Шинэ Ерөнхийлөгч дэгээдүүлэх үү, дэмжигдэх үү?

Ерөнхийлөгч Х.Баттулга
Х.Баттулга Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч боллоо. Тангарагаа өргөх агшинд Баттулгыг гоочлогчид түүний царайны төрх, хоолойны өнгөнөөс эхлээд л элдвээр хэлж эхэллээ. Муу амлагчид болон МАНгарын үнэнч гөлөгнүүд Монгол сүйрлээ гэж гийналдан чарлах. Ямар ч шалтгаанаар юу ч  хамаагүй дураараа чалчигчид шинэ Ерөнхийлөгч ирэх 4 жилдээ юу хийхийг төсөөлөх ч үгүй байж муулж эхэлж байна. Ёстой л муулахын тулд муулж байна. Тэд нарт шинэ Ерөнхийлөгч муу ажиллаж байвал сайн, бас ажиллах боломж олдохгүй гацаж мухардаж байвал баясалтай. Тэдэнд шинэ Ерөнхийлөгч яаж ажиллах нь сонин биш.

Ерөнхийлөгч эв нэгдлийг хангагч, бэлэг тэмдэг нь, зохицуулагч нь байх ёстой. Гэвч энэ бол түүний хувьд хэцүүхэн даалгавар болох нь тодорхой байна. Үхсэн ч нэг нүдээрээ үзэхгүй гэж андгайлсан улаан хувьсгалчид болон цагаан сонгогчид шинэ Ерөнхийлөгчийн алхам бүрийг тандаж, өчүүхэн шалтагийг уулын чинээ болгож түүн рүү дайрах болно. Дээрээс нь эрх баригчид наанаа худлаа инээж цаанаа шүдээ хавиран занаж янаглан хорлохыг үзүүлж өгөх биз ээ. Засгийн газар ба УИХ-д ноёлж буй эрх баригчидтай хэл амаа ололцоход хүндхэн байх вий, шинэ Ерөнхийлөгч.
АН ч шинэ Ерөнхийлөгчийг дэмжиж өмөөрөх нь ойлгомжтой боловч олонхийн эсрэг юу хийж чадах билээ?

Хэрвээ байдал ийм болбол ирэх 4 жилд шинэ Ерөнхийлөгч хийж чадах юм тун бага байх болов уу.  Итгэл алдарсан  иргэд Ерөнхийлөгчөөс амлалтыг нь нэхэж бухимдана. Аргаа барсан Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж учир байдлаа хэлэхээс аргагүйд хүрнэ. Үүнд бухимдсан иргэд эрх баригчдыг буруутгах боловч өөрийгөө зөвтгөх аргаа олсон эрх баригчид шүүмжлэлийг няцааж иргэдийн толгойг хөнгөхөөн эргүүлэхээ чадна. Ингэж бие бие рүүгээ бухах тэмцээн өрнөж дунд нь хийгдсэн ажил ч үгүй, улс төрийн байдал улам эвгүй болж байдал тогтворгүйжнэ.  Ийм дүр зургийг хүсэн мөрөөдөж байсан эрх баригчид 20 оны сонгуульд энэ хөзрийг ашиглаж,  дахин олонхи болж ялах магадлалтай болно.

Ийм учраас ирэх 4 жилд улс орны тогтвортой байдал, улс төрийн уур амьсгал ямар байх нь шинэ Ерөнхийлөгчөөс биш харин одоо эрх барьж байгаа МАН-аас маш их хамаарах байдал төсөөлөгдөж байна. Улс орныхоо, иргэдийнхээ эрх ашиг сонирхлыг хамгаалах ганцхан зорилго дор нэгдэж ажиллаж чадахгүй юм бол Ерөнхийлөгч ямар ч бурхан шиг хүн байгаад нэмэргүй.  Тэгэхээр шинэ Ерөнхийлөгчийн амжилттай байх, эсвэл мухардаж гацах эсэх нь эрх баригчдын ааш аягаас шууд шалтгаална.  МАН энэ тал дээр шинэ Ерөнхийлөгчтэй хамтарч уян хатан зохицож ажиллаж чадвал өөрт нь төдийгүй улс орны эрх ашигт нийцнэ. Үүнийг эрх баригчид ойлгож ажиллах байх аа гэж найдаж харж суух л үлдлээ. Аяндаа цаг хугацаа харуулна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө