Санжаадамбагүй наадам

Ганжадын тохой эхэлж газардсан байна
Санжаадамба давсан байна шдээ!!! Энэ жилийн наадмын барилдааны 5-ын даваа будилаантай боллоо. Төв аймгийн бөх Ганжад улсын аварга Санжаадамбатай барилдаж хоёулаа зэрэг унаж явсан боловч Ганжадын тохой нь эхэлж хүрчээ. Энэ нь бичлэгээр тодорхой харагдаж байна. Бичлэгийг үзсэн Санжаадамба аварга тахимаа өгөхгүй цааргалдаг нь түмэн зөв. Хөлийн цэцийнхэн тэр бичлэгийг үзээд л шийдвэрээ гаргачих ёстой байсан юм. Тэгсэн чинь бичлэгийг үзэхгүй гэж хэлээд Ганжадад давааг өгсөн байх юм. Хөлийн цэцэд ажилласан Сэрээтэр, Баярсайхан нар Төв аймгийнх  юм гэнэ. Тэд нар нутгархаж, нутгийнхаа бөхөд даваа өгсөн хэрэг үү? Хүмүүс тэгж л харж байна.

Ийм заваан юм жилийн жилд л болж байх юм аа. Будилаангүй наадам гэж байхаа больжээ.
Энэ мэт шударга бус шүүлт,  луйвар хийгээд байхаар сайхан наадамлаж амрах гэсэн иргэдийн  уур уцаарыг барагдаж, таашаал авч амрах биш харин  бухимдаж бачимдсан байдалтай бөхөө дуусгалаа.
Монгол бөхийн шүүлт, дүрмэнд өөрчлөлт оруулахгүй бол уламжлал нэртэй энэ  бусармаг байдал арилахгүй, үзэгчдээ бухимдуулж, бөхчүүдээ хохироодог явдал үргэлжилсээр байх  нь.

Нэн даруй хийх ёстой томоохон өөрчлөлтүүд юу байх ёстой вэ?

1. Маргаантай барилдааныг шүүхдээ видео бичлэгийг үзэж шийдвэрээ гаргаж байх. Иймийн тулд цөөнгүй камер ажиллуулах шаардлагатай. Далимд хэлэхэд, манай ТВ -нүүд олон бөх барилдаж байгаа үед хэрэгтэй мөчид нь хэрэгтэй барилдааныг харуулж чаддаггүй, тааруухан ажилладаг. Хүмүүсээ ийш тийш нь явуулж сургамаар юм. Ерөөсөө чадвар, чанар нь огт дээшлээгүй олон жил болж байгаа. Өөрсдөө мэддэг л баймаар юм.

2. Ам авах журманд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Аваргууд нутгийнхөө бөхөд бууж өгөөд начин, заан цол бэлэглэдэг явдлыг болих хэрэгтэй. Спорт л юм бол  үнэн хүч чадлаараа тэр цолоо ав л даа. Спортод арын хаалга гэж байх ёсгүй. Үзэгчид аваргуудынхаа сайхан барилдааныг үзмээр байгаа. Гэтэл нөгөөдүүл нь худлаа барилдаж унаад л урам хугалж, наадам гутаадаг  үзэгдэл хэвшил болоод удаж байгаа. Засах ёстой гажуудал мөн биз?  Тийм учраас нутгийнхаа бөхийг амладаггүй болгож өөрчлөлт оруулах хэрэгтэй.

3. Бөхчүүддээ чансааны оноо өгч зэрэглэх хэрэгтэй. Цолноосоо хамаараад тухай тэмцээнд (Цагаан сарын, Үндэсний наадам гэх мэт) тодорхой тооны даваа давсан байх заалт оруулах хэрэгтэй. Тэр заасан тооны давааг авч чадаагүй бол тэр бөхийн чансааны оноог бууруулдаг байвал зохино. Жишээ нь, Үндэсний наадамд  аварга цолтой хүн 5-аас доошгүй давах ёстой. Хэрэв давж чадахгүй бол чансаанаас нь 100 оноо хасч байхаар дүрмэндээ оруулах жишээтэй. 100  гэдэг нь зүгээр жишээ авсан тоо шүү. Хэдэн оноо хасахыг  мэддэгүүд нь мэдээд тогтооно биз. Үүнтэй адил арслан, заан, начин зэрэг улсын цолтонгууд бүгд босго даваатай байхаар зааж өгвөл бөхчүүд чансааны оноогоо өндөр байлгахын тулд үнэн шударгаар хичээж барилдах болно. Тэдэнд хэдэн төгрөгөөр даваагаа арилжиж, Монгол бөхийн нэр хүндийг гутаах шаардлагагүй, сонирхолгүй  болно.

4. Бөхчүүдээ мэргэжлийн  тамирчин болгож давсан даваа болгонд шагнал дүйцүүлж нийт давсан оноонд тохирох мөнгөн шагнал олгож байх хэрэгтэй. Нэгэнт л мэргэжлийн тамирчин болсон учраас орлогын эх үүсвэр нь тухайн барилдаанаас авах шагнал байх юм.
 
Ийм өөрчлөлтүүд хийж Монгол бөхөө жинхэнэ уран мэхийг уралдуулж, хүчийг үзэн барилддаг болгохгүй бол худлаа шоу болчихоод байна. Ийм байдалтай эвлэрэх нь өөрсдийгөө л гутааж байна гэсэн үг. Одоо барилдаж байгаа манай аваргууд (Өсөхбаяр, Мөнхбат, Санжаадамба, Эрхэмбаяр гээд л) хүч бяр нь харих яагаа ч үгүй бөхчүүд.  Тэд нарынхаа гал бутарсан барилдааныг үзмээр байна шд. 5-ын даваа хүрээд л бүгд  начин цол бэлэглээд алга болчихоор шал урамгүй юм. Начин цол зарж хэдэн төгрөг авч өөрсдийгөө гутаагаад яах вэ дээ. Нэг ёсондоо биеэ үнэлж байгаа янхан лугаа мэт харагдаад байна шүү.    Ичих хэрэгтэй.

Дашрамд хэлэхэд, Санжаадамбыг хэлмэгдүүлж шударга бус шийдвэр гаргасан хөлийн цэцийн нөхдүүдийг ирэх жилийн наадмаар хөлийн цэцэд ажиллуулахгүй хасах хэрэгтэй. Мөн засуулуудаа олигтойхон шиг ажиллуулж баймаар. Сургалт явуулдаг юм уу яадаг юм. Ямар ч үүрэггүй, нэг нэг малгай барьсан улсууд л байх юм. Ямар малгайны өлгүүр  биш дээ.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө