болсон Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн Чуулганаар гаргасан аж. Түүнээс хойш дэлхийн улс орнууд янз бүрийн өдөр сонгож тэмдэглэх болсон ба ихэнх орнууд 6 сарын 1-ний өдрийг сонгосон юм байна. НҮБ-ын хувьд Дэлхийн Хүүхдийн өдрийг 11 сарын 20-21 өдрүүдэд тэмдэглэдэг ажээ.

Хуучин ЗХУ-ын холбооны улсууд (станууд) болон тухай үеийн соц-лагерын улсууд (Зүүн Герман, Монгол, Польш, Чех, Румын г.м) бүгд 6 сарын 1-ний өдөр тэмдэглэдэг. Герман нэгдсэнээс хойш хэдийгээр өөр өдөр сарыг сонгосон боловч хуучин зүүн Герман байсан хэсэгт 6 сарын 1-ний уламжлалаа мөрддөг хэвээр гэнэ. Мөн Африкийн зарим улсууд, Хятад, Азийн зарим орнууд (Вьетнам, Лаос, Хойд Солонгос, Камбож) энд орно. Нийтдээ 50 орон энд багтана.

Зарим улсууд НҮБ-ын сонгосон өдөр тэмдэглэдэг юм байна. Энэ өдөр нь 11 сарын 20. 1959 оны 11 сарын 20-ны өдөр НҮБ Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын  тунхаглалыг баталсан бөгөөд яг 30 жилийн дараа яг энэ өдөр буюу 1989 оны 11 сарын 20-ны өдөр НҮБ-ын чуулганаар Хүүхдийн эрхийн тухай Гэрээг баталжээ. Үүнтэй холбоотой Канад, Швед, Швейцарь, Хорват,Испани, Франц, Ирланд, Өмнөд Африк, Финланд, Израил зэрэг улсууд энэ өдрийг сонгож авсан аж. Нийтдээ бас 50 шахам орон энд багтаж байна.

Зарим орнууд тэс өөр өдрийг Хүүхдийн өдрөөр сонгож авсаныг сонирхуулая. Жишээ нь, Япон, Өмнөд Солонгос хоёр улс нэг өдөр буюу 5 сарын 5-нд тэмдэглэдэг юм байна. Японы хувьд сонирхолтой нь хүүхдүүдээ хүйсээр нь ялгаж 2 тусдаа өдөр тэмдэглэдэг аж. Охидууд нь 5 сарын 3-нд, хөвгүүд нь 5 сарын 5-нд юм байна. 
Турк улсад 4 сарын 23-нд, Мексикт 4 сарын 30-нд, Австри, Германд 9 сарын 20-нд, Энэтхэгт 11 сарын 14-нд, Камерун, Конго зэрэг улсууд 12 сарын 25-нд тэмдэглэх жишээтэй.

Ямар өдөр сар тэмдэглэхээс үл хамаараад хамгийн гол нь хүүхдийн эрх, сонирхол хангагдаж чадаж байна уу гэдэг нь гол асуудал байх л даа. Ялангуяа бидний Монголд энэ байдал ямар байна вэ гэвэл харамсалтай нь сэтгэл хангалуун биш гэж хэлнэ. Бидний цөөхөн Монголчууд гэж улиг болсон үгээ байнга хэлцгээх боловч яг үнэндээ ирээдүй болсон бяцхан иргэдээ даанч хайхрахгүй эрх ашгийг нь хохироож, тэр ч байтугай зүй бусаар алдсаар байгаа нь бидний эмгэнэл. Бид даанч арчаагүй байна. 
Дөнгөж саяхан л бид 4 бяцхан зүрхийг зогсоолоо. Хатуу сонсогдож магадгүй боловч яг үнэндээ бид өөрсдөө хүүхдүүдээ хөнөөж байна. Яасан ч тэнэг амгалан, хэнэггүй улс гэхээрээ ийм байдаг юм?!

Усанд живүүлж, тогонд цохиулж, хурдан мориноос унагаж, жорлонд ойчуулж, утаанд угаартуулж, халуун тогоонд түлэгдэж, гэртээ цоожтой галд шатаж, зам дээр машинд дайруулж, эсвэл согтуу жолооч аавын гаргасан ослын үеэр машины цонхоор шидэгдэж, эсвэл 6 давхраас ээждээ тэврүүлэн үсэрч, томчуудад хүчиндүүлж, төрсөн болон хойд эцэгтээ зодуулж хорвоог орхисоор байхад бид ямар ч арга хэмжээ авахгүй худлаа хэсэг шуугиж байгаад л мартацгаадаг. Хүүхдийн аюулгүй амьдрах нөхцлийг хангах ёстой төр засаг нь ч тоодоггүй, иргэд нь ч шахаж шаарддаггүй учраас бараг л үхсэний хохь болоод өнгөрдөг. Ийм байхад цөөхөн Монголчууд яаж олон болох билээ?

Хүүхдийн эрхийн талаар ажил хийж, хөөцөлдөж байх ёстой төрийн болон ТББ-ууд үнэндээ юу ч хийдэггүй. Гудамжинд хүүхдүүд гуйлга гуйгаад л, траншейнд юм уу эсвэл аль нэг хогийн цэг дээр амьдраад байгаа хүүхдүүдийг мэдсэн ч мэдээгүй царайлж явцгаадаг. Төрийн албан хаагчид нь ажил хийсэн дүр үзүүлээд л цалин аваад сууж байдаг. Хүний эрхийн Үндэсний комиссын дарга нь гудамжны хүмүүсийг гөлөгнүүд гэж ''өхөөрдөөд'' байж байх жишээтэй.

За ийм улсад, ийм нийгэмд өсвөр ирээдүй маань амьд явах, аюулгүй амьдрах, сурах эрх нь хангагдаагүй, зөвхөн тунхаг төдий цаасан дээр л байна гэхэд болно.  Бид Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ эрхийг хангуулахын төлөө төр засагтаа шаардлага тавьж, энэ бүх болж өнгөрсөн болон дахин бий болох аюул, осол, гайнаас сэргийлэх, гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг шаардаж тэмцэхийн оронд зөвхөн өөрсдийнхөө хүүхдүүдэд бэлэг авч өгч баярлуулах төдийхнөөр тэмдэглэж өнгөрөөж байгаа бололтой. Жилийн жилд л ингэж өнгөрөөдөг. 

Хүүхдүүд маань яагаад ингэж их хохироод, амь насаа хүртэл алдаад байгааг  ухаарч түгшүүрийн харанга дэлдэхийн оронд баяр тэмдэглэх гээд байдаг нь ямар их тэнэглэл вэ? Та бидний өөрсдийн хүүхэд л идэх хоолтой, мөр бүтэн байвал бусад хүүхдүүд бидэнд огт хамаагүй юу?  Ийм бэртэгчин, амиа бодсон арчаагүй ард түмэн яаж ч өөдлөх билээ. Жинхэнэ эмгэнэл чинь энэ л байна! Энэ арчаагүй зангаа арчиж хаяад, Монголынхоо бүх хүүхдүүдийн төлөө өөрийнхөө хүүхэд шиг анхаарал тавьж, тэмцэж чаддаг болсон цагт л бид өөдлөнө гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэр болтол хэдий хугацаа шаардагдах вэ?!

  


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө