Баттулга Ерөнхийлөгчийн санаачлах анхны хууль


Монголын шинэ Ерөнхийлөгч ажлаа юунаас эхлээсэй гэж та бодож байна?

Энэ тухай би өөрийнхөө санаа бодлыг хэлье. Монголын улс төр, нийгэмд буй болсон хамаг муу муухай бүхний эх үүсвэр нь хариуцлагагүй байдал газар авсантай холбоотой. Ялангуяа төр засгийн бүтцэд шат шатандаа энэ өвчин даамжирсан, битүү тойрогт орчихсон учраас энэ байдалд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу.  Үүнийг өөрчилж чадвал маш их юм өөрчлөгдөж сайжрах ёстой. Төр засгийн албан тушаалтнууд дор бүрнээ ажлаа хариуцлагатай хийдэг, хийж чадахгүй буюу чадваргүй бол даруй хариуцлага тооцож, чадах хүнийг нь томилдог байх юм бол аяндаа бүх юм цэгцэндээ орно. Одоо энэ хариуцлагын зуд яагаад нэрвээд байна гэхээр ажилдаа хариуцлагатай байж чадахаа больсон бөгөөд энэ нь нэгдүгээрт, хариуцлага тооцож чадахаа байсан, хоёрдугаарт,  танил тал, нам мэтээрээ дамжуулж тухайн ажилд таарч тэнцэхгүй бөгөөд чадваргүй хүн томилдог гаж зуршил нам нам дамжин хадгалагдаж ирсэнтэй холбоотой. Тэр нам , энэ нам гэх юм байхгүй. Намууд тодорхой албан тушаалд өөрийн хүнийг томилох нь буруутгах зүйл биш боловч  зөвхөн намын гишүүнчлэл, өгсөн хандив, идэвхи зэргийг харгалзаж чадваргүй хүн тавиад байдаг нь маш буруу.

Ерөнхийлөгчийн хувьд төр засгийн албан хаагчид ёс зүйтэй, хариуцлагатай байлгах тэр арга замыг л олж хэрэгжүүлэхийг чармайх хэрэгтэй. Мэдээж хувийн бизнес, секторт тухайн бизнес эрхлэгчид өөрсдөө үүнийг зохицуулах нь ойлгомжтой.  Төр засгаас хутгалдаад байх шаардлагагүй.
Хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авбал зохих вэ? Юунаас эхлэх вэ гэвэл сахилга бат, дэг журмыг сахиулахын тулд эхлээд хууль эрх зүйн суурийг нь бэлдэж өгөх хэрэгтэй. Үүний тулд Ерөнхийлөгчөөс эхлээд Ажлын сахилга бат, хариуцлагын тухай хуулийг санаачилж батлуулах хэрэгтэй. Хуулиа батлуулж чадсан нөхцөлд хариуцлагаа тооцож, хариуцлагатай байхыг шаардах эрх зүйн орчин бий болно. Энэ хуулинд төрийн албан хаагч юуг баримталж яаж ажиллах ёстой болон ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргасан, ажлаа хийх чадваргүй гэдгээ харуулсан бол ямар хариуцлага хүлээх тухай нарийвчлан хоёрдмол санаагүй зааж өгсөн байх ёстой. Мөн уг хуулийг хэрэглэхээс санаатай зайлсхийсэн, дарагдуулсан, буруутныг өмгөөлсөн удирдах албан тушаалтантай тооцох хариуцлагыг оруулж өгөхгүй бол энэ завхрал засагдахгүй.

Тус хуулиар оногдуулах цорын ганц шийтгэл нь ажлаас халах шийтгэл байх хэрэгтэй. Цорын ганц гэдэг нь гэмтнийг өршөөж толгойг нь илэх боломж үүсгэхгүй, өөр хөнгөн шийтгэлээр далимдуулж хариуцлага алдсан өөрийнхөө хүнийг авч үлдэх боломжийг хааж өгч байгаа юм.  Анхааруулах, цалингаар нь торгох гэх мэтийн шийтгэл хуулинд оруулчихвал   тэдгээрийг түлхүү хэрэглээд нөгөөх л бусармаг явдал арилахгүй, бүтэлгүй этгээд ажлаа хийсээр байх болно. Торгуулаад өнгөрчихдөг юм гэсэн буруу хандлагатай болж хариуцлага тооцно гэдэг нь үлгэр хэвээрээ үлдэх учраас ганцхан шийтгэлтэй бөгөөд давж заалдахгүй нөхцөлтэй оруулж өгөх хэрэгтэй. Системээрээ хордож бохирдсон энэ үед хатуухан арга хэмжээ авахгүй бол байдал хэзээ ч сайжрахгүй. Хэрэв ингэж чадахгүй бол хариуцлага алга гэж гонгиноод байх хэрэггүй.
(Жич. Захиргааны хариуцлагын тухай хууль өөр асуудлыг зохицуулдаг учраас үүнтэй адилхан юм яриад байна гэж андуурах вий. )

Монголын өнөөгийн байдлыг хүн бүхэн мэдэж байгаа. Авилга өгөх авах нь гаарсан, хариуцлага гэж байхгүй болсон өнөө цагт хулгайчид, гарын үсгийн наймаачид
бүгд бие биенээ хамгаалсан, бие биенийхээ барьцаанд орсон байгаа учраас тэр байдлыг задалж эмх цэгцэнд нь оруулах санаачлага, хийх ажил нь алхам бүрдээ эсэргүүцэлтэй, дайсагналтай тулгарах учраас амаргүй байх болно. Тийм учраас шинэ Ерөнхийлөгч ард иргэдийнхээ дэмжлэг туслалцааг авахгүй бол хэцүүднэ. Иргэддээ юу хийх гэж байгаа, ямар санаа бодолтой байгаа болон юу саад болж байгаа тухай тухай бүрд нь шуурхай мэдээлж байх хэрэгтэй болов уу. Ингэж байж иргэдийнхээ тусламжтайгаар эрх баригчдыг шахаж чадна.  Амаргүй бөгөөд бужигнаантай 4 жил хүлээж байна.Гэвч иргэдтэйгээ нийлж энэ гажгийг засах боломжтой гэдгийг хэлээд энэ удаа дуусгая. Дараагийн удаа ард иргэд маань өөр ямар ажил хийгээсэй, санаачлаасай гэж хүсэж байгаа тухай бичнээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө