Монгол шатаж байна!

Олон газар түймэр гарч хайран сайхан ой мод шатаж байна  гэсэн мэдээ тархаж, түймэр унтраалцахад туслах хөдөлгөөн өрнөж улмаар цөөнгүй тооны хүмүүс (200 шахам) 50 гаруй машин тэрэгтэй хөдөллөө гэж байна. Эдгээр иргэдийнхээ эх оронч сэтгэл, зоригоор бахархаж байна. Нөгөө талаар бас түймэртэй газар очоод алдаа эндэгдэл гаргаж, эсвэл золгүй байдлаар осолдох вий гэж санаа зовж байна. За ямартай ч зорьсон газраа саадгүй очиж, чадах ядахаараа туслах байх. Ядаж мэргэжлийн хүмүүсийн гар хөлийн үзүүрт зарагдаж хоол усыг нь ч болтугай дөхүүлж өгөх биз. Мөн олон иргэд маань хандив, дэмжлэг үзүүлжээ. Гал унтраана гэдэг тоглоом биш. Ялангуяа том талбай хамарсан, ой дотор бол бүр ч хэцүү.Уулын тагтан дээр асаж байгаа галд хүрч очиж унтраана гэдэг тун аюултай. Хүн явган явж очно гэдэг маш хэцүү дээ. Мэргэжлийн хүмүүсийн тэсвэр тэвчээр, биеийн хатуужлыг жинхэнэ утгаар нь шалгана гэсэн үг.  Тэдэнд ус хоолыг нь дөхүүлж , хуруу нэмнэ гэдэг бас л чанга ажил.

Онцгой байдлын хүмүүсийн хэлж байгааг бас буруутгах аргагүй. Мэргэжлийн бус, бэлтгэгдээгүй энгийн иргэдийг ийм ажилд оролцуулах нь эрсдэлтэй учраас хүмүүсийг энэ ажилд татан оролцуулахгүй гэсэн санаа. Ямар нэгэн золгүй явдал болж иргэд маань бэртэж гэмтвэл яана? Амь насаа ч алдаж мэднэ шүү дээ. Бид чинь цөөхүүлээ. Ингээд хүмүүсээ алдаад баймааргүй байна. Харин мэргэжлийн байгууллага, хариуцсан хүмүүсийг нь ажлаа шуурхайлах, түргэлэхийг шаардах хэрэгтэй. Элдэв хэрэгтэй хэрэггүй нэвтрүүлэг шоу хийж суудаг телевизүүд өөрсдийн сэтгүүлчид, сурвалжлагчидаа гал гарч байгаа тэр олон газар руу явуулж байдлыг шуурхай мэдээлж  ажлаа хиймээр. Ард түмний нүд чих болж байх ёстой энэ 4 дэх засаглалын төлөөлөгчид ажлаа муу хийж байна.

Жил болгон шахуу л түймэр гарч бөөн ажил болдог. Нөгөө л онцгой албаныхан амь насаараа дэнчин тавьж байж нэг юм дардаг. Хүн хүрч очиход хэцүү газар гарсан түймэртэй тэмцэхэд ашигладаг техник хэрэгсэл байхгүй эсвэл дутмаг байдгаас улаан гараараа л үзэлцдэг.  Агаараас ус цацдаг онгоц ганц нэгийг авах хэрэгтэй гэдгийг жил болгон гардаг  түймэр сануулсаар атал өдийг хүртэл арга хэмжээ авалгүй явж ирсэн байна. Түймэр хойшид ч гарах нь мэдээж. Зөвхөн манай улсад биш, хойд хөрш Орос улсад гарсан гал хил даван орж ирдэг авдал ч бий.
Ой мод багатай манай улс жаахан модоо түймэрт алдаад байвал ямар хэрэг байх вэ дээ. Нэмж тарьдаггүй юм аа гэхэд байгаагаа хамгаалж баймаар байна. Ой нөхөн үржүүлэх, мод тарих ажлыг төрийн бодлого болгож , хөрөнгө гаргаж хэрэгжүүлмээр байна. Бараг л атрын аянаас дутахгүй далайцтай ажил болгох хэрэгтэй.

Иргэдийнхээ соёл, ухамсартай бас тулж ажиллах хэрэгтэйг энэ түймэр санууллаа. Хөдөө хээр, ой модоор зугаалж амрагчид санаатай гал тавиагүй, галаа орхиогүй байж болох ч тэдний орхисон шил мэтийн эд зүйлс нь хэт халуунд түймэр гаргах чүдэнзийн үүрэг гүйцэтгэж гал ассан байж болох тухай мэргэжлийнхэн өгүүлж байна. Энэ нь нөгөө тарьсан хогоо хүн бүр дор дор нь цэвэрлээд явж байх хэмжээний ухамсар, соёл дутсаных. Ийм учраас л гарсан хогоо цуглуулж авдаг, байрласан газраа цэвэрлээд явдаг болгож л хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Хүн болгон энэ тухай хэлж ярьж бие биендээ шаардлага тавьдаг болох хэрэгтэй.  Энэ шаардлагыг бас хуульчилж зааж өгөх шаардлагатай байна. Ингэж байж  ийм бусармаг байдал гаргасан хүмүүст хариуцлага тооцдог болно. Хариуцлага нь харин чангахан байхдаа сайн.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө