Х.Баттулга яагаад ялав?

Х.Баттулга охины хамт
Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль нэг л юмыг сайн нотолж өглөө. Энэ бол Миегомбын хүү ард түмний дотор маш муу нэр хүндтэй гэдгийг харууллаа. Тэгвэл нам нь яагаад  2016 оны УИХ-ын сонгуульд ялсан  бэ гэдэг асуулт гарна. Энэ хэд хэдэн том шалтгаантай.
Сөрөг хүчин байсан МАН эрх баригч  АН-ын унхиагүй байдлыг ашиглаж  сөрөг пиар маш сайн хийсэн. Үүнд:

1. Иргэдээ өрөөр айлгах арга хүчтэй нөлөөлсөн
2.  Дуусгаж чадаагүй төмөр замын хэрэг гэгчийг түгээсэн
3.  Алдагдал хүлээсэн Дубайн гэрээ нөлөөлсөн
4.   Эрдэнэтийн 49%-ийг Монголд авсан эргэлзээтэй асуудал 

Хэрвээ АН хийсэн ажлаа түргэн шуурхай дор дор нь тайлагнаж, сурталчилж байсан бол, хэрвээ нам дотроо бие биенээ унагаах биш харин дэмжиж ажиллаад төмөр замаа бариад ашиглалтанд оруулчихсан бол, аж үйлдвэрийн паркаа байгуулаад эхэлчихсэн байсан бол 2016 оны сонгуулиар дахин УИХ-д олонхи болж , засгийн эрх авч чадах байлаа.  Аймгуудаа холбох засмал замын сүлжээгээ амжилттай байгуулж, хот доторхи замын байдлаа сайжруулж иргэдээс өндөр үнэлгээ авсан боловч төмөр зам дээр тэгж чадаагүй.  Төмөр замын дутуу хийгдсэн ажил  2017 оны  Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  Баттулгын эсрэг барьсан МАН-ынхны гол зэвсэг болсон. Хэрэв Алтанхуяг , Сайханбилэг нар бондын мөнгийг өөрийн болон хүний намын хэдэн компаниудад (МАНАН-гийн улс төрч, олигархууд, компаны эздийн мэдлийн) зээл нэрээр тараагаад өгчихийн оронд төмөр замаа санхүүжүүлсэн бол, үгүй юм аа гэхэд ядаж  Гансүх нарын босгоод ирсэн олон зуун сая долларыг зөвшөөрөөд  төмөр замаа гүйцээлгэсэн бол эсрэг талдаа ингэж мэрүүлэхгүй байх байлаа. Сайханбилэг дураараа Дубайд очиж алдагдал хүлээсэн  тохиролцоо хийгээгүй бол АН-ын засгийн нэр хүнд шалдаа буухгүй байх байлаа.

Дашрамд хэлэхэд, Ч. Сайханбилэг дараах хоёр асуудалд хариулт өгөх ёстой.
- Алтанхуяг Ерөнхий сайдын үед  Хэрэг Эрхлэх Газрын дарга байхдаа  сайд Гансүх нарын гаднаас босгож ирсэн, төмөр замд зориулах байсан 800 сая долларыг яагаад Засгийн Газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэлгүй  орхисон бэ?
- Яагаад Монголд алдагдалтай нөхцлөөр Оюутолгойн гэрээг Дубайд очиж хийсэн бэ?
Шүүр унадаг шулам хочит Мөнхбаясгалан  нэг удаа Сайханбилэгийг "Цензургүй яриа" нэвтрүүлэгтээ урьж ярилцлага хийж байхдаа,  - "Та эх орондоо хайртай юу?"  гэж асуухад мань эр шууд  хайртай гэж хэлж чадаагүй л юмдаг. Одоо бодох нь ээ, сэтгэл зүрх нь уяатай биш байж магадгүй хүн байна гэсэн ойлголт миний толгойд бууж байна шүү.

Дээр дурдсан томоохон шалтгаануудын улмаас иргэд маань сэтгэл нь эргэж эхэлсэн. Ялангуяа өрийн тухай МАН-ын хийсэн пиар бол гайхамшигтай нөлөө үзүүлсэн. Ингээд МАН бүр  85%-ийн санаанд оромгүй амжилт үзүүлж, УИХ-ын ихэнх суудлыг авсан билээ. Тэд энэ амжилтанд хүрэхийн тулд маш их ажил хийсэн. Бүр төр засгийн албыг (ахлах мэргэжилтнээс дээш  сайд хүртэлх бүх албан тушаалуудад  тариф тогтоож) үнэлж зарах  төлөвлөгөөг боловсруулж, түүндээ хүрэхийн тулд элдэв бохир арга (онлайн ажиллагаа, хакердуулах, дотооддоо мөнгө босгох, ямар нэг ордоо гадныханд зарж сонгуулийн санхүүжилт босгох) хэрэглэх тухай хэлэлцэж байсан гэдэг нь сүүлд алдагдсан бичлэгээр ил болсон билээ. 90 минутын энэ бичлэгийг МАН үгүйсгэж эвлүүлэг гэж гүрийсээр байгаа. Энэ асуудал яаж шийдэгдэхийг харж л байя. Хэдийгээр Монголын шинжээчид болон АН-ын хүсэлтээр гадаадын (АНУ)  хөндлөнгийн шинжээч уг бичлэгийг эвлүүлэг биш бөгөөд нэг цаг дор тасралтгүй хийгдсэн байна гэдгийг тогтоосон боловч МАН ямар хариу барих нь тодорхой бус байна. Тэд эдгээр хариунд итгэхгүй байгаа бол өөрсдөө өөр орны мэргэжлийн шинжээчдэд хандаж болно шүү дээ. Энэ хэргийг ямар ч байсан эцэслэх хэрэгтэй.

МАН-ын нэр дэвшигч  ялагдсан 2 том шалтгаан байна:

1. Нэр дэвшигч нь нэр хүнд муутай 
2. Төр засгийн албыг мөнгөөр үнэлж өөрсдийнхөө хүмүүсийг тавих тухай нууц төлөвлөгөө ил болсон (90 минутын бичлэг)

Үүн дээр нэмэгдээд бас 2 бичлэг олонд ил болж амьтны эгдүү дургүйг зэрэг зэрэг хүргэсэн. Их тэнгэрийн аманд байх УИХ-ын даргын (М.Энхболдын) өргөөнд болсон хүлээн авалт дээр төр засгийн өндөр албан тушаалтнууд очиж Их хурлын сонгуулийн тухай ярилцан инээлдэж байгаа бичлэгийг,  мөн сая болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн нэртэй алиа шоунд зориулж МАН-ын нэр дэвшигч бэлтгэл хийж байгаа бичлэгийг доороос үзнэ үү.





Нэр хүнд муутай гэдэг тухайд цөөнгүй зүйл яригдаж байсан.
Насаараа төрийн алба хашсан гэх МАН-ын нэр дэвшигч хотын захиргаанд ажиллаж байхдаа нийслэлийн аль өнгөтэй газруудыг нэр бүхий хүмүүс, компаниудад олгосон бөгөөд үүнийхээ төлөө газрын наймаачин гэдэг хоч авсан. Хүүхдийн паркийг хүртэл хуваагаад зарчихсан гэдэг. Ямар ч бизнес хийж байгаагүй гэх энэ нөхөр цалингаа хурааж тэрбумтан болсон гэхэд итгэх хэцүү. Хотын дарга байхдаа хийсэн ажил бага.
М.Энхболдын гарал үүслийн тухай бас нилээн шуугиан явсан. Ээж нь хятад гаралтай байсан тухай элдэв бичвэр зөндөө л тавигдсан байдаг.  Өөр нэг муу дээр муу болгосон зүйл бол МАН-ын нэр дэвшигч Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхийлөгчөөр олон жил ажиллахдаа хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, гэмтэж бэртсэн, амь үрэгдсэн хүүхдүүдийн төлөө юу ч хийгээгүй явдал юм. Энэ тухай би өмнөх нийтлэлүүддээ зөндөө бичсэнийг уншина биз дээ.
90 минутын бичлэгийн тухайд олон юм нурших шаардлагагүй биз ээ. Үзээгүй нэг нь Юүтюб дээрээс олоод үзчихэж болно.  Энд бас орууллаа.


AН-ын нэр дэвшигч ялсан гол шалтгаан нь хүндээ байсан гэхэд хилсдэхгүй. Баттулгаас өөр хүн нэр дэвшсэн бол ямар үр дүнд хүрэхийг таашгүй. Олон сонгогчид АН-д гэхээсээ илүү нэр дэвшигч хувь хүнд саналаа өгсөн. Нам дотроо эсэргүү танхай гэгдэж удирдлагынхаа таашаалыг тэр болгон хүлээдэггүй боловч гишүүдийн дотроо нэр хүндтэй учраас нэр  дэвшиж чадсан. Хийсэн, санаачилсан  ажил ихтэй, амжилттай яваа бизнесмэн. Эх оронч үзэл нь хийсэн бүтээхээр санаачилж байсан ажлуудаас нь харагдана. Өвчтэй хүүхдүүдийн хагалгааны зардлыг дааж  буян үйлддэг нэгэн. Боломжгүй хүүхдүүдийн их дээд сургуулийн төлбөрийг бас хувиасаа гаргадаг нь уламжлал болсон. Нийгэмдээ ийм хөрөнгө оруулалт, буян хийдэг бизнесмэн ховор биз ээ.  Сонгогчид ч сая сонголт хийхдээ энэ бүхнийг харгалзаж үзсэн нь дамжиггүй.

Хуулиараа Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал, учир нь Засгийн газар бүх аж ахуйн эрх мэдлийг атгадаг. Ерөнхий сайд илүү эрх мэдэлтэй гэсэн үг. Гэвч Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон эрх мэдэл байгаа, түүнийгээ ч сайн ашиглах байх гэж итгэж байна. Хууль санаачлах эрх нь хэвээрээ байгаа цагт тэр эрхээ илүү ашиглах биз ээ. Хамгийн гол нь эрх баригч МАН шинэ Ерөнхийлөгчтэй хэр зэрэг хамтарч ажиллах вэ гэдэг нь сонин байна. Монголын эрх ашгийн төлөө хамтарвал сайн байна. Харин ялагдсандаа өсөрхөж ил далд элдэв аргаар саад хийж, тээг болох юм бол Ерөнхийлөгч бараг юм хийж чадахгүй болов уу. Тэр цагт улс төрийн байдал хурцдаж, засаглалын хямрал зөрчилдөөн үүсэж дотооддоо ч ,гадаад талдаа ч таагүй байдал бий болгох гэмтэй. Ард иргэдийн талцал зөрчилдөөн гүнзгийрч ,хэрүүл тасрахгүй, ажил явахгүй. Эцсийн дүндээ Монголын улс төрийн байдал тогтворгүй болж, Монголчууд хохирно. Ийм байдалд хүрэхгүй байх гэж найдаад харж суухаас. Цаг хугацаа аяндаа харуулна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө